Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/347

 

     2020          11            17                                            2020/ШЦТ/347

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагчаар, хяналтын прокурор М.Берикбол,

Хохирогч Г.Б-, Х.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,

Шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 2038004250361 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Г.

Шүүгдэгч Б.Г- нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Мөрөн сумын чиглэлд “Соната-6” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас мотоцикльтой явж байсан Х.Б-, Р.Г.Б- нарыг мөргөсөн зам тээврийн осол гаргаж иргэн Х.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Р.Г.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.Г- нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Мөрөн сумын чиглэлд асфальтан замд “Соната-6” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12 дугаар зүйлийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас урдаа мотоцикльтой явж байсан Х.Б-, Р.Г.Б- нарыг мөргөж зам тээврийн осол гаргаж иргэн Х.Б-ийн эрүүл мэндэд “хэвлийн хөндий дэх шингэн” бүхий хүндэвтэр хохирол, Р.Г.Б-ын эрүүл мэндэд “баруун чамархайн дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн ясанд хугарал, баруун зулайн дэлбэнд цус харвалт” бүхий хүнд хохирол учруулж, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13, 15-18 дугаар хуудас/,

                 - Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/,

                 - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-22 дугаар хуудас/,

                 - “Соната-6” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

                 - Хохирогч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Соната-6 маркын тээврийн хэрэгслийг бол анзаараагүй. Харин том машины дуу араас явж байгаа нь мэдэгдэж байсан. Би нэлээд аяархан явж байсан. Мотоциклийн километрийн заалт ажиладаггүй юм. Тухайн үед өөдөөс тээврийн хэрэгсэл зөрөөгүй. ...ослын улмаас миний биед үүссэн гэмтэл шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Тиймээс дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Намайг зүгээр явж байхад тухайн автомашин араас ирж мөргөсөн. Тэгээд юу болсныг санахгүй байна. Одоо биеийн байдал гайгүй байгаа. Би жолооч болоогүй, жолоонд сууж амжаагүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

                 - Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тухайн ослыг араас машин ирж мөргөснөөс л болсон байх гэж бодож байна. Мөргүүлсэнээс хойш юу болсныг санахгүй байна. Ослын улмаас биед учирсан гэмтлээ шүүх шинжилгээний байгууллагаар тодорхойлуулсан байгаа. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байгаа. Одоо биеийн байдал нилээн зовиуртай байгаад байна. Толгой ерөнхийдөө өвддөг, эм хэрэглэж байсан эм нь дууссан байгаа. Тархины цус шимэгдүүлэх тариа хийж авч хэрэглэж байгаад эм тариа дууссан... Саяхан бид хоёр хот орж тархины зураг авахуулсан, түүний зардал болон эмчийн бичиж өгсөн эм тариаг авахуулчих юм бол өөр санал хүсэлт байхгүй. Нийтдээ бодож үзэхэд 500.000 төгрөгийн зардал гарч байгаа. Үүнийг барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг/ хх-ийн 41-44 дүгээр хуудас/,

                 - Гэрч А.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Урдаас ирж яваа машин зөрөөгүй байхад урд гэнэт хар юм явж байгаа харагдсан. Урдаас ирж яваа машинтай зөрөх байсан болохоор ойрын гэрэл дээрээ татчихсан явсан. Жолоочид хөөе мотоцикль гэж хэлээд яах ийхийн зуургүй мотоциклийн ар талаас жолоочийн эсрэг тал хэсгээрээ мөргөхөд тэр чигээр нь түрээд хамаад явсан. Машин зогсоод машинаас буухад бол зам дээр нэг эрэгтэй хүн толгой хэсгээс нь цус гарчихсан, хурхираад байсан. Цаана замын хажуу далан хэсэг рүү бас нэг эрэгтэй хүн унасан байсан. Уг хүн дээр очиход бол ямар ч амьсгаа байхгүй байх шиг байсан. Тэр хүнд жолооч хиймэл амьсгаа хийхэд амьсгал орж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

                 - Гэрч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн осол гаргах үед би арын суудалд унтаж байсан. Гэнэт хүн алчихлаа гэж жолооч ах маань орилоход нь сэрээд машинаас гараад харахад мотоцикль зам дээр хэвтэж байсан. Нэг нь засмал замын далангийн доод талд нэг хүн асфальтон замын хажууд хэвтэж байсан. Тэгээд жолооч ах хүн алчихлаа гээд ээж эхнэр лүүгээ ярихад нь тайван бай ахаа та хиймэл амьсгаа хийлгэж хэлэхэд далангийн доор байсан ах сэрээд босч ирээд суучихсан. Дараа нь зам дээр хэвтэж байсан хүнд хиймэл амьсгал амаараа хийсэн. Энэ хоёр хүнд Б.Г- ах хоёуланд нь амаараа хиймэл амьсгал хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

                 - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 334 дугаартай: “1. Х.Б-ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хэвлийн хөндий дэх шингэн, духны баруун хэсэг, зулай, хэвлий, зүүн цавь, зүүн гуя, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, нуруу, зүүн тохой, баруун гуя, зүүн өвдөг, зүүн гуя, зүүн өвдөгний хонхор, зүүн шилбэ, зүүн шагайнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Х.Б-ийн биед хэвлийн хөндий дэх сул шингэн бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, бусад хэсгийн цус хуралт болон зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

                 - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 333 дугаартай: “1. Г.Б-ын биед баруун чамархайн дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн ясанд хугарал, баруун зулайн дэлбэнд цус харвалт, баруун эгэм ясны зөрөөтэй хугарал, шаант ясны хугарал, шагайн үений зай нарийсалт, дух, баруун хацар, хамрын нуруу, зүүн хацар, эрүү, хоолой, баруун, зүүн сарвуу, нуруу, зүүн тавхайнд зулгаралт, нуруу, баруун эгэм, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Г.Б-ын биед гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун эгэм ясны зөрөөтэй хугарал, шаант ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад хэсгийн цус хуралт болон зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

                 - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 3544 дугаартай: “1.2. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “Х.Б-”, “Г.Б-” гэж хаягласан 2ш цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

                 - Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн: “...жолооч Б.Г- нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, Мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн” гэх магадлагаа /хх-ийн 69 дүгээр хуудас/,

               - Шүүгдэгч Б.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2019 оны 10 дугаар сарын 18-наас 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 1 жилээр хассан тухай “Жолоодох эрхийн лавлагаа” /хх-ийн 121 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байсан санагдаж байна. ...Оройн 20 цагийн орчим би Хөвсгөл аймгийн Тариалан сумаас Мөрөн сумын чиглэлд хөдөлсөн. Ингээд явсаар байгаад оройн 23 цагийн орчим Цагдаагийн газрын пост өнгөрөөд “Сод-Монгол” шатахуун түгээх станцын цаад талд явж байтал эсрэг урсгалд өөдөөс ирж явсан 2 тээврийн хэрэгслийн жолооч гэрлээ шилжүүлэхгүй байхаар нь би нэг ойр дээрээ тавьж үзээд гэрлээ шилжүүлэхгүй байхаар нь хол дээрээ тавьсан. Тэгсэн эсрэг урсгалд миний өөдөөс явж байсан машины жолооч гэрлээ шилжүүлэхээр нь гэрлээ шилжүүлээд тухайн машинтай дөнгөж зөрөөд тас хийх чимээ гарахаар нь зогссон. Тэгээд хажууд сууж явсан А.Н- гэх залуугаас “юу болов, яав” гэхэд “ах та мотоциклтой хүн дайраад алчихлаа" гэхээр нь айгаад ухаан алдчихсан. Тэгээд нэг харсан чинь Тосонцэнгэл сумын байгаль орчны улсын хяналтын байцаагч гэх нэрийг нь мэдэхгүй ах над дээр ирээд “ахын дүү тайвшир” гэсэн. Тэгсэн надтай хамт явсан залуу “ах хиймэл амьсгаа хийдэг юм” гэхээр нь хоёуланд нь хиймэл амьсгал хийсэн чинь хоёулаа ухаан орохоор нь арай тайвширсан. Тэгээд цагдаа, түргэн дуудаад, түргэний эмч ирж үзээд гайгүй юм шиг байна гээд эмнэлэг рүү аваад явсан. ...60 километр цагийн хурдтай явсан. ...В,С ангилгын жолоочийн үнэмлэхтэй, 2002 онд жолооч болж байсан. ...Зогсоох арга хэмжээ аваагүй. Гэнэт л тасхийгээд явчихсан. Хэрэв харагдсан бол ямар нэгэн арга хэмжээ авах байсан. ...Намайг цагдаагийн газарт авчирч үлээлгэсэн. Тухайн үед намайг багаж үлээхэд хамт байсан цагдаа нар мэдэж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Г-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 86 дугаар хуудас/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 87 дугаар хуудас/,

- “Соната-6” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгч Б.Г-ийн ВС ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 88 дугаар хуудас/,

- Урьд ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 дүгээр хуудас/,

- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 113-115 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа санаатайгаар тээврийн хэрэгсэл жолоодсон, анхаарал болгоомжгүй байдал, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.Г- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Г- нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Мөрөн сумын чиглэлд асфальтан замд “Соната-6” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12 дугаар зүйлийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас урдаа мотоцикльтой явж байсан Х.Б-, Р.Г.Б- нарыг мөргөж зам тээврийн осол гаргаж иргэн Х.Б-ийн эрүүл мэндэд “хэвлийн хөндий дэх шингэн” бүхий хүндэвтэр хохирол, Р.Г.Б-ын эрүүл мэндэд “баруун чамархайн дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн ясанд хугарал, баруун зулайн дэлбэнд цус харвалт” бүхий хүнд хохирол учруулж, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13, 15-18 дугаар хуудас/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-22 дугаар хуудас/, “Соната-6” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/, хохирогч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг/ хх-ийн 41-44 дүгээр хуудас/, гэрч А.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/, гэрч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 334 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 333 дугаартай дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 3544 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн магадлагаа /хх-ийн 69 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2019 оны 10 дугаар сарын 18-наас 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 1 жилээр хассан тухай “Жолоодох эрхийн лавлагаа” /хх-ийн 121 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгээ мэдсээр байж санаатай зөрчсөн ба бусдын биед хохирол учруулах нөхцөл байдлыг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.Г-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль журмыг зөрчиж, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна гэж шүүх дүгнэлээ.

         Хохирогч Г.Б- шүүх хуралдаанд “..Би 200.000 төгрөг авсан. 500.000 төгрөг авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан.  Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ өгч байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Г-ийг хохирогч Г.Б-т төлөх төлбөргүй,

Хохирогч Х.Б- шүүх хуралдаанд: “...надад 100.000 төгрөгөөр эм авч өгсөн. ...одоо цаашид гарах эмчилгээний зардалд 3.900.000 төгрөгийг нэхэмжилж байна” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэж байх ба шүүх хохирогч Х.Б-ийн “...2 сар гаруй гэрээрээ эмчилгээ хийлгэж эм ууж байна. Иймд алтан гагнуур 2х10.000=20.000, барагшун 3х7.500=22.500, өвчин намдаах лаа 40х1.800=72.500, эм диклотик 40х500=20.000, витамин в1, в6 15х3.600=54.000, толгойн эм 30х800=24.000, хувийн эмнэлэгт 5х25.000=125.000, 10 хоног хөл, гар, эгэм бариулж 50.000, физик эмчилгээний тос 1х25.000=25.000, бариачид 40.000 өгсөн” гэх гар бичвэр /хх-ийн 92/-т дурдсан нийт 453.000 төгрөгийн зардлыг зайлшгүй гарах ёстой зардалд тооцож, нотлох баримтаар үнэлж, үүнээс шүүгдэгч Б.Г-ийн өгсөн гэх 100.000 төгрөгийг хасч тооцон, шүүгдэгчээс 353.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б-өд олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Х.Б-ийн МRI хийх болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г- нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Х.Б-ийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг мотоцикль өгч төлж барагдуулсан /хх-ийн 116/ болохыг дурдаж байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлөөгүй, зарим хохирогчоос уучлалт гуйгаагүй, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Г- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 91/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 113-115/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Г- нь хохирогч Х.Б-ийн эмчилгээний зардалд 100.000 төгрөг өгснөөс өөрөөр мөнгө төгрөг өгөөгүй, мөн хохирогч Г.Б-тай “500.000 төгрөг өгсөн” гэх эвлэрлийн гэрээ байгуулсан /хх-ийн 89-90/ хэдий ч шүүх хуралдаанд хохирогч Г.Б- “...Би 200.000 төгрөг авсан. 500.000 төгрөг авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Б.Г- шүүх хуралдаанд “Г.Б-тай эвлэрлийн гэрээ байгуулсан. Хохирлоо машинаа зарж борлуулж барагдуулахаас өөр боломжгүй байна” гэж байгааг хохирол төлбөрөө бодитоор нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлнэ гэдэг нь бодитоор төлөх боломж бий болгосон байхыг ойлгоно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Г-т ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас “...1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт битүүмжилсэн “Соната-6” маркын тээврийн хэрэгслийг шүүгдэгчид буцаан олгох” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн өмчлөлийн “Соната-6” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол /хх-ийн 24/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 26/ хэрэгт авагдсан байх боловч жолоочийн үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүйг дурдаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Г- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Г-оос 353.000 /гурван зуун тавин гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б-д олгож, хохирогч Х.Б-ийн бусад нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Х.Б- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн өмчлөлийн “Соната-6” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

             9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.АЗЖАРГАЛ