Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 20

 

Л.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                         Д.Энхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамирын даргалж 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 16 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-т холбогдох эрүүгийн 1718002830169 тоот 1 хавтас хэргийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, урьд нь ял шийтгэлгүй, Т- овогт Л-ын Б- /РД:**********/ нь 2017 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 27 дугаар байрны зүүн талын хатуу хучилттай зам дээр 1152 ДАХ улсын дугаартай Портер маркийн бага оврын ачааны машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн 15.1а заалтыг зөрчсний улмаас явган зорчигч Н.Оюунбатыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх Л.Б-т холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Л.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.4-д зааснаар Л.Б-ыг тэнссэн хугацанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч,  шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол Прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн прокурорын эсэргүүцэлд: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д “... энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар заавал хасаж, зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын аль нэгийг сонгож оногдуулахаар хуульчилсан байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Л.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаагүй, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугцаагаар тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.  Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь нэмэгдэл ял учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2, 7.3 дугаар зүйлийн 3-т заасан “Албадлагын арга хэмжээний төрөлд хамаарахгүй, шүүхээс тогтоох эрх хязгаарлах арга хэмжээний төрөлд заагдаагүй байхад шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээгээр хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Шүүхэд гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т ... тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр заасан байхад шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх эрхтэй боловч шүүхээс нэмэгдэл ялыг оногдуулаагүй байгаа учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж эсэргүүцэл бичсэн гэв.

Тодорхойлох нь:

Л.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 27 дугаар байрны зүүн талын хатуу хучилттай зам дээр “Портер” маркийн 1152 ДАХ улсын дугаартай бага оврын ачааны машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад явган зорчигч  Н.Оюунбатыг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Л.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзээд аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Л.Б-ыг 1152 ДАХ улсын дугаартай “Портер” маркийн бага оврын ачааны машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн 15.1а-д заасныг зөрчиж явган зорчигч Н.Оюунбатыг мөргөж улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Л.Б-т холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Л.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйийн 1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-д зааснаар түүнд тэнсэнгийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн прокурорын эсэргүүцлийн”...тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах  нь нэмэгдэл ял  учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2, 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээний төрөлд хамраарахгүй, шүүхээс тогтоох эрх хязгаарлах арга хэмжээний төрөлд заагдаагүй байхад шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээгээр хэрэглэж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна....” гэсэн үндэслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Л.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр 27 дугаар байрны зүүн талын хатуу хучилттай зам дээр 1152ДАХ улсын дугаартай “Портер” маркийн бага оврын ачааны машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган зорчигч Н.Оюунбатыг мөргөж түүний биед хүнд гэмтэл учруулсан  үйл баримт тогтоогджээ. Л.Б-ын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн 15.1а-д заасан “ замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. ...Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэсэн заалтыг зөрчсний улмаас явган зочигч Н.Оюунбатыг мөргөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдож тогтоосон энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин  анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д заасан “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиодолд эрх хасах ялыг заавал оногдуулна.”, 5.7 дугаар зүйлийн 3-д “Шүүх эрх хасах ялыг ...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж тус тус заасан байхад “эрх хасах нэмэгдэл ял”-ыг оногдуулахгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах үндэслэл болж байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр...ялыг хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах...-аар заасан дагуу шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж прокурорын эсэргүүцэлд дурдснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2-д заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг:

“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Л.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.”гэж;

“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар Л.Б-т тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагуудад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.”гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                               ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                               ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                             Ц.АМАРЖАРГАЛ