Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 154

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагчаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц ургийн овогт Нын Бод холбогдох 2035000000142 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр багт түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 415 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 412 дугаартай магадлалаар хорих ялыг 3 жил 5 сар болгон өөрчилсөн, мөн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 362-Ө дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 20 хоногийн ялыг өршөөн хассан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Ц ургийн овогт Нын Б. /Регистрийн дугаар: ОА 88110618/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Б нь Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 8 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө иргэн Ч.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000142 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

            1. Хохирогч Ч.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 22-ны орой дэлгүүртээ байж байтал манай дэлгүүрт Б, Л, У нар орж ирсэн бөгөөд Б, Л хоёр согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд тэд нар “Гаръя, Бын гэрт очъё” гэж хэлээд “Эден” нэртэй 0.75 литрийн нэг шил архи манай дэлгүүрээс аваад Бын гэрт очиж архиа хувааж уугаад сууж байтал Б, Л, У нар адууны талаар яриад байсан. Тэгээд “Та нар адууны талаар яриад байдаг. Би ямар адуу, мал ойлгох биш” гэж хэлэхэд Б “тэгвэл чамтай газар тариалан, барилгын талаар ярих юм уу” гэж хэлээд над руу уурласан маягтай яриад байхаар нь “Чи яагаад над руу уурлаад асаад байгаа юм бэ” гэж хэлэхэд Б “Чам руу уурлахаар яадаг юм” гэх хэлэхээр нь би зодоон цохионы хэрүүл гарч магадгүй гэж бодоод Быг тайвшруулах гэж гарыг нь бариад хэсэг суусан. Тэгээд Б босоод гэрээ тойрч алхаад надтай маргалдах гээд байхаар нь би Лг унтаж байхаар нь дуудаад намайг гэрт хүргээд өг гэж хэлээд нэлээн гуйсан. Тэгээд хүргэж өгөхгүй болохоор нь би гэрээс гарч зугатах санаатай гэрийн хаалгаар гарах гэж байхад миний араас Б ирээд зуухны тагаар миний толгой руу нэг удаа цохисон. Тэгэхэд нь би ухаан алдаад уначихсан байсан. Тэр хугацаанд юу болсон эсэхийг би санахгүй байна. Хэсэг хугацааны дараа босоод ирэхэд гэрийн хаалганы хавиар цус болчихсон байсан бөгөөд намайг Л дуудаад босгож аваад эмнэлэг дээр хүргэж өгсөн. Тэгээд эмнэлэг дээр очиж толгойндоо 7 оёдол тавиулсан юм. Тэгэхэд сумын хүний их эмч А цагдаад бас мэдэгд гэж хэлээд сумын цагдаа Ба руу залгаж дуудаж, авч ирж болсон явдлын талаар хэлсэн. Бын гэрт Л, Б, бид гурав байсан. Тэр хооронд У гэрээс гараад явчихсан байсан. Миний үүдэн шүд тухайн үед хугарсан байдалтай байгаа. Миний үүдэн шүд яагаад хугарч гэмтсэн эсэхийг мэдэхгүй байна. Урьд өмнө миний шүдэнд ямар нэгэн гэмтэл байгаагүй. Бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзон, өр авлагын зүйл байхгүй. Яагаад миний биед халдаж зодож цохисон эсэхийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

            -Хохирогч Ч.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Энэ гэмт хэргийн улмаас миний 2 шүд хугарч унасан. Бас миний толгой оройн цагаар байнга өвддөг болсон. Эмчилгээнд нийт хэдэн төгрөгийн зардал гарсныг тооцож үзээгүй. Би Улаанбаатар хот руу удахгүй эмчилгээнд явж шүд шинээр хийлгэнэ. Миний тооцож үзсэнээр нэг шүд хийлгэхэд доод талын ханш 2.100.000 төгрөгний ханштай байдаг гэсэн. Н.Б надад 3.500.000 төгрөг өгсөн. Цаашид миний эмчилгээ хийлгэх үед шаардлага гарвал би хохирлын тооцоо гаргаж, хохирлоо нэхэмжлэх болно. Би Бтой эвлэрсэн байгаа. Надад гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

            2. Гэрч М.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 22-ны орой би Бын гэрт очиход Л, Б, П нар нэг шил виски хувааж уугаад сууж байсан ба виски нь дуусаж бид нар Пийг гэрт нь хүргэж өгчхөөд “Мишээл” дэлгүүр лүү ороход Т дэлгүүр дотроо зогсож байсан. Дэлгүүрээс нь 1 шил “Эден” нэртэй архи аваад Тыг дагуулаад Бын гэрт очиж тэр архийг хувааж уугаад сууж байтал Т, Б хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Юунаас болж маргасныг нь мэдэхгүй. Би гэрээс гараад бие засчхаад буцаад яваад ороход Тын толгойноос цус гарчихсан газарт хэвтэж байсан. Түүний хажууд Б хараад зогсож байхаар нь Л Тыг аваад эмнэлэг рүү явсан. Тын толгой хагарсан байсан ба эмнэлэг дээр очиж оёдол хийлгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

            3. Гэрч Ө.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр би Баруунтуруун сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух найз Бын гэрт очиж Боос машинаа авахаар очиход Б, Л, П нар 0.75 литрийн нэг шил виски уугаад сууж байхаар нь би тэр вискиг хийж тойруулж өгчхөөд машинаа аваад гараад яваад өгсөн юм. Маргааш өглөө нь буюу 2020 оны 8 дугаар сарын 23-ны өглөө би Бын 86762555 дугаар луу залгаад хот руу явах юу болсон бэ гэж асуухад “би өчигдөр орой Ттой маргалдсан юм шиг байна. Жаахан асуудал гаргачихсан байна, эргээд ярья” гэж хэлээд утсаа тасалсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

            4. Гэрч Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 01 цаг 30 минутын үед гэртээ амарч байтал манай гэрт У, Л хоёр ирээд “Т Боор зодуулчихсан эмнэлэг дээр оёдол тавиулж байна, А эмч цагдаа дуудаад ир гэж хэллээ” гэхээр нь тэр хоёрыг дагаад эмнэлэг дээр очиход Т нь зодуулсан байдалтай толгойндоо оёдол тавиулаад боолт хийлгэсэн байхаар нь сумын хүний их эмч Атай уулзаж асуухад Тын толгойнд 4 оёдол тавьсан гэж хэлсэн. Тэгээд Уоос юу болсон талаар асуухад Т, Б нар архи ууж сууж байгаад хоорондоо маргалдаж, зодолдсон гэж хэлэхээр нь Б хаана байна гэж асуухад гэртээ унтаж байгаа гэсэн. Тэгээд та нар маргааш цагдаагийн хэсгийн байран дээр ирж уулзаарай гэж хэлээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

            6. Гэрч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тын дэлгүүрээс “Эден” нэртэй архи аваад Тыг дагуулаад Бын гэрт очиж, авсан архиа хувааж уусан. Тэгээд би согтсон байсан учир Бын гэрт унтсан. Тэгээд хүмүүс маргалдах шиг болохоор нь босоод харсан чинь Т Бын дээр гараад суучихсан байхаар нь татаад босгоход Т “ёо ёо Б намайг цохичихлоо гэж хэлэхээр нь би очоод харахад толгой нь хагарсан байхаар нь Тыг аваад эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Тухайн үед Т “Миний толгой руу Б цохичихлоо гэж хэлэхээр нь толгой руу нь харахад хагарсан байсан. Яг цохиж байхыг нь би сайн анзаарч хараагүй. У гаднаас орж ирсэн байх, ямар үйлдэл гаргасныг нь би сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

            6. Гэрч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Баруунтуруун сумын Сум дундын хүн эмнэлэгт их эмч ажилтай. 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баруунтуруун сумын 2 дугаар багийн иргэн Ч.Т ирж биеэ үзүүлэхэд биеийн амин үзүүлэлт хэвийн, толгойндоо 4 оёдол тавиулсан, үүдэн шүд нь хугарсан байдалтай байсан бөгөөд юунаас болж гэмтэл авсан эсэхийг тодруулж асуухад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдад зодуулсан гэж хэлсэн бөгөөд цаашид толгойны зураг авхуулах шаардлагатай гэж хэлээд картан дээр нь бичилт хийж зөвлөгөө өгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

            7. Шинжээч эмчийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “1. Үзүүлэгч Ч.Т-н биед гэмтэл учирсан байна. 2. Толгойн хуйханд язарсан шарх, духанд зулгаралт гэмтлүүд учирсан байна. 3. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйл болон мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Эдгэж буй шинэ гэмтэл байна. 5. Толгойн хуйхны язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 6. Дээрх гэмтэл нь алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байна. 7. Ч.Т-н биед дээрх хамар ясны хуучин хугарал, дээд үүдэн шүдний сэлтэрсэн хугарал гэмтлүүд өмнө нь учирсан байна. Байцаагчаар нь дамжуулан эдгээр гэмтлүүдийн хугацааг тодорхойлохоор нарийн мэргэжлийн эмчид явуулсан боловч материал бүрдүүлж ирээгүй тул  эдгээр гэмтлүүдийг дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй гэж тогтоосон. 8. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх 559 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/,

            8. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7-р хуудас/,

            9. Эмчлүүлэгчийн картын хуулбар /хх-ийн 33-35-р хуудас/,

            10. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай яллагдагч Н.Б, хохирогч Ч.Т нарын гаргасан хүсэлтүүд /хх-ийн 74-75-р хуудас/,

            11. Шүүгдэгч Н.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ...хүнсний дэлгүүрт ороход Т зогсож байсан бөгөөд “Эден” нэртэй 0.75 литрийн нэг шил архи худалдаж аваад Тыг дагуулаад гэртээ очсон. Тэгээд авч очсон архиа хувааж уугаад сууж байсан бөгөөд түүнээс цааш юу болсон талаар огт санахгүй байна. Маргааш нь буюу 2020 оны 8 дугаар сарын 23-ны өглөө би босоод Уын гэрт очиход У надад “Чи өчигдөр шөнө Т-той маргалдаж түүнийг зодож цохисон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Уыг дагуулаад Тын гэрт очиж уулзахад “Чи намайг өчигдөр шөнө зодож цохисон” гэж хэлэхээр нь би уучлалт гуйгаад Тыг дагуулж эмнэлэг дээр очиж үзүүлсэн юм. Би тухайн үед болсон асуудлыг огт санахгүй байна. Өөрийгөө хянах чадваргүй болсон байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно. 

Дээр дурдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр нь хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Н.Б нь тус шүүхэд хандаж “Миний бие шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасны дагуу түүний хүсэлтийг хүлээн авсан болно.

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 22-ны шөнө Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ хохирогч Ч.Тыг зуухны төмөр тагаар толгойн тус газарт цохисоны улмаас хуйханд язарсан гэмтэл учруулсан буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Ч.Т нь Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулд хандаж: “Миний бие Н.Бод зодуулж гэмтсэн нь үнэн. Надад учирсан гэмтлийн төлбөр тооцоо болгож 3.500.000 төгрөг өгсөн нь үнэн болно. Одоо надад ямар ч гомдол санал алга байна. Дахин нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-ийн 75-р хуудас/-ийг гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Э.Саранзаяагийн /хх-ийн 21-р хуудас/ мэдүүлэг, гэрч Т.Пүрэвсүрэнгийн /хх-ийн 22-р хуудас/ мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 415 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-51-р хуудас/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 362-Ө дугаартай захирамж зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Н.Б нь урьд ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Хяналтын прокурор Х.Энхтуул нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бод 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын саналыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч Н.Б нь хүлээн зөвшөөрсөн байна.

  Иймд улсын яллагч нь шүүгдэгч Н.Бын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон ялын санал гаргасан, энэхүү саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч Ч.Тод 3.500.000 төгрөг хохиролд тооцож нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц ургийн овогт Нын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Ч.Тод 3.500.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН