| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2020/0122/э |
| Дугаар | 137 |
| Огноо | 2020-09-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Т.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж ургийн овогт Тын Цт холбогдох 2035000000114 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс Халх, боловсролгүй /уншиж чадна/, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Завхан сумын 1-р баг /Айраг нуур баг/-т оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ж ургийн овогт Тын Ц. /Регистрийн дугаар: ОГ82120915/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Ц нь Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн 80-04 ХОА улсын дугаартай “Пургон” маркийн автомашиныг шороон зам дээр жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.2-д заасныг зөрчсөний улмаас насанд хүрээгүй иргэн Т.Нын жолоодож явсан “Мустанг-5” маркийн мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргаж тус мотоциклоор зорчиж явсан Э.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар 2035000000114 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2020 оны 6 дугаар сарын 23-ны үдээс хойш Гурвантогтох гэх дэлгүүрийн эзэн Ягаан гэх хүнээс мөнгө авахаар явган алхаж очсон юм. Тэгээд дэлгүүр дээрээ байхгүй байхаар нь гараад иртэл Н гэх залуу мотоциклтэй дэлгүүрийн гадна талд зогсож байхаар нь намайг гэрт хүргэж өгөөд эргүүлээд энэ дэлгүүрийн гадна талд авчираад өгөөч гэж гуйхад за гэж хэлээд бид хоёр мотоциклоор манай гэр лүү явсан юм. Тэгээд гэрт орж хүүхдүүдээ харчихаад цамцаа солих гээд хайтал цамц олдохгүй болохоор нь гэрээсээ гараад Нын мотоциклийн араар суугаад дэлгүүр лүү явсан юм. Тэгээд бид хоёр хуучин эмийн сангийн хажуугаар явж байгаад би буруу тийшээ эмнэлэг рүү хараад явж байтал гэнэт хажуу талаас юм цохих шиг болоод нэг мэдэхэд уначихсан байж байсан юм. Тэгээд босох гэтэл толгой эргээд хөл эвгүй болоод гишгэж болохгүй байсан. Тэгэхэд Ц намайг өргөж машиндаа оруулсан. Тэгээд хэсэг зуур ухаан санаа самуурсан байдалтай байсан. Тухайн үед юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд сумын эмнэлэг дээр ирсэн байсан. Би Ныг насанд хүрсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй талаар мэдэж байгаагүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
2. Насанд хүрээгүй гэрч Т.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр миний авга ах болох А.Түмэнжаргалын шатахуун түгээх станцад байж байхад авга ах Түмэнжаргал “би хөдөө явах ажил байна чи манай шатахуун түгээх станц дээр хоёр цаг ажиллаад өг” гэж хэлэхэд нь би зөвшөөрөөд шатахуун түгээгээд байж байсан юм. Тэгтэл шатахуун худалдаж авсан хүмүүст буцааж өгөх задгай мөнгө байхгүй болохоор нь хашаан дотор байсан авга ах Түмэнжаргалын мотоцикл дээр очтол түлхүүр нь байхаар нь дэлгүүр явж мөнгөө бутлах гээд мотоциклийг унаад дэлгүүр явсан. Тэгээд сумын төвд байрлах Гурвантогтох гэх дэлгүүр ороод мөнгөө буталж аваад шатахуун түгээх станц руу явах гээд дэлгүүрийн гадаа зогсож байтал Б намайг дуудаад “намайг гэрт хүргээд өг” гээд миний араар суусан тэгээд би гэрт нь хүргэж өгөөд буцаж явах гэтэл “намайг буцаагаад дэлгүүрт хүргээд өг” гэж хэлсэн юм. Тэгээд буцаад дэлгүүр явахаар хашааны булан тойроод явж байтал цэнхэр Пургон урд талд зогсож байсан. Тэгээд цэнхэр пургоны урд талаар нь зөрж байхад тухайн машин хөдөлсөн. Тэгээд машин мотоцикл хоёр хоорондоо шүргэлцсэн юм. Тэгээд би мотоциклоо баруун тал руу нь унагаагаад би өөрөө босоод ирсэн. Тэгтэл Б хөл хугарчихлаа гээд орилоод хэвтэж байсан юм. Тэгээд Бг өргөөд машинд оруулаад эмнэлэгт хүргэсэн юм. Би тухайн үед машин зогсож байгааг харсан. Цэнхэр Пургон зогсож байсан. Тэгээд урд талаар нь зөрж гарах гэж байтал машин хөдлөөд хоорондоо шүргэлцээд Б бид хоёр мотоциклтойгоо хажуу талаараа унасан юм. Надад ямар нэг бэртэл гэмтэл учраагүй. Тухайн үед Б бид хоёроос өөр хүн яваагүй юм. Би жолоодож явсан мотоциклоо босгож аваачаад дэлгүүрийн хажуу талын хашаа түшүүлээд тавьсан юм. Би ослын газраас тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
3. Гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед дэлгүүрийн гадна талд Бын хамт зогсож байтал Т.Ц өөрийн УАЗ Пургон маркийн машинтайгаа ирж зогссон. Тэгээд бид гурав уулзаад хэсэг юм ярьж байгаад Т.Ц машинаа асаагаад хөдөлсөн. Тэгтэл манай дэлгүүрийн ард хашааны булангаас нэг жижиг тэрэг гараад ирсэн. Тэгтэл Т.Ц тэр машиныг зогсоод зөрүүлээд явуулсан. Тэгээд би буцаад дэлгүүр лүү орж байсан. Тэгтэл тас гэх чимээ сонсогдсон эргээд хартал мотоциклтой хоёр хүн машинтай мөргөлдсөн, гэмтсэн байдалтай байсан. Тэгээд Т.Цын машинд эмнэлэгт хүргэхээр суулгасан. Тэгтэл машин хөдөлгөөд хэрэггүй гэж ярилцаад Бгийн эхнэр болох Өг дуудсан. Тэгтэл Ө удалгүй хүрээд ирсэн. Тэгээд Ө-гийн “Пробокс” маркийн машинд суулгаад эмнэлэгт Б гэх хүнийг хүргэж өгсөн юм. Тэгээд би эмнэлэгийн гаднаас хөдлөөд хөдөө мал руугаа явсан. Мотоцикл барьж явсан залуу мотоциклоо босгож түрээд хол аваачаад тавьчихсан юм. Би мотоцикл хаанаас ирж байсныг сайн хараагүй юм. Манай гэрийн хашааны баруун талаар ирсэн мөр нь байсан. Би тухайн үед гайгүй юу гэж асуухад би зүгээр гэж хэлж байсан. Гадна талаас нь хараад зүгээр харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,
4. Гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед байсан байх Д.Сын хамт төв замын хажуу талд байрлах дэлгүүр рүү ороод Д.Стай хэсэг юм ярьж байгаад Д.Сын хамт гадагшаа гартал гадаа Т.Ц нь цэнхэр өнгийн Пургон маркийн автомашин унаад ирсэн байсан. Тэгээд Д.С бид нар очоод уулзтал эхнэр хүүхдийн хамт явж байсан. Тэгээд бид гурав хэсэг юм ярьж байгаад Т.Ц явах гээд машинаа асаасан. Харин би машин руугаа явж байсан. Тэгтэл ард талд тас гэх чимээ сонсогдсон эргээд хартал мотоциклтой хоёр хүн Т.Цын машинтай мөргөлдсөн байсан. Тэгээд явж очоод мотоциклтой хоёр хүнийг босготол хойд талд нь сууж явсан Б гэх хүн хөл хугарсан байна босож чадахгүй байна гээд орилоод байсан. Тэгээд би машиндаа суугаад гэрлүүгээ яваад өгсөн. Үүнээс цааш би юу болсныг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
5. Гэрч А.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Сэтэрт” гэх газар ахындаа очиж сүү авах гэтэл шатахуун түгээх станцад ажиллах хүн байхгүй болохоор нь би төрсөн ахынхаа хүүхэд болох Т.Ныг манай шатахуун түгээх станцыг 1 цагийн хугацаатай ажиллуулаад өг гэж хэлсэн. Тэгээд Т.Н ирж манай шатахуун түгээх станцыг хүлээж авсан юм. Тэгээд би өөрийн машинаараа эхнэр, хүүхдээ аваад сумын төвөөс 4 км-т байрлах “Сэтэрт” гэх газар луу сүү авахаар явсан юм. Тэгээд би сүүгээ аваад буцах гэтэл танай дүү мотоцикл жолоодож яваад машинтай мөргөлдсөн байна гэх дуудлага ирсэн юм. Би Т.Ныг мотоцикл унахыг зөвшөөрөөгүй. Би Т.Ныг шатахуун түгээх станц дээрээ байж бай би 1 цаг яваад ирнэ гэж хэлсэн. Би Т.Ныг насанд хүрсэн эсэхийг мэдээгүй юм. Т.Н нь өмнө нь миний мотоциклийг жолоодож байгаагүй, би мотоциклоо хүнд өгч жолоодуулж байгаагүй. Мотоциклд ямар нэгэн гэмтэл гараагүй. Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
6. Гэрч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2020 оны 6 дугаар сарын 23-ны өглөө хөдөө байрлах гэрээсээ нөхөр Т.Ц, хүү Ц.Бий хамт Завхан сумын төв рүү Пургон маркийн машинаараа орж ирсэн. Тэгээд машинаа хүнээр янзлуулчихаад бензин аваад үдээс хойш хөдөө байх гэр лүүгээ явах гээд сумын төвд байрлах хүнсний дэлгүүр орсон. Тэгэхэд дэлгүүрийн гадна талд Б, С нар зогсож байсан юм. Тэгээд бид хэд хэсэг юм ярьж зогсож байгаад машиндаа суугаад хөдөлтөл нэг машин урдуур явахаар нь тэр машиныг зөрүүлээд хөдөлтөл юм цохих мэт хүчтэй чимээ гарсан юм. Тэгээд машинаа зогсоогоод буугаад хартал мотоциклтой хоёр хүн урд талд уначихсан байсан. Тэгээд Н мотоциклоо өргөж босгоод аваачаад дэлгүүрийн хашааны хажуу талд тавьчихсан. Харин Б хөл хугарчих шиг боллоо гээд орилохоор нь эмнэлэгт хүргэхээр машин руу оруулаад суулгаж байтал Бгийн эхнэр Ө машинтайгаа ирээд эмнэлэг рүү аваад явсан юм. Би тухайн үед мотоцикл ирж байгааг хараагүй, юм цохих мэт хүчтэй чимээ гарахаар нь буугаад харахад баруун талаас ирсэн байсан харагдсан юм. Би машины буруу тал буюу баруун талд сууж явсан юм. Харин манай хүү миний зүүн талд сууж явсан юм. Манай машинд нөхөр хүүхэд бид гурав явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
7. Шүүгдэгч Т.Цын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ ойлгож, маш их гэмшиж байгаа. Хариуцлагаа хүлээнэ. ...Би Увс аймгийн Завхан сумын 1 дүгээр багт оршин суудаг. Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн 80-04 ХОА улсын дугаартай “Пургон” маркийн автомашиныг шороон зам дээр жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.2-т заасан заалтыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй иргэн Т.Нын жолоодож явсан “Мустанг-5” маркийн мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргаж тус мотоциклоор зорчиж явсан Э.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тогтоол болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхтэйгээ танилцлаа. Надад дахин асууж тодруулж хэлэх зүйл байхгүй. Би ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа ойлголоо. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний 8 цагийн үед Завхан сумын хөдөөнөөс автомашиндаа бензин авч 6 дугаар сарын 24-ний өдөр сонгуульд явах зорилгоор Увс аймгийн Завхан сумын нутаг дэвсгэрт орж ирээд ямар нэртэй дэлгүүр гэх талаар мэдэхгүй байна. Дэлгүүрийн үүдэнд өөрийн эзэмшлийн 80-04 ХОА улсын дугаартай автомашинтайгаа ирээд өөрийн найз Б, У гэх /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ найзуудтайгаа уулзаад тухайн дэлгүүрийн үүднээс хөдлөөд автомашины сайжруулсан зам руу баруун эргээд орж байтал “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдсөн юм. Тэгээд автомашинаас буугаад ирэхэд тухайн “Мустанг-5” маркийн мотоцикл баруун талаараа уначихсан тухайн мотоцикл дээр зорчиж явсан Э.Б баруун талаараа газар уначихсан байсан. Харин жолооч нь газраас босоод мотоциклоо босгож байсан юм. Би тухайн үед баруун эргэж автомашины замын хөдөлгөөнд оролцохдоо 2 талынхаа толинд хараад хөдөлсөн юм. Тухайн үед толинд хараад хөдлөх явцад тухайн мотоцикл хажуунаас ороод ирсэн юм. Би тухайн үед дөнгөж хөдөлж байсан мөн нэгдүгээр араагаар явж байсан тул хэдэн км хурдтай явж байсан эсэх талаар мэдэхгүй байна. Би тухайн үед мотоцикл хараагүй гэнэт тас хийсэн дуу гарсан юм. Тухайн мотоцикл баруун зүүн аль талаас ирсэнийг хараагүй буугаад харахад баруун талаас орж ирсэн мөр байсан юм. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. 80-04 ХОА улсын дугаартай автомашин миний эзэмшлийн автомашин. Энэ машиныг 2020 оны 6 дугаар сард Ховд аймгийн үл таних хүнээс хуучин гээд 5 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн автомашиныг би өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан юм. Би Ж овогтой Г гэх хүнийг танихгүй. Миний эзэмшлийн 80-04 ХОА улсын дугаартай автомашин яагаад тухайн хүний нэр дээр байгааг мэдэхгүй байна. Тухайн үед хэн гэх хүнээс тухайн автомашин авсан талаар мэдэхгүй байна. Би урьд өмнө 76-54 УВХ улсын дугаартай УАЗ-2206 маркийн автомашинтай байсан юм. Тухайн автомашиныг би 2019 онд үл таних хүнд зарчихсан юм. Одоо надад байхгүй тухайн автомашин миний нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Надад автомашин жолоодох эрхийн үнэмлэх байгаа. Би “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй. Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70-р хуудас/,
8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8-р хуудас/,
9. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг /хх-ийн 11-12-р хуудас/,
10. Шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “1. Үзүүлэгч Э.Б-н биед гэмтэл учирсан байна. 2. Зүүн шилбэ ясны шаант, тахилзуур яснуудын ил, зөрөөтэй хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь өөрийнх нь зааж буй хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 5. Зүүн шилбэ ясны шаант, тахилзуур яснуудын ил, зөрөөтэй хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. 6. Э.Бгийн биед дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөх хуучин гэх гэмтэл тогтоогдоогүй. 7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх 442 дугаартай дүгнэлт /хх-ийн 58-59-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холболдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 10.2-т “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй иргэн Т.Нын жолоодож явсан “Мустанг-5” маркийн мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргаж тус мотоциклоор зорчиж явсан Э.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхитэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдлээр илэрдэг хэрэг бөгөөд осол гарах үндсэн шалтгаан нөхцөл нь жолооч Т.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.2-т заасан заалтыг баримтлаагүйгээс зам тээврийн осол гарахад нөлөөлөх шалтгаан болсон байна.
Шүүгдэгч Т.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Э.Б, насанд хүрээгүй гэрч Т.Н, гэрч Д.С, Ц.Б, Б.Ц нарын мэдүүлэг, шинжээчийн 442 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна. Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Т.Ц нь Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн 80-04 ХОА улсын дугаартай “Пургон” маркийн автомашиныг шороон зам дээр жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.2-д заасныг зөрчсөний улмаас насанд хүрээгүй иргэн Т.Нын жолоодож явсан “Мустанг-5” маркийн мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргаж тус мотоциклоор зорчиж явсан Э.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Э.Б нь Увс аймгийн Цагдаагийн газарт хандаж “...миний бие Т.Цт ямар нэг гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй болно” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Т.Цыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.2-д зөрчсөний улмаас гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Цын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Ц.Г-гийн “...Би Т.Ц гэх хүний хүргэн ах юм. ...Т.Ц нь төлөв даруу, ямар нэгэн илүү дутуу ааш авир байхгүй. Амьдралын төлөө зүтгэж яваа малчин залуу. Гэр бүл, ах дүү нартаа нэр хүнд сайтай, ажилсаг, хичээнгүй зантай, урьд өмнө нь ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, гэрч Б.Цгийн “Т.Ц нь манай нөхөр байгаа юм. ...Т.Ц нь гэр бүлдээ хайр халамж сайтай, ах дүү нар болон төрөл садан дундаа нэр хүнд сайтай. Ямар нэгэн уур уцаар байхгүй, даруу төлөв зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, тамхи татдаг, өөр ямар нэг муу зуршил гэх зүйл байдаггүй, хүний үгнээс гардаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Т.Ц нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Т.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасны дагуу тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Т.Цт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолохоор тогтов.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж ургийн овогт Тын Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Т.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Увс аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Т.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН