Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01515

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/00621 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1200 дугаар магадлалтай,

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“С” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 425.768.319 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Зоригийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирдорж, О.Даваажаргал, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сант хаан ХХК-тай Арматур худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 480 тонн арматурыг 1 тонныг 950.000 төгрөгөөр тооцож, нийт 456.000.000 төгрөгийн үнэ бүхий арматурыг нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 306.786.350 төгрөгийн үнэ бүхий 332.9 тонн арматурыг нийлүүлсэн боловч Сант хаан ХХК-иас төлбөрөө төлөөгүй тул арматур нийлүүлэхээ зогсоосон. Хариуцагч нь гэрээний 4.1-т заасан төлбөр тооцоо хийх журмын дагуу гэрээний үнийн дүнгийн 50 хувийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, үлдэгдэл 50 хувийг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөөр байсан. 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2015/99 тоот гэрээний 6.1-т заасны дагуу алдангийг хуульд заасны дагуу багасган тооцоход 153.393.175 төгрөг болно. Иймд худалдсан 332,9 тонн арматурын үнэ 306.786.350 төгрөг, алданги 153.393.175 төгрөг, нийт 460.179.525 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж гэрээнд заасан алдангид нэхэмжилсэн 153 393 175 төгрөгийг 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны 26 сарын хүүд тооцож гаргуулахаар өөрчилж байна. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш үүргээ гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул хуульд заасны дагуу хүү төлөх үүрэгтэй учраас арилжааны банкуудын хадгаламжийн дундаж хүүгээр тооцоход 2015 онд хадгаламжийн жилийн дундаж хүү 13.3% буюу 40.802.584 / 12 =3.400.215 төгрөг, 2016 онд хадгаламжийн жилийн дундаж хүү 13.2% буюу 40.495.796 төгрөг, 2017 онд хадгаламжийн жилийн дундаж хүү 12.9 буюу 39.575.439 төгрөг, 2018 онд хадгаламжийн жилийн дундаж хүү 12.9 буюу 39.575,439 / 12 = 3.297.953 төгрөг болж, нийт хугацаа хэтрүүлсний хүүд 86.769.403 төгрөгийг нэхэмжилж байна. Алданги гэж нэхэмжилсэн дүнгийн зөрүү болох 66.623.772 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийн үндсэн төлбөр 306.786.350 төгрөг, гэрээнд заасан хүү 32.212.566 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 86.769.403 төгрөг, нийт 425.768.319 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: нэхэмжилж байгаа алданги болон нэмэгдүүлсэн хүү болох 185.605.741 төгрөгийг хүлээн авах боломжгүй байна. Эдийн засгийн хямралаас болж бид алдагдалд орсон. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 700.000.000 төгрөгийн өр төлбөртэй байна. Бид уг компанид Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах 3 өрөө орон сууц санал болгож авсан арматурын үнийг төлөх саналтай байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохоос зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгчийн нийлүүлсэн арматур нь чанарын шаардлага хангахгүй, мөн арматурын нийлүүлэлт зогссон учраас 16 давхар барилга баригдах боломжгүй болж ажил зогсож, хариуцагчийн хувьд алдагдал хүлээсэн. Манай компанийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 306.786.350 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй, бусад төлбөрийг бол хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/00621 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч С ХХК-иас 306.786.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 118.981.969 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.286.791 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 924.915 төгрөгийг буцаан олгож, хариуцагч С ХХК-иас 1.691.881 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1200 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/00621 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 383.227.287 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42.541.032 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “1.691.881” гэснийг “2.074.086” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 752.860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Зориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018оны З сарын 29 ний өдрийн 182/ШШ2018/00621 дүгээр шийдвэртэй, нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны З сарын 21 ний өдрийн 1200 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

Арматур худалдах, худалдан авах гэрээгээр 2015 оны 9 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 2-ны хооронд 300.0 тонн арматурыг нийлүүлж байх явцдаа MNS JISG 3112-2002 Монгол Улсын чанар стандартын шаардлагад нийцсэн байх, мөн арматур 3.5 тонноор багцалж боох, арматур авах бүрт агуулахаас гаргах баримт болон арматурын гэрчилгээ дагалдах ёстой гэсэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтуудыг зөрчин “Д” ХХК-ийн нийлүүлсэн арматур нь Монгол Улсын стандартын чанарыг хангаагүйгээс 2015 оны 11 дүгээр сараас хойш барилга баригдаагүй шалтгаан гэж үзэж байгаа билээ. “Д” ХХК нь эхний нийлүүлэлтийн төлбөр төлөөгүйгээс зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байгаа бол манай байгууллага MNS JISG 3112-2002 Монгол Улсын чанар стандартын шаардлагад нийцээгүй арматур нийлүүлснээс барилга барих үйл ажиллагаа зогсонги байдалд орж их хохирол учирсан. Нэхэмжлэгч стандартын бус арматур нийлүүлсэн , зохигчдын хэний буруутайгаас гэрээ нь зогсонги байдалд орсон энэ талаар нийслэлийн давж заалдах шатны шүүх нь иргэний хуулийн 222.5 дахь хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа хуулийн болон гэрээний 7 зүйлийн 7.2 хэсэгт гэрээний хугацаанд батлан даагч тал төлбөр төлөөгүй тохиолдолд Б. тал А талд нийт үнийн дүнгээс сарын 35 хувиар бодож хүү төлнө гэж үзэж Монгол банкны лавлагаагаар 2015-2016 онд хадгаламжийн дундаж хүүг төгрөгөөр тооцоход 13хувийн дундаж хүүтэй байна. 2015 оны 11 сарын 15 ны өдрөөс 2017 оны 11 сарын 15 ны өдөр хүртэл нийт 23 сарын хүүг жилийн 13 хувиар тооцон 76.440. 937 хүүг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй гэсэн нь иргэний хуулийн 242 зүйлийн 242.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэсэн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж төлбөр гаргасан үндэслэлгүй гэж үзэж байна. Гэтэл зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь гурван талт гэрээ байх бөгөөд гэрээний 7.2 д гэрээний хугацаанд батлан даагч тал төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд Б тал А талд нийт үнийн дүнгээс 3,5% иар хүү бодож төлнө гэсэн байгаа нь худалдах, худалдан авагч хоёрын дунд зохицуулсан заалт биш харин батлан даагчийн үүргийг хариуцагчид хамааруулсан заалт байгаа тул 76.440.0937 төгрөгийг гаргасан байгааг хүчингүй болгож өгнө үү. Гэрээний 7.1-д батлан даагч төлбөрийг төлж барагдуулна гэснийг анхааралдаа авна уу гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмж хангасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч “Сант хаан” ХХК-с 425.768.319 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд худалдах-худалдан авах гэрээг дурджээ.

Зохигчийн хооронд 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Арматур худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 15-ний хооронд нийт 480 тн катанг, арматур нийлүүлэх, 1 тонн арматурын үнэ 950.000 төгрөг байхаар талууд харилцан тохирчээ /хэргийн 4-6 дугаар тал/.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч 306.786.350 төгрөгийн бараа нийлүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч нэхэмжлэлээс дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.  

Нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан талаар тайлбар гаргаж, 3 сарын хүүд 32.212.566 төгрөг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5. дэх заалтыг үндэслэн хэтрүүлсэн хугацааны хүү 86.769.403 төгрөг тус тус нэхэмжилсэн, хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Талууд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан эсэх, хариуцагч дээрх төлбөрийг төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-т зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд гэрээнд мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан нөхцлийг заавал тусгахаар заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаар худалдан авагч нь худалдан авсан зүйлийн үнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхдөө худалдагчтай тохиролцсон хүү төлөх бөгөөд дээрх гэрээнд ийм агуулга тусгагдаагүй байна. Тодруулбал, 480 тн арматурын үнийг талууд 456.000.000 төгрөг гэж тохиролцсон, үүнд хүү тооцогдоогүй тул нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хүүд нэхэмжилсэн 32.212.566 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч гэрээний зүйлийг 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээлгэн өгснийг хариуцагч үгүйсгээгүй боловч төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 15-нд төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлжээ.

Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5.-т заасан.

Хариуцагч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, энэ тохиолдолд түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагаврыг шаардах эрхтэй.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хуульд заасан тохирсон хүүг хадгаламжийн дундаж хүү 13 хувиар тооцож, нэхэмжлэл гаргах хүртэлх 23 сарын хүүд 76.440.937 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1200 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ц.Зоригийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 752.860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ