Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01512

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 158 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар магадлалтай,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“С” ОНӨААТҮГ-т холбогдох,

194.102.469 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Идэрзориг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 онд “С” ОНӨААТҮГ-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу 3289.5 тн нүүрс нийлүүлсэн, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлэхэд хариуцагч нүүрсний үнэ 152.836.749 төгрөг төлөхөөр тогтоогдсон. Нүүрсийг 2017 оны 04 дүгээр сард нийлүүлж дууссан, худалдан авагч үнийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр гэрээнд заасан. Иймд нүүрсний үнэ 152.836.749 төгрөг, 2018 оны 02 дугаар сарыг дуустал 270 хоногийн алданги 41.265.720 төгрөг нийт 194.102.469 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.        Хариуцагч “С” ОНӨААТҮГ шүүхэд гаргасан тайлбартаа: хугацаа хэтрүүлсний алданги  41.265.720 төгрөгийг зөвшөөрөхгүй. Ер нь нүүрсний  үнэ 152.836.749 төгрөгийг  төлөхгүй байх үндэслэл байгаа ч энэ талаар маргаагүй. Тухайн үед нүүрс нийлүүлэх гэрээ хийгээгүй, нүүрсний үнэ, тээврийн зардал нь тодорхойгүй байхад тус компани шууд вагонд ачуулж манай байгууллагад хаяглан явуулсан. Бид нүүрсийг хүлээн авахгүй буцааж явуулах нөхцөл бүрдсэн боловч С ХХК-ийн захирал нүүрсийг хүлээж авна уу, төлбөр тооцоог боломжтой үедээ төлж барагдуулж болно гэсэн тул авсан. Гэтэл одоо 41.285.720 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Мөн Сэлэнгэтэнгэр Хараа ХХК нь НӨАТ-ийн буцаан олголтыг нийт үнийн дүнгийн /152.836.749 төгрөг/ 10% буюу 15.836.749 төгрөгийг татварын тайланд тусгаагүй байна. Иймд нүүрсний нийт үнийн дүнгээс 15.836.749 төгрөгийг хасч тооцох, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн тул эдгээрийг хасахад 117.000.000 төгрөгийн төлбөрийн тооцооны үлдэгдэлтэй байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 158 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч С ОНӨААТҮГазраас 174.102.496 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.128.462 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ОНӨААТҮГазраас 1.028.462 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 28-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 466 дугаар зүйлийн 466.1, 466.2-д зааснаар хариуцагч С ОНӨААТҮГазраас нүүрсний үнэ 132.836.749 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 61.265.720 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.128.462 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 922.134 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 364.280 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 сарын 16-ны өдрийн 26 тоот магадлалыг үл зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэлийг шүүхэд гаргаад 2 сар шахам болсон байхад хариуцагч татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй тул анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргаж өгсөн бичгийн нотлох баримтын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргасан. Иргэний хуулийн гол агуулга нь гэрээ, хэлцэл байгуулах, түүгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үүрэг биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулахад оршдог гэж ойлгодог. Хоёр тал 2017 оны 03 сарын 06-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний 4.1-д тохиролцсоноор тухайн сард нийлүүлсэн нүүрснийхээ төлбөрийг дараа сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгах, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд нийлүүлсэн нүүрсний үнийн төлөгдөөгүй үлдсэн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0,1% алданги тооцохоор заасан байдаг. “С” ОНӨААТҮГ нь худалдан авсан нүүрснийхээ төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй жил шахам болсон бөгөөд 2018 оны 2-р сард шүүхэд нэхэмжлэл гаргах үед 20,000,000 төгрөг төлсөн. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн худалдан авагч талаас худалдагч хууль болон гэрээнд зааснаар алданги нэхэмжлэх хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Тооцоо нийлсэн акт нь хоёр тал хичнээн тонн нүүрс нийлүүлж, хичнээн төгрөгийн авлага, өглөгтэйг эцсийн байдлаар тооцож гаргасан баримт бөгөөд нэхэмжлэгч энэ дагуу нэхэмжлэлээ гаргасан байхад Давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, асуудалд субъектив байдлаар хандсанд гомдолтой байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “С” ОНӨААТҮГ-с 194.102.469 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа нүүрсний үнэ, алданги гэжээ.

Зохигчийн хооронд 2017 оны 3 дугаар сарын 6-ний өдөр байгуулагдсан “Нүүрс худалдах-худалдан авах гэрээ”-гээр нэхэмжлэгч нь 3500 тн нүүрсийг гэрээнд заасан чанар стандартын дагуу нийлүүлэх, 1 тн нүүрсний үнийг 26.642 /НӨАТ-тай/ төгрөгөөр тооцох, хариуцагч нь нүүрсний үнийг дараа сарын 10-ний дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан ба талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгч гэрээний дагуу 152.836.749 төгрөгийн нүүрс шилжүүлснийг хариуцагч хүлээн авсан, энэ талаар маргаагүй байна. Харин хариуцагч нэхэмжилсэн алдангийг эс зөвшөөрч, маргажээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс алдангийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй бөгөөд “...тооцоо нийлсэн актад төлбөр төлөх хугацаа болон алданги төлөх талаар огт дурдаагүй” гэж үзэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1.-т “тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох, тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээх”, 466.2-т “тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүсэх”ээр тус тус зохицуулсан.  

Талуудын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагад хэрэглэх хуулийн дээрх зохицуулалт зохигчийн хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамааралгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлсон боловч нэхэмжилсэн алдангийг бүрэн хангасан нь учир дутагдалтай болжээ.

Үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг болох анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй бөгөөд анзын гэрээг бичгээр хийхээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан. Мөн зүйлийн 232.6-т зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.

Гэрээний 4.1-т зааснаар худалдан авагч төлбөрийг дараа сарын 10-ны дотор төлөх, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд нийлүүлсэн нүүрсний үнийн төлөгдөөгүй үлдсэн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0.1 хувийн алданги төлөхөөр талууд тохирсон, нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх 270 хоногийн алдангид 41.265.720 төгрөг нэхэмжилжээ.

Нүүрсний үнийн төлөлтийн талаар талууд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлж акт үйлдэхдээ алданги тооцсон дүнг тодорхойлоогүй байна.

Хариуцагч 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр төлбөрт 20.000.000 төгрөг төлсөн, анхан шатны шүүх алдангийг тооцохдоо уг төлбөрийг хасч тооцоогүй нь учир дутагдалтай болжээ. /хэргийн 5, 21 дүгээр тал/.           

Дээрх нөхцөл байдлыг харгалзан төлбөр төлөх хүртэл хугацааны алдангийг 134 хоногоор тооцож /хоногт 152.836 төгрөг/ 20.480.124 төгрөг, төлбөр төлснөөс хойших 19 хоногт /хоногт 132.836 төгрөг/ 2.523.884 төгрөг нийт 23.004.008 төгрөгөөр тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-г зөрчихгүй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 155.840.757 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 158 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-т заасныг баримтлан хариуцагч “С” ОНӨААТҮГ-с 155.840.757 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 38.261.712 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “...1.028.462” гэснийг “...937.153” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 1.128.462 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ