| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0785/Э |
| Дугаар | 814 |
| Огноо | 2020-10-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 814
2020 10 12 2020/ШЦТ/814
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
улсын яллагч Г.Анармөнх,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 2011 01188 0845 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эцэг, эх, 2 дүү, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн.. дүгээр хороо, .. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
Б.О, регистрийн дугаар / /,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн танил Х.Э-той маргалдаж улмаар түүний хэвлийн зүүн доод хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Х.Э-ын “...2020 оны 06 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо .. төвийн арын байранд очсон. Намайг очиход Б.О ганцаараа эрүүл байсан. Би цалин болох 500 гаруй мянган төгрөг өгсөн. Тэгээд би авч очсон 2.5 литр савлагаатай пиво уугаад дахиад гарч Хараа гэх нэртэй 0.75 литрийн савлагаатай архи, дахиад том 2.5 литр савлагаатай пиво авсан. Тэгээд ууж байгаад 2020 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 05 цагийн үед үүр цайж байхад гэнэт миний гэдэс рүү хутгалчихсан. Тэгээд миний гэдэснээс цус гараад байхаар нь 00-ийн өрөө рүү ортол Б.О хутга угаагаад зогсож байсан. Би тэгэхээр нь хар иштэй хутгыг аваад гараад зугтах гэтэл надтай 00-д ноцолдсон. Тэгээд би унагаачхаад гараад зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 6708 дугаартай “...Х.Э-ын биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Оын “...хамт хоёр хоног уусан байх аа. Би сайн санахгүй байна. Тэгээд хамт яриад сууж байсан санагдаж байна. Гэтэл гэнэт би 00-ийн өрөөнд Э-ын гэдэснээс нь цус гаргачихсан, би арчаад зогсож байсан. Тэгээд яасан юм гэтэл Э- чи намайг хатгачихлаа шдээ, би явлаа гэхээр нь би гайгүй байна хоночхоод явахгүй юм уу гэтэл би явлаа гээд гараад явсан... би гэмтээсэн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Оын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн танил Х.Э-той маргалдаж улмаар түүний хэвлийн зүүн доод хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Х.Э-ын “...Тэгээд ууж байгаад 2020 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 05 цагийн үед үүр цайж байхад гэнэт миний гэдэс рүү хутгалчихсан. Тэгээд миний гэдэснээс цус гараад байхаар нь 00-ийн өрөө рүү ортол Б.О хутга угаагаад зогсож байсан. Би тэгэхээр нь хар иштэй хутгыг аваад гараад зугтах гэтэл надтай 00-д ноцолдсон. Тэгээд би унагаачхаад гараад зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 6708 дугаартай “...Х.Э-ын биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Оын “...хамт хоёр хоног уусан байх аа. Би сайн санахгүй байна. Тэгээд хамт яриад сууж байсан санагдаж байна. Гэтэл гэнэт би 00-ийн өрөөнд Э-ын гэдэснээс нь цус гаргачихсан, би арчаад зогсож байсан. Тэгээд яасан юм гэтэл Э- чи намайг хатгачихлаа шдээ, би явлаа гэхээр нь би гайгүй байна хоночхоод явахгүй юм уу гэтэл би явлаа гээд гараад явсан... би гэмтээсэн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Б.О нь хохирогч Х.Э-той маргалдаж улмаар түүний хэвлийн зүүн доод хэсэгт нь хутгалж хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Б.О-ын нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсэж үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байсан гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Улсын яллагч: Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч нь өмгөөлөгчгүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан болно. Мөн Б.О нь ажил хөдөлмөр хийх олдоц муу байгааг харгалзан торгуулийн ял шийтгэлийг багасгаж өгнө үү, гэм буруу, зүйлчлэл маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийгээгүй болно.
Иймд шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 800 нэгжтэй тэнцэх 800,000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хохирогч Х.Э- нь хохирлын баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Б.О-ыг бусдад төлөх төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нийт 19 см урттай, 9 см урттай ажлын хэсэгтэй, 10 см урттай, 3 хадаас бүхий хагарсан пиворь хар иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нийт 19 см урттай, 9 см урттай ажлын хэсэгтэй, 10 см урттай, 3 хадаас бүхий хагарсан пиворь хар иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ