Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 697

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М-А ХХК,

Хариуцагч: ТЕГ ,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний ТЕГД-ын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №1/40 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан 26.620.482.985,9 /хорин зургаан тэрбум, зургаан зуун хорин сая, дөрвөн зуун наян хоёр мянга, есөн зуун наян таван төгрөг, есөн мөнгө/ төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Б.Б, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Э.Насанбаяр нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...М-А ХХК-нд 2003 оны 03 дугаар сараас эхлэн Татварын ерөнхий газрын буруутай үйл ажиллагаанаас болж их хэмжээний хохирол учирсан. Татварын маргаан таслах зөвлөлд 2005 онд хандсан боловч татварын акт дүгнэлттэй холбоотой асуудал биш байна гээд хүлээж аваагүй. Энэ үеэс хойш буюу 2006 оноос эхлэн 6 удаа Иргэний хэргийн шүүхэд гэм хорын нэхэмжлэл гаргасан. Хамгийн сүүлд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 182/Ш32018/04033 дугаартай шүүгчийн захирамжаар холбогдох албан тушаалтан болон Захиргааны байгууллагын

буруутай шийдвэрийг хууль ёсны эсэхийг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн. Мөн хохирол төлбөрийн асуудлыг давхар шийдвэрлүүлэх хуулийн заалттай байгаа учраас Захиргааны хэргийн шүүхэд хандана уу гэсэн шүүгчийн захирамж гарсны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байсан.

Иймээс бид Татварын ерөнхий газрын удирдах дээд байгууллага болох Сангийн яаманд хандсан боловч Сангийн яам нь 2018 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 3399 дугаартай албан бичгээр Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хувь хүн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг тогтоох эрх хэмжээ тус яаманд байхгүй тул Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн тул Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.

М-А ХХК нь 2003 оноос Мөрөөдлийн ханд нэртэй эмчилгээний үр нөлөө нь батлагдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж байсан. Тус бүтээгдэхүүн нь гарал үүсэл, нэр томьёо, эмчилгээний шинж чанар, үйлдвэрлэлийн технологиороо дарс болон архинаас тэс өөр, сэтгэц судлал, наркологийн төвийн 2001 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 20 тоот клиник туршилтын дүгнэлт, түүний дэргэдэх эрдэм шинжилгээний зөвлөлийн хурлын 2001 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай протокол, 2001 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Хүний эмийн зөвлөл-ийн хурлуудаар эмчилгээний үр нөлөө нь баталгаажсан эмчилгээ, сувилгааны бүтээгдэхүүн байсан.

Манай бүтээгдэхүүний найрлагад цэвэршүүлсэн шимийн архи түүхий эдээр ордог байсан тул шимийн архи гэж тооцогдохгүй. Гэтэл 2003 оны 03 дугаар сараас эхлэн ТЕГ  нь Мөрөөдлийн ханд бүтээгдэхүүнийг шимийн архи хэмээн онцгой албан татвар төлөх ёстой гэсэн үндэслэлээр худалдаанаас хурааж эхэлсэн. Шимийн архи гэж үзсэн ч тухайн үед шимийн архинд онцгой татвар оноох хууль гараагүй байсан. Энэ тухай 2003 оны 04 дүгээр сараас эхлэн Татварын албаны холбогдох албан тушаалтнуудтай биечлэн уулзаж, хөөцөлдсөн боловч тэд алдаагаа залруулахгүй тус компанийн 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлтэд 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1/40 дугаартай албан бичгээр Мөрөөдлийн ханд нэртэй бүтээгдэхүүнийг онцгой татвараас чөлөөлөх боломжгүй гэсэн хариу өгсөн бөгөөд хуулбарыг орон нутгийн татварын албанд явуулснаар борлуулалтыг маань бүр мөсөн зогсоосон.

ТЕГД-ын дээрхи шийдвэр нь тухайн үед мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйл ...Монгол улсын татвар нь

улсын болон орон нутгийн татвараас бүрдэнэ... 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг ...Улсын их хурал, Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоосон Монгол улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх татварыг улсын татвар гэнэ..., мөн хуулийн 16 дугаар зүйл ...Онцгой татвар нь улсын татварт хамаарна... , 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг ...мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан татварын хувь хэмжээг Улсын Их хурал тогтооно... гэж тус тус заасныг ноцтой зөрчиж байгааг компанийн зүгээс ТЕГД-а болон холбогдох албан тушаалтнуудад удаа дараа тайлбарлан мэдэгдэж гомдлоо гаргасан.

Уг заалтуудаар онцгой албан татвар оноох болон хувь хэмжээг нь тогтоох эрх зөвхөн Улсын Их Хуралд байдаг бөгөөд Сангийн яам, ТЕГ , Засгийн газарт онцгой татвар түүний хувь хэмжээг тогтоох эрх олгогдоогүй байна. Компани маань хүнд байдалд орсон тул 2004 оны 03 дугаар сарын 21-ны өдөр 05 дугаартай албан бичгээр С******* аймгийн Татварын албанд хандаж ...Онцгой татвартай худалдъя... гэж хүссэн боловч С******* аймгийн татварын алба нь 2004 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 111 дугаартай албан бичгээр ...Шимийн архинд онцгой татвар ногдуулах хувь хэмжээ тогтоогдоогүй байна... гээд онцгой татвартай худалдах боломж гаргаж өгөөгүй.

Тухай үед мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд  ...Үндэсний татварын алба, татварын улсын байцаагч үйл ажиллагаандаа хууль дээдлэх, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх зарчим баримтална гэж заасаар байхад ТЕГ  нь манай борлуулалтыг зогсоож улмаар зээлийн барьцаанд хөрөнгөө алдаж, бүтээгдэхүүнээ устгуулж дампуурахад хүргэсэн. Нэгэнт бүх хөрөнгөө зээлийн барьцаанд алдаж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй болсноос устгахаас өөр аргагүй байдалд хүрч, компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хойно Татварын ерөнхий газраас 2005 оны 01 дүгээр сарын 31 -ны өдөр 4/122 дугаартай албан бичгээр Мөрөөдлийн ханд нэртэй бүтээгдэхүүнд онцгой албан татвар оноох үндэслэлгүй болно гэсэн шийдвэр гаргасан нь өөрийнхөө алдаатай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн болохыг батлан харуулж байна.

Мөн Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яамны 2013 оны 10 дугаар сарын 02- ны өдрийн 2/1960, Сангийн яамны 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 8-1/1586 дугаартай албан бичгүүдэд Татварын байгууллагын алдаатай дүгнэлтээс шалтгаалан тус компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан болохыг тус тус хүлээн зөвшөөрсөн.

Иймээс тухайн үед мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг, шинэчлэн батлагдсан Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь хэсгүүдэд зааснаар Татварын албаны хууль бус шийдвэр, үйлдлийн улмаас учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлэх эрхийн хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авч, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.4, 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь хэсгүүдэд үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар ТЕГД-ын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/40 дугаартай шийдвэрийн М-А ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа хохирол төлбөртэй холбоотой заалтаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ТЕГД-ын 1/30 дугаартай шийдвэрт холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Ингээд нэхэмжлэлийг шүүх хүлээж авч Захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Мөн нэхэмжлэгчээс 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 5216 дугаартай захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Улмаар шүүгчийн захирамжийн дагуу хохирол хөрөнгийн үнэлгээний ЛЭНДС ХХК захирамжид заасан асуултын дагуу хэргийн материалын хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн.

Шинжээчийн дүгнэлтийн 4 дэх хэсгийн үнэлгээний дүгнэлт хэсэгтэй холбогдуулж нэхэмжлэгчийн зүгээс өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 12.776.400.000 төгрөгийн хохирлын холбогдох хэсгийг дараах байдлаар нэмэгдүүлэх шаардлагатай болсон.  Шинжээчийн дүгнэлтийн үнэлгээний 4 дэхь хэсгийн  устгалд оруулсан 19 тн бүтээгдэхүүний зах зээлийн өнөөгийн үнэлгээ нь 253,500,000 төгрөгийн  илт хууль бус шийдвэр гаргасан 2004 оноос нэхэмжлэл гаргасан 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгч  М-А ХХК-ийн  олох ёстой байсан орлого 24,652,901,882,9 төгрөг аж ахуйн барилга байгууламж газрын үнэлгээнд 1,717,081 төгрөгийн буюу нийт 26,620,482,985,9 төгрөгийн хохирлын үнэлгээ гаргасан. Шинжээчийн дээрх дүгнэлтийн дагуу нэхэмжлэгчийн өмнө нь гаргасан 12,776,400,000 төгрөгийн хохирол төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 26,620,482,985,9 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Дээрх нэмэгдүүлсэн шаардлага болон өмнө нь гаргасан актын биелэлтийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.4, 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасан заалтад дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно. Үүнд тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан. Захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус эс үйлдэхүй нөхцөл шаардсан иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй.  Түүний бодиттой нөхцөл байдалд нөлөөлөх боломжгүй гэсэн нь Татварын ерөнхий газрын хувьд аливаа нэг захиргааны акт гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Учир нь маргаан бүхий захиргааны акт нь ТЕГД-ын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/40 дугаартай албан бичгийг захирамжилсэн утга агуулгатай бус харин Татварын ерөнхий хуульд заасны дагуу Татварын алба, татварын улсын байцаагч нараас татвар төлөгчид хуулийг тайлбарлан таниулж зөвлөгөө өгөх чиг үүргийн дагуу хариулсан албан бичиг юм. Төрийн албаны албан бичиг болон албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар байгууллага нь эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомж эрх зүйн актад нийцүүлэн дүрэм, журам, заавар зэрэг зохион байгуулалтын баримт бичгийг гаргадаг. Мөн тогтоол, тушаал, захирамж зэрэг захирамжилсан баримт бичгийг баталж гаргадаг бөгөөд хамтын байгууллагын шийдвэрийг баримтжуулж тогтоол гаргах бөгөөд асуудлыг хамтран хэлэлцэх явцад хуралдааны тэмдэглэл хөтөлнө.

Байгууллагын дотоод үйл ажиллагаа төлөвлөгөө, тайлан, илтгэх хуудас, танилцуулга, акт гэх мэт мэдээлэл лавлагааны баримт бичиг тусгагддаг. Гадны байгууллагатай асуудлыг албан бичиг тоотоор харилцаж шийдвэрлэдэг. Иймд  албан бичиг аливаа нэг захирамжилсан шийдвэр утга агуулгатай шийдвэр биш байна.

Дээрх захиргааны актын үндэслэж Татварын байгууллага, татварын улсын байцаагчийн хийсэн буруутай үйлдэл баримтаар тогтоогдохгүй байна. Холбогдох мэргэжлийн байгууллагаар тогтоолгосны дараа хууль бус захиргааны акт мөн эсэхийг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймээс Татвар алба нь уг хэрэг маргааны хариуцагч гэж үзэхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэж өгнө үү.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь илт хууль бус, хохирол нэхэмжилсэнтэй холбогдуулан тайлбар хийхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх болон хохирлын хэмжээний талаар маргаан гарч, хамтатган нэхэмжлээгүй бол Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ.

Өөрөөр хэлбэл илт хууль бус актын улмаас хохирол гарсан. Үүнийг хамтатган шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Үүнтэй холбоотой Иргэний хуульд гэм хорын талаар нарийвчлан зохицуулдаг. Хэрхэн яаж зохицуулсан талаар тодорхой хэдэн асуудлыг хөндөж тайлбарлая. Иргэний хуулийн 194 дүгээр зүйлд ... үүргийн шинж чанарт харшлахааргүй бол гэрээний бус үүргийг харилцаанд гэрээний үүргийн холбогдох журмыг хэрэглэж болно гэсэн байдаг. Мөн хуулийн 229 дүгээр зүйлд гэм хорыг арилгах хэмжээг, 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олгох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Мөн хуулийн 510 дугаар зүйлд Эд хөрөнгөнд учруулсан гэм хорыг аилгах" гэж заасан.

Өөрөөр хэлбэл өмнөх байдалд нь сэргээнэ гэсэн нь өмнөх байдлыг сэргээхгүй бол мөнгөөр төлнө гэсэн зохицуулалт байгаа. Иргэний хуулийн зохицуулалтыг яагаад иш татаж тайлбарласан бэ гэхээр 1 дүгээр хавтаст хэргийн 63 хуудаст авагдсан эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримтын дугаар, С******* аймгийн үнийн комисс, үнийн зөрчлийн комисс н.О*******, н.Ч******* н.Н******* гэсэн хүмүүсийн комиссын дүгнэлтүүд үндэслэлтэй бөгөөд хууль ёсны гэж иш татаж тайлбарлах шаардлага бий болсон.

Эрүүгийн болон Иргэний зөрчлийн хэрэг дээр энэ комисс хохирлын үнэлгээ тогтоодог. Жишээлбэл халаасны хулгай, гар утас ямар үнэлгээтэй болохыг дүүрэг дээр байдаг энэ комисс үнэлгээ тогтоож тухайн этгээдийн гэм бурууг эцэслэн шийдвэрлэдэг. Нийтлэг жишиг бол эд хөрөнгийн үнэлгээний тухай хууль батлагдсантай холбогдуулж үйлчилж байгаа. Үүнтэй холбоотойгоор уг асуудлыг журмаар зохицуулна гэсэн харилцаанд үйлчилж байх бөгөөд үнийн дүнг 93,600,000 төгрөгийн шууд хохирол учирсан гэж үнэлгээ тогтоолгож,  уг хөрөнгийг ямар орлого олох бэ гэдэгт шинжээч хийсвэрээр хийсэн байна.

Өөрөөр хэлбэл гэрээ байгуулагдсан энэ талаар үр дүн гэрээтэй холбоотой. Тухайн худалдах худалдан авах гэрээг ашиглах шаардлагатай байна. Жишээлбэл мэргэжлийн хяналтын улсын байцаагч 22 товчоон дээр махны гарал үүслийн гэрчилгээгүйгээр тухайн мах ачсан тээврийн хэрэгслийг зогсоож тодорхой хугацаанд битүүмжилж тухайн захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас учирсан хохирол нь махан үнэлгээ, зарж борлуулж, ямар хохирол учирсан гэдэг зүйлээр практикт болон хууль тогтоомжийг тогтоодог. Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн мөнгөн нь дүн өөрөө хийсвэр байдлаар гарсан гэж үзэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэрэгжсэн. Өмнө нь үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  хохирлын асуудал талаар зохицуулалт байгаагүй. Хохирлын асуудлын талаар зохицуулалтыг хэрхэн шийдвэрлэж байсан бэ гэхээр Иргэний журмаар шийдвэрлэдэг байсан. Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний болон Захиргааны хэргийн талаар зөвлөмж, тайлбарууд дээр хохирлын асуудлыг Иргэний журмаар шийдвэрлэнэ гэсэн тухайн үеийн практикууд байсан учраас нэхэмжлэгчийг Иргэний шүүхэд хандаж байсан талаар буруутгаагүй. 2004 оны актыг 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн  гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг иш татаж байгаа нь ойлгомжгүй байна.

Иргэний хуулийн гэм хорын зохицуулалт, хохирлын зохицуулалттай холбоотой нэхэмжлэлд дурдагдсан 26,620,482,985,9 төгрөг гэдэг нь бодит байдалд нийцэхгүй байна. Төрийн эрх бүхий байгууллага, төрийн байгууллага аливаа шийдвэрийг хүндэтгэх хэрэгжүүлэх үүрэгтэй. Эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон баримт гэдэг бол тодорхой бодиттой тогтоогдсон баримт гэж хариуцагчийн зүгээс дүгнэж байна.

Нотлох баримт зайлшгүй байгаа учраас татварын байцаагч нар татвар төлөгчийг  хохироосон байна гэвэл бид буруугаа хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Баянзүрх дүүргийн Татварын улсын байцаагч болон С******* аймгийн Татварын улсын байцаагч нар ирж бүтээгдэхүүнийг хурааж авч устгасан, энэ талаар үзүүлэх гэхээр нотлох баримт байхгүй байна гэж дурдсан.

Та бид нарыг өөрийнхөө оронд тавьж үзвэл татварын байцаагч төрийн мөнгийг гаргах гэж байгаа хүний хувьд ямар ч нотлох баримтгүй учраас шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг ойлгоорой. Нөгөө талаараа Татварын хууль гэж байгаа бөгөөд уг хуулийн гол үзэл баримтлалыг баталсан хууль нь Татварын ерөнхий хууль юм. Татварын ерөнхий хууль салбарлаж Татварын онцгой албан татварын тухай хууль байгаа. Татварын ерөнхий хуулиар Монгол Улсад татварын тогтолцоо ямар байдлаар хэрэгжих, үүнтэй холбоотойгоор ямар ямар хууль тогтоомжууд тухайн тө

Ингэж зохицуулахдаа татварын асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гэдэг нь ТЕГ  юм. Орон нутгийн татварын албанд бол харъяа татварын байгууллага орж байгаа бөгөөд энэ нь дахиад татвар алба, татварын улсын байцаагчийн эрх хэмжээний асуудал буюу захиргааны байгууллагуудын эрх хэмжээний асуудал яригддаг. Мөн татварын улсын байцаагчид хориглох зүйлд ямар ч хяналт шалгалтыг томилолтгүйгээр хийхийг хориглосон. Нөгөө талаар татвар төлөгчид татварын хууль тогтоомжуудын талаар зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй. Түүнээс биш бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцож татварын ногдуулах эрх хэмжээг хориглож болохгүй.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн эрх үүрэг гэж байгаа.  Өөрөө ногдуулж, өөрөө тайлагнаж, хууль тогтоомжид нийцүүлж явдаг ийм тогтолцоотой.  Зарим нэг социалист оронд байдаг бөгөөд татварын улсын байцаагч нь та хэдэн сарын дотор төлөх юм гэж дуудаж гаргаж ирдэг байсан. Монгол Улс 1992 оноос хойш ардчилсан системтэй болсон бөгөөд үүнийг дагаж өөрөө татвар ногдох зүйлээ тодорхойлдог болсон бөгөөд харин түүнд ногдох татвараа дагаж, түүнийхээ дагуу тайлан гаргаж татварын албанд хүлээлгэж өгч татварын улсын байцаагч хүлээн авсан эцсийн шийдвэр биш юм. Зөвхөн тооны архиметик алдаатай зүйл байвал түүнийг засаж зааварлах талаар зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй. Энэ чиглэлээр татварын улсын байцаагчийн сургаж бэлтгэж явдаг.

Мөн улсын төсөвт төвлөрүүлсэн татвараа захиран зарцуулах эрх мэдэл байхгүй.  Энэ нь дахиад өөр хууль тогтоомжоор хэрэгждэг. Харин улсын төсөвт төвлөрүүлж тухайн үеийн улсын төсвийг ямар нэгэн байдлаар зогсоохгүй зөвхөн улс орон үйл ажиллагаагаа цаашид явуулах уу үгүй юу гэдгийг шийдэж явдаг албан тушаалтан юм. Хариуцлага алдаж хохироосон байвал түүнийгээ бүрэн хариуцах үүрэгтэй. Тэр үүргээ хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй нотлох баримт шаардлагатай. Ингэж байж тухайн үйл ажиллагаагаа цааш нь хэрэгжүүлэх шаардлагатай байдаг юм. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Үндэсний ТЕГД-ын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №1/40 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан 12.776.400.000 /Арван хоёр тэрбум, долоон зуун далан зургаан сая, дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хохирлын хэмжээг 26.620.482.985,9 /хорин зургаан тэрбум, зургаан зуун хорин сая, дөрвөн зуун наян хоёр мянга, есөн зуун наян таван төгрөг, есөн мөнгө/ болгон нэмэгдүүлсэн тул шүүх тус шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.

1. Үндэсний ТЕГД-ын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №1/40 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь 1999 оны 08 дугаар сарын 06-ны өдөр №1539 дугаар Мөрөөдөл нэртэй шимийн архинд шинэ бүтээлийн патент[1] авч, Эрүүл мэндийн яамны харъяа Сэтгэцийн эмгэг-мансуурал судлалын төвийн дэргэдэх эрдэм шинжилгээний секторын 2001 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №01 дугаар хурлын протокол[2], мөн өдрийн Эрүүл мэндийн яамны харъяа Сэтгэцийн эмгэг наркологийн төвийн Мөрөөдлийн ханд бүтээгдэхүүний клиник туршилтын дүгнэлт[3]-ээр хүний биед элдэв харш нөлөө үзүүлэхгүй харин бие махбодийг сэргээж, эрүүл мэндийг дэмждэг болох нь клиник туршилтаар батлагдав гэжээ.

Нэхэмжлэгчээс 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Үндэсний ТЕГД-а Л.Зоригтод хандаж хүсэлт[4] гаргасан ба хүсэлтэд Монгол Улсын Онцгой албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь заалтад хамрагдах эсэх талаар тодруулга хүсчээ.

Үндэсний ТЕГД-ын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн № 1/40 тоот албан бичгээр[5] Мөрөөдлийн ханд нэртэй зөгийн балтай шимийн архийг онцгой албан татвараас чөлөөлөх боломжгүй гэж хувийг С******* аймгийн Татварын хэлтэс хүргүүлжээ.

Дээрх албан бичиг нь онцгой албан татвар ногдуулах талаар шийдвэрлэсэн, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Онцгой албан татвар оноох болон хувь хэмжээг тогтоох эрх зөвхөн Улсын Их Хуралд байхад хариуцагч нь өөрт эрх олгоогүй асуудлаар захиргааны акт гаргасны улмаас тус компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож, улмаар үйл ажиллагаа зогссон гэж, хариуцагчаас өөрийн эрх хэмжээний хүрээнд тодруулна хүргүүлсэн, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тус тус маргажээ.

Монгол Улсын Онцгой албан татварын тухай хуулийн /1993 оны / 4 дүгээр зүйлд дараах бараанд онцгой албан татвар ногдоно гээд тус зүйлийн 1 дэх хэсэгт бүх төрлийн согтууруулах ундаа гэжээ.

Мөн хуулийн 6 дугаар зүйлд 1 дэх хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 4-т заасан бараанд дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна гээд хүснэгтээр 8 төрлийн бараанд онцгой албан татвар ногдуулах барааны нэр, татварын хэмжээг хуульчилсан ба уг жагсаалтад нэхэмжлэгчийн үйлдвэрлэсэн шимийн архи багтаагүй байна.

   Нэхэмжлэгчээс 2004 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн № 05 тоот албан бичгээр[6] Шимийн архиар зарвал ямар хэмжээний онцгой албан татвар төлөх талаар тодруулахад С******* аймгийн Татварын хэлтсийн 2004 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №111 тоот албан бичгээр[7] Шимийн архинд онцгой албан татвар ногдуулах болон түүний хувь хэмжээний тухай албан ёсны шийдвэр одоогоор гараагүй гэсэн хариуг өгчээ.

Гэтэл тухайн бүтээгдэхүүн нь архи бус биологийн идэвхит хүнсний бүтээгдэхүүн болох нь Ургамлын гаралтай хүнсний стандартчиллын ДХ-ны 2004 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэл[8], Эмийн үндэсний зөвлөл Хүний эмийн салбар зөвлөлийн 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн № а/011 дүгээр хурлын тэмдэглэл[9], Эрүүл мэндийн яамны 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн № 6/3558 тоот албан бичиг[10], Эрүүл мэндийн яамны Сэтгэцийн эмгэг наркологийн төвийн 2004 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн № 128 тоот албан бичиг[11] зэргээр нотлогдож байна.

Улмаар Үндэсний татварын Ерөнхий газрын 2005 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн № 4/122 тоот албан бичиг12-ээр Мөрөөдлийн ханд нь агуулагдах спиртийн хувьд дэлхийн стандартад зөвшөөрөгдсөн хэмжээнээс бага учир архи гэж үзэх үндэслэлгүй бөгөөд эмчилгээний нөлөөтэй тул биологийн идэвхит хүнсний бүтээгдэхүүн, онцгой албан татвар ногдуулах үндэслэлгүй гэжээ.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Монгол Улсын онцгой албан татварын тухай хуулийн /1993 оны / 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бүх төрлийн согтууруулах ундаа гэсэн ангилалд хамаарахааргүй байна.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн /1992 оны/ 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Татварыг Улсын Их Хурал хуулиар бий болгож, өөрчилж, хүчингүй болгоно мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Улсын Их Хурал энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан татварын хувь, хэмжээг тогтооно, мөн 21 дүгээр зүйлд Үндэсний татварын албаны удирдлага, түүний бүрэн эрхийг хуульчилсан ба Үндэсний ТЕГД-ад онцгой албан татвар ногдох бүтээгдэхүүнийг тодорхойлох, хувь хэмжээг тогтоох эрх хуулиар олгогдоогүй байх тул маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.7-д заасан түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.

Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн № 2/1960 тоот албан бичиг, Монгол Улсын Сангийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн № 8-1/1586 тоот албан бичиг Төрөөс буруугаар дүгнэлт хийж хэвийн үйл ажиллагаа явуулахад саад болсонд уучлал илэрхийлж байна гэснийг дурьдах нь зүйтэй байна.

2. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж заасан бөгөөд Монгол Улсын Сангийн яамны 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн № 4-2/3399 тоот албан бичгээр нэхэмжлэгчийг Захиргааны хэргийн шүүхэд гомдол гарга гэжээ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна гэж заасан байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр Нэхэмжлэгч компанийн үүсгэн байгуулагч Г.Б******* нь 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон бөгөөд 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нас барьсан болох нь С******* аймгийн Ш******* сумын Нийгмийн даатгалын албаны 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, мөн үүсгэн байгуулагч Г.Э нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан болох нь түүний  хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон акт, амбулатори үзлэгийн дэвтэр зэргээр нотлогдож байна.

Мөн маргаан бүхий асуудлаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд 2006-2009 оны хооронд нийт 7 удаа хандсан болох нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжуудаар нотлогдож байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

3.  Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан 26.620.482.985,9 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн № 5216 дугаар захирамжаар хохирлын хэмжээг тогтоолгохоор шинжээч томилсон ба шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээг нийт 26.620.482.985,9 төгрөг гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй,  нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасан гэж, нэхэмжлэгчээс бид шинжээчийн дүгнэлтийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, шинжээчийн дүгнэлт нэхэмжлэл гаргасан үнийн дүнгээс бага гарсан бол бид маргахгүй байсан гэж тус тус маргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэгэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг буруу тооцсон талаар маргаж байгаа бөгөөд тус шүүхээс тухайн хуулийн этгээдэд учирсан бодит хохирол, ирээдүйд олох байсан орлого зэрэг үйл баримтыг тогтоох, түүнд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд маргаан бүхий асуудлаар иргэний хэргийн шүүхэд хангаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.10, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн /1992 оны/ 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Онцгой албан татварын тухай хуулийн /1993 оны / 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б-Софт ХХК-ийн нэхэмжлэлтэй ТЕГ т холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Үндэсний ТЕГД-ын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №1/40 тоот албан бичиг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлээ иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ