| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2020/0149/э |
| Дугаар | 158 |
| Огноо | 2020-10-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, улсын яллагчаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш ургийн овогт Сын Тод холбогдох 2035000000149 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Худалдаа үйлдвэрлэлийн Их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 5-7 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Ш ургийн овогт Сын Т. /Регистрийн дугаар: ОЮ00250932/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө хохирогч Ж.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000149 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ж.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би найз нартайгаа Чандмань буюу Улаангом сумын 1 дүгээр багт шинээр баригдсан сагсан бөмбөгийн талбайн саравчны дотор архи, пиво уугаад сууж байтал машинтай хэсэг залуус ирсэн. ...машинтай ирсэн залуучууд саравч руу орж ирээд эхлээд нэг залуу нь “Суучих уу?” гэж манай найзуудаас асуухаар нь “Суу, суу” гэж хариулсан чинь саравчны сандал дээр орж ирээд суусан. Бусад залуучууд нь саравчны хажууд зогсож байсан. Тэгээд би хажууд сууж байсан Отай ярилцаж байсан чинь хажуунаас “Суучих уу?” гэж асуусан залуу надад хандаж “Чи яасан том дуутай юм бэ” гэхээр нь би “чамтай яриагүй, дүүтэйгээ ярьж байна” гэсэн чинь босож ирээд намайг нэг удаа алгадаж цохисон. Тэгтэл уг залуугийн найзууд нь над руу яах гэж байгааг нь мэдэхгүй чиглээд эргэхээр нь цохих гэж байна л гэж бодсон. Тэр үед миний найз Батжаргал миний урдуур орж зогсоод тэр залуучуудаас намайг хамгаалж зогссон. Батжаргалыг миний урдаас тэр залуучууд холдуултал хэн нь мэдэхгүй нэг нь миний нүүр лүү цохиод би газарт унасан. Хэн цохисон эсэхийг мэдэхгүй, харж чадаагүй газарт унасан. Тэгтэл дээрээс дахиад нүүр, толгой руу цохих шиг болсон. Би цохиулсандаа шокны байдалд орж гараараа нүүрээ хамгаалаад хэвтсэн. Тэгтэл нэг нь “цагдаа дуудчихлаа” гэж хэлтэл нөгөө залуучууд бүгд яваад өгсөн. Миний биеийн байдал одоогоор хэвийн болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
2. Гэрч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 04-ний орой найз Түвшээ /Т/, түүний хоёр найзтай Чандманьд шинээр баригдсан сагсан бөмбөгийн талбайн хажуугийн саравчинд пиво уусан юм. Бид хэдийг сууж байхад 23 цагийн үед талбайн хажууд Приус маркийн машин ирж зогссон. Дотроос нь хэсэг залуучууд бууж ирээд бид нараас “Хажууд чинь суучих уу” гэхээр нь бид нар “тэг, тэг” гэсэн чинь тэр залуучуудын нэг нь бид нарт хандаж “Та нар яасан том дуутай юм бэ” гээд уурласан байдалтай ярьж эхэлсэн. Тухайн үед Т архиндаа согтсон, юм ярихаараа чанга, чанга хэлээд байсан чинь нөгөө залуучууд Т руу томроод эхэлсэн. Тэгтэл над руу нэг нь бас юм ярих гэхээр нь би “хэн хэн нь согтуу байна, өглөө эрүүл дээрээ уулзъя” гэж хэлсэн. Гэтэл нөгөө залуучуудын нэг нь Тыг цохисон. Батжаргал Тыг уг нь хамгаалаад зогсож байгаа харагдсан. Тэгэхээр нь би “Та нар яаж байгаа юм бэ?” гээд Т руу очих гэтэл өөр нэг залуу над руу ирээд намайг заамдаад бариад авсан. Нөгөө талд Т юу болж байгаа нь мэдэгдэхээ больсон. ...Намайг барьсан залуу өндөрдүү биетэй байсан ба бид 2 зууралдаад саравчнаас гартал үүрч шидсэн үү, мушгиж шидсэн үү мэдэхгүй, намайг газарт унагаасан. ...Тэгээд би Тын найзаас нь гар утсыг нь аваад цагдаад дуудлага өгсөн. Тэр үед Тын нүүр нь цус болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
3. Гэрч Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Саравчинд ирсэн залуучууд Ттай маргалдаж эхэлсэн. Тэгтэл тэр залуучууд дундаас миний таньдаг байсан Б гэх залуу Тыг түлхсэн үү, цохисон уу мэдэхгүй, Бын гар Тын биед хүрэх шиг болтол Т хойш нь гэдрэг болсноо саравчны сандал дээр унасан. Үүнийг би тухайн үеийн маргаан болж байсан нөхцөл байдалд Б Тыг цохилоо гэж бодсон. Т сандал дээр унахад хажуунаас нь өндөр нуруутай залуу орж ирээд Тын нүүр лүү гараараа цохиод эхэлсэн. Т цохиулангуутаа бүүр газар дээр унаад өгсөн. Уг залуу Тыг газарт унагаад дахиад нэмээд нүүр лүү нь цохиж, бас өшиглөсөн байх. Тэгээд л саравчинд байсан залуучууд бужигналдаад нэг нэгээ татаад салгаад, түлхэлдээд, бужигналдаад эхэлсэн. ...Саравчны гадна байх О бас нэг залуутай барьцалдаад байх шиг байсан. Т газарт унасан байж байгаад босож ирсэн байх, нүүр нь цус болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
4. Гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 04-ний орой Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт Чандмань гэх газарт тоглоомын талбайн хажуугийн саравчинд би найз О, Т, О нарын хамт пиво, архи хувааж уугаад сууж байхад машинтай хэсэг залуучууд бууж ирээд “Хажууд чинь суучих уу?” гэж бид нараас асуухад О “тэг, тэг” гэж хэлсэн. Ингээд бид нар хоорондоо юм яриад сууж байх үед Т намайг “хөөе” гээд дуудах үед бидний хажууд ирсэн залуучууд “Та нар яасан том дуутай юм бэ” гээд шууд Ттай тэнд байсан нэг залуу барьцалдаад авсан юм. Тэр үед би найз Тыг хамгаалаад саравчны буланд шахаад зогссон. Гэтэл миний урд талаас эхлээд өндөр нуруутай залуу шууд гараараа Тын толгой хэсэг рүү миний мөрөн дээгүүр давуулаад Тыг цохиод байсан. Тэгэхээр нь би тэр залуучуудыг “больцгоо, болоочоо, зодолдож яах гээд байгаа юм бэ гээд орилсон. Тэгтэл тэр залуучууд шууд намайг зодох гээд дайрсан ба би шууд зугтаад явчихсан. Тэр үед гадаа харанхуй байсан, бүдэгхэн замын гэрэл асаж байгаа харагдсан. Тын нүүрэнд учирсан гэмтлийг хэн яаж зодож цохиж учруулсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
5. Гэрч Э.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид нар шинээр баригдсан сагсны талбайн хажууд очиж зогссон. Тэр талбайн хажуугийн саравчинд хэдэн залуучууд сууж байсан. Би талбайн хажууд очсон, харин нөгөө хэд саравч руу очсон. Намайг талбайн хажууд байж байсан чинь саравчинд байсан хэд орилолдоод, бужигналдаад эхлэхээр нь харсан чинь Т саравчинд байсан намхан залуу болох Тыг гараараа нүүр лүү нь цохиод эхэлсэн. Тэгэхээр нь саравч руу дөхөөд очсон чинь Б гартаа архины шил барьж байсан О гэх залуутай бас зууралдаад архины шилийг нь булааж аваад хол шидсэн. Тэгээд Б Ог мушгиж газарт унагаж доороо оруулаад дараад хэвтэж байгаад босгосон. Т нөгөө намхан залууг цохиод л байх шиг байсан. Би Б, О хоёрыг хараад зогсож байсан. Харин бид нарын ард талд Т, Т 2 байсан тул тэр хоёрын дунд юу болж байгааг нарийн сайн хараагүй. Харин Ү, А хоёр болохоор нөгөө хэдийг “Болиоч, салаач” гээд л орилоод зогсож байсан. Тэгтэл саравчинд байсан залуучуудын нэг нь “Цагдаа ирлээ” гэж хэлэнгүүт бид нар салаад машиндаа суусан. Тэр үед нь Тын нүүрний хэсэг цус болсон харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
6. Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид нар машинаас буугаад би ойролцоох модон жорлонд бие засахаар явсан. Нөгөө хэд маань саравч руу явсан. Саравчин дотор хэдэн хүмүүс байсан. Би бие засаад нөгөө хэд рүү очсон чинь Б нэг намхан залуутай маргалдаж байсан. Тэгтэл Б тэр залууг түлхсэн үү, яасан хойш суусан. Ингээд бужигналдаад эхэлсэн. Яг тэр үед намхан залуугийн нэг найз нь архины шил бариад манай найзууд руу дайрах гэхээр нь би урдаас нь очиж архийг нь салгах гээд булаацалдсан. Тэгээд арай гэж архийг нь булааж аваад хол шидээд тэр залууг мушгиад газарт унагаад татаж босгосон. Тэгээд эргээд харахад Т нөгөө намхан залууг цохиж байсан. Тэгтэл нөгөө намхан залуугийн нүүр нь цус болсон харагдсан. Гэтэл нөгөө миний архийг нь булааж авдаг залуу “Цагдаа дуудчихлаа” гэж хэлэхээр нь бид нар машиндаа суугаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
7. Гэрч С.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тухайн үед би найзуудтайгаа Чандмань орж Тыг өвөөгийнх нь гэрт хүргэхээр явж байгаад эхлээд шинээр баригдсан талбай орохоор болсон. Бид нар Үын машинтай явж байсан юм. Талбайн хажуу талын саравчинд хүмүүс байсан бөгөөд “хооё хооё” гээд хүн орилсон. Тэгээд эхлээд Т бид хоёр тэр саравч руу орсон. Араас Б саравч руу ирсэн. Тэнд 4 залуу архи уугаад сууж байсан. Тэднээс “Энд суучих уу?” гэж асуухад “Суу, суу” гэж хэлсэн. Тэгтэл Б саравчинд байсан намхан залуутай “Та нар яасан их том дуугардаг юм бэ?” гэж хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Тэгээд Б тэр намхан залууг гараараа түлхсэн үү, мангасдаж түлхсэн үү нэг тийм болсон. Жижиг залуугийн урдуур нэг найз нь хамгаалаад зогссон. Тэгтэл Т хажуунаас нь жижиг залууг гараараа нүүр лүү нь цохисон. Нөгөө хамгаалж байсан залуу нь зугатаагаад яваад өгсөн. Гэтэл хажуунаас нь архины шил барьсан залуу босож ирэхэд Б тэр залуутай зууралдаад шилийг нь булааж аваад хол шидсэн. Энэ хооронд Т тэр жижиг залуугийн нүүрний хэсэгт дахиад цохиод эхэлсэн. Би Т, жижиг залуу хоёр луу очсон чинь жижиг залуу газар уначихсан гараараа нүүрээ хамгаалаад “ёооё” гэж байхаар нь нэг найзтай нь хамт газраас босгосон. Тэгээд тэр залууг харсан чинь нүүр нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,
8. Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Саравчинд очсон чинь 4 залуу архи ууж байсан. Тэнд очоод тэр залуучуудаас “Сууж болох уу?” гэж асууж зөвшөөрөл аваад суусан. ...Нөгөө залуучууд чанга чанга яриад, орилж хашхираад байхаар нь би тэд нарт “жоохон чимээгүй байлдаа” гэж хэлсэн. Үүнээс болж бид нар хоорондоо маргалдаж эхэлсэн. ...Тухайн үед намхан залуу бид хоёр урд урдаасаа харчихсан маргалдаж байгаад ...тэр залуугийн цээж рүү түлхсэн. Тэгтэл Т нөгөө намхан залууг гараараа шанаадаж цохисон чинь намхан залуу газарт уначихсан. Унасан байхад нь мөн Т дахиад нүүр, толгойны хэсэгт 2-3 удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,
9. Шинжээч эмчийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “1. Үзүүлэгч Ж.Т-н биед гэмтэл учирсан байна. 2. Тархи доргилт, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд учирсан байна. 3. Баруун доод зовхины язарсан шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тархи доргилт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой эдгэж буй шинэ гэмтлүүд байна. 5. Тархи доргилт, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд язарсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 6. Дээрх гэмтлүүд нь алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байна. 7. Ж.Т-н биед дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэх бэртэл, архаг хууч өвчин тогтоогдоогүй. 8. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх 576 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/,
10. Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 64-65-р хуудас/,
11. Шүүгдэгч С.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...2020 оны 9 дүгээр сарын 04-ний орой найзууд болох Б, А, Б, Ү, А нарын хамт 1 дүгээр сургуулийн арын талбайд архи, пиво хувааж ууж байгаад би Чандманьд байдаг өвөөгийнх рүүгээ явахаар болсон. Ингээд тэд намайг хүргэж өгөхөөр хамт явсан. Чандманийн 1 дүгээр буудал ороод шинээр баригдсан сагсан бөмбөгийн талбайн хажууд очоод зогссон. Тэр саравчинд хэдэн залуучууд сууж байсан. А, Б бид 3 саравч руу ороод “Сууж болох уу?” гэхэд зөвшөөрч бид сууцгаасан. ...Гэтэл Б Ттай маргалдаад эхэлсэн. Тухайн үед Т толгойгоороо Бын нүүрний урд тулчихсан маргалдаж байтал Б гараараа Тын цээж рүү түлхэж өөрөөсөө холдуулангуут би хажуунаас нь ороод гараараа Тын нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Тэр үед Тын найз Батжаргал нь бид хоёрын дундуур орж ирээд салгах гээд байсан. Т надаар цохиулаад газарт уначихсан. Тэгтэл хажууд байсан Тын найз О нь архитай шил барьсан зогсож байсныг Б шилийг нь булааж авах гээд булаацалдаад барьцалдсан. ...Тын нүүрний хэсэгт нэлээн цус болчихсон байсныг гараараа арчаад миний хувцсанд хүргэхээр нь миний уур хүрээд дахиад гараараа нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон чинь Т дахиад газарт унасан. Т надаар цохиулж унахаас гадна уусан архиндаа нэлээн согтсон, хөл дээрээ тогтож ядаад хэрүүл маргаан хийгээд байсан юм. Тыг газарт унахад нүүр лүү нь дахиад 2-3 удаа цохиод хөлөөрөө нүүр лүү нь өшиглөсөн чинь нүүрний хэсэгт хальт өшиглөгдөөд өнгөрсөн. Тэгтэл 2 талын найзууд Т бид хоёрыг салгасан. ...Би хохирогчтой уулзаж уучлалт гуйж ярилцаад эвлэрсэн. Т нь эмчилгээний зардал 300.000 төгрөг өгөөрэй гэж хэлсний дагуу би уг хохирлын мөнгийг 3 хувааж өгсөн. Эхлээд 150.000 төгрөг, дараа нь 100.000 төгрөг, сүүлд нь 50.000 төгрөгийг шилжүүлсэн. Сүүлийн 50.000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлж, өөрт нь мэдэгдэх гэсэн чинь утас нь холбогдохгүй байсан. Би хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81, 82-83-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч С.Т нь тус шүүхэд хандаж “Миний бие шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасны дагуу түүний хүсэлтийг хүлээн авсан болно.
Шүүгдэгч С.Т нь Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Ж.Тыг “Том том дуугарч ярилаа” гэж үл ялих зүйлээр шалтаглан гараараа толгойн хэсэгт хэд хэдэн удаа цохиж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт болжээ.
Хохирогч Ж.Тын эрүүл мэндэд учирсан “...Тархи доргилт, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч С.Тын түүнийг гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.
Иймд шүүгдэгч С.Тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Т нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 300.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч Ж.Тын “надад эмчилгээний зардалд 300.000 төгрөг учирсан. Үүнээс 250.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдсэн 50.000 төгрөгийг нь удахгүй өгнө гэсэн. Тухайн залуучуудтай уулзаж ярилцан учраа олж эвлэрсэн. Одоо надад ямар нэгэн гомдол санал, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/, гэрч Ж.Оийн “Би Ж.Тын төрсөн эгч нь байгаа юм. Дүү маань аавыг аваад Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа. ...Дүүд маань хэргийн улмаас 300.000 төгрөгийн хохирол учирсан. Дүүг маань зодсон залуу хохирлыг нь бүрэн төлсөн. Одоо дүүд маань ямар нэг хохирол гомдол байхгүй, хохирол бүрэн барагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/, шүүгдэгч С.Тын “Т нь эмчилгээний зардал 300.000 төгрөг өгөөрэй гэж хэлсний дагуу би уг хохирлын мөнгийг 3 хувааж өгсөн. Эхлээд 150.000 төгрөг, дараа нь 100.000 төгрөг, сүүлд нь 50.000 төгрөгийг шилжүүлсэн. Сүүлийн 50.000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлж, өөрт нь мэдэгдэх гэсэн чинь утас нь холбогдохгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р хуудас/, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Хурлын товыг хүлээн авлаа. Надад хохирол, гомдол байхгүй, хуралдаанд оролцохгүй” гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хохирогчид учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.
Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Тын хувийн байдлыг тогтоосон гэрч Г.Б-ийн “Миний хүү С.Т нь төлөв даруу зантай, дуу цөөтэй, нийтэч зантай, Спортод сонирхолтой, ялангуяа сагсан болон хөл бөмбөг, гар бөмбөг тоглодог, багаасаа хичээллэж эхэлсэн. Хичээл сурлагадаа маш сайн. Хүний үгэнд оромтгой, хүн ямар нэг зүйл хийгээд өг гэхээр үгүй гэж хэлж чаддаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/, мөн гэрч Ц.Б-гийн “С.Т бид хоёр 2006 оноос хойш найзалж байгаа. Найз маань даруухан, хурдан ааш зан гаргадаггүй, дөлгөөхөн хүн байдаг. Бусадтай эвтэй харилцдаг. Догшин ширүүн зан ааш гаргаад байдаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч С.Т нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна.
Шүүх хуралдааны шатанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тод 600 /зургаан зуу/ нэгжээр торгох ялын саналыг гаргасан болно.
Тиймээс шүүгдэгчийн хувийн байдал болон хуульд заасан хөнгөрүүлэн үзэх бусад нөхцөл байдлыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш ургийн овогт Сын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Т нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч С.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Ж.Тд 300.00 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН