| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0123/Э |
| Дугаар | 135 |
| Огноо | 2020-08-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгч: С.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ш овогт С-ийн Г-т холбогдох эрүүгийн 2035000000125 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 13-нд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багт оршин суух, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй Ш овогт С-ийн Г.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч С.Г нь Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутагт 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Б.Нг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч С.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Г нь 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Б.Н-г зодсон болох нь:
хохирогч Б.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би хувиараа газар тариалан, мал аж ахуй эрхэлж амьдардаг юм. 2020 оны 8 дугаар 04-ний өдөр Увс аймгийн Тариалан сумын төвийн доод талд Залаа харгана гэх газарт өөрийн эзэмшлийнхээ 2 га хадлангийн талбай дээр би өөрөө ганцаараа өглөө 04 цагийн үед хадлан услах усаа оочер дугаарынхаа дагуу аваад хадлангаа услаад байж байтал өдөр 14 цагийн үед миний хадлангийн талбайн дундуур зүс таних 3 залуу 2 мотоциклтой талбайн газрыг гишгүүлж орж ирээд тухайн үед согтуу байсан С.Г гэх залуу нь “чи яасан их ус тавьдаг хүн бэ гэж надад хэлээд намайг дарамтлаад чи дараачийн хүндээ усаа өг, чи яасан удаан усалдаг нөхөр вэ гэж тэр ямар ч хамааралгүй С.Г гэдэг залуу хэл амаар доромжилж, дарамталж байгаад миний өмсөж байсан цамцаар толгойг минь бүрхэж байгаад миний толгой руу хэд хэдэн удаа гараараа цохиж, миний өмсөж явсан цамцыг урсан юм. Тэгээд би тэр үед уранхай цамцаа тайлж орхисон байтал С.Г чулуу авч дайраад намайг цохих гээд над руу чулуу шидэхэд би дальтарч уг чулууг өнгөрүүлсэн юм. Тэгээд дахиад над руу согтуу дайрч байгаад С.Г гараараа миний нүүр хэсэгт миний нүд, хамар руу хоёр удаа хүчтэй цохисон. Би тухайн үед цочирдсондоо ухаан алдаж, гэнэт ухаан ороход миний хамраас цус их хэмжээгээр гарсан байдалтай байсан юм. Тэгээд тэр залуучууд миний хадлангийн талбайд хоёр шил Ерөөл нэртэй архи, 2 ширхэг том пиво авч ирж уугаад миний хадлангийн дээр үлдсэн юм. Би өөрийн хадлангийн талбайгаа усалж дуусахгүй орхиод Улаангом руу гэр рүүгээ явсан юм. Одоо миний толгой, нүд, хамар, сээр хүзүүгээр өвдөж зовиурлаж байна. Намайг дээрэлхэж, тохуурхан доромжилж зодсон мөн миний хадлангийн талбай дээгүүр мотоциклтой явж өвс хадланг унагаж гэмтээсэнд гомдолтой байна. Би хохирлоо дараа нэхэмжилнэ. Одоо хүртэл С.Г надтай ирж уулзаагүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,
Гэрч Ш.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... бид нар Б.Н-гээс миний хадам дүү К.Тогтохбаяр газар услаж байсан усыг нь авах гээд тохирчихсон байсан учраас тэдний талбайн усны шуудууг нь боочихоод явъя гээд Н-ийн хадлангийн талбайн дээд эхэн талд нь байдаг талбай дээр мотоциклтойгоо очоод зогссон юм. Харин С.Г нь шууд өөрийнхөө мотоциклтой Б.Н-ийн хадлангийн талбай руу мотоциклтойгоо ороод яваад очсон юм. Тэгээд миний хадам дүү К.Т бид хоёр яваад очиход С.Г Б.Н хоёр хоорондоо маргалдаад, зодолдож эхэлж байсан юм. К.Тогтохбаяр бид хоёр тэр хоёрыг салгаад тэр хоёр маргалдах нь арай гайгүй болж байтал С.Г өөрийнхөө мотоциклын толинд өөрийгөө харчихаад “чи миний нүүрийг маажсан байна гэж хэлээд дахиад түүнтэй очиж маргалдаж байгаад Б.Н гэдэг залуугийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод цохичихсон юм. Тэр үед Н-ийн хамраас нь цус гараад тэгээд би тэр үед ундааны саванд ус хийж авч ирж цусыг нь угаалгаж өгсөн юм. Түүнээс хойш дахин зодоон цохион болоогүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,
Гэрч К.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... хүргэн ах Ш.Ц бид хоёр алхаад очих үед С.Г Б.Н хоёр маргалдсан байсан юм. Тэгээд С.Г нь Б.Н-г чи усаа дараагийн чих рүү тавиачээ гэж хэлэхэд Б.Н урдаас нь хэгжүүрхээд тэр хоёр маргаж байсан юм. Удалгүй тэр хоёр барьцалдаж нэгнийхээ нүүрийг самардаж, маажсан юм. Тэгээд хүргэн ах бид хоёр тэр хоёр хүнийг салгаж байтал С.Г очоод өөрийнхөө мотоциклын толинд нүүрээ харчихаад уурлаж, би гэртээ хариад эхнэртээ юу гэж хэлэх юм бэ, чамаар маажуулсан гэж хэлэх юм уу, айлын авгайгаар маажуулсан гэж хэлэх юм уу гэж хэлээд С.Г нь Б.Н-ийн нүүр рүү нэг удаа хамар хэсэгт нь цохичихсон юм. Тэр үед Б.Н-гийн хамраас цус гарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,
Шүүгдэгч С.Гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хадлангийн талбай услах зорилгоор Залаа харгана гэх газар очсон бөгөөд манай хадлангийн талбайн хажуу талд Б.Н гэдэг залуу ус авч байхаар нь очоод түүнд хандаж танай талбайг усалж байгаа ус доошоо машины зам дагуу урсаж байна. Илүүдэл ус гүйлгэхгүйгээр хурдан талбайгаа усалж дуусгацгаая гэж хэлсэн. Мөн тэр илүүдлээр урсаж байгаа усыг очиж үзье гэж би хэлсэн. Тэгэхэд Б.Н миний урдаас надтай маргалдаад бид хоёр барьцалдаж ноцолдож байхад Б.Н миний нүүрийг маажчихсан юм байнлээ. Би тухайн үед мэдээгүй бөгөөд мотоциклынхоо толинд нүүрээ харахад миний нүүр шалбарсан байсан учраас би Б.Н-г чи миний нүүр маажсан байна гээд гараараа нэг удаа түүний хамар орчим газарт нь цохичихсон юм. Би тухайн үед эрүүл очсон бөгөөд харин зодоон болсоны дараа хадлангийн талбай дээр би нэг шил Ерөөл гэдэг 0,5 литрийн хэмжээтэй архи ууцгаасан юм.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 524 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Б.Н-гийн биед хамар ясны зөрөө бага хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тогтоолд заасан хугацаанд үүссэн байх боломжтой. Хамар ясны хугарал эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 19-20-р тал/-ээр хохирогч Б.Н-ийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Г нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Н-ийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Н-гийн гаргаж өгсөн “...С.Г надад учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн, С.Г бид хоёр эвлэрсэн цаашид С.Гоос нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх тодорхойлолт /хх-ийн 52-р тал/-оор шүүгдэгч С.Гоос гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч С.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Г урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 40-р тал/-аар тогтоогдож байна
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч С.Д-ын өгсөн: “Миний хамаатны ах С.Г нь даруухан төлөв зантай, үг дуу цөөнтэй, хүнд тусч, ажилсаг хөдөлмөрч зантай хүн юм. Хувиараа газар тариалан эрхэлж амьдардаг бөгөөд архи дарс төдийлөн хэрэглээд байдаггүй хүн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/ хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчтай тохиролцож санал ирүүлсний дагуу торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Гт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт С-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Гт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ