| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0299/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/304 |
| Огноо | 2020-09-22 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г.Баянбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Баянбилэг,
Хохирогч Б.Э-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч П.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Д-ид холбогдох эрүүгийн 2038001870322 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, П.Д.
Шүүгдэгч П.Д- нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 36 ширхэг 0.61 м.куб хэмжээтэй хуурай хуш модыг Хөвсгөл аймгийн Галт сумаас Мөрөн сум руу УАЗ-220695 маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Д- нь иргэн Ц.Г-гийн гуйлтаар 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт сумаас Мөрөн сум руу 36 ширхэг 0.61 м.куб хэмжээтэй хуурай хушин банзыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр, өөрийн өмчлөлийн УАЗ-220695 маркын .... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
- Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
- Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...П.Д- мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээ авч байгаагүй. ...хуш мод бэлтгэх эрхийн бичгийг ойн мэргэжпийн байгууллагад өгдөг юм. Экологи, эдийн засгийн үнэлгээгээр гарсан мөнгөн төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байна. ...“Галт хүрэмт” мэргэжлийн байгууллагаас авсан хушин зах банз юм шиг байсан. Тухайн үед “Галт хүрэмт”-ийн захирал Б.Н-оос эрхийн бичгийг нь авах гэсэн Б.Н- байхгүй байсан. Мөн би тухайн үед хөдөө ажлаар явсан байж таараад П.Д- гэх хүн яараад ямар нэгэн бичиг баримтгүй явсан гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16, 18 дугаар хуудас/,
- Гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн оройны 20 цагийн үед Мөрөн сумын “Хилэнт”-ийн гүүрний постонд дэд ахлагч М-ийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. 22 цаг өнгөрч байхад УАЗ маркын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад иргэн П.Д- нь 2 метрийн урттай 38 ширхэг хушин банз гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэж явсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байрлуулж жолоочийг жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгч ажилласан” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
- Гэрч Ц.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай хүргэн болох Д.Г- гэх хүн 2019 оны зун Галт сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Галт хүрэмт” гэх ойн мэргэжлийн байгууллага буюу Б.Н-ийн рамнаас 4 удаа Серес гэх ачааны машинаар зах хушин банз ачиж манай сумын төвд байх хашаанд надаар буулгасан юм. Уг хушин зах банзыг одоог хүртэл манай хашаанд байлгаж байгаа юм. Би 2 дугаар сарын 20-ны үеэр сумын төв ороход манай багийн П.Д- гэх залуу Мөрөнгөөс өөрийн УАЗ-2206 маркийн тээврийн хэрэгслээр тэжээл ачиж ирсэн гээд явж байсан. Би П.Д- ачиж ирсэн тэжээлээс нь худалдаж авсан юм. Тэгтэл П.Д- Мөрөн явах гэсэн ачаагүй болохоор машин донслоод байх юм, гэхээр нь би хашаанд байсан хушин зах банзнаасаа /37 ширхэг байх гэж санаж байна/ машинд ачилцаж өгсөн юм. Тэгээд уг банзыг Мөрөн ороод Д.Г-гийн хашаанд буулгачих гэж хэлсэн юм. П.Д- нөгөө банзаа Мөрөн рүү ачиж ороод цагдаад баригдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23, 25, 26 дугаар хуудас/,
- Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2019 оны зун манай хужирт багийн Ц.Г- ах манай хөрөө рамны хашаанаас хушин зах банз ачиж байсан. Манайх банзны захаа ашигладаггүй. Гараар янз бүрийн зүйл хийдэг хүмүүс зузаан банзыг нь сонгож аваад дахиж зүсээд банз гаргаж авдаг юм. Тэгээд Ц.Г- ах хэдэн удаа машинаар ачиж авсныг би сайн мэдэхгүй байна. Би төлбөр мөнгө аваагүй, хүмүүс авч л байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 30 дугаар хуудас/,
- Гэрч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Галт сум орсон юм. Энэ үеэр Ц.Г-тэй хамт Б.Н-ийн рам ороход хэдэн ширхэг банз харагдаж байсан. Ц.Г-д захихдаа энэ раман дээр хэдэн ширхэг хушин банз байна нийлүүлж байгаад 11 дүгээр сард ах руугаа явуулчихаарай гэж захиж байсан юм. П.Д- банз ачиж яваад Мөрөнд цагдаад шалгагдахаас хэд хоногийн өмнө намайг Улаанбаатар хотод явж байхад Ц.Г- над руу утсаар залгаад ярихдаа “Ах хэдэн ширхэг хушин банз байгаа П.Д- Мөрөн рүү явах гэж байна. Ачаад явуулчих уу” гэж асуухаар нь юу ч бодолгүй тэг тэг гэж хэлсэн юм. Тэгээд л П.Д- нөгөө банзыг ачиж яваад цагдаад журамлагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
- 36 ширхэг 0.61 м.куб хэмжээтэй, 106.140 төгрөгийн үнэлгээтэй, 5 сантиметрийн зузаантай 31 ширхэг, 3 сантиметрийн зузаантай 5 ширхэг хушин банз, УАЗ-220695 маркын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай “модны хэмжээ 0.61 м.куб. экологи-эдийн засгийн үнэлгээ 106.140 төгрөг” гэх дүгнэлт, зүсмэл модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
- Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “ойн санд учруулсан нөхөн төлбөр 318.420 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/,
- УАЗ-220695 маркын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 17.729.166 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
- Шүүгдэгч П.Д-ийн өмчлөлийн УАЗ-220695 маркын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 71 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Д-гийн илтгэх хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/,
- Шүүгдэгч П.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Галт сум руу малын тэжээл хүргэж өгөх ажлаар өөрийнхөө фургон маркийн автомашинаар явсан юм. Галт сумын төв рүү шөнөдөө ороод малын тэжээлийг Ц.Г- ахад өгч явуулахаар болсон. ...Тэгээд тэр өдөртөө наашаа аймгийн төв рүү гарахаар болж зам хэцүү, донсолгоо дарах ачаа байна уу гэж Ц.Г- ахаас асуухад Д.Г-гийн хэдэн ширхэг банз байгаа гэж хэлэхээр нь ачиж явахаар болсон. Уг банзны бичиг баримтыг сумын Тамгын газраас очиж авахаар Ц.Г- ахын хамт очсон боловч тамгын газрын ажилчид короновирусын ажлаар хөдөө явчихсан байсан. Тэр өдөр цас ороод зам хэцүү байсан учраас гарал үүслийн бичиг бичүүлж авч чадаагүй шууд аймгийн төв рүү ганцаараа гарсан. Аймгийн төв рүү орж ирэхэд шөнө л болчихсон байсан. Хилэнтийн гүүрний постон дээр цагдаа зогсоож шалгаад хуш модны бичиг баримтыг асуухаар Галт сумын Тамгын газрын ажилчид бүгд хөдөө ажлаар явчихсан байсан учраас гарал үүслийн бичиг авч чадаагүй гэж хэлсэн. Цагдаа гарал үүслийн бичиггүй хууль бусаар мод тээвэрлэсэн учраас журмын хашаанд машиныг тавьсан” гэх мэдүүлэг / хх-ийн 67-68 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.
Шүүгдэгч П.Д- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч П.Д- нь иргэн Ц.Г-гийн гуйлтаар 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт сумаас Мөрөн сум руу 36 ширхэг 0.61 м.куб хэмжээтэй хуурай хушин банзыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр, өөрийн өмчлөлийн 17.729.166 үнэлгээтэй, УАЗ-220695 маркын .... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна.
Хэдийгээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх боловч шүүгдэгчийн хувьд ойд хууль бусаар мод бэлтгээгүй, хууль журмын дагуу бэлтгэсэн модыг хууль бусаар буюу гарал үүсэлийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйлдэл хийсэн тул шүүгдэгч П.Д-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас байгаль орчин, экологи-эдийн засагт хохирол учраагүй, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл
болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Д-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан гарал үүслийн гэрчилгээгүйгээр модон материал тээвэрлэсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаж байгаа байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч П.Д- нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.
Шүүх шүүгдэгч П.Д-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Д-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг...албадан гаргуулна”, мөн зүйлийн 3 дахь хэсэг “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 5 дахь хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ...”, мөн зүйлийн 6 дахь хэсэг “Шүүх хөрөнгө, орлого хураан авахдаа хураан авах хөрөнгө, орлогыг шийдвэртээ нэг бүрчлэн заана” гэж заасныг тус тус баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.Д-ийн өмчлөлийн 17.729.166 төгрөгний үнэлгээтэй, УАЗ-220695 маркын .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн 36 ширхэг 0.61 м.куб хэмжээтэй, 106.140 төгрөгийн үнэлгээтэй, 5 сантиметрийн зузаантай 31 ширхэг, 3 сантиметрийн зузаантай 5 ширхэг хушин банзыг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 71/-аар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан УАЗ-220695 маркын .... улсын дугаартай автомашин нь шүүгдэгч П.Д-ийн өмчлөлийнх болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч П.Д- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал тээвэрлэж хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч П.Д-ид оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн П.Д-ийн өмчлөлийн 17.729.166 төгрөгний үнэлгээтэй, УАЗ-220695 маркын .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн 106.140 төгрөгийн үнэлгээтэй, 36 ширхэг, 0.61 м.куб хэмжээтэй, 5 сантиметрийн зузаантай 31 ширхэг, 3 сантиметрийн зузаантай 5 ширхэг хушин банзыг тус тус улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Д-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ