| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0279/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/292 |
| Огноо | 2020-09-04 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Баянбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Баянбилэг,
Хохирогч Б.Б-,
Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 2038003940328 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б.
Шүүгдэгч Б.Б- нь иргэн Б.Б-ын итгэмжлэн хариуцуулсан малыг маллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын сүүлчээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Б-ын эзэмшлийн 9 тооны хурга, 2 тооны эр хонь зэрэг нийт 11 тооны малыг өвөл зуданд үхсэн гэж зарж завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 12 дугаар сарын сүүлчээр иргэн Б.Б-ын итгэмжлэн хариуцуулсан малыг маллаж байхдаа өвөл зуданд үхсэн гэж худал хэлж, түүний 9 тооны хургыг иргэн Б.Б-т худалдаж, 1 тооны эр хонийг махалж зарж борлуулан, 1 тооны эр хонийг нь идшэндээ хэрэглэж, “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
- Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Б- нь манай малыг 2018 оноос хойш харсан. Энэ хугацаанд анх удаа л ийм зүйл гаргаж байгаа юм. Б.Б- нь манай малыг маллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 20-ны үеэр хэдэн хонь үхсэн гэж хэлэхээр нь би итгэсэн юм. Тэгтэл Д.О- гэж хүний хониноос 4 хонь гарч ирсэн. Харин Баттөрийн хониноос 9 төлөг гарч ирсэн. Үүний 5 төлөг нь минийх юм. Үлдсэн төлөг нь Б.Б-ын өөрийнх нь төлөг байсан. 2019 онд бол эдгээр төлөгнүүд хурга байсан юм. Хурга байхад нь манай малнаас Б.Б- аваад, надад болохоор үхсэн гэж хэлээд Д.О-, Баттөр нарт худалдсан байсан. Мөн манай нэг эр хонийг Мөрөнд оруулж зараад, нэг эр хоныг маань идшиндээ хэрэглэсэн байсан. Би Б.Б-т 4 тооны хонь идшинд өгсөн юм. Тухайн жил их хүйтэн байсан учир 34 тооны ямаа, 67 тооны хонь үхлээ гэж Б.Б- надад хэлсэн боловч 2 эр хонь, 9 хургыг маань хувьдаа завшсан байсан. Би ингэж муухай байгалийн гамшгийг далимдуулж хувьдаа эд хөрөнгийг маань завшсан үйлдэлд нь гомдолтой байна. Би алдсан 2 эр хонио нийт 400.000 төгрөгөөр үнэлнэ. Харин 9 хургаа нэгийг нь 50.000 төгрөгөөр үнэлнэ. ...хохирол төлөөд өгөх юм бол надад санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
- Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 10 дугаар сард байх хар өнгийн өөрийн эзэмшлийн Мустанг-5 мотоциклио Б.Б-т 4 хурга, 3 ишгээр худалдсан. Б.Б- надад хэлэхдээ Бат-Очирын төлийг өлтгөнд авсан байсан юм. 3 ишгийг нь манай өөрийн ишиг гэж хэлсэн. Одоо тэр 4 хурга, 3 ишиг нь манай малд байгаа. Бат-Очир гуай үзээд хургыг нь өөрийнхөө имтэй хурга байна, 3 ишиг нь Б.Б-ын өөрийнх нь имтэй ишиг байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 24 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх хурга, ишиг хонь, ямаа авна гэж зар тавьсан байсан юм. Зарын дагуу Монхоо гэж дууддаг тэр Б.Б- гэж залуу манай утас руу залгасан. Тэгээд би хүү Б.Г-ын хамт “Нүүрстийн ам” гэх газарт гэрт нь очиж үзэхэд хашаан дотор нь 9 тооны хурга байсан. Энэ хурганууд чинь муу юм байна авахгүй гэсэн. Та авчихаач, би цалиндаа Бат-Очир гэх хүнээс авсан гээд гуйгаад байхаар нь 1 хургыг нь 40.000 төгрөгөөр тооцож худалдан авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
- Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх фейсбүүк дээр хонь, ямаа авна гэж зар тавьсны дагуу Б.Б- яриад Б.Б-аас “Нүүрстийн ам”-нд очиж 2020 оны 01 дүгээр сарын дундуур 9 тооны хурга нэгийг нь 40.000 төгрөгөөр бодоод 340.000 төгрөгийг Б.Б-т өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
- Хохирогч Б.Б-ын 9 тооны хургыг 450.000 төгрөгөөр, 2 тооны эр хонийг 300.000 төгрөгөөр, нийт 750.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би дээрх гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна... би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирлоо төлж хохирогчоо гомдолгүй болгоно” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би хүний малыг авснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед нялх хүүхэдтэй, эхнэр маань жирэмсэн байсан. Мөнгөнийн хэрэг байсан учраас авч борлуулсан. Буруугаа хүлээж байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас/,
- Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 40 дүгээр хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар
зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Б.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Б- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 12 дугаар сарын сүүлчээр иргэн Б.Б-ын итгэмжлэн хариуцуулсан малыг маллаж байхдаа өвөл зуданд үхсэн гэж худал хэлж, түүний 9 тооны хургыг иргэн Б.Б-т худалдаж, 1 тооны эр хонийг махалж зарж борлуулан, 1 тооны эр хонийг нь идшэндээ хэрэглэж, “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 16, 24 дүгээр хуудас/, гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-28 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Б.Б- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 12 дугаар сарын сүүлчээр иргэн Б.Б-ын итгэмжлэн хариуцуулсан малыг маллаж байхдаа өвөл зуданд үхсэн гэж худал хэлж, түүний 9 тооны хургыг иргэн Б.Б-т худалдаж, 1 тооны эр хонийг махалж зарж борлуулан, 1 тооны эр хонийг нь идшэндээ хэрэглэж, бусдын мал, эд хөрөнгийн үнийг өгөхгүй байх шунахайн зорилгоор хууль бус хэлбэрээр бусад руу шилжүүлж, ашиглаж, өөрийн өмчийн нэгэн адил хууль бус эзэмшлийг тогтоосон байна.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 750.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. Хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/ үндэслэл бүхий болжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б- “3 хонио эргүүлж аваад хохирол төлбөргүй гэсэн бичиг хийж өгсөн, мал харуулсны хөлс 200.000 төгрөг, 1 хонь өгнө гэж тохирсон, 1 сарын хөлсийг өгөөгүй байгаа” гэх мэдүүлгийг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ өгч байх тул шүүгдэгч Б.Б-аас 200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т олгох нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөр төлөөгүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 43/-гаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хохирол төлбөрөө төлж байгаа, гэм буруугаа хүлээж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчийн хувийн байдлын хувьд бага насны хүүхэдтэй, группт байдаг, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилээр тэнсэх” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан үзсэн
болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Б-т тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, ахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.Б-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ