Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2022/0296

 

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2022/0296

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         Г.Гын нэхэмжлэлтэй 

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Г

Хариуцагч нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд Б.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай 625 дугаар захирамжийн Б.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 114 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

Гуравдагч этгээд Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0665/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Гаас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай 625 дугаар захирамжийн Б.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 114 дүгээр шийдвэрээр: 

“...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, Монгол Улсын иргэд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай 625 дугаар захирамжийн Б.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Г.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1...“Шүүх хэрэгт цугласан “...нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэх хуулийн шаардлагад анхаарлаа хандуулж, эргэлзээтэй нотлох баримтын эргэлзээг арилгахын тулд “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх” үүргээ бүрэн биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

3.2.Анхан шатны шүүх К.Гэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 204 дүгээр захирамжаар 700 м.кв газар, түүнчлэн К.Г, гуравдагч этгээд Б.Цнарыг гэр бүлийн гишүүд хэмээн дүгнэсэн атлаа ямар шалтгааны улмаас Б.Цд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 277 дугаар захирамжаар 527 м.кв газрыг “шинэ”-ээр эзэмшүүлсэн, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосонд хариулт авч чадаагүй тул шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болж чадсангүй гэж үзэж байна.

3.3.К.Гийн эзэмшлийн 700 м.кв газар хэрхэн, яаж хуваагдан 527 м.кв болсон, үлдсэн газар хаана, хэний нэр дээр, ямар хэмжээтэй байгаа эсэхэд шүүх дүгнэлт хийх ёстой байсан, гэвч маргааныг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой нотлох баримтыг шүүх анхаарч үзээгүй.

3.4.Түүнчлэн маргаан бүхий газрыг мэдээллийн санд оруулсан “Г гэ” ХХК-ийн кадастрын зураглал газар дээр нь хэмжилт хийлгүй программ ашиглаж хуваалт хийсэн гэдгийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2012 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2/1044 дугаар Нийслэлийн газрын албанд явуулж байсан албан бичигт тодорхой заасан байхад энэ талаар нэмэлт нотлох баримт холбогдох этгээдээс гаргуулахгүйгээр зөвхөн мэдээллийн санд орсныг үндэслэж асуудлыг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

3.5...“Нэхэмжлэгч Г.Гт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн “Шинэ суурьшлын бүсэд газар эзэмшүүлэх тухай’’ 204 дүгээр захирамжийг үндэслэн мөн оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах 700 м.кв газрыг амины хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон байна”, “...Г.Г нь өөрийн эзэмшил газрын кадастрын зургаас илүү газар хашаалсан”, “...Г.Гт 836.6 м.кв хэмжээтэйгээр газар эзэмших эрхийг нь баталгаажуулсан Засаг даргын захирамж, гэрээ, гэрчилгээ байхгүй байх ба нэхэмжлэгч нь кадастрын зургаас хэтрүүлэн 836.6 м.кв хэмжээтэйгээр олон жил илүү хашаалсаар ирсэн нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй юм” гэж тус тус дүгнэхдээ 204 дүгээр захирамжаар Г.Гт үнэхээр 700 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн эсэх, уг газрын кадастрын зураглалыг хууль, журамд заасан шаардлагыг хангаж хийсэн эсэх, зэргэлдээ эзэмшлийн болоод өмчлөлийн газруудын кадастрын зураглал яагаад давхцалтай болоод байсан, энэ нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр баталгаажиж хүчин төгөлдөр болсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 156 дугаар шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, шаардлагатай тохиолдолд эрх, үүрэг бүхий этгээдүүдээс тайлбар, тодруулга, дүгнэлт гаргуулж тэдгээр баримтуудыг эргэлзээгүй болгосны үр дүнд шийдвэрлээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 114 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

5.Гуравдагч этгээд гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

 Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн “Шинэ суурьшлын бүсэд газар эзэмшүүлэх тухай” 204 дүгээр захирамжийг үндэслэн нэхэмжлэгч Г.Гт Тоосгоны 80 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах 0.07 га газрыг амины хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн нь хуулийн дагуу үүссэн талаар Нийслэл дэх захиргааны хэргийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 156 дугаар шийдвэрт тодорхой дүгнэсэн, цаг хугацааны хувьд түүнд гуравдагч этгээд Б.Цд өмчлүүлсэн газрын давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гаргахаас өмнө тус дүүргийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн А/374 дүгээр захирамжаар хаяг нь өөрчлөгдсөн ч тухайн байршилд 700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн, 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудаст эзэмших газрын талбайн хэмжээг 701 м.кв гэж тэмдэглэсэн, мөн өдрөөр огноолсон газрын байршлын болон нэгж талбарын 1800504821 тоот кадастрын зурагт тус тус газрын хэмжээг 700 м.кв гэж тусгагдсан, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 011116-2020/2725 дугаар гэрээнд газрын хэмжээг мөн адил 700 м.кв гэж тэмдэглэсэн, эдгээр баримт бичгүүдэд нэхэмжлэгч гарын үсэг зурж баталгаажуулсан, түүнчлэн 700 м.кв газрын эзэмших эрхийг эрхийн улсын бүртгэлийн Э-2201020293 дугаарт бүртгэж, 000123051 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ нэхэмжлэгч Г.Гт олгогдсон байх бөгөөд дурдсан гэрээ, гэрчилгээ, газар эзэмшүүлэх захирамжтай маргаагүй энэ тохиолдолд Газрын тухай хуулийн дагуу нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газрын хэмжээг хашаалсан гэх 836,6 м.кв-аар бус харин 700 м.кв гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан тул нэхэмжлэгчийн тухайд хашаалсан нийт газрын 700 м.кв нь хууль ёсных, харин гуравдагч этгээдийн газартай давхацсан гэх 136.6 м.кв-ыг эзэмших эрх нэхэмжлэгчид үүсээгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт зөв дүгнэсэн байна.

2.Олон жил хашаалж, бодитоор эзэмшиж байсан гэх үйл баримт нь тухайн газрыг бусад этгээдэд эзэмшүүлээгүй байх тохиолдолд л давуу эрхээр эзэмших эрх үүсэх урьдчилсан нөхцөл байж болохоос бус нэгэнт 136.6 м.кв газрыг эзэмших эрх хуулийн дагуу гуравдагч этгээд Б.Цд түрүүлж үүссэн энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

3.Б.Цгийн тухайд 527 м.кв газрыг дүүргийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 277 дугаар захирамжаар эзэмшиж, улмаар нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 дугаар захирамжаар өмчилсөн, нэгж талбарын ... дугаар бүхий дээрх газрыг мөн оны 11 дүгээр сарын 3-ны өдөр улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн 000077809 тоот гэрчилгээ олгогдсон байгаагаас үзэхэд түүнд уг газрыг өмчлөх эрх хуулийн дагуу үүсчээ.

Гэтэл нэхэмжлэгч Г.Гт 836.6 м.кв газар эзэмших эрх өмнө нь ч, одоо ч үүсээгүй төдийгүй дээр дурдсанчлан түүнд 700 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэр хүчин төгөлдөр байна. Гуравдагч этгээд Б.Цгийн нөхөр К.Гэд 2004 онд анх эзэмшүүлсэн 700 м.кв газар чухам ямар шалтгаанаар 527 м.кв болж багассан болох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, учир нь К.Г энэ талаар маргаагүй болно.

4.Түүнчлэн “Г гэ” ХХК-иас кадастрын зураглал хийхдээ газар дээр нь бодит хэмжилт хийгээгүй, программ ашиглаж хуваалт хийсэн талаарх тайлбарыг Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2012 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2/44 дүгээр албан бичигт дурдсан ч нэхэмжлэгчид 836.6 м.кв газар эзэмшүүлсэн ямар нэгэн шийдвэр гараагүй байх тул энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй. 

Үндсэндээ шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг хангалттай цуглуулсан, хэргийг шийдвэрлэхдээ үндэслэлтэй дүгнэлт хийсэн, хууль хэрэглээний хувьд маргаантай харилцаанд хамаарах хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

5.Нөгөөтэйгүүр нэхэмжлэлийн шаардлагын тухайд ч Г.Г маргаан бүхий захирамжийн Б.Цд холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй, иймд дээрх байдлаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл тогтоогдсонгүй.

6.Харин шүүхийн шийдвэрт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баримтлахдаа уг хуулийн нэрийг үсгийн алдаатай бичсэнийг зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 114 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн “…Монгол Улсын иргэд…” гэснийг “Монгол Улсын иргэнд” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН