Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 146

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагчаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, хохирогч Ц.Э, хохирогчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт Цийн Бт холбогдох 2035000000126 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс Дөрвөд, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар баг /Хужирт баг/-т оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Т ургийн овогт Цийн Б. /Регистрийн дугаар: ОЗ88072617/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Ц.Эийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000126 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

            1. Хохирогч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр би хонио хариулж явж байгаад багийн эмч Ган-Эрдэнийн гэрт очсон. Тэр үед би гэрийн гадна морио уячихаад гэрийн зүүн урд талд газар дээр суучихсан хөзөр тоглож байсан манай багийн М.Н, Ц.О болон үл таних 5-6 залуус дээр очсон. Тэгээд би “Сайн байцгаана уу?” гэж мэндэлчихээд тэд нарын хажууд газар суух үед миний зүүн талд сууж байсан үл таних залуу миний баруун нүд болон хамарны хэсэгт нэг удаа цохисон. Тэр үед намайг маш хүчтэй цохисон тул миний толгой манарч ухаан балартсан. Мөн намайг хавирч унагаагаад миний нуруу хэсэгт нэг удаа өшиглөх үед би босоход дахин намайг хавирч газар унагасан. Тэгээд би босох үед сумын эмнэлгийн жолооч Ө ах ирж “Та нар одоо больцгоо, яаж байгаа юм” гэж хэлээд намайг яв гэж хэлэхээр нь би манай багийн эмч Ган-Эрдэнийн аав Ц ахын гэрт орсон. Тэр үед манай ээж Ц тэдний гэрт байсан бөгөөд юу болсон талаар асуугаад намайг дагуулаад уг хөзөр тоглож байсан хүмүүс дээр очиж ээж Ц намайг зодсон үл таних залууд хандаж “Чи яагаад миний хүүхдийг зодсон юм бэ?” гэж асуухад “Чамд ямар хамаатай юм, зайл авгай минь, чиний хүүхэд чинь халх юм уу. Бид нараас хүн болгоноос мэнд асуугаагүй” гэх мэтээр хэлсэн. Тэгээд ээж бид хоёр буцаад Ц ахын гэрт орсон. Тэр үед сумын эрүүл мэндийн төвийн дарга эмч Н үзэх үед миний хамар цааш чихэгдсэн, нүд хэсгээр хавдсан байдалтай байсан бөгөөд эмч миний хамрыг эмчилж үзэх багаж байхгүй тул та нар нарийн мэргэжлийн эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай гэж зөвлөгөө өгөхөд ээж Ц “Та үзээд өгөөч эм, эмчилгээ бичүүлмээр байна” гэж хэлэх үед “Савх байна уу?” гэж асуухад байхгүй болохоор нь халуун дээр нь үзье гээд нарийн модонд хөвөн ороож байгаад хамар луу хийж түлхсэн. ...Тухайн үед Ц.Б-аар цохиулаад хамар чихэгдэж, нүд хөхөрч хавдсан, толгой өвдөөд байсан. Миний биед халдсан үл таних хүний биед би халдаагүй. Ээж Ц бид хоёр очих үед тэр залууд миний ээж халдсан эсэхийг би хараагүй. Одоогоор миний хамар битүүрч, нүдний хөхөрсөн хаван арилаагүй, байнга толгой өвдөж өвчин намдаах эм ууж байна. Би зүгээр явж байгаад зодуулсан тул уг залууд гомдолтой байна. Хуулийн дагуу шалган шийдвэрлэж миний хохирлыг барагдуулж өгнө үү. Би олон хоног мал руугаа явж чадаагүй байгаа. Намайг зодсон залууг би урд өмнө харж байгаагүй, танихгүй. Тэнд байсан хүмүүсээс асуухад манай багийн залуу гэж хэлсэн. Тэр залуу надтай ямар нэгэн хэрүүл маргаан үүсгээгүй. Тухайн үед та яагаад намайг зодож байгаа юм гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/,

            -Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би одоо Ц.Б гэгчид ямар нэг гомдол байхгүй. Нэг нутаг усны хүмүүс болохоор гомдолгүй. Надад өнөөдөр шүүх хуралдааны өмнө хохирлын мөнгө гэж 400.000 төгрөг төлсөн. Би хүлээж авсан. Харин цаашид хамраа Улаанбаатар хотод очиж эмчлүүлнэ. Тэр зардлаа гаргуулна” гэх мэдүүлэг,

2. Гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тэр өдөр өглөө 10 цагийн үед гэрээс ганцаараа өөрийн мотоциклоор наадмын талбайд малчдын уулзалт болно гэх мэдээллээр очсон. Тэр үед Наранбулаг сумын багуудын 20-30 орчим залуус очиж сумын эрүүл мэндийн төвөөс хүүхдүүдэд вакцин хийж, бид нар сумын төвөөс ирэх удирдлагуудыг хүлээж байгаад утсаар ярихад ирэхгүй гэж хэлсэн. Тэр үед наадмын талбайн хажууд Ц.Б, Ж.Б, Б.Х, Н.Н, Н.А бид нар хөзөр тоглоод сууж байтал Наранбулаг сумын 3 дугаар багийн залуу Ц.Э бид нарын хажууд ирж “Сайн байцгаана уу?” гэж хэлчихээд Бгийн баруун талд суусан. Тэр үед Б нь Эд хандан “Ийм олон нутгийн ах нар чинь сууж байхад хүн болгоноос яагаад мэнд асуухгүй байгаа юм бэ?” гэж хэлээд баруун гарынхаа ар хэсгээр Эийн хацар, эрүү хэсэгт нэг удаа цохиход Э хойшоо газар унасан. Тэр үед Э та яагаад байгаа юм гэж хэлээд босож ирэх үед Б Эийг барьж байгаад 2 удаа мөргөж гэдрэг унагасан. Тэгээд Э “Чамайг цагдаад хэлнэ” гэж хэлээд явсан. Удалгүй Э өөрийн ээж болох Цтэй хамт бид нарын хажууд ирж Ц гэх хүн “Яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ?” гэж хэлээд бичир модоор Бгийн нуруу хэсэгт 3-4 удаа цохисон, мөн модныхоо үзүүр хэсгээр 3-4 удаа хатган чичсэн. Тэр үед Б Цгийн модыг гараас нь булааж аваад шидсэн. Тэр үед Ц Б-г загнаж байтал сумын эрүүл мэндийн жолооч Ө ирж “Та нар юу болоод байгаа юм, одоо больцгоо” гэж хэлэх үед бид нар тарсан. Тэр үед Эийн биед ил харагдах бэртэл гэмтэл, цус гарсан зүйл байгаагүй. Тэр өдөр Э Бгийн биед халдан зодсон зүйл байхгүй. Бид согтууруулах ундаа хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

3. Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тэр өдөр өглөө 10 цагийн үед гэрээс ганцаараа өөрийн мотоциклоор наадмын талбайд малчдын уулзалт болно гэх мэдээллээр очсон. Тэр үед Наранбулаг сумын багуудын 20-30 орчим залуус очиж сумын эрүүл мэндийн төвөөс хүүхдүүдэд вакцин хийж бид нар сумын төвөөс ирэх удирдлагуудыг хүлээгээд ирээгүй. Тэр үед наадмын талбайн хажууд Ц.Б, Г.Г, Б.Х, Н.Н, Н.А бид нар хөзөр тоглоод сууж байтал Наранбулаг сумын 3 дугаар багийн залуу Ц.Э бид нарын хажууд ирж “Сайн байцгаана уу?” гэж хэлээд суусан. Тэр үед хамт тоглож байсан Б нь Эд хандан “Ийм олон нутгийн ах нар чинь сууж байхад хүн болгоноос яагаад мэнд асуухгүй байгаа юм” гэж хэлээд баруун гараараа нүүрний эрүү хэсэгт нэг удаа цохиход Э хойшоо газар унасан. Тэр үед Э “Та яагаад байгаа юм” гэж хэлээд босож ирэх үед Ц.Б Эийг барьж аваад 2 удаа мөргөн гэдрэг унагасан. Тэгээд Э тэр газраас явж багийн эмч Ган-Эрдэнийн аавын гэрийн чиглэлд явсан. Тэр үед Эийн биед их харагдах бэртэл гэмтэл, цус гарсан зүйл байгаагүй. Э Бгийн биед халдан зодсон зүйл байхгүй. Тэр өдөр бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Б Эийг нэг удаа гарынхаа араар цохисон дараа Э явж удалгүй бид нар хөзөр тоглож байтал түүний төрсөн ээж Ц мод барьчихсан гүйж ирээд яагаад хүүхэд зодоод байгаа юм гэж хэлээд Ц.Бгийн нуруу хэсэгт 3-4 удаа хатган чичсэн. Тэр үед Ц.Б Цгийн модыг гараас нь булаан авч шидсэн. Тэгээд бид нар хөзрөө больж, Ц Ц.Бг загнаж байтал сумын эрүүл мэндийн төвийн жолооч Ө ирж “Та нар юу болоод байгаа юм, одоо больцгоо” гэж хэлэхэд бид нар гэр лүүгээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,

4. Гэрч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тэр өдөр би өглөө 10 цагийн үед гэрээс гарч наадмын талбайд малчдын уулзалт болно гэж багийн засаг дарга Н.Анхбаяр хэлсний дагуу ганцаараа мотоциклтой очсон. Тэр үед наадмын талбайд Наранбулаг сумын 20-30 залуус цугларсан, эрүүл мэндийн төвөөс хүүхдийн вакцин хийж байсан бөгөөд бид нар уулзалт зохион байгуулах хүмүүсийг хүлээгээд хөзөр тоглож байсан. Тэр үед багийн эмч Г болон түүний аав Ц гэх айлуудаас 10 метр орчим газар Ц.Б, Н.А, Ж.Б, Г.Г, Б.Х бид нар хөзөр тоглож байтал манай багийн залуу Ц.Э ирж “Сайн байцгаана уу?” гэж хэлчихээд Ц.Бгийн баруун талд суусан. Тэр үед Ц.Б Эд хандан “Нутгийн олон ах нараасаа чи ингэж мэнд асуудаг юм уу” гэж хэлээд баруун гарын ар хэсгээр Эийн нүүр хэсэгт цохиход хойшоо газар унасан. Тэр үед Э Бд хандан “Та яагаад байгаа юм бэ” гэж хэлээд босож ирэх үед Б Эийг барьж байгаад 2 удаа хавирсан байдалтай гэдрэг унагаасан. Тэр үед эрүүл мэндийн төвийн жолооч Ө ах ирж “Та нар одоо больцгоо, яагаад зодолдоод байгаа юм” гэж хэлэх үед Э Ц ахын гэр лүү чиглээд явсан. Тэгээд удалгүй Э, ээж нь болох Цгийн хамт бид нарын хажууд ирж Ц эгч Бд хандан “яагаад хүүхэд зодож байгаа юм, чамд ямар гэм хийсэн юм” гэх мэтээр хэлж хажууд байсан модны мөчир авч Бгийн нуруу хэсэгт 2-3 удаа хатган чичиж байсныг би хөзөр тоглож байхдаа хальт харсан. Өөр ямар нэг байдлаар Бгийн биед Ц эгч модны мөчрөөр цохисон эсэхийг хараагүй. Тэр үед Б Ц эгчийн модыг булааж аваад хажуудаа шидсэн. Тэгээд удалгүй бид нар тарж явсан. Бид нарын хөзөр тоглож байгаа газар Э ээжтэйгээ буцаж ирэх үед Эийн биед ил харагдах бэртэл гэмтэл, цус гарсан зүйл байгаагүй. Тэр өдөр Э Бгийн биед халдсан зүйл байхгүй. Бид нар хөзөр тоглож байхад ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/,

            5. Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр үед малчдын уулзалтад оролцохоор ирсэн залуус сумаас зохион байгуулахаар ирэх хүмүүсийг хүлээн наадмын талбайн хажууд манай багийн эмч Г, түүний аав Цгийн гэрээс 10 метр орчим газар манай Хужирт багийн Ц.Б М.Н, Ж.Б, Г.Г, Б.Х бид нар хөзөр тоглож байтал манай багийн залуу Э ирж “Сайн байцгаана уу?” гэж хэлээд Бгийн баруун талд суусан. Тэр үед Б Эд хандан “Нутгийн олон ах нараасаа чи ингэж мэнд асуудаг юм уу” гэж хэлээд баруун гарын ар хэсгээр Эийн нүүр хэсэгт цохиход Э хойшоо газар унасан. Тэр үед Э Бд хандан “Та яагаад байгаа юм” гэж хэлээд босож ирэх үед Б Эийг барьж байгаад 2 удаа хавирч унагах үед эрүүл мэндийн төвийн жолооч Ө ах ирж “Та нар одоо больцгоо” гэх мэтээр хэлэх үед Э гүйгээд явчихсан. Тухайн үед би хөзөр тоглож байсан тул нэг их анзаараагүй. Удалгүй Эийн ээж болох Ц эгч Бд хандан “чи яагаад миний хүүхдийг зодоод байгаа юм” гэж хэлээд хажууд байсан модны мөчир авч Бгийн нуруу хэсэгт 2-3 удаа хатгаж чичсэн. Өөр байдлаар цохисон эсэхийг би хараагүй. Тэр үед Б Ц эгчийн модыг булааж аваад хажуудаа шидсэн. Тэгээд удалгүй бид нар тарсан. Бид нарын хөзөр тоглож байгаа газар Э ээжтэйгээ буцаж ирэх үед Эийн биед ил харагдах бэртэл гэмтэл, цус гарсан зүйл байгаагүй. Тухайн үед Э Бгийн биед халдсан зүйл байхгүй. Тэр өдөр бид нар хөзөр тоглож байхад ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Б Ц эгч нар хэрэлдэж маргалдаж байхад Б.Х 2.5 литрийн 1 сав пиво авч ирээд задлах үед бид нар уугаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,

            6. Гэрч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тэр өдөр 14 цаг өнгөрч байхад би гэрээсээ гарч наадмын талбайн ойролцоо зусланд байсан Жүгдэр гэх ламтай уулзах гэхэд тэднийх нүүгээд явчихсан байхаар нь наадмын талбайн хажууд багийн эмч Г-ийн аав болох Ц гэх айлд ороод сууж байтал тэдний охин /10 орчим насны/ “Эгчээ, Э ахыг хүн зодож байна” гэж хэлэхэд нь тоглож байгаа байлгүй гэж хэлээд сууж байгаад хаалгаар гарахад миний хүү Ц.Э, үл таних залуугийн хамт зогсчихсон эрүүл мэндийн төвийн жолооч Ө Эийг 2 гараараа түлхэж байсан. Тэр үед би хүү Эийг нааш ир гээд гараараа дуудсан. Хүү маань Ц ахын гэрт орж ирэхэд амнаас нь шүлс гоожсон, хамрын дунд хэсгээр цохигдож цааш орсон байдалтай, ямар нэгэн цус гарсан зүйлгүй байсан. Тэр үед Ц ахын гэрт сумын эрүүл мэндийн төвийн дарга эмч Н орж ирж “Юу болсон юм, хэн зодсон юм” гэж асуухад Э Улаан-Үзүүр багийн үл таних залуу зодлоо гэж хэлж байсан. Тэгээд би хүү Эийг зодсон гэх залууд хандан “Чи яагаад хүүхэд зодож байгаа юм чамд ямар гэм хор хийсэн юм” гэх мэтээр асуухад хөзөр тоглоод сууж байгаад “янгарцаг, чамд ямар хамаатай юм, хөгшин өлөгчин, ална шүү” гэх мэтээр хэлэх үед би хажууд байсан модны мөчир авч үл таних залуугийн цээж хэсэгт 2-3 удаа хатгаж чичсэн. Гэтэл тэр залуу босож ирээд миний барьж байсан модыг булааж аваад доороо хийгээд суучихсан. Тэгээд би хүү Эийг дагуулаад буцаж Ц ахын гэрт орж Наран-Эрдэнэ эмчид хандаж “Миний хүүгийн хамар нь гэмтсэн юм шиг байна, чи үзээд эмчлээд өгөөч” гэж хэлэхэд тэр үед Эийн хамар хэсэгт дарж үзээд хамар нь чихэгдсэн байна наашаа гаргах шаардлагатай зориулалтын багаж хэрэгслээр гаргах ёстой гэж хэлээд савх байна уу гэж хэлэхэд багийн эмч Ган-Эрдэнийн гэрт савх байгаагүй тул бургасан модыг зорж байгаад хөвөнгөөр ороож Эийн хамар луу хийж дээш татаад наад хэсэг нь боломжийн боллоо нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд хүү Э бид хоёр гэр лүүгээ явсан. Орой гэрт ирээд хүү Эээс өөр бэртэж гэмтсэн зүйл байна уу гэж би асуухад нэг хөлнийх нь шилбэ хэсгээр хавдсан нүд хөхөрч, нүд болон хамар хэсгээр хавдсан байдалтай байсан. Миний хүү Э хонь хариулж явж байгаад сонирхоод очсон байсан. Би хүү Эийг зодсон гэх үл таних залуутай хэрэлдэж маргалдаж байхад Б.Х гэх залуу урдаас 2.5 литрийн нэг сав пиво авч ирээд хөзөр тоглож байсан залуусын хажууд задлаж байхаар нь би явчихсан. Миний хүү Эийг зодсон гэх үл таних залуутай хэрэлдэж маргалдаж байхад уг залуу болон хөзөр тоглож байсан залуус согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдээгүй. Миний хүүг зодсон гэх үл таних залууг хатган чичсэн модны бичир баримжаагаар гурил элдэх гулууз шиг 50-60см хэмжээтэй байсан. Би хүнийг зодож чадах чадалтай хүн биш, би гар хөлийн гэмтлээр 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан груптэй байдаг хүн юм. Миний хүүг зодсон уг залууд би гомдолтой байна. Намайг янз бүрээр хэлж доромжилж миний хүү Эийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28-р хуудас/,

            7. Гэрч П.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн үед би эрүүл мэндийн төвийн жолооч Өтогтох, вакцинатор сувилагч А нарын хамт Наранбулаг сумын Алдар, Хужирт багийн хүүхдийн вакциныг хийж байтал үдээс хойш цагийг нь сайн мэдэхгүй байна. Хужирт багийн эмч Г-ийн аав Цгийн гэрт ороход Хужирт багийн иргэн Ц гэх эгч надад хандаж “Миний хүү Эийн хамрыг цохисон байна. Үзүүлмээр байна” гэж хэлэхэд нь үзэхэд хамар нь хавдсан байдалтай илт хугарсан гэмтэл, бэртэл харагдаагүй. Тэгээд би тэр хүмүүст хандаж “та нар нарийн мэргэжлийн болон шинжээч эмчид үзүүл” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

            8. Шинжээч эмчийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “1. Үзүүлэгч Ц.Э-н биед гэмтэл учирсан байна. 2. Хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Хамар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 6. Ц.Э-н биед дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэмтэл тогтоогдоогүй. 7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх 526 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/,

            9. Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, эмчлүүлэгчийн картын хуулбар /хх-ийн 37-44-р хуудас/,

            10. Шүүгдэгч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэг гаргахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн байгаа. Хохирогчоосоо уучлалт гуйгаад 400.000 төгрөгийг өнөөдөр шүүх хурлын өмнө өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нь бас өгнө гэж бодож байна. ...Би 2020 оны 7 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн үед өөрийн мотоциклоор гэрээс гарч хүүхдийн вакцин хийлгэх, сумын Засаг даргын Тамгын газраас малчдын уулзалтад оролцох зэрэг ажлаар Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хайстын шил”-д наадмын талбайн хажууд очсон. Наадмын талбайн дэргэд манай багийн эмч Г болон түүний аав Ц гэх айлууд байсан бөгөөд намайг очих үед манай сумын залуу малчид оччихсон байсан. Тэр үед би өөрийн 2 настай хүү Б-ийн вакцинийг хийлгэчихээд эмч Г-ний гэрийн хойд талд хүмүүс бөөгнөрөөд байхаар нь очих үед манай багийн иргэн Ж.Б, Б.Х, Н.А, М.Н, Г.Г нар хөзөр тоглож, зарим хүмүүс ирж сонирхож байгаад явж байсан. Тэр үед би тэд нартай хамт суугаад 13 гэх нэртэй хөзөр тоглоод сууж байтал манай багийн зүс таних Цгийн Э гэх залуу ирээд “Сайн байцгаана уу?” гэж хэлээд миний баруун талд суусан. Тэр үед би Эд хандаж “Ийм олон нутгийн ах нар чинь сууж байхад хүн болгоноос яагаад мэнд асуудаггүй юм” гэж хэлээд би баруун гарын араар Эийн нүүр, шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэр үед Э хойш унаад надад хандаж “Чи яагаад намайг зодож байгаа юм” гэж хэлээд босож ирээд намайг барьж авах үед бид хоёр заамдалцаж байгаад би Эийг нэг удаа хавирч газар унагах үед сумын эмнэлгийн жолооч Ө ах ирж салгасан. Тэгэхэд Э нь надад хандаж “Чамайг цагдаад өгнө” гэж хэлээд эмч Ган-Эрдэнийн аав болох Ц гэх айлыг чиглэж явсан. Тэр үед би хамт байсан хүмүүстэй хөзөр тоглож сууж байтал удалгүй Ц эгч ирж надад хандаж “Чи миний хүүхдийг цохидог хэн юм, мэнд ус асуусангүй гэж яагаад цохидог юм, би чамайг цохино” гэж хэлээд бид нарын сууж байсан Ц гэх айлын түлээн дээрээс бичир мод авч миний баруун мөр хэсэгт 2 удаа чичиж түлхээд, баруун дал хэсэгт 1 удаа, нурууны гол хэсгээр 2 удаа цохих үед би босож Ц эгчийн гараас модыг нь булааж аваад газар хаясан. Тэр үед би Ц эгчийг янз бүрээр хэлж доромжилж хэрүүл маргаан үүсгэсэн үйлдэл гаргаагүй. Тэгээд бид нар удалгүй тарж гэр, гэртээ харьсан. Ц эгч түлээний модон дээрээс баримжаагаар гарын атга дүүрэн хэмжээний тойрогтой, 1,5 метр орчим хэмжээний урттай модоор намайг цохисон. Би тухайн үед Эийг хүн болгоноос мэнд асуусангүй гэж хэлээд гарынхаа араар нэг удаа цохисон. Нэг удаа цохисон үйлдэл ийм байдалтай болно гэж бодоогүй, энэ бол миний буруу. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хурдан хугацаанд шийдүүлмээр байна. Би Эийг зүс танина, бид нар нэг сумын, нэг багийн хүмүүс юм. Э тухайн үед миний биед халдсан зүйл байхгүй. Бид нар тоглож байхад согтууруулах ундаа хэрэглээгүй. Ц эгч ирж намайг модоор цохих үед Б.Х 2,5 литрийн нэг сав пиво авч ирэхэд бид нар уугаагүй бөгөөд уг пивийг Б.Х өөрөө буцаагаад аваад явсан. Би Этэй уулзъя гэж утсаар залгаж хэлэхэд утсаа унтраагаад уулзахгүй байгаа. Би уг нь уулзаж нэг нутгийн хүмүүс учир зүйгээ олж тохиролцъё гэж бодсон юм. ...Намайг манай нутгийнхан Б гэдгээр нь сайн танина. Тухайн үед надтай хамт тоглож байсан хүмүүс гэрчээр мэдүүлэг өгөхдөө намайг Ц.Б гэж хэлсэн байсан. Миний иргэний үнэмлэх дээрх нэр бол Ц овогтой Б юм” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно. 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Ц.Эийг “Нутгийн олон ах нар нь сууж байхад хүн бүртэй мэнд мэдсэнгүй” гэж үл ялих зүйлээр шалтаглан хамар луу нь гараараа цохисоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт болжээ.

Хохирогч Ц.Эийн эрүүл мэндэд учирсан “...Хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ц.Бын түүнийг гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.

Иймд шүүгдэгч Ц.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь шүүх хуралдааны шатанд хохирогч Ц.Эд учирсан хохирол болох 400.000 төгрөгийг нөхөн төлсөн байна. Хэдийгээр хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрт учирсан шууд хохирлын талаарх баримтаа бүрдүүлж өгөөгүй боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Шүүгдэгчээс хохиролд төлсөн 400.000 төгрөгийг хүлээн авсан, одоогоор ямар нэг гомдолгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэж мэдүүлж байх тул хохирогчид учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.

 Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Ч.Бийн /хх-ийн 32-р хуудас/ мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Ц.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна.

            Шүүх хуралдааны шатанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт 650 /зургаан зуун тавь/ нэгжээр торгох ялын саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа нь “хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн цаашид гарах эмчилгээний төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хөнгөн ангиллын гэмт хэрэгт анх удаа холбогдсон болон хувийн байдлыг харгалзан хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр ялыг оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

            Тиймээс шүүгдэгчийн хувийн байдал болон хуульд заасан хөнгөрүүлэн үзэх бусад нөхцөл байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хохирогч нь цаашид Улаанбаатар хотод очиж хамраа эмчлүүлнэ, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлж байгаа боловч энэ талаарх баримт материал хэрэгт хавсаргаж ирүүлээгүй, эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулагдах нь тодорхойгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт Цийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Ц.Эд 400.00 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Ц.Э нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН