Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 6086

 

 

 

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2016/06086

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс

            Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбэ 29 гудамж, 741 тоотод бүртгэлтэй одоо Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 8 байрны 14 тоот хаягт эгч хүргэн ахынд амьдардаг, бүрэн дунд боловсролтой, элчит тэрэгний туслах машинист мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, 1974 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, Боржигон овогт Түвдэнжигмэдийн Энхжаргал /РД:ЧЗ74020412/

            Албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Гансүх, гуравдагч этгээд Т.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбэ 29 гудамж, 741 тоотод оршин суух хаягтай, Т.Энхжаргал нь төмөр зам орчимд гудамж талбайд байнга архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, танхайрдаг.

Иймд Т.Энхжаргалыг Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

            Гуравдагч этгээд Т.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1992 оноос хойш архи ууж эхэлсэн ба сүүлийн 15 жил архийг ихээр хэрэглэх болсон. н.Баяраатай 1997 оноос хойш найзалсаар ирсэн ба энэ хугацаанд байнга хамт архи уудаг байсан. Би Төгөлдөр хангай ХХК-ийн алтны уурхайд ковшны оператор ажилтай одоогоор ажилгүй байгаа ба хавраас ажил эхэлнэ. Эхнэр хүүхэдгүй, урьд нь гэрлэж байгаагүй. Би төмөр замд өссөн болохоор байнга төмөр замд найз нар дээрээ ирж архи уудаг. Голдуу н.Баяраа болон төмөр замын хүмүүстэй орц хонгилд архи уудаг. Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг нь үнэн тул хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзахгүй гэв.

           

            Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь Т.Энхжаргалыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргажээ.

            Шүүх хүсэлт гаргагч байгууллагын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Т.Энхжаргал нь Согтууруулах ундаа байнга хэрэглэж, удаа дараа эрүүлжүүлэгдсэн зөрчил гаргасан, ар гэр болон олон нийтийн гудамж талбайд агсам согтуу тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь хэрэгт авагдсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн тодорхойлолт, захиргааны зөрчлийн лавлагаа, гуравдагч этгээдийн ар гэрийн тайлбар, хүсэлт, архинд донтох өвчний 3 дугаар зэрэг оношоор эмчилгээнд хамруулах шаардлагатай тухай Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, Захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл, шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбарласан тайлбар, түүнийг асуусан тайлбар, шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн тайлбарласан тайлбар, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Гансүхийн илтгэх хуудас зэргээр тогтоогдож байна.  

Иймд Т.Энхжаргалыг архины албадан эмчилгээнд явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Боржигон овогт Түвдэнжигмэдийн Энхжаргал /РД:ЧЗ74020412/-ыг захиргааны журмаар албадан эмчлэх газар явуулж албадан эмчилсүгэй.

 

2. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Т.Энхжаргалыг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчилгээний хугацаа нь эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш, тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.КУЛЬДАНА