Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 159

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагчаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, хохирогч, шүүгдэгч Г.Н, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Бын А, Ш ургийн овогт Гын Н нарт холбогдох 2035001250150 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг, 14-9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Б ургийн овогт Бын А. /Регистрийн дугаар: ОЮ84111716/,

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн Соёлын төвд галч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 10-06 тоотод оршин суух хаягтай, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Ш ургийн овогт Гын Н. /Регистрийн дугаар: ОЮ91102277/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

-Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Г.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

-Шүүгдэгч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутагт 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Б.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж байхдаа хажууд нь байсан иргэн Ч.Оын нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035001250150 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

            1. Хохирогч Ч.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр найз Аын гэрт Н, Б нарын хамт архи уусан. Тухайн үед Аын эхнэр байхгүй хөдөө явсан байсан. Ингээд архи уугаад байж байтал Н Аад хандаж “чиний авгай хөдөө янхандаж, банзалдаж яваа” гэх зүйл хэлчихсэн. Нын ингэж хэлэхийг А сонсоод уурлаж Ныг “гарч зайл” гээд гэрээсээ хөөсөн. Би Ныг гэрээс аваад гарсан. ...Н гэрт ороод А руу дайраад маргалдсан. Тэгэхээр нь би Ныг дахиад гэрээс гаргах гээд татсан. Аыг Б хамгаалаад барьсан байсан. Тэгтэл Н намайг гараараа нүүр, хамарны хэсэгт цохисон. Цохиулсан дор нь хамарнаас цус гараад тонгойтол өшиглөсөн. Би хэсэг хугацаанд манараад гэрээс гараад зугатаасан. Хашаанаас гараад хороолол дотор явж байтал машинтай цагдаа ирж намайг аваад буцаад Аынд очсон чинь Б гэрийн хаалга гаднаас нь хаагаад зогссон, хажууд нь Н гэр лүү орно гэсэн хэрүүл хийсэн зогсож байсан. Нын нүүрний хэсэг нь цус болсон байсан. Цагдаа нар Н, А, бид гурвыг аваад машинаар явсан. Замдаа явж байтал Н А руу дахиад дайраад гараараа тохойлдтол нөгөөх нь зөрүүлээд цохих шиг болсон. Нын нүүр ам, хувцас цус болчихсон. ...Н надтай уулзаж ярилцан учраа олж эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53, 54-р хуудас/,

2. Хохирогч Г.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 02-ны орой танил ах Аын гэрт баз О, гэрийн эзэн А нарын хамт архи ууцгаасан. Тухайн үед бид гуравтай цуг таксины жолооч ах Б бас байсан. Гэхдээ Б ах архинаас уугаагүй. Ингээд би уусан архиндаа согтоод ах Атай хэл ам зөрж маргалдсан санаж байна. Үүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Нэг ухаан орсон чинь би гэрийн гадна суучихсан миний хажууд цагдаа ирээд мэндэлж байсан. Юу болсныг гайхаад  өөрийгөө ажиглаад хальт харсан чинь миний хувцас, бие цус болчихсон байсан. Ямар учраас ийм байдалтай болсноо мэдээгүй ба миний толгойн орой хэсэг гэмтэж цус гарч байсан. Цагдаа А, О, бид гурвыг машиндаа суулгаад аваад явсан. Замдаа явж байгаад би толгой гэмтэж цус гарсан байгаагаа бодоод уур маань маш их хүрч анх Атай маргалдаж байснаа санаад хажууд сууж байсан Аын нүүр хэсэгт гараараа тохойлдож цохисон чинь А уурлаад зөрүүлээд гараараа миний хамарны хэсэгт гараараа цохисон. Тэгтэл миний хамар хэсэгт халуун дүүгэх мэдрэмж төрөөд шууд цус гараад тогтохгүй болсон. ...Уг үйл явдлын улмаас миний биед гэмтэл учирсан. Миний биеийн байдал хэвийн байгаа. Ах А, О бид гурав хоорондоо ярилцаж учраа олсон, нэг нэгэндээ гомдол тэмцэл байхгүй гэдгээ хэлж ойлголцож эвлэрсэн. Иймээс надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/,

3. Гэрч З.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тухайн өдөр 19 цагийн үед байх О, Н хоёрыг Аын гэрийн гадна буулгаад би машинаа хашаандаа оруулаад буцаад Аын гэрт очсон. Намайг Аын гэрт ороход тэр хэд архи ууцгааж байсан. Гэтэл Н нь Аад хандаж “эхнэр чинь янхандаж яваа” гэх утга бүхий зүйл хэлснээс болж тэр хоёр хоорондоо маргалдсан. Энэ хоёрын дундуур би ороод Аыг би, Ныг О татаж аваад хоёр тийш болгосон боловч зайнаас хэрэлдсээр байсан. ...Н гэрт орж ирэнгүүтээ А руу дайрах гэхээр нь О дахин Ныг татаад автал Оын нүүр лүү гараараа цохисон ба О Нт “яа яа, болилдоо” гээд биеэ холдуулсан. ...О Ныг “гэрээс гар” гээд хэлсэн үү яасан тэгтэл Н Оын нүүр лүү гараараа цохисон чинь нөгөөх нь тонгойтол хөлөөрөө нүүр лүү нь өшиглөөд эхэлсэн. Тэгэхээр нь би Аыг орхиод нөгөө хоёрын дундуур орж салгасан ба Ныг түлхээд гэрийн хаалгаар гаргах гэж байтал араас А уурлаж босож ирээд галын төмөр аваад Нын толгойн хэсэгт цохисон. Тэгэхэд Нын толгойноос цус гарч эхэлсэн. Тэгэхээр нь би Аыг барьж аваад галын төмрийг нь аваад галын хэсэг рүү шидсэн. Тэр хооронд О гэрээс гараад явсан байсан. Ингээд Ныг түлхэж гэрээс гаргаад дахин зодолдуулахгүй гээд хаалгыг нь хаагаад зогсож байтал О цагдаа нартай ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/,

4. Шинжээч эмчийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “1. Үзүүлэгч Ч.О-н биед гэмтэл учирсан байна. Хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруу, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл учирсан байна. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. 4. Хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруу, 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Баруун хацарт зулгаралт гэмтэл нь алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байна” гэх 571 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/,

5. Шинжээч эмчийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “1. Үзүүлэгч Г.Н-н биед гэмтэл учирсан байна. Хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, толгойн орой хэсгийн хуйханд өнгөц язрал, зүүн эгэмд зулгаралт, цус хуралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна.     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. 4. Хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Бусад гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байна” гэх 570 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/,

6. Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 42-43, 45-46-р хуудас/,

7. Шүүгдэгч Г.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн орой танил ах Аын гэрт Ч.О, З.Б нарын хамт архи хувааж уусан. Ингээд согтсон үедээ Атай маргалдсан. Уг маргааны улмаас А бид хоёр хоорондоо харилцан зодолдсон. Үүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг ухаан ороод сэргэсэн чинь би Отой гэрийн гадна байсан. Миний толгойноос цус гарч байсан. Тэгэхээр нь би буцаж гэр лүү ороод Атай дахиад зодолдсон. Тэр хооронд А намайг галын төмрөөр цохисон. Би хоёрын дундуур О салгах гээд орж ирэхээр нь Оыг цохисон. О надаар цохиулангуутаа гэрээс гараад явчихсан. Тэгэхэд Б намайг гэрээс түлхэж гаргасан. Гэрийн гадаа сууж байтал цагдаа нар ирсэн. Цагдаагийн машин дотор явж байхад би Аад уурлаад “чи миний толгойг хагалсан” гэж хэлээд Аын нүүр юм уу, цээж рүү нь тохойлдсон чинь А зөрүүлээд гараараа миний хамарны хэсэгт цохиод хамар гэмтээсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/,

-Мөн хохирогч, шүүгдэгч Г.Нын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би өөрийн хийсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг огт үйлдэхгүй гэдгээ тангараглаж байна. Хохирлын хувьд А ахтай эвлэрсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй болсон. Хохирогч Ч.Отой эвлэрсэн. Хохирол гомдолгүй болгосон байгаа” гэх мэдүүлэг,

8. Шүүгдэгч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр манай гэрт Ч.О, Г.Н, З.Б бид дөрөв хамт архи уусан. Гэтэл Н Отой урьдны зүйл яриад маргаж эхэлсэн. Тэгэхээр нь би Нт “чи согтож байна, маргаан гаргахгүй, харьж амар” гэж хэлсэн боловч намайг тоохгүй байсан. Н Оыг хэл амаар доромжилж байснаа гэнэт гараараа Оын нүүр лүү цохисон. Тэр үед нь Б Ныг гэрээс түлхэж гаргах гэж байтал Н над руу хараад “Танай авгай чинь янхан банзал ш дээ” гэсэн зүйл хэлэхээр нь би галын хажууд байсан төмрийг аваад Нын толгойн хэсэг рүү чиглүүлээд нэг цохисон. Н зөрүүлээд миний баруун талын хөлийн шилбэ рүү өшиглөсөн. Н гэрээс гарч удалгүй орж ирээд дахиад Оын нүүрэн тус газар нь 2 удаа өшиглөсөн. Тэр үед Б дахиад Ныг гэрээс гаргасан. Тэр хооронд манай хүү Ууганбаяр нь Боос утсыг нь аваад цагдаа дуудсан байсан. Би араас нь гарах гэсэн боловч Б гэрийн хаалга дарж зогсоод гаргахгүй байсан. Удалгүй О цагдаа нар дагуулаад ирсэн. О, Н,бид гурав цагдаагийн машины ард суугаад явж байтал Н над руу томроод уурлаж байснаа гэнэт гараараа миний эрүүний хэсэг рүү тохойлдож цохихоор нь би зөрүүлээд гараараа Нын хамарны хэсэгт нь цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88-р хуудас/,

            -Мөн шүүгдэгч Б.Аын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Мэдүүлэг гаргахгүй, өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй байж чадна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно. 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Б.А, Г.Н нар нь тус шүүхэд хандаж “Миний бие шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасны дагуу түүний хүсэлтийг хүлээн авсан болно.

Шүүгдэгч Б.А нь Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Г.Нын хамар хэсэгт нь гараараа цохиж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт,

-Шүүгдэгч Г.Н нь Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар Б.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэн маргалдаж байхдаа хажууд нь байсан хохирогч Ч.Оын нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт болжээ.

Хохирогч Ч.Оын эрүүл мэндэд учирсан “...хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт” бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.Нын түүнийг гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Мөн хохирогч Г.Нын эрүүл мэндэд учирсан “...хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, толгойн орой хэсгийн хуйханд өнгөц язрал, зүүн эгэмд зулгаралт, цус хуралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл нь шүүгдэгч Б.Аын гараараа цохих үед бөгөөд үйлдэл, хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо мөн тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.

Иймд шүүгдэгч Б.А, Г.Н нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.А, Г.Н нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Наас 300.000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн өмнө төлсөн нь хохирогч Ч.О болон түүний өмгөөлөгч Ө.Нарантуяагийн тус шүүхэд хандаж гаргасан “...Г.Нтай эвлэрсэн, хохирол гомдолгүй болсон, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хуралдааныг явуулж өгнө үү” гэх хүсэлтээр тогтоогдож байх тул хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.

 Тиймээс шүүгдэгч Г.Нын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгч Б.Аын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” мөн хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, мөн зүйлийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Г.Нын хууль бус, зүй бус үйлдлээс шууд хамааралтайгаар үйлдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.О, гэрч З.Б нарын мэдүүлэг болон шүүгдэгч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Аын хувийн байдлыг тогтоосон гэрч Б.ӨийнА нь миний нөхөр байгаа юм. ...Нөхөр маань даруу төлөв зантай, уурлаад байдаггүй, урьд нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Нөхөр маань 2020 оны 6 дугаар сараас эхлээд бие нь муудаж эмчид үзүүлж эхэлсэн чинь нойр булчирхай ихтэй, цөс өтгөрөлтэй, элэг дээрээ вирустэй гэж онош гарсан ба 2 удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Гэрээр тогтмол эмчилгээ хийлгэж байгаа. Нөхөр маань худал буруу хэлдэггүй, муу зуршилгүй хүн байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/, мөн гэрч Б.Оийн Б.А нь манай хамгийн бага дүү маань байгаа юм. ...Дүү маань архи дарс уугаад байдаггүй, төлөв төвшин, даруу зантай. Хувиараа хөлсний ажил хийж амьдрал ахуйгаа залгуулаад явдаг хүн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/, эрүүл мэндийн талаарх амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 146-150-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Б.А нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Нын хувийн байдлыг тогтоосон гэрч Х.МыН бид хоёр бага балчир наснаасаа найзалж яваа найзууд. ...Н нь хааяа найз нөхөдтэйгөө нийлсэн үед болон баяр ёслолын үед л тодорхой хэмжээнд тохируулаад архи дарс хэрэглэдэг. Ууж идсэн үедээ догшин ширүүн зан гаргадаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/, гэрч Г.БийнН нь манай төрсөн дүү байгаа юм. ...Ныг архи ууж согтсон байхыг бараг харж байгаагүй. Архи уухаараа хэл аманд орж, асуудалд өртчих гээд байдаг. Архи уухаараа агсам зантай болчихдог юм шиг байгаа юм. Гаднаас нь дүүг маань хүн харвал ширүүн зантай юм шиг харагддаг бөгөөд яг байдал дээрээ зөөлөн зан чанартай хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110-р хуудас/, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 115-118-р хуудас/, мөн тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 119-132-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Г.Н нь урьд ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна.

            Шүүх хуралдааны шатанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 650 /зургаан зуун тавь/ нэгжээр, шүүгдэгч Г.Ныг 800 /найман зуу/ нэгжээр тус тус торгох ялын саналыг гаргасан болно.

Шүүгдэгч Б.Аад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, гэм буруутай үйлдлээ ойлгон ухамсарлаж гэмшиж байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзсан болно.

Харин шүүгдэгч Г.Нын хувьд урьд нь гэмт хэрэгт удаа дараа холбогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд засарч хүмүүжихгүйгээр дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Тиймээс шүүгдэгч нарын хувийн байдал болон хуульд заасан хөнгөрүүлэн үзэх бусад нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Ныг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.А, Г.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б ургийн овогт Бын А, шүүгдэгч Ш ургийн овогт Гын Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ныг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.А, шүүгдэгч Г.Н нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.А, шүүгдэгч Г.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Г.Н нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН