Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 152

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Бунжаа,

            Шүүгдэгч: Д.З, С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л ургийн овогт Дын З, Б ургийн овогт Сгийн Б нарт холбогдох эрүүгийн 2035000000132 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар баг /Цагааннуур баг/-т оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Л ургийн овогт Дын З, РД:ОК82083110.

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар баг /Цагааннуур баг/-т оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овогт Сгийн Б, РД:ОС82112301.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.З, С.Б нар нь бүлэглэж Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг дэвсгэрт байрлах “Шоргоолжны овгор” гэх нэртэй газарт буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 6.203 м.куб түлшний шинэс мод бэлтгэсний улмаас байгаль экологид 241.917 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.З, С.Б нар нь бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар багийн нутагт 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс “Шоргоолжны овгор” гэх газарт мод бэлтгэх 8 м.куб талбайд тусгаарлалт хийж олгогдсон. Дын З гэх хүн мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг аваагүй. Тус суманд 200 хүн мод бэлтгэх тусгай зөвшөөрлийн бичиг авсан. Д.З нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй. Байгаль экологид учруулсан хохирлоо Д.Згээс гаргуулан авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...Д.З, С.Б нар нь экологи эдийн засагт учирсан хохирол болох 241.917 төгрөгийг Увс аймгийн Өндөрхангай сумын Байгаль хамгаалах сангийн дансанд 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйл болон ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

 

2. Гэрч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр намайг гэртээ байж байтал 98946888 дугаараас манай эхнэрийн дүү Б сумын төвөөс над руу залгаж “Манайх өөрийнхөө Зил 130 машинтай модонд явах гэж байна. Та Гтай хамт манай модыг ачилцаад өгөөч” гэж надтай ярьсан. Тэгээд би манайхтай хөрш болох Гийн гэрт орж “Б над руу ярьлаа. Тэднийх түлээний мод ачна гэнэ. Чи бид хоёрыг ачилцаад өгөөч гэж байна” гэж хэлсэн чинь Г “за за, ачилцаад өгье” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 2020 оны 7 дугаар сарын 21-ний өглөө Г манайд орж ирээд “З ах одоо сумын төвөөс машинтайгаа эхнэр Бы хамт гарч байна гэж хэллээ” гэхэд нь би Гтай хамт мотоциклтой гарсан юм. Бтай ярихад “Бид хоёрын мод бэлтгэдэг “Шоргоолжны овгор” гэх газарт хүрээд ир” гэж хэлсэн тул тэр газар луу нь явж байтал замд “Мухар шавар” гэх газарт Зтэй таарч бид нар уулзаад Згийн машины араас мотоциклтой Г бид хоёр явсан. Тэгээд бид нар мод бэлтгэдэг “Шоргоолжны овгор” гэх газар очиж З өөрийн Дружба хөрөөг гаргаж ирээд модоо унагааж, харин би Гтай унагааж тайрсан модыг нь машин дээр ачиж зөөж 19 цагийн үед дуусгасан. Тэгээд би Гтай гэр лүүгээ явсан. Харин З эхнэр Бы хамт өөрийнхөө Зил 130 маркийн 75-68 УВА улсын дугаартай машинтайгаа сумын төв рүү явсан. Надад З, Б хоёр мод бэлтгэж авах зөвшөөрлийн бичиг авсан талаараа хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

 

3. Гэрч С.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 21-ний өглөө З ах “Одоо сумын төвөөс эхнэрийн хамт өөрийн машинтайгаа гарч байна” гэж ярихад нь би бензин захисан юм. Тэгээд би манайхтай саахалт айл болох Бгийн хамт мотоциклтой цагийн дараа З ахыг тосож захисан бензинээ авах гээд “Хойд шаварт” гэх газарт тосож уулзсан. Тэгээд би бензинээ авчихад Б ахтай хамт З ахын модыг ачаад өгье гэж бодоод мотоциклтой Б ахыг суулгаад З ахын машиныг дагаж “Шоргоолжны овгор” гэх нэртэй мод бэлтгэдэг газар очиж З ах өөрийнхөө Друба хөрөөгөөр модоо тайрч би Б ахтай хамт тайрсан модыг нь зөөж машин дээр ачилцсан. Тэгээд машинаа дүүргэж ачаад 19 цагийн үед дуусгаж би Б ахыг суулгаж бензинээ аваад гэр лүүгээ явсан. Надад З ах мод бэлтгэж авах зөвшөөрлийн бичиг авсан талаараа хэлээгүй. Би З ахыг зөвшөөрлийн бичиг авсан гэж бодож байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,

 

4. Гэрч Л.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Өндөрхангай сумын байгаль хамгаалагч ажилтай. Надаас хүмүүс ирж мод бэлтгэх эрхийн бичиг авдаг. Би 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Аын хамт Өндөрхангай сумын 1 дүгээр баг, 2 дугаар багийн нутгаар байгаль орчны хяналтаар яваад орой 22 цагийн үед ирсэн. Д.З гэх хүн надаас ирж мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Модны эрхийн бичгийг 2 хоногийн хугацаатай олгодог. Би 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ажил дээрээ байсан. ...Сүүлд охин нь надтай уулзаж модны зөвшөөрөл авах гэж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,

 

5. Насанд хүрээгүй гэрч З.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр манай аав, ээж хоёр модонд явахаар болоод сумын төвийн захиргаа орж модны зөвшөөрөл авах гээд очоод ирсэн. Тэгсэн модны зөвшөөрөл бичиж өгдөг хүн байхгүй байна гэж байсан. Тэгээд аав, ээж хоёр намайг “чи маргааш захиргаа ороод модны зөвшөөрөл бичдэг Н гэх хүнтэй уулзаад гоожингоо бичүүлээд мотоциклоор араас явуулчхаарай. Аав, ээж хоёр нь өглөө үүрээр 4 цагийн үед хойшоо модонд явлаа” гэж хэлээд маргааш өглөө нь 4 цагийн үед аав өөрийнхөө машинтай ээжтэй хамт модонд явсан. Би маргааш өглөө нь сумын төвийн захиргаа орж Н гэж модны зөвшөөрөл бичдэг хүний өрөөнд нь ороход байхгүй байсан ба хажуу талд нь суудаг нэг хүнээс “модны гоожин бичдэг хүн байгаа юу” гэж асуухад “мэдэхгүй” гэсэн. Тэгэхээр нь “өчигдөр хөдөө явсан гэсэн, ирээгүй байгаа юм уу” гэж асуухад “мэдэхгүй, тэгвэл ирээгүй байх” гэж хэлэхээр нь би гэр лүүгээ яваад өгсөн. ...2020 оны 7 дугаар сарын 23-ны үүрээр над руу аав залгаж “гоожингоо бичүүлсэн юм уу, бичүүлсэн бол нааш нь явуулаарай” гэхэд нь “гоожин бичдэг хүн байхгүй байна” гэсэн чинь “тэгвэл 8 цаг гээд очоод бичүүлээдэх” гэсэн. Би 8 цаг болохоор нь сумын төвийн захиргаа орж Н гэх хүнтэй уулзаж гоожин бичүүлэх гэсэн боловч чадаагүй, харин гоожингийн мөнгийг банканд тушаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/,

 

6. Шүүгдэгч Д.Згийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. ...2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авахаар сумын мод бэлтгэх эрхийн бичиг олгодог Нын өрөөнд очиход байгаагүй. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр дахин очиход Н байгаагүй бөгөөд өрөөнд нь хамт суудаг хүнээс асуухад Ныг ажлаар хөдөө явчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2020 оны 7 дугаар сарын 22-ны өглөө өөрийн охин Ариунтуяад “Модны бичгийг араас аваад хүрээд ирээрэй, би очоод мод бэлдээд байж байя” гэж хэлчхээд Өндөрхангай сумын нутаг “Шоргоолжны овгор” гэх газраас түлшний мод бэлтгэхээр 04:00 цагийн үед өөрийн 75-68 УВА улсын дугаартай “Зил-130” машиндаа өөрийн эзэмшлийн төмөр иштэй сүх 1 ширхэг, модны Дружба хөрөө 1 ширхэг зэргийг ачаад эхнэр Бы хамт гарсан. ...Тэгээд явж байгаад манай эхнэр өөрийн дүү Г болон хүргэн ах Б нар луу залгаад “Шавартангууд” дээр хүрээд ир гэж дуудсан ба тэнд очиход Г, Б нар мотоциклтой сундалдаад хүрээд ирэхээр нь бензинийг нь өгчихөөд мод ачилцаад өгөөч гэхэд тэр хоёр зөвшөөрч бид нар цаашаа явж “Шоргоолжны овгор” гэх газарт очсон. Тэгээд тэр газраас манай эхнэр Б болон Г, Б нарын хамтаар бид дөрвүүлээ тухайн газраас түлшний хуурай моднуудыг Дружба хөрөөгөөр тайрч сүхээр цоохорлож, мөчрийг нь цавчиж миний Зил-130 машинаар 1 машин мод тайрч бэлтгэсэн. Тэгээд модоо машиндаа аччихаад өөрийн охин Ариунтуяаг модны бичиг авч ирэхийг хүлээгээд ирээгүй ба бороо орохоор нь охиноо хүлээхгүй тухайн газраас сумын төв рүү хөдөлсөн. ...Би Г, Б нарт мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэж хэлээгүй бөгөөд тэр хоёр намайг модны бичигтэй гэж ойлгосон байх, тэр хоёр надаас модны бичиг авсан талаар ямар нэг зүйл асуугаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 105-107-р хуудас/,

 

7. Шүүгдэгч С.Бы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. ...Манай нөхөр 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авахаар сумын мод бэлтгэх эрхийн бичиг олгодог Нын өрөөнд очиход байгаагүй гэсэн. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр дахин очиход Н байгаагүй бөгөөд өрөөнд нь хамт суудаг хүнээс асуухад Ныг ажлаар хөдөө явчихсан гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь 2020 оны 7 дугаар сарын 22-ны өглөө өөрийн охин Ариунтуяад “Модны бичгийг араас аваад хүрээд ирээрэй, очоод мод бэлдээд байж байя” гэж хэлчхээд Өндөрхангай сумын нутаг “Шоргоолжны овгор” гэх газраас түлшний мод бэлтгэхээр 04:00 цагийн үед манай нөхөр өөрийн 75-68 УВА улсын дугаартай “Зил-130” машиндаа төмөр иштэй сүх 1 ширхэг, модны Дружба хөрөө 1 ширхэг зэргийг ачаад надтай хамт гарсан. ...Тэгээд манай нөхөр болон дүү Г, хүргэн ах Б нарын хамтаар бид дөрвүүлээ тухайн газраас түлшний хуурай моднуудыг Дружба хөрөөгөөр тайрч сүхээр цоохорлож, мөчрийг нь цавчиж 1 машин мод тайрч бэлтгэсэн. Тэгээд модоо машиндаа аччихаад өөрийн охин Ариунтуяаг модны бичиг авч ирэхийг хүлээгээд ирээгүй ба бороо орохоор нь охиноо хүлээхгүй тухайн газраас сумын төв рүү хөдөлсөн. ...Би Г, Б нарт мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэж хэлээгүй бөгөөд тэр хоёр намайг модны бичигтэй гэж ойлгосон байх, тэр хоёр надаас модны бичиг авсан талаар ямар нэг зүйл асуугаагүй. Нөхөр бид хоёр өөрийн хэрэгцээндээ түлшний мод бэлтгэх эрхийн бичиг авахаар очиход манай сумын мод бэлтгэх эрхийн бичиг олгодог Н нь хөдөө явсан байсан учраас Наас модны бичиг авахгүйгээр яараад мод бэлтгэх эрхгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 112-114-р хуудас/-үүд;

 

8. Шинжээч А.Тын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “1-р хариулт. Увс аймгийн Өндөрхангай сумын “Шоргоолжны овгор” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт орох бөгөөд координат N490 30 30.8 ЕО940 52 47.5 байрладаг болно. 2-р хариулт. Тус сумын “Шоргоолжны овгор” гэх газар тайрагдсан мод нь шинэс нэртэй мод байна. Уг моднууд нь 6.203 метр куб хэмжээтэй мод байна. 3-р хариулт. Түлшний мод байна. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод Шинэс гэдэг нэртэй мод. 6-р хариулт. Уг мод нь хуурай мод болно. 7-р хариулт. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 241.917 /хоёр зуун дөчин нэгэн мянга есөн зуун арван долоо/ төгрөг. 6.203х39.000х1=241.917 төг, Монгол Улсын ойн сангийн бүсчлэлийн мужаар, Увс аймгийн ойн сан 2-р мужид хамаарах бөгөөд 2-р мужид бүх төрлийн хэрэглээний хуурай мод 1 шоо метр мод 39.000 төг байна, нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээний хуурай мод 1.0 гэсэн итгэлцүүрээр үржүүлнэ. Тайлбар: Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх мод Ойн тухай хуулийн 47.2.4 /хууль бусаар мод бэлтгэсэн/. Экологи эдийн засгийн үнэлгээ тогтооход ашигласан материал бодолтыг хавсралтаар гаргав” гэсэн 01 дугаартай дүгнэлт, хавсралтын хамт /хх-ийн 60-65-р хуудас/, 

 

9. “Гэрэгэ эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн “Зил-130 маркийн тээврийн хэрэгсэл нь Увс аймгийн Өндөрхангай суманд 2020 оны 8 дугаар сарын байдлаар 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөг гэж дүгнэв” гэх №/20/55 дугаартай дүгнэлт /хх-ийн 72-76-р хуудас/,

 

10. “Гэрэгэ эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн “Дружба хөрөө 1 ширхэг 40.000 /дөчин мянга/, төмөр сүх хуучин 1 ширхэг 10.000 /арван мянга/ болохыг тодорхойлов” гэх №/20/56 дугаартай дүгнэлт /хх-ийн 77-р хуудас/,

 

11. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11-р хуудас/,

 

12. Машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15-р хуудас/,

 

13. Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-21-р хуудас/,

 

14. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-24-р хуудас/,

 

15. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 40 дугаартай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэх хуурай шинэс модны гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-30-р хуудас/,

 

16. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 39 дугаартай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, битүүмжилсэн автомашины гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-35-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.З, С.Б нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т шүүгдэгч, яллагдагч нь “Монгол хэл, бичиг мэдэхгүй” бол өмгөөлөгчийг оролцуулахаар хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.З, С.Б нар нь бичиг үсэг мэдэхгүй, боловсролгүй байх тул хуулийн дээрх заалтын дагуу шүүгдэгч нарыг яллагдагчаар татаж мэдүүлэг авахдаа өмгөөлөгчийг оролцуулсан байна.

Иймд яллагдагч, гэрч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгоно.

Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг дэвсгэрт байрлах “Шоргоолжны овгор” гэх нэртэй газарт мод бэлтгэх талбайг тусгаарлах гэрээ /хх-ийн 91-98-р хуудас/ байгуулж мод бэлтгэх талбайг тусгаарласан нь хэн ч байсан, өөрийн дураар зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж авна гэсэн үг биш юм. 

 

  Шүүгдэгч Д.З нь 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Байгаль хамгаалагч Л.Наас “Мод бэлтгэх зөвшөөрөл” /хх-ийн 83-р хуудас/-ийн бичгийг авсан боловч уг зөвшөөрлийн бичиг нь 2 хоногийн хугацаатай олгогддог болох нь гэрч Л.Нын “Би 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Аын хамт Өндөрхангай сумын 1 дүгээр баг, 2 дугаар багийн нутгаар байгаль орчны хяналтаар яваад орой 22 цагийн үед ирсэн. Д.З гэх хүн надаас ирж мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Модны эрхийн бичгийг 2 хоногийн хугацаатай олгодог” гэх /хх-ийн 52-р хуудас/ мэдүүлгээс харагдаж байна.

 

Шүүгдэгч Д.Згийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр авсан “Мод бэлтгэх зөвшөөрөл”-ийн бичгийн 2 хоногийн хугацаа хэтэрсэн учир дахин “Мод бэлтгэх зөвшөөрөл”-ийн бичгийг авахаар хөөцөлдөж байсан нь насанд хүрээгүй гэрч З.Агийн “2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр манай аав, ээж хоёр модонд явахаар болоод сумын төвийн захиргаа орж модны зөвшөөрөл авах гээд очоод ирсэн. Тэгсэн модны зөвшөөрлийн бичиж өгдөг хүн байхгүй байна гэж байсан. Тэгээд аав, ээж хоёр намайг “чи маргааш захиргаа ороод модны зөвшөөрөл бичдэг Н гэх хүнтэй уулзаад гоожингоо бичүүлээд мотоциклоор араас явуулчхаарай... ...гээд модонд явсан” гэх мэдүүлэг, мөн гэрч Л.Нын “...Би 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Аын хамт Өндөрхангай сумын 1 дүгээр баг, 2 дугаар багийн нутгаар байгаль орчны хяналтаар яваад орой 22 цагийн үед ирсэн. ...Сүүлд охин нь надтай уулзаж модны зөвшөөрөл авах гэж ирсэн” гэх мэдүүлэг болон шүүгдэгч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Д.З, С.Б нар нь бүлэглэж улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 6.203 м.куб түлшний шинэс мод бэлтгэж, “ЗИЛ-130” маркийн 75-68 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж тээвэрлэсэн байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус тодорхойлжээ.

            Тиймээс шүүгдэгч Д.З, С.Б нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон буюу гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэв.

            Мөн Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг “Шоргоолжны овгор” гэх нэртэй газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордог болох нь шинжээчийн 01 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-61-р хуудас/-ээр нотлогдож байна.

            Иймд шүүгдэгч Д.З, С.Б нарын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг “Шоргоолжны овгор” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд  зөвшөөрөлгүйгээр 6.203 метр куб хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, экологи эдийн засагт 241.917 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг агуулж байгаа төдийгүй гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нар болон шүүгдэгч нарын өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд 241.917 /хоёр зуун дөчин нэгэн мянга есөн зуун арван долоо/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 01 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-р хуудас/-ээр тогтоогдож байна.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 12-т “Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, ...байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж тус тус хуульчилжээ.

            Түүнчлэн цаашилбал Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан бөгөөд ойн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 241.917х3=725.751 /долоон зуун хорин таван мянга долоон зуун тавин нэг/ төгрөгөөр илэрхийлэгдэж байна.

            Гэтэл  шүүгдэгч нар нь байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр болох экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 725.751 төгрөгнөөс 483.917 төгрөгийг Увс аймгийн Өндөрхангай сумын Байгаль хамгаалах сангийн 100151155402 тоот дансанд “Төрийн банк”-аар дамжуулан төлсөн нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргаж өгсөн “мөнгөн шилжүүлэг” гэх 2 хуудас баримтаар тогтоогдож байна.

            Иймд дээрх хуулиудад заасны дагуу Увс аймгийн Өндөрхангай сумын Байгаль хамгаалах сангийн 100151155402 тоот данснаас шүүгдэгч нарын тушаасан 483.917 төгрөгийг буцаан гаргуулж, Засгийн газрын тусгай сан болох Байгаль орчин, уур амьсгалын санд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор оруулах нь зүйтэй байна.

            Түүнчлэн шүүгдэгч Д.З, С.Б нар нь ойн экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 725.751 төгрөгөөс 241.917 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлж шүүгдэгч Д.Згээс 120.959 төгрөг, шүүгдэгч С.Баас 120.959 төгрөгийг тус тус гаргуулж дээр заасан хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Засгийн газрын тусгай сан болох Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч Д.З, С.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нар нь эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авч байж мод бэлтгэдэг гэдгийг мэдсээр байж зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн байх тул тэднийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамруулаагүй тул хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:

            Урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137-138-р хуудас, гэрч Ц.Ггийн “Би С.Бы үеэл эгч нь байгаа юм. ...С.Б, Д.З нар нь ам бүл 6, 4 хүүхдийн хамт амьдардаг. С.Б нь гэртээ хүүхдээ хараад хувиараа гишүү түүж варень хийх, ноос томнох, дээл оёх зэрэг ажил хийж мөнгө олдог, харин түүний нөхөр Д.З нь хөдөө цөөн тооны бог малтай, хааяа отроор малаа хариулаад явдаг. Тэдний зан байдлын хувьд мөрөөрөө, ямар нэгэн хүнтэй хэрүүл маргаан гаргаад байдаггүй, хүнд тустай, ямар нэгэн зүйлийг сэтгэлээсээ хийдэг, нутаг усандаа нэр хүнд сайтай, элдэв хорт муу зуршилгүй хүмүүс юм” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/, гэрч Ц.Бийн “Би энэ хоёр хүний хүргэн ах нь байгаа юм. ...С.Б нь зан байдлын хувьд даруу төлөв, үг дуу цөөтэй, ажил төрөл хийхдээ сэтгэлээсээ хийдэг, хөдөлмөрч, шаргуу зантай хүн юм. Нөхөр Д.Згийн хувьд даруу төлөв, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, амьдралын төлөө зүтгэдэг, хар бор ажлыг гололгүй хийчихдэг, эхнэр хүүхдэдээ хайр халамжтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй төлөв төвшин хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/, Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 140-р хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 141-143-р хуудас/, малын “А” дансны хуулбар /хх-ийн 144-148-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Д.З, С.Б нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирол болох 483.917 төгрөг төлсөн, үлдэх хохирол 241.917 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.З, С.Б нарт мэдэгдэж, хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

            Бусад хариуцлагын талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан.

            Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 75-68 УВА улсын дугаартай “ЗИЛ-130” маркийн тээврийн хэрэгсэл нь Д.С гэгч хүний нэр дээр бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 36-р хуудас/-аас харагдаж байгаа боловч гэрч Ц.Цийн “Би Д.Згийн авга ах нь юм. Би одоогоос 10 гаруй жилийн өмнө 75-68 УВА улсын дугаартай “ЗИЛ-130” маркийн автомашиныг өөрийн нагац ах болох Дгийн С гэх хүнээс авсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан юм. Ингээд би уг машиныг ашиглаж байгаад өнгөрсөн жил моторыг нь эвдчихээд өөрөө засаж унаж чадахгүй болохоор нь уг машиныг 2020 оны 5 дугаар сард өөрийн зээ дүү Д.Зг засаад нэг мөр ав гэж хэлээд тэр машиныг Зд өгсөн. Машины гэрчилгээг шилжүүлээгүй тэр хэвээр нь өгсөн. Д.С ах 2017 онд нас барсан. Одоо уг машин нь Д.Згийн машин юм” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “Д овогтой С нь 2017/04/16-нд нас барсан” тухай 726 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Д.Згийн өмчлөлийнх болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 39, 40 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 75-68 УВА улсын дугаартай “ЗИЛ-130” маркийн тээврийн хэрэгсэл, мөн 64 ширхэг буюу 6.203 метр куб хуурай шинэс модыг тус тус хурааж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох нь зүйтэй.

            Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр сүх 1 ширхэг, Дружба хөрөө 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасны дагуу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

            Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Л ургийн овогт Дын З, Б ургийн овогт Сгийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.З, С.Б нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.З, С.Б нарт мэдэгдэж, хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Д.З, С.Б нараас тус бүр 120958,5 төгрөг, нийт 241.917 төгрөгийг гаргуулж, мөн Увс аймгийн Өндөрхангай сумын Байгаль хамгаалах сангийн 100151155402 тоот данснаас шүүгдэгч нарын тушаасан 483.834 төгрөгийг буцаан гаргуулж Засгийн газрын тусгай сан болох Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор оруулсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Згийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн “Зил 130” маркийн 75-68 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 64 ширхэг 6.203 метр.куб хуурай шинэс мод, мөн эд мөрийн баримтаар хураагдсан төмөр сүх 1 ширхэг, “Дружба” маркийн хөрөө 1 ширхэгийг тус тус хурааж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

            7. Битүүмжилсэн эд хөрөнгийг улсын орлого болгосонтой холбоотой 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 39, 40 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хэвээр үлдээсүгэй.

            8. Шүүгдэгч Д.З, С.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З, С.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үлдээсүгэй.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХСАЙХАН