Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 161

 

         

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч О.П, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт О-н П-д холбогдох эрүүгийн 2035001100144 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х ургийн овогт О-н П, 1965 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 526 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .......

               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч О.П нь Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хужирт гэх газарт 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өөрийн охин С.Бийн эзэмшлийн 47-11 УБК улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгсэл жолоодож иргэн Д.Б-ын гэрийн гаднаас хөдлөхдөө авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчиж 1 нас 4 сартай Б.Сыг дайрч амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035001100144 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл[1],

2. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг[2],

3. Хохирогч Д.Б-ын “...Гэрт ирэхэд хүү С нь баруун шанаа шалбарсан, зүүн талын толгойны хэсэг хавантай, мөн ар нурууны хэсэгт шархтай, бага зэрэг амьсгаатай уйлж чадахгүй, нүд нь хөдлөхгүй байсан. Тэгээд том охин А-аас юу болсон талаар асуухад хар өнгийн приус-30 загварын автомашины хойд хэсгийн 2 дугуйны гол хэсгээс гарч ирлээ гээд цааш нь уйлаад яваад өгсөн. Түүнээс цааш хүнээс ямар нэгэн зүйл асуух сөхөө гараагүй. Хүү С-ын амьсгал мэдэгдэхээ больж байсан ба багийн эмч ирж үзээд чагнаж байгаад нас барчихсан гэж байсан бөгөөд сумын их эмч ирэх хүртэл биед нь массаж хийсэн боловч өөрчлөлт гараагүй. Тэгээд хүү маань нас барсан...” гэх мэдүүлэг[3],

4. Насанд хүрээгүй гэрч Б.А-ын “...Тэр гурав машинтайгаа хөдлөх гээд машины эргэн тойронд байсан хүүхдүүдийг холд гэж байсан ба дүү С-ыг хотоос ирсэн У гэр лүү оруулж байхаар нь зүгээр байх гэж бодоод би үхэр лүүгээ явсан. Тэгээд үхрээ холоос харчхаад гэр лүүгээ буцаж явж байхад хүүхэд уйлах шиг чимээ гарахаар нь дүү С-ыг ээжийгээ дагаад уйлж байгаа юм байна гэж бодоод гэр лүүгээ тайван алхаж байгаад ус авах гэж байсан машин руу харахад машин доор хүүхэд байгаа юм шиг харагдсан. Тухайн машин дээр очиход машин урагшаа аажмаар явсан байдалтай машины хойноос хойд талын 2 дугуйны хоорондох зайнаас дүү С доош харсан, 2 гар хөл нь шулуун байдалтай гараад ирсэн. Тэгэхэд нь орилж шууд дүү дээрээ очиж тэвэрч авсан. Тухайн үед дүүгийн нүүрний баруун шанааны хэсэгт шалбарсан байсан ба бусад гэмтлүүдийг нь харж чадаагүй. Удалгүй шон ачихаар явсан хүмүүс ирж эмнэлэгт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Г.У-ийн “...Тэгээд би оройхон Ба ахын жижиг гэрийг нь цэвэрлэж байхад Б эгч очоод дүүгээ авчих гэхээр нь би Ба ахын ачааны машины хажууханд С байхаар нь очиж авсан... Тэгээд намайг гэрээ цэвэрлэж байх хооронд С гэрээс гараад явчихсан байсан бөгөөд би С-ыг эгч, ах руугаа явсан гэж бодсон. Тэгээд гэр цэвэрлээд байж байхад хажуу талын том гэрт Б эгчийн хүүхэд нь уйлсан бөгөөд би очоод хүүхдийг нь тэвэрч байхад хүмүүс С-ыг машинд дайруулчихлаа гээд орилолдож уйлж эхэлсэн. Би том гэр дотор Б эгчийн хүүхдийг тэврээд байж байсан учир хэрхэн, яаж машинаар мөргөсөн болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Т-ын “...Тухайн өдөр 20-21 цагийн үед голын эрэг дээр тосож тавьсан усыг авч ирэхээр болж Улаанбаатар хотоос ирсэн дүү Бийн 47-11 УБК улсын дугаартай приус-30 загварын хар өнгийн машинаар явах болсон. Тухайн үед П эгч жолоо барихаар болж Н эгч жолоочийн эсрэг талын суудал дээр би арын суудал дээр сууж явахаар болсон. Гэтэл машины ойролцоо манай хүүхдүүд болон хотоос ирсэн хүүхдүүд байгаад байсан болохоор нь дүү нараа машинаас холдуул өөрсдөө бас хол байцгаа гээд хүүхдүүдийг машинаас холдуулахад манай хүү С-ыг Н эгчийн охин У тэврээд гэр лүү оруулсан. Гэтэл машин хөдлөхөд хүүхдүүд орилсон бөгөөд машинаас буухад машины хойд талын 2 дугуйны хоорондоос охин Анхзул хүү С-ыг тэвэрч авч байсан. Тэгээд хүү С-ыг гэр лүү оруулахад нүүрний хэсэг болон толгой хэсэг нь шалбарсан мөн нурууны ар хэсэгт 2 зүсэгдсэн шарх үүссэн байна гэж харсан. ...Машин гэрийн хойд ертөнцийн зүгээр зүүн урд чиглэлд харсан байсан ба П эгч машиныг жолоодож 3-4 метр л явсан байх харин машинд суухад урд хойгуур хүүхдүүд байсан ба дүү нараа аваарай гээд холдуулж байсан. Тэгэхэд хүү С-ыг У гэрт оруулж байгаа нь харагдсан бөгөөд хэзээд нь мэдэхгүй хүү С машины доогуур орчихсон байсан...” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч Б.Нийн  “...Тус өдөр ирээд мал гаргаж, хоол цай хийж, ойр зуурын ажил хийж байгаад ус дуусчихсан байна гээд П эгч талийгаачийн ээж А, бид 3 Бийн машинаар усанд явахаар болж эхэлж П эгч машин барихаар жолоочийн хэсэгт суусан хойноос нь А суусан дараа нь би машин руу явж суусан бөгөөд А арын зүүн хэсэгт суусан, харин би жолоочийн эсрэг талын урд суусан юм. ...Би машинд суухдаа машины урд хэсгээр ирж суусан ба урд хэсэгт хүүхэд байгаагүй юм. Тэгээд машинд суугаад удаагүй чигээрээ урагш хөдлөхөд гэнэт хүүхдүүд орилолдож машины ар хэсэгт А нь хүү С-ыг тэвэрчихсэн уйлж байсан түүнээс хойш юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг[7],

 8. Гэрч Б.А-гийн  “...Би тухайн үед талийгаач хүү Б.С яагаад машинд дайруулсан талаар нь талийгаач хүүгийн ээж болох Т.А-оос тодруулж асуухад манай гэрт Улаанбаатар хотоос болон Улаангомоос ирсэн амарч яваа хамаатны эгч болох О.П-тэй хамт машинаар нь ундны ус авахаар гэрийнхээ гаднаас хөдлөхөд машин доороос хүүхэд гарч ирсэн гэж ярьсан юм. Тухайн машин жижиг хар өнгийн приүс загварын суудлын машин байсан...” гэх мэдүүлэг[8],

9. 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 38 дугаартай “...Талийгаач Б.С-н биед гэмтэл учирсан байна. Баруун дагзны заадсаас зүүн дагзны заадас хүртэл нугасны нүхийг дайрсан зөрөөгүй хугарал. Зулай, шанаа, бүсэлхийн хэсэгт зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Талийгаач Б.С нь гавал ясны хугарал, тархины эдийн няцрал гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна...” гэх дүгнэлт[9],

10. Шүүгдэгч О.П-гийн яллагдагчаар өгсөн “...би машиныг асаагаад хөдлөх гэхэд машины зүүн ар талын хаалганы хэсгээр тэнд байсан А-ын охин А болон дүү нар нь болон манай хоёр зээ Б, А зэрэг хүүхдүүд хүрч ирсэн юм. Тэгээд би тэр хүүхдүүдэд цаашаа холд холд гэж хэлэхэд тэр хүүхдүүд машинаас хөндийрч холдоцгоосон тэгээд би машины зүүн талынхаа толинд хүүхдүүдийг харахад хүүхдүүд машинаас холдчихсон байсан ба урагшаа хөдлөхөд ямар нэгэн хүн харагдаагүй тэгээд би хойно байсан хүүхдүүдээ харсаар машиныг жолоодож зөөлхнөөр урагшаа 2-3 метр орчим хөдлөхөд толинд А-ын гар сарвалзаж харагдахаар би юу болсон юм бол гэж бодоод машины тоормос гишгээд араагаа салгаад машинаасаа буухад машины ар талын хэсэгт А нь хүү С-ыг тэврээд зогсож байхаар нь би гүйгээд очиход С машинд дайрагдсан гэсэн царай нь цайчихсан байдалтай байсан ... Би машинд суухдаа орчин тойрноо шалгаж суугаад хөдлөхдөө машины зүүн хойд талд байсан хүүхдүүдийг толиндоо харангаа урагшаа хөдөлсөн бөгөөд намайг урагшаа хөдлөхөд машины урд хэсэгт ямар нэгэн хүн байх нь харагдаагүй юм...” гэх мэдүүлэг[10] зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч О.П нь Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг Хужирт гэх газарт 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр иргэн С.Б-ийн эзэмшлийн 47-11 УБК улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгсэл жолоодож иргэн Д.Бын гэрийн гаднаас хөдлөхдөө 1 нас 4 сартай Б.Сыг дайрч амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч О.П нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна.

Шүүгдэгч О.П нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчиж, тухайн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч шүүгдэгч мэдэлгүй хүний амь насыг хохироосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч О.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.П шүүхийн хэлэлцүүлэгт “...Би Б-д бензин хий гэж 300’000, хүүхдийн хичээлийн бэлтгэл хийхэд 300’000 төгрөг өгсөн. Дараа нь 380’000 төгрөгийн үнэтэй хивс худалдаж авч өгсөн...” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “...надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй. Би болон манай гэр бүлээс О.П-гээс ямар нэгэн хохирол, зардал нэхэмжлээгүй, нэхэмжлэхгүй дээрх хэрэг нь санамсар болгоомжгүй байдлаас болсон учраас ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тус тус мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэв. Иймд шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч О.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч О.Энхтуяа[11], Ж.Төгсбаяр[12] нарын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт[14] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.П нь урьд ял шийтгүүлж байгаагүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, охины хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 526 тоотод оршин суудаг болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч О.П-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх”, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих болон эрх хасах ялыг оногдуулахыг тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.П-д тэнсэгдсэн хугацаанд оршин суух газраа өөрчилбөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх хасах ялыг тэнссэн тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч О.Пгийн 428043 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч О.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт О-н П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч О.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 4 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.П-д тэнсэгдсэн хугацаанд оршин суух газраа өөрчилбөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч О.П-д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч О.П-гийн 428043 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

6. Шүүгдэгч О.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.П-д өмнө авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХЗАЯА

 

 


[1] хх-ийн 8-9 дүгээр хуудас

[2] хх-ийн 10-11 дүгээр хуудас

[3] хх-ийн 30-33 дугаар хуудас

[4] хх-ийн 34-35 дугаар хуудас

[5] хх-ийн 37-38 дугаар хуудас

[6] хх-ийн 39-40 дүгээр хуудас

[7] хх-ийн 45-46 дугаар хуудас

[8] хх-ийн 50-51 дүгээр хуудас

[9] хх-ийн 78-81 дүгээр хуудас

[10] хх-ийн 106-108 дугаар хуудас

[11] хх-ийн 56-57 дугаар хуудас

[12] хх-ийн 58 дугаар хуудас

[13] хх-ийн 126 дугаар хуудас

[14] хх-ийн 128 дугаар хуудас