Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 140

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагчаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч К.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х ургийн овогт Кгийн Ст холбогдох 2035000000137 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс Дөрвөд, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХКомпанийн Өлгий сумын монтер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Х ургийн овогт Кгийн С. /Регистрийн дугаар: ОИ91071813/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч К.С нь согтуугаар 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч Б.Хг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000137 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

            1. Хохирогч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр сумын төвд С гэх залууд зодуулсан. Миний урдны мэдүүлэг дээр С, М, Б нар намайг зодсон гэж мэдүүлсэн ба би тухайн үед Саар хоолойгоо боолгоод ухаан санаа алдсан байсан учир тэгж мэдүүлсэн ба намайг С зодож цохисон. Тухайн үед би өөрөө шоконд орчихсон байсан болохоор болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Би тухайн үед буюу 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн үед Дийн хашаан дотор байдаг худагнаас ус авах гэж очоод Дийн хашааны худагны тогны утас нь салсан байхаар нь Мийг дуудаж салсан утсыг холбуулаад усаа хийж аваад явах гэтэл М “байшин руу оръё” гээд би байшин руу ортол М, А, Б, С нар архи уугаад сууж байсан. Тэгтэл дахиад 1 шил 0,5 литрийн архи гаргаж ирээд задалсан. Тэгээд түүнийг хувааж ууцгаасан. Тэгээд байж байтал С над руу “та 6 хүн миний аавыг алсан” гэж хэрүүл маргаан эхлүүлсэн. Тэгээд над руу дайраад байшин дотор миний хоолойг боосон. Би ухаан алдаад нэг сэрэхэд гадна хашаа дотор явж байсан. Тэгээд би худагны хажууд очиход миний араас С гарч ирж зодож цохисон. Тэгээд намайг А, Д салгаад би гэр лүүгээ харьсан. Намайг С эхлээд хоолой боогоод газарт унагасан. Миний хоёр нүд рүү гараараа цохиж хоёр нүд хөхөрч хавдсан. Миний урьд талын дээд үүдэн нэг шүд унасан, нэг шүд хугарсан, нэг шүд хөдөлсөн, мөн миний баруун хавирга хөндүүрлэж өвчтэй байна. Толгой эргээд байна. Би 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ст зодуулж биедээ гэмтэл авч аймгийн төвд Нэгдсэн эмнэлэгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Надад урд өмнө ямар нэгэн хууч өвчин байхгүй. 2019 онд би мотоциклтой явж байгаад онхолдож зүүн хөлөө хугалаад аймгийн Нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Миний дээд үүдэн 1 шүдээ би 2020 оны 4 дүгээр сард гэртээ боорцог идээд сууж байтал хөдлөөд унасан юм. Өөр унаж, хугарсан шүд байгаагүй. Намайг С гэх залуу миний хоёр нүд рүү гараараа цохиж хөхрүүлсэн, зүүн нүдний доод хэсэгт язартал цохисон, баруун хавирга, орчимд өшиглөсөн юм шиг байна лээ одоо хөндүүрлэж байна. Мөн цээж бас хөндүүрлэж байсан. Бас урд талын дээд үүдэн 3 шүдээ авахуулсан. Тухайн үед 1 шүд нь унасан, 1 шүд хугарсан, 1 шүд хөдөлсөн. Тэгээд би аймагт эмчлүүлж байхдаа авахуулчихсан юм. Миний эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний картан дээр эмчилгээ хийлгэсэн бүх зүйл байгаа. Би одоо гоо сайхан алдагдуулсанд гомдолтой байна. Би аймагт э,мчилгээ хийлгэсэн. Хохирол мөнгөө нэхэмжилж байна. Би 3 шүдээ салдаггүй шүд хийлгэмээр байна. Намайг М, Б нар зодож цохиогүй салгах гэж хоорондоо барьцалдсан. Би тухайн үед шооконд орсон байсан учир зарим зүйлийг сайн санахгүй байна. ...Миний урд өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Иргэн К.С миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул одоо надад ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 11-р хуудас/,

            2. Гэрч Б.Аы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр сумын төвд таньдаг хүмүүс болох Б, М, Б, М нартай хамт Д ахын хашаан дотор байдаг Мийн байшин дотор 2 шил 0,75 литрийн “Ерөөл” нэртэй архи уугаад сууж байтал 12 цагийн үед Х гэж манай сумын ах худгаас ус авахаар ирсэн. Тэгээд бид нар мэнд ус мэдэлцээд байж байтал Б, Х хоёр хоорондоо маргалдаж тэр хоёр байшингаас гараад явсан. Тэгтэл бид нар байшингаас гараад хартал Б, Х хоёр хоорондоо маргалдаад барьцалдсан байдалтай байхаар нь М бид хоёр очиж тэр хоёрыг салгасан. Тэгээд Х ахыг салгаад усаа авах гээд худаг руу явсан. Б, М, М бид 4 буцаад байшин руу ороод байж байтал Б, Х хоёр худаг дээр зодолдож байсан. Тэгтэл Д ах очиж салгахаар нь бид нар гарч очиж салгаад Х ахад худагнаас усыг нь хийж өгөөд явуулсан. Тухайн үед намайг очиж Б, Х ах хоёрыг салгатал Х ах “Б пизда нүүр лүү өшиглөчихлөө” гэж хэлсэн баруун хацарнаас нь цус гоожиж байсан. Х ахыг Б ах цохиж зодсон. Өөр ямар нэгэн хүн зодож цохиогүй. Яг биеийнх нь аль хэсэгт зодож цохисныг мэдэхгүй байна. Тэр хоёр тийм ч их согтолттой байгаагүй. Тэр хоёр ямар шалтгааны улмаас зодож цохисон талаар мэдэхгүй нэг нэгэн лүүгээ салаа өгч байхаар нь та хоёр одоо боль гэж хэлсэн юм. Би Х, Б нарыг зодсон үйлдэл хийгээгүй. Миний мэдэж байгаагаар М, Б нар Хг цохисон зүйл байхгүй. М бид хоёр Б, Х нарыг салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

            3. Гэрч З.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байсан юм. Манай хашаан дотор зуны байшин байдаг бөгөөд аймгийн төвөөс М гэж уяач ирж уг байшинд байрлаж байсан юм. Тэгээд би гэртээ байж байтал манай хүүхдүүд хүн зодолдож байна гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад очтол манай хашаан дотор Б, Х, А, М, Б нар хоорондоо нэг нэгнээ татсан орилдож байсан. Хэн хэн нь хоорондоо зодолдож байгааг мэдээгүй. Тэгээд би “та нар боль, энэ хашаа та нарын хоорондоо зодолддог газар биш” гээд Хг би дагуулаад хашаанаас гараад гэр лүү нь явуулсан. Тэгээд би буцаад Мийн байрлаж байсан байшин руу ортол М унтаж байсан ба М, А, Б, Б нар хашаан дотор байхаар нь “та нар одоо явцгаа” гэж хэлээд гэр лүүгээ орсон. Тэгээд удалгүй байж байтал манай хүүхдүүд нөгөө хүмүүс дахиад зодолдож байна гэж хэлэхээр нь би дахиж гарч иртэл Х худагны хажууд нүүрнээс нь цус гарчихсан сууж байсан ба хажууд нь Б зогсож байсан. Тэгээд би очоод Бг нь дагуулаад “одоо яв” гэж гэр лүү нь явуулсан. Тэгээд би дэлгүүр лүүгээ орсон. Х яаж харьсныг би мэдэхгүй байна. Хг хэн хэн биенийх нь аль хэсэгт зодсон талаар сайн мэдэхгүй байна. Тэр хэд хоорондоо ноцолдоод барьцалдаж байсан Хг Б худагны хажууд байхад нь цохиж зодсон байх тэр хоёр хоорондоо маргалдаж байсан. Тэр хоёр их согтолттой байсан. Миний хэлсэн үгийг ойлгож байсан. Би түүнийг сайн мэдэхгүй байна тэр хоёр архи уучихсан байсан бөгөөд би Бд “чи өөрөөсөө ах хүнийг хамт архи уучихаад яагаад зодож цохиж байгаа юм” гэтэл энэ Х намайг болон манай аавыг хэл амаар доромжилсон гэж хэлж байсан. М, Б нар Хг зодож цохисон талаар сайн мэдэхгүй байна тэд нар хоорондоо чирэлдэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

            4. Гэрч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр сумын төвд таньдаг хүмүүс болох Б, А, Б, М нартай хамт Д ахын хашаан дотор байдаг Мийн байрлаж байсан байшин дотор 2 шил 0,75 литрийн “Ерөөл” нэртэй архи уугаад сууж байтал 13 цагийн үед Х гэж манай сумын ах худгаас ус авахаар явж байна гээд байшинд орж ирсэн. Тэгээд бид нартай хамт архи уугаад сууж байгаад Б, Х ах 2 хоорондоо эцэг гээд маргалдсан. Тэгтэл Б, Х хоёр байшингаас гараад удалгүй байж байтал А бид хоёр гарахад тэр хоёр ноцолдож нэг нэгнээ түлхэж байхаар нь А бид хоёр очиж салгасан. Тэгтэл Д ах ирээд Х ахыг дагуулаад явсан. Тэгээд А бид хоёр хариу байшин руу орсон. Тэгээд байж байгаад би байшингийн цонхоор харахад худгийн хажууд Х ах гүйгээд ирж байсан ба наад талаас нь Б очиж байсан. Тэгээд би дахиад нөгөө хоёрыг хартал Х ах худгийн хажууд нүүрээ дарчихсан сууж байхаар нь зодолдож байгаа юм байна гэж бодоод А бид хоёр дахин тэр хоёр дээр очиж салгаж А Х ахыг аваад явсан. Би Бг аваад байшин руу орсон. Тэгээд би байшингаас гараад Х ах дээр очоод “яасан юм бэ” гэж асуухад Х ах “та нар намайг бүлэглэж зодлоо” гэж над руу дайрсан. Тэгээд би “та тайвшир, бид нар таныг цохиж зодоогүй” гэж хэлсэн. Тэгээд Х ах худаг руу очоод нүүр гараа угаачихаад гэр лүүгээ харьсан. Бид нар бас гэр лүүгээ харьцгаасан юм. Тухайн үед Х ахыг Б цохиж зодсон ба өөр цохиж зодсон хүн байхгүй. Би сүүлд Х ахад “таныг Б цохисон, Б бид хоёр цохиж зодоогүй” гэж хэлтэл “та нар бүгд цохисон, би тухайн үед ухаан алдсан байсан болохоор сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн. Б, Х нар гайгүй согтолттой байсан ухаан санаагаа алдаагүй, тасартлаа архи уугаагүй. Тухайн үед байшин дотор байхдаа Х нь Б руу “чиний эцгийг чинь би идээгүй гэж дайрч давшлаад хоорондоо маргалдсан. Тэр асуудлаас болсон байх. Б Хг зодож цохисон зүйл байхгүй. Тухайн үед Б байшингаас гараагүй юм. Б Хг гараараа цохисон байх А бид хоёрыг очиж салгахад гартаа барьсан зүйл байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

            5. Гэрч И.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2020 оны 7 дугаар сарын 12-ны шөнө Увс аймгийн Өлгий сумын төвд очиж Д гэх найзынхаа хашаан дотор байдаг байшинд байрласан юм. Би улсын баяр наадам болохоос өмнө 4 тооны уяж байсан адуугаа алдсан байсан бөгөөд тэр адуунуудаа хайхаар очсон. Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байрлаж байсан байшиндаа байж байтал Өлгий сумын иргэн Б гэх залуу ирж бид хоёр хууч хөөрсөн. Тэгээд Б нэг шил 0,75 литрийн “Ерөөл” нэртэй архи задлаад бид хоёр хувааж уусан. Тэгээд байж байтал М, Б, А нар орж ирээд дахиад нэг шил 0,75 литрийн “Ерөөл” архи задалж бид нар хувааж уусан. Тэгээд нэг мэдэхэд би архиндаа согтоод тасраад унтсан. Би Х, Б нарыг хоорондоо хэрэлдсэн маргалдсан эсэхийг сайн санахгүй байна. Архи их уусан болохоор. Би тухайн үед зодоон болсныг сонсоогүй. Харин маргааш нь сонсоход Б, Х нар зодолдсон гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

            6. Шинжээч эмчийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “1. Үзүүлэгч Б.Х-н биед гэмтэл учирсан байна. 2. 21-р шүд унасан, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний цус хуралт гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. 5. 21-р шүд унасан, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1-с 1,5 хувийн талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 6. Б.Х-н биед дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэмтэл тогтоогдоогүй. 7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх 551 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/,

            7. Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, эмчлүүлэгчийн картын хуулбар /хх-ийн 26-37-р хуудас/,

            7. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 63-р хуудас/,

            8. Шүүгдэгч К.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед сумын төвд Д ахын хашаан дотор байдаг байшинд Улаангом сумын уяач М гэх хүн байрлаж байхаар нь очсон юм. Тэгээд намайг очиход М, М, Б, А нар байсан. Тэгээд бид нар юм яриад сууж байтал М 1 шил 0,5 литрийн “Ерөөл” нэртэй архи гаргаж задлаад хувааж ууцгаасан. Тэгээд тэр архи нь дуусаад дахиад 1 шил 0,75 литрийн архи задалж хувааж уусан. Тэгээд байж байтал гаднаас Х гэх таньдаг ах орж ирсэн. Тэгээд нөгөө задалсан архиа хувааж ууцгаасан. Тэгтэл Х ах 2016 онд манай аавтай хамт мотоциклтой явж байгаад онхолдсон бөгөөд тухайн үед би Х ахад уурлаад цохисон байсан ба тэр асуудлыг ярьж эхэлсэн. Түүнээс болж бид хоёр маргалдаад байшингаас гарсан. Тэгээд бид хоёр хоорондоо заамдалцаж зодолдсон. Тэгтэл Х ахыг Д ах ирээд надаас салгаад хашаагаар гараад явсан. Тэгээд би байшин руу орж байтал миний араас Х ах “бацаан минь, чам шиг жулбадаг надад хүч хүрэхгүй, амжихгүй шүү” гээд салаа гаргахаар нь би очоод нүүр лүү нь 1 цохиход газарт унасан. Тэгээд босоод чулуу авах гэхээр нь дахиад нүүр лүү нь гараараа 1 цохиход газарт унасан. Тэгтэл М, А хоёр ирж бид хоёрыг салгасан. Тэгээд би явсан ба М, А, Х нар хоцорсон. Би яваад буцаад ирэхэд Х гэр лүүгээ явсан байсан. Тэгээд 4 цагийн дараа буюу 20 цагийн үед Хгийн гэрт очиход М тэдний гэрт сууж байсан. Тэгтэл Х ах “та нар намайг дэмнэж зодлоо” гэж хэлтэл М “би цохиогүй таныг салгасан” гэж хэлэхээр нь би Х ахад би таныг цохиж зодсон М, А нар салгасан гэж хэлсэн. Тэгтэл Х ах цагдаа шүүхээр явна гэж хэлсэн. Х ах 2016 онд манай аавтай хамт мотоциклтой явж байгаад онхолдсон бөгөөд тухайн үед нь би Х ахыг уурлаад цохисон байсан ба тэр асуудлыг ярьж эхэлсэн. Түүнээс болж бид хоёр хоорондоо маргалдаад байшингаас гарсан. Тэгээд бид хоёр хоорондоо заамдалцаж зодолдсон. Бид хоёрын хооронд ямар нэгэн өш хонзон, хэрүүл маргаан, өр авлага байхгүй. Би Б.Х ахын нүүр лүү гараараа 2 удаа цохисон ба сүүлд хавирга руу өшиглөсөн. Б.Хгийн нүүр лүү 2 удаа цохиход газарт унахдаа гараа хавиргандаа тулж эвгүй унасан ба босож ирэхдээ чи намайг өшиглөсөн гэж хэлсэн. Би хацар болон ам руу нь цохисон. Тухайн үед Б.Хг өөр зодож цохисон хүн байхгүй. Би 2 удаа нүүр лүү нь гараараа цохисон. М, А хоёр бид хоёрыг салгасан юм. Б.Х миний цээж рүү гараараа нэг удаа цохисон өвдөж зовиурлаж байгаа зүйл надад байхгүй байна. Бид хоёр тухайн үед тийм ч их согтуу байгаагүй ухаан санаатай байсан. Би тухайн үед Б.Х ах аймгийн төв рүү эмчилгээнд явах гэж байна мөнгө төгрөг хэрэгтэй гэхээр нь 200.000 төгрөг эхлээд өгөөд дараа нь буюу 7 дугаар сарын 20-ны үед дансаар нь 100.000 төгрөг шилжүүлсэн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би Б.Х ахын эмчилгээний зардлыг бүрэн барагдуулна дахин ийм зүйл хийхгүй надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно. 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч К.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт байрлах иргэн З.Дийн хашаанд хохирогч Б.Хг гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохисоны улмаас эрүүл мэндэд нь 21-р шүд унасан, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч К.С нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч К.Сын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Б.Х нь Цагдаагийн газарт хандаж: “Миний бие 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр К.С-аар зодуулж биедээ хөнгөн гэмтэл авсан. К.С миний хохирол барагдуулж өгсөн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 62-р хуудас/-ийг гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзлээ.

Мөн шүүгдэгч К.С нь тус шүүхэд хандаж “Миний бие шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасны дагуу түүний хүсэлтийг хүлээн авсан болно.

Иймд шүүгдэгч К.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч К.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч С.Мын /хх-ийн 17-р хуудас/ мэдүүлэг, гэрч Э.Мийн /хх-ийн 18-р хуудас/ мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч К.С нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна.

Улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ст 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэж шүүгдэгч К.Ст дээр дурдсан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч З.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт Кгийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ст 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч К.С нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч К.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ст өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН