Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 031

 

Ж.Адалбекийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 789 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух Төлек овогт Жүсрэнгийн Адалбекийн нэхэмжлэлтэй, тус сумын 3 дугаар багт оршин суух Молхы овогт Бабахумарын Азаматад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, орчуулагч А.Еркегүл, хариуцагч Б.Азамат, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа Б.Азаматын хууль бус үйлдлийг таслан зогсоож, түүний барьсан хашаа, байшинг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2015 оны 3 дугаар сард С.Муратбекээс Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай /Тирлик захын хажууд/ 011304403 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 365 м.кв газрыг худалдаж авч улмаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0213003881 дугаарт бүртгүүлж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000324613 дугаартай гэрчилгээ авсан. Дээрх гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 365 м.кв газрыг Хаткейн Килетхан нь Өлгий сумын Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамж-аар Х.Азатад шилжүүлжээ. Х.Азат нь уг 356 м.кв газрыг 2013 онд С.Муратбект худалдаж, улмаар С.Муратбекээс би 2015 онд худалдаж авсан юм. Би уг газарт Авто угаалын төв барихаар болж, барилгын зураг төслийг хийх явцад миний өмчлөлийн газар нь 365 м.кв-д хүрэхгүй, түүнээс бага хэмжээтэй буюу 218 м.кв талбай надад оногдсон болохыг мэдсэн. Учрыг нь лавлаж Өлгий сумын газрын даамал, аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газраас кадастрын зургийг гаргуулж үзэхэд хөрш айл буюу миний газартай хил залгаа газар эзэмшигч Бабахумарын Азамат нь дур мэдэн зөвшөөрөлгүйгээр /миний газарт/ хашаа татаж байшин барьсан болох нь илэрсэн. Энэ талаар Б.Азаматад удаа дараа мэдэгдэж, хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлж өгөхийг хүссэн боловч чөлөөлөлгүй өдий хүрлээ. Б.Азамат нь өөрт хуулиар олгогдсон газартай залгаа орших миний өмчлөлийн газраас урт нь 21 м өргөн нь 7 м, нийт 147 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж байгаа болох нь газрын албаны холбогдох албан тушаалтнуудын хэмжилт, кадастрын зураг бусад нотлох баримтуудаар нотлогдсон болно. Энэ талаар Өлгий сумын Засаг даргад хандсан боловч шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөсөн. Иймд газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа Б.Азаматын хууль бус үйлдлийг таслан зогсоож, түүний барьсан хашаа, байшинг албадан нүүлгэж, миний өмчлөлийн газрыг Б.Азаматаас чөлөөлүүлэх тухай шийдвэр гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Миний бие эцэг эхийн эрүүл мэндтэй холбоотой Казахстан улсаас нүүж ирээд 1998 онд Өлгий сумын 4 дүгээр багт одоо оршин сууж байгаа газарт байшин барьсан юм. 1. Өөрөө энэ хашааны нэг талд 2005 онд авто засвар хийх 50 м.кв хэмжээтэй засварын газар барьсан. 2. 2010 онд өөртөө 6 өрөө бүхий байшин барьсан. Уг барилгууд бүгд улсын бүртгэлд бүртгэгдэж, 2010 онд өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, баримт бичиг нь хуулийн дагуу, бэлэн байгаа. Аав, манайх хоёр газар хувааж, кадастр авч байгаагүй. 2012 онд ээж Х.Килетхан 9 дүгээр багт газар авч нүүх болоод миний өмчлөлийн байшин ба дугуйн засварын газар хоорондын газрыг надад өгөөд өөрийн байшингийн бууриа мөнгө шаардлагатай байсан учраас Р.Азатад кадастргүй, зөвхөн чөлөөтэй байсан газрыг худалдсан юм.2013 онд өөрийн авсан чөлөөтэй газрыг Муратбек гэдэг хүнд худалдсан. Муратбек 2015 онд зөвхөн худалдаж авсан газраа Адалбект худалдсан. Адалбект миний байшингийн өнцгөөс Сарайн байшингийн өнцөг хүртэл гэдгийг сайн зааж өгсөн гэсэн. Надтай газрын талаар маргавал ээж Килетхан маргах ёстой. Адалбек өөрийн шаардлагад нийцэх авъя гэсэн таалагдсан газраа аваад, үйлдвэрийн газраа бариад, өчнөөн хугацаа өнгөрсний дараа, бүтэн 1 жилийн дараа миний 10-18 жил амьдарсан, миний барьсан байшингийн газрыг оруулж 2012 онд зурагдсан зургийг авчраад байшинг чинь нураана, газар чөлөөлж өг гэж байгааг эсэргүүцэж байна. Адалбек 2015 онд Муратбекээс газар авахдаа миний байшингийн нэг талын хааныг оруулж өг, үгүй бол авахгүй гэдгээ тухайн үед Муратбект, эсвэл надад яагаад хэлээгүй вэ? Тэр газар авахгүй гэсэн бол хэн ч хүчээр худалдахгүй шүү дээ.Уг газрыг худалдаж авсан 3 хүн надад холбоотой ямар ч маргаан гаргаагүй. Би жинхэнэ эзэнтэй нь газар хувааж кадастрын зураг аваагүй байхад 2012 онд уг кадастрын зургийг хэн гаргаж өгсөн бол? Газар дээр нь ирж нүдээрээ харж зурагт байшин байна уу, газар байна уу гэдгийг харж эзэнтэй нь яагаад яриагүй вэ? Казахын ард түмэн өвөг дээдсээс уламжлагдсан үр хүүхдэдээ гэр бүрж өгч, өрх тусгаарлаж, инж хуваарилан өгдөг заншилтай биз дээ. Бид нэг хашаанд кадастрын зураггүй амьдарч байсан учраас ямар газар кадастрт орсон, аль газар кадастрын шугам байгаа эсэхийг мэдээгүй. Би Адалбекийг сайн танихгүй. Адалбек эд хөрөнгөтэй бизнесмен, ард түмний сонгосон төлөөлөгч, залуу боловсон хүчин, байгууллагын дарга өсөх ирээдүйтэй залуу гэж сонссон. Би түүнд газар худалдаагүй, ямар нэгэн авлага, өглөг байхгүй. Бидний ингэж маргаж байгаа нь газар худалдсан хүний буруу юу? Кадастрын зураг олгогчийн буруу юу? гэдгийг мэдэхгүй байна. Хууль шүүх учир байдлыг тогтоож, тал бүрээс нь шалгана гэдэгт итгэж байна. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 789 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасныг баримтлан хариуцагч Молхы овогт Бабахумарын Азаматын хууль бусаар барьсан хашаа, хувийн сууц, зуны байшинг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Төлек овогт Жүсрэнгийн Адалбекийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Гомдлын утга: Ж.Адалбекийн нэхэмжлэлтэй Б.Азаматад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 786 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1-д зааснаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ж.Адалбек нь хариуцагч Б.Азаматад холбогдуулан газар өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж, зөрчлийг арилгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохоос биш С.Муратбект холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй байтал шүүх уг газрыг С.Муратбекээс худалдаж авахдаа гэрээний үүргээ биелүүлээгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Иргэний хуулийн 101 дугаар зүйлийн 101.1.-д зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 д өмчлөлийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах гэж заасан учраас эрхийнхээ дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 365 м.кв газрыг Х.Килетхан нь Өлгий сумын Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамж-аар Х.Азатад шилжүүлж, Х.Азат нь 2013 онд С.Муратбект шилжүүлэн, улмаар С.Муратбек газрыг 2015 онд Ж.Адалбек худалдсанаа нэхэмжлэгч уг газрыг шударгаар олж авсан хууль ёсны өмчлөгч мөн төдийгүй Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 -д зааснаар Ж.Адалбект үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжсэн. Өөрөөр хэлбэл дээрх газар анх 2010 онд Х.Килетхан өмчилж авахдаа 365 м.кв байсан бөгөөд хариуцагч Б.Азамат нь Килетханы хүү, мөн Х.Азат нь хүргэн хоорондоо хамаатан садан учраас Б.Азат 2012 онд маргаан бүхий газарт байшин барихдаа газрын маргаан гараагүй, өмчлөгч Х.Килетхан Б.Азат нар нь Б.Азаматын хууль бус эзэмшлээс тухайн газрыг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байдаг. Нэгэнт Ж.Адалбек нь дээрх газрын хууль ёсны өмчлөгч мөн, түүний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болоогүй, бусдад шилжүүлээгүй учраас Х.Килетханы, С.Муратбек нарын Б.Азаматын хууль бус эзэмшлээс газрыг шаардах эрх нь нэхэмжлэгчид шилжсэн буюу шинээр өмчлөх эрх олж авсан Ж.Адалбект шаардах эрх үүссэнийг шүүх анхаараагүй байна. Иймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй мэтээр дүгнэж маргаанд мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 -д заасныг үндэслэл болгож шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хариуцагч Б.Азамат нь өөрт нь хуулиар олгогдсон 558 м.кв газраас илүү 181 м.кв газар хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдсон бөгөөд нэгэнт Ж.Адалбект нь тухайн газрын хууль ёсны өмчлөгч учраас өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй хэмээн үзэж байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2. Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэх ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэх. бөгөөд Ж.Адалбек нь дээрх газрыг Газрын харилцаа, хот байгуулалтын газрын мэдээллийн сан, Өлгий сумын газрын албаны кадастрын зургаас шалгуулахад кадастрын зургаар 365 м.кв газар нь хэн нэгний газартай давхцаагүй байсан. Иймээс нэхэмжлэгчийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй хэмээн буруутгах үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгч Ж.Адалбекийн хариуцагч Б.Азаматад холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 789 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт Б.Азаматын барьсан хашаа, байшинг албадан нүүлгэж, Ж.Адалбекийн өмчлөлийн газрыг чөлөөлүүлэх талаар өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч талын давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбарын агуулга: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, нэхэмжлэгч Ж.Адалбекийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бахытбекийн давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргав. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Ж.Адалбекийн нэхэмжлэлтэй Б.Азаматад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т заасныг зөв тайлбарлан хэрэглэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ж.Адалбек нь худалдан авсан гэх газрын хэмжээ нь 365 м.кв эсэхийг газрын худалдан авахаас өмнө худалдан авах үед газар дээр нь хэмжилт хийлгэх замаар шалгаж мэдэх боломжтой байхад шалгаж үзээгүй, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасан өмчлөлийн газрынхаа заагийг тэмдэгжүүлэх үүргээ биелүүлээгүй атлаа 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр № 000324613 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бичүүлж авсан явдалд өөрөө буруутай байна. Хариуцагч Б.Азамат нь уг газрыг 5 жилийн өмнө хувьчилж авч, үл хөдлөх эд хөрөнгө барьж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч одоо хүртэл хууль ёсоор эзэмшиж байна. Хавтаст хэрэгт авагдсан газрын албаны холбогдох албан тушаалтан нарын хэмжилт, кадастрын зураг бусад нотлох баримтуудаар хариуцагч Б.Азамат өөрийн өмчилж авсан гэх газраас зүүн урагш нь уртасгаж хашаа татан бүгд 739 м.кв болгож газраа томсгосон нь тогтоогдож байгаа боловч энэ нь нэхэмжлэгч Ж.Адалбекийн маргаж буй Б.Азаматын өвлийн сууц, зуны байшин болон хашаа барьсан гэх газарт хамааралгүй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 789 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, маргааны үйл баримтад Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв сонгож, тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ж.Адалбек нь хариуцагч Б.Азаматад холбогдуулан газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа Б.Азаматын хууль бус үйлдлийг таслан зогсоож, түүний барьсан хашаа, байшинг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...2015 оны 3 дугаар сард С.Муратбекээс 365 м.кв газрыг худалдан авч, улмаар газар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Өмнө нь дээрх газрыг Х.Килетхан нь Х.Азатад, Х.Азат нь С.Муратбект худалдсан байжээ. Уг газарт Авто угаалын төв барихаар болж, барилгын зураг төслийг хийх явцад миний өмчлөлийн газар нь 365 м.кв-д хүрэхгүй, түүнээс бага хэмжээтэй буюу 218 м.кв талбайтай болохыг мэдсэн. Учрыг нь лавлаж кадастрын зургийг гаргуулж үзэхэд Б.Азамат нь дур мэдэн зөвшөөрөлгүйгээр хашаа татаж, байшин барьсан болох нь илэрсэн. Б.Азамат нь өөрт хуулиар олгогдсон газартай залгаа орших миний өмчлөлийн газраас урт нь 21 м өргөн нь 7 м, нийт 147 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж байгаа болох нь газрын хэмжилт, кадастрын зураг, бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж тайлбарлан, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000324613 дугаар гэрчилгээ, газрын байршлын кадастрын зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн ба нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс маргаан бүхий газарт 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үзлэг хийгдсэн байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2010 онд өөртөө 6 өрөө бүхий байшин барьсан, уг барилгууд бүгд улсын бүртгэлд бүртгэгдсэн, 2013 онд өөрийн авсан чөлөөтэй газрыг Муратбек гэдэг хүнд худалдсан. Муратбек 2015 онд зөвхөн худалдаж авсан газраа Адалбект худалдсан. Адалбект миний байшингийн өнцгөөс Сарайн байшингийн өнцөг хүртэл гэдгийг сайн зааж өгсөн гэсэн. Миний барьсан байшингийн газрыг оруулж 2012 онд зурагдсан зургийг авчраад байшинг чинь нураана, газар чөлөөлж өг гэж байгааг эсэргүүцэж байна. Би түүнд газар худалдаагүй. гэж тайлбарлан, 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000095755 дугаар, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 000185046 дугаар гэрчилгээ зэрэг баримтуудыг хэрэгт хавсаргажээ.

Хэрэгт авагдсан дээрх бичмэл нотлох баримтууд болох газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбар, газрын байршлын кадастрын зураглалууд, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан схем зураг зэргийг харьцуулан судалбал, нэхэмжлэгч Ж.Адалбек нь 2015 онд бусдаас 365 м.кв газар худалдаж авсан эсэх нь нотлогдоогүй ба түүний өмчлөлийн газраас 147 м.кв талбайтай газарт хариуцагч Б.Азамат нь хашаа, байшин барих зэргээр хууль бусаар өмчлөгчийн эрхийг зөрчсөн, хэрэгжүүлэхэд нь саад хийсэн гэх нэхэмжлэлийн үндэслэл нь бодит байдалд нийцээгүй, үгүйсгэгдэж байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иймээс Иргэний хуулийн өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулсан 106 дугаар зүйлийн 106.2.-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 789 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

С.ӨМИРБЕК