Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 00329

 

   2020          10            28                                            2020/ШЦТ/329

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, 

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Батзаяа,

Шүүгдэгч Ц.И-, түүний өмгөөлөгч Д.Уртбаяр,

Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Оюунбилэг нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-, Ц.И- нарт холбогдох эрүүгийн 2038003550394 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б.

Монгол Улсын иргэн, Ц.И. 

Шүүгдэгч Б.Б-, Ц.И- нар нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-, Ц.И- нар нь хоорондоо зодолдож эрүүл мэнддээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
    1. Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.И-ийг “танай хонь малд вакцин хийхэд бид тусалсан, танай хүүхэд манай хонь малд вакцин хийхэд туслалцсангүй” гэдгээр шалтаглан гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хөхлөг сэртэнгийн агааржилтын алдагдал” бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Хохирогч Ц.И-ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 17 дугаар хуудас/,
  • Хохирогч Ц.И-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би сумын        төвөөс гэртээ гарч ирээд эхнэрийн хамт тус багийн иргэн Б- гэдэг айлд эхнэр Ц-ын хамт орой 21-22 цагийн орчим очсон... тэгээд би гэрт орох гэсэн чинь Б.Б- гэрээс гарч ирээд намайг шууд нүүрэн тус газар гараараа нүд рүү 2 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
  • Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Б- ах байшингаас гараад явахаар нь би удалгүй араас нь гартал урд гэрээс Ц.И- ах гарч ирж таарсан. Тэгтэл Б.Б- ах Ц.И- ахын нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаартай: “1. Ц.И-ийн биед тархи доргилт, хөхлөг сэртэнгийн агааржилтын алдагдал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Ц.И-ийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/,
  • Шинжээчээс мэдүүлэг авсан: “...Ц.И-ийн биед үүссэн тархи доргилт болон хөхлөг сэртэнгийн агааржилтын алдагдал бүхий гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. ...Гадны ямар нэгэн нөлөөллөөр хөхлөг сэртэнгийн агааржилт алдагдан сонсгол муудах, чих дүүнгэтэх шинж тэмдэг илэрдэг ба 2020.05.28-ны өдрийн КТГ шинжилгээний хариунд 2 талын хөхлөг сэртэнгийн агаар агуулсан хөндий цөөрсөн, зүүн талд бага зэрэг өтгөвтөр шингэнтэй гэх хариугаар дээрх гэмтэл нь илэрч байна. ...Гавалын ясанд этмойд, гаймор, духны зэрэг олон тооны хөндийнүүд байдаг бөгөөд эдгээрийн агааржилт хэвийн гэдгийг илтгэж байна. ...Дээрх хамар яс болон ухархайн ханын гэмтэл нь бороололт явагдаад дууссан салст хэвийн байгаа учир хэрэг гарсан гэх хугацаанд үүссээгүй хуучин гэмтэл байна” гэх тэмдэглэл /хх-ийн 77 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч Ц.И- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун гайморын хөндийн дээд хажуу доод ханын хугарал, баруун нүдний салст, баруун дээд доод зовхи, баруун хацар, буйл цус хуралт, буйлан няцарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор өгсөн: “...би Ц.И-тэй юм яриад сууж байгаад гэрт орох гээд явж байхдаа хүүхдийнх нь талаар нэлээн хатуу үг хэлсэн чинь Ц.И- намайг гараараа баруун талын шанаан тус газарт нэг удаа цохиход нь би газар унасан. ...дээрээс миний толгойн тус газар нэлээд хэдэн удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 28-29 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Итгэл ах Б.Б- ахыг хувцаснаас нь татаж унагаагаад дээрээс нь нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
  • Гэрч Л.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг гэрт ороод удаагүй байтал манай нөхөр Б.Б-ыг зодсон гэхээр нь гараад очиход нөхөр Б.Б- газар хэвтсэн, хамраас нь цус гоожсон байсан” гэх мэдүүлэг

/хх-ийн 37 дугаар хуудас/,

  • Гэрч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.А- Итгэл ахын нэг гараас нь барьчихсан энэ хоёрыг салгаарай, аваарай гэж байсан. Итгэл ах манай аавын дээрээс босоод шууд байшин руу яваад орсон. Би аавыг газраас босгоод харахад хамраас нь цус гараад байхаар нь гэрээс 00-н цаас гаргаж ирж аавын цусыг тогтоосон” гэх мэдүүлэг 41-43 дугаар хуудас/,
  • Гэрч А.В-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хамраас нь цус гоожсон, нүүрний баруун талын хэсэг нь хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар хуудас/,
  • Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний харснаар бол хамраас нь цус гоожиж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 292 дугаартай: “1. Б.Б-ын биед тархи доргилт, баруун гайморын хөндийн дээд хажуу доод ханын хугарал, баруун нүдний салст, баруун дээд доод зовхи, баруун хацар, буйл цус хуралт, буйлан няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Б.Б-ын биед тархи доргилт, баруун гайморын хөндийн дээд хажуу дахь ханын хугарал, баруун нүдний салстын цус хуралт нь тусдаа бусад хэсгийн цус хуралт болон зулгаралт нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 70 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Ц.И-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б-ын гэр рүү нь орж явахад гэр дотроос Б.Б- гарч ирээд миний баруун талын нүд хэсэг рүү цохиод авахаар нь би зөрүүлээд цохиод авсан чинь хүмүүс бид хоёрыг салгаж хоёр тийш нь болгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 97-98 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 102 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121 дүгээр хуудас/ зэргийг,

Шүүгдэгч Ц.И-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 99-100 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Ц.И-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 101 дүгээр хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Б.Б-, Ц.И- нар нь харилцан зодолдож дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.И-ийг “танай хонь малд вакцин хийхэд бид тусалсан, танай хүүхэд манай хонь малд вакцин хийхэд туслалцсангүй” гэдгээр шалтаглан гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хөхлөг сэртэнгийн агааржилтын алдагдал” бүхий хөнгөн гэмтэл учруулж,

Шүүгдэгч Ц.И- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун гайморын хөндийн дээд хажуу доод ханын хугарал, баруун нүдний салст, баруун дээд доод зовхи, баруун хацар, буйл цус хуралт, буйлан няцарсан шарх” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Б-, Ц.И- нар нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “...цаашид нэхэмжлэх зүйлгүй, талууд харилцан тохиролцсон” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 103-106/, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “...харилцан тохиролцсон тул цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 134-139/ байгуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-, Ц.И- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, харилцан зодолдсон, хэн хэндээ хөнгөн гэмтэл учруулсан зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Б-, Ц.И- нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.Б-, Ц.И- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 132-133/, улсын яллагчийн шүүгдэгч нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгч нарт ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си ди 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б-, Ц.И- нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б-, Ц.И- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Ц.И- нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Ц.И- нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си ди 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

5. Шүүгдэгч Б.Б-, Ц.И- нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-, Ц.И- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  1. . Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.АЗЖАРГАЛ