Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2016/05866

 

2016 оны 11 сарын 28 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05866

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 16 дугаар байр, 94 тоот хаягт оршин суух, Их Тугтынхан овогт Мягмарын Наранцогт /РД: УЕ60050579/,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 16 дугаар байр, 94 тоот хаягт оршин суух, Модныхон овогт Цэрэннадмидын Оюунчимэг /РД: ХЛ62072503/ нарын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих Басмаа констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, ерөнхий захирал Б.Бямбадаваа нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Наранцогт, Ц.Оюунчимэг бид нар Басмаа констракшн ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Орон сууцны барилгыг захиалан бариулах тухай гэрээ байгуулж, 60.000.000 төгрөгийг төлсөн. Бид гэрээний дагуу алдангийн хамт нийт 90.000.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Басмаа констракшн ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү. Нягтлан Гэрлээ 98166696, орлогч захирал Н.Мөнхбат 99114430 утастай гэжээ.

Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийг эрэн сурвалжлах шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Наранцогт, Ц.Оюунчимэг нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно гэж заасны дагуу иргэний хэрэг хариуцагчаар оролцвол зохих Басмаа констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, ерөнхий захирал Б.Бямбадаваа нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Хүсэлтийг гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргана гэснээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нар нь Баянгол дүүрэгт оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нар нь шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06080 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр М.Наранцогт, Ц.Оюунчимэг нарын нэхэмжлэлтэй Басмаа констракшн ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан байх бөгөөд Басмаа констракшн ХХК нь дээрх шүүгчийн захирамжаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь харагдаж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 6 дугаар гудамж, Шинэ дэлхий цамхаг буюу Монголын Радио телевизийн 804 тоот хаягт байрлаж байсан Басмаа констракшн ХХК, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат /утас: 99114430/, ерөнхий захирал Б.Бямбадаваа нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгч нарын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтыг баримтлан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 6 дугаар гудамж, Шинэ дэлхий цамхаг буюу Монголын Радио телевизийн 804 тоот хаягт байрлаж байсан Басмаа констракшн ХХК, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат /утас: 99114430/, ерөнхий захирал Б.Бямбадаваа нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтыг баримтлан Басмаа констракшн ХХК, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, ерөнхий захирал Б.Бямбадаваа нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоосноо нэхэмжлэгч М.Наранцогт 99479309, Ц.Оюунчимэг 91190617 нарт мэдэгдэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж завж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ