Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгч: Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Н-ийн Э-д холбогдох эрүүгийн 2035000810118 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 06-нд Увс аймгийн Давст суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багт оршин суух Ж овогт Н-ийн Э .

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэн П.Батсүхийн эзэмшлийн 46-86 УВА улсын дугаартай Ниссан Адван загварын автомашин жолоодоод иргэн Я.Э-ын гэрийн гаднаас хөдлөхдөө автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасныг зөрчиж 11 сартай бага насны хохирогч Э.Хыг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Н.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Давст сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэн П.Б-ийн эзэмшлийн .... УВА улсын дугаартай “Ниссан Адван” загварын автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6-р тал/,

Замын бүдүүвч зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 7-8-р тал/,

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11-р тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Давст сумын 1 дүгээр баг Хадат гэх газраас Жирээг гэх газарт 13 цагийн үед нүүж ирээд гэрээ буулгаж байхад хажууханд ойрхон байсан саахалт айл болох Б-ийн охин Н.Э аавынхаа цагаан өнгийн машиныг ганцаараа унаж ирээд бид нарт цай өгсөн. Би эхнэр Дуламсүрэн болон Н.Э бид 3 гэрээ барьж дуусгаад 15 цагийн үед би гэрийн ойролцоо малаа эргүүлж явтал эхнэр Дуламсүрэн “хүүхэд, хүүхэд” гээд орилоод байхаар нь би сандраад гүйгээд очиход манай бага хүү 11 сартай Э.Хыг тэвэрчихсэн хоёулаа уйлж байсан. Очоод юу болсныг асуухад “Н.Э машинаа асаагаад явахдаа хүү Э.Хыг мөргөчихөөд явчих шиг боллоо” гэж хэлсэн. Намайг гэр рүү гүйгээд ирж байхад Н.Э машинаа унаад цааш гэр рүүгээ явж байсан. Манай бага хүүгийн зүүн шанаа нь шалбарсан, цус гоожсон байдалтай уйлж байсан. Тухайн үед Н.Э манай гэрийн баруун талд гэрээс 10 метрийн зайд хойд зүг рүү машинаа харуулаад зогсоосон байсан. Тэр үед манайх нүүж ирээд гэрээ барьсан байсан тул миний бага хүү мөлхөөд машины хажууд очсон байсан. Тэгээд би мотоциклоор манайхаас 12 километрийн зайнд байдаг сумын төв рүү явж эмнэлэгт дуудлага өгөөд эргээд явах гэж байтал манай ойролцоо байсан бас нэг саахалт айлын Г гэх залуу өөрийнхөө ногоон өнгийн жижиг машинаар миний эхнэр Д болон бага хүү Э.Х нарыг сумын төв рүү авч ирсэн. Сумын төвийн эмнэлэгт анхан шатны тусламж үзүүлээд аймгийн эмнэлэгт сумын эмнэлгийн машинаар бид гуравыг оруулж ирж өгсөн. Тухайн үед Гэмтлийн тасгийн Б эмч энд байсан тул манай бага хүүд эмчилгээ хийсэн. Хүү Э.Хын толгойн яс нь бага зэрэг цууралттай, мөн амьсгалын дутагдалтай байна гээд уушгинд нь гуурсаар хүчил төрөгч залгаж, 2 хонуулаад авсан. Одоогоор миний бага хүү Э.Х ээжийнхээ хамт аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд одоо ямар ч өвдөж зовуурилах зүйлгүй болсон. Надад гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41, 42-р тал/,

гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Манайх 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өөрийн зуслан болох Увс аймгийн Сагил сумын 1 дүгээр багийн нутаг Хадат гэх газраас Тохойн ам Жирээг гэх газарт 13 цагийн үед гэрээ нүүлгэж ирээд гэрээ буулгаад барьж байхад саахалт айл болох Б ахын охин Н.Э аавынхаа цагаан өнгийн автомашиныг ганцаараа уначихсан ирсэн ба бид нарт цай авч ирж өгсөн. Н.Эг ирэх үед манай нөхөр Я.Э, охин Э.Ү, хүү Э.И, 11 сартай хүү Э.Х бид тавуулаа байсан. Хүүхдүүд жаахан учир ажилд тусалж чадахгүй тоглож наадаж байсан. Харин Н.Э нь нөхөр бид хоёртой гэр барилцаж тусалсан юм. Гэрийн дотор тавилгыг Н.Эгийн хамтаар янзалж байсан ба тэгэхэд хүүхдүүд мөн л гэрийн гадна тоглож байсан. Тухайн өдрийн 15 цагийн үед гэрээ барьж дуусаад Н.Э гэр рүүгээ явахаар болж гэрээс гарсан ба машинаа асааж явж байгаа нь сонсогдсон. Н.Э яваад удаагүй хүү Э.Х уйлж эхэлсэн ба сандарч гэрээс гарахад хүү Э.Х нь гэрийн зүүн хэсэгт газарт дээр уйлсан байдалтай хэвтэж байсан. Гүйгээд очиход миний хүүгийн нүүрний зүүн шанааны хэсэг нь шалбарч цус гарч байсан. Тэрхэн зуур миний бие муудсан. Удалгүй нөхөр хүрч ирээд эмнэлэгт хандаж миний төрсөн дүү Ганхуяг манайд ирж машинаараа хүү бид хоёрыг сумын эмнэлэг хүргэж ирсэн.. ” гэх мэдүүлэг, /хх-ийн 43-44-р тал/,

гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн үед хүргэн ах Я.Э залгаад бага хүү Э.Х гэмтчихлээ, машинаа аваад яаралтай хүрээд ир гэхээр нь хариулж байсан малаа бэлчээрт нь орхиод гэр рүүгээ явж өөрийн форестер загварын автомашинаа унаад Я.Э ахынд очсон. Очиход тэдний бага хүү Э.Х нь чанга орилж уйлсан, ээж нь тэвэрсэн, нүүрний зүүн шанаа  хэсэг нь шалбарсан байдалтай байсан. Тэгээд шууд хүү Э.Х, ээж Дуламсүрэн нарыг машиндаа суулгаж, сумын эмнэлэг орохоор явсан. Тухайн үед хүргэн Я.Э сумын эмнэлэгт мэдэгдэхээр явчихсан байсан бөгөөд сум явах замд таарч хамт сумын эмнэлэг рүү явсан. ...Сүүлд Я.Э ах, Д эгч, Э.Х гурвыг аймгийн Нэгдсэн эмнэлэг явсаны дараа Я.Э ахаас Б охин Н.Э машинтай явж ирээд буцаж явах гээд хөдлөхдөө Э.Хыг анзаарахгүйгээр мөргөчихсөн юм байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/,

-Шүүгдэгч Н.Эгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр манай ээж болох Н-тай төрөл садангийн холбоотой Э ахынх манай гэрийн ойролцоо нүүж ирсэн юм. Тухайн үед манай аав ээж хоёр сумын төв рүү явчихсан байсан бөгөөд аав өөрийнхөө 46-86 УВА улсын дугаартай автомашинаа гэрийн хажууд үлдээгээд түлхүүрийг нь гэрийн унинд өлгөж үлдээгээд явсан байсан. Тэгээд би 15 цагийн үед байх Э ахынх нүүж ирж байгаа юм чинь гээд цай хүргэж өгөхөөр халуун савтай цай аваад аавын машиныг унаад Энхбат ахын гэр рүү явсан юм. Би очихдоо машиныг урдаас хойш чиглэлтэй явж машиныг хойд зүг рүү харуулан тавьсан юм. Тэгээд машинаас буухад Я.Э ахынх гэрээ барьж эхэлж байсан бөгөөд авч ирсэн цайгаа өгөөд гэр барих ажилд нь тусалсан. Я.Э ахын гэр барих ажлыг нь нэлээн дөхүүлж өгчихөөд, дүү нар гэртээ байгаа, тугал мал эргүүлэх цаг болж байгаа гээд 17 цагийн үед байх гэр рүүгээ явахаар болсон юм. Тэгээд Я.Э ахын гэрийн зүүн талд хойш харуулан байрлуулсан аавын машин руу хойд талаар нь тойрч суугаад машин дотор хэсэг байж байгаад машиныг асаагаад гэрийн араар нь тойрч гараад гэр рүүгээ явсан юм. Тэгтэл удалгүй Я.Э ах над руу залгаад манайх руу яваад оч гэж хэлээд тасалсан ба гэр рүү нь гүйж очиход Г ах Э ахын хамгийн бага хүү Э.Хыг ээжтэй нь хамт сумын эмнэлэг рүү авч явж байсан. Би хэн хэлсэн болохыг мэдэхгүй. Надад чамайг явсны дараа Э.Хын нүүр нь шалбарч уйлаад байна, чи хөдлөхдөө мөргөчихсөн юм биш үү гэсэн. Тэгээд манай гэрийнхэн сумын эмнэлэг рүү ардаас нь явж очсон. Би тухайн үед машиныг хөдөлгөхдөө машины хойд хэсгээр нь тойрч жолоочийн суудал дээр суусан бөгөөд урд хүүхэд байгаа эсэхийг хараагүй, мэдээгүй. Э.Х нь 1 настай жаахан хүүхэд учир надад харагдаагүй байх. Би ямартай ч машинд суухдаа машины арын хэсгээр ирж суухад машинд ойр хүүхэд харагдаагүй бөгөөд машинд сууж байх хооронд Э.Х нь машины ойролцоо ирсэн байх. Би өөрийнхөө болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа болоод ийм асуудал үүсгэсэн гэдгээ ухамсарлаж Э.Хыг эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд нь хоол цайг нь зөөж байсан. Мөн манай гэрийнхэн эмчилгээнд гарсан зардлыг нь өгсөн гэж байсан...” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдож байна.

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.

Шүүгдэгч Н.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 46-86 УВА улсын дугаартай “Ниссан Адван” загварын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргасны улмаас бага насны хохирогч Э.Хын биед “Зүүн талын дух, зулай яс нийлэх заадасны дунд хэсгээс зүүн чамархай руу чиглэсэн цуурсан болон сэлтэрсэн далд хугарал, тархины хүнд зэргийн няцрал, цээжний няцрал, баруун уушгины бүрэн шалчийлт, цээжний баруун хөндийд хий, цус хуралдалт, цээжний баруун талын арьсан доор хий хуралт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, баруун ташаанд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр үүссэн байсан байна. Зүүн талын дух, зулай яс нийлэх заадасны дунд хэсгээс зүүн чамархай руу чиглэсэн цуурсан болон сэлтэрсэн далд хугарал, тархины хүнд зэргийн няцрал гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 523 дугаартай дүгнэлт /хх-ийн 58-р тал/-ээр тогтоогджээ.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн Газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхитэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргээс ялгагдана.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч Н.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Р.Б-ийн эзэмшлийн ....УВА улсын дугаартай “Ниссан Адван” загварын автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа хор уршигт хүргэсэн байх тул Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасан ба шүүгдэгч Н.Э-гийн хувьд автомашин жолоодож хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчныг байдлыг биеэр шалгаагүй бөгөөд аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаагүйгээс дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Н.Э нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гаргах үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан болох нь Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл, хяналтын төвөөс жолоочийн үнэмлэхтэй эсэх талаар лавлагаагаар нотлогдож байх тул шүүгдэгч Н.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас бага насны хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Э нь “Одоогоор миний бага хүү Э.Х ээжийнхээ хамт аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд одоо ямар ч өвдөж зовуурилах зүйлгүй болсон. Надад гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 42-р тал/ гэж мэдүүлсэн учир шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Н.Эг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Н.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуугаар зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч Н.Э нь 2002 оны 01 дүгээр сарын 06-нд төрсөн 2020 оны 5 дугаар сарын 23-нд гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 04 сар 17 хоногтой байсан болох нь түүний нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 36-р тал/, бусад хувийн байдал тогтоосон баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Эгийн хувийн зан байдлын талаар гэрч Р.Б-ийн өгсөн: “Н.Э нь 2002 онд Увс аймгийн Давст суманд төрсөн. 10  настайдаа ээж Намжилмаатай цуг ирсэн. Увс аймгийн Давст сумын ЕБС-д 8 дугаар анги хүртлээ суралцаж байгаад 9 дүгээр ангиасаа Улаангом сумын Цогцолбор 2 дугаар сургуульд суралцаж, энэ жил 12 дугаа анги төгссөн. Одоо доороо 3 эмэгтэй, 1 эрэгтэй дүүтэй. Манайх хөдөө мал маллаж амьдардаг бөгөөд Н.Э нь хичээлийнхээ амралтаар ирж малын ажилд тусалдаг. Сая 12 дугаар анги төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч Этүгэн их сургуулийн их эмчийн ангид элсэн орсон. Хичээл сургуульдаа сайн сурч байсан. Зан байдлын хувьд дуу цөөтэй, бусадтай харилцахдаа тааруухан, намуухан дөлгөөн. Уур уцааргүй, дүү нараа сайн харж ханддаг. Гэрийн бүхий л ажлыг хийдэг, ажилч хичээнгүй, хийнэ гэсэн зүйлээ заавал хийдэг сайн охин минь юм. Даанч өөрийнхөө болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээс болж энэ хэрэгт холбогдоод байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 52-р тал/ хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Н.Э нь урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн 76-р талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийг төгсөж, “Этүгэн” их сургуулийн хүний их эмчийн ангид элсэн суралцахаар болсон байна.

 

Шүүгдэгч Н.Э нь нүүдэллэн ирсэн айлд цай хүргэж, гэрийг нь барилцаж, гэрийн тавилга, эд зүйлсийг байрлуулж өгсөн үйлдэл нь Монголын уламжлалт соёл, зан заншилд сайн суралцаж, уг зан заншлыг биеэрээ уламжлан тээгч болохыг илтгэнэ.

Энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь зөвхөн шүүгдэгч Н.Эгийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйгээс гадна, эцэг, эхийн хүүхдээ хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйтэй салшгүй шалтгаант холбоотой байна.

Бага насны хохирогч Б.Х-ын эх Б.Д нь шүүгдэгч Н.Э машинаа жолоодож явж байх үед гэртээ байсан боловч бага насны хүүхдээ хаана байгааг анхаарч үзээгүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т “...үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж,

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Эцэг, эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийг үл хайхрах, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах арга хэмжээг авна” гэж,

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “эцэг, эх хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэгтэй” гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1-т “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх” гэж тус тус заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, гэмт хэрэг гарахад бага насны хохирогчийн эцэг, эхийн хэт хайхрамжгүй байдал нөлөөлсөн, түүний хүмүүжил, Монголын уламжлалт соёл, зан заншилд сайн суралцсан байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшиж буй байдал, цаашид хүний их эмч мэргэжлээр суралцаж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Эгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж ялаас чөлөөлөх эсэх асуудлыг хууль тогтоогч зөвхөн шүүхэд олгосон тул шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү заалтыг журамлан шүүгдэгч Н.Эг ялаас чөлөөлөх боломжтой гэж дүгнэв.

Дээрх заалтын “ялаас чөлөөлөх” гэдэг нь үндсэн болон нэмэгдэл ялд аль алинд нь хамааралтай гэж үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас мөн чөлөөлсөн болно.

Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Н-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчисний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.ГАНСҮХ