| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0771/Э |
| Дугаар | 821 |
| Огноо | 2020-10-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 821
2020 10 14 2020/ШЦТ/821
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.А-т холбогдох эрүүгийн 2011 00000 0790 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 07-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд
-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар,
-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар,
-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж 3 жилийн хугацаагаар тэнссэн,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Л.А нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо,.. дугаар гудамжны .. тоотод оршин суух иргэн С.Х-ын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 350.000 төгрөгийн үнэ бүхий Funai брендийн 42 инчийн зурагт, мөн тоотод оршин суух иргэн Б.Б-ийн өвлийн байшинд нэвтрэн орж 320.000 төгрөгийн үнэ бүхий Elko брендийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 670.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 04 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, ... тоотод оршин суух З.Лхагвасүрэнгийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 320.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг загварын зурагт 1 ширхэг, 136.500 төгрөгийн үнэлгээ бүхий 21 кг хонины гулууз мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 456.500 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо,.... тоотод оршин суух иргэн Б.У-гийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы түлхүүрийг нуусан газраас нь олж, хууль бусаар нэвтэрч 220.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг 32 инчийн Шарп брендийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Л.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Хохирогч С.Х-ын “...2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд Зурагтын ойролцоо нэг таньдаг айлд ажил явдал гарсан гээд очиж байж байгаад шөнө гэрт ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт оруулаад тавьчихсан, гэр дотор байсан зурагт алдагдсан байсан. Тэгээд манай хашаанд байдаг миний төрсөн дүүгийн хүүхэд Батмэндийн байшингийн хаалга нь онгорхой байхаар нь хүн байгаа юм байхдаа гээд ороод үзсэн чинь бас зурагт байхгүй байсан...хар өнгийн Фунай брендийн 42 инчийн ЛСД загварын зурагт байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Хохирогч Б.Б-ийн “... 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 21 цагийн орчим манай хашаанд байдаг Хасбаатар гэх ах над руу залгаад гэрт хулгай орчихсон, зурагт чинь алга болсон байна гэж хэлсэн. Хасбаатар ах хэлэхээр нь би шууд найзынхаасаа такси бариад гэртээ харьсан. Тэгээд гэртээ ирэхэд манай гэрээс хар өнгийн 42 инчийн Элко загварын зурагт алдагдсан байсан...Л.А гээд манай тэнд байдаг залуу байгаа. Тэр залуу надаас чи хэзээ ажилтай юм гэж асууж байсан. Өмнө нь манай ах Хасбаатарын гэрээс гутал хулгайлж байсан. Манай гэрээр байнга ирдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29 дугаар/,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 49 дүгээр хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 50-51 дүгээр хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Хохирогч З.Лхагвасүрэнгийн “... би өчигдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 11 цагийн үед гэрээсээ гараад Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг орж биеэ үзүүлчхээд ...Алтансүлд гэх айлд хонох гээд байж байтал манай хүү Бат-Оргил Дундговь аймагт айлд морь унаж байгаад айлынхаа хүмүүсээр гэртээ хүргүүлээд шөнө 1 цагийн үед гэртээ ирээд гэрлүүгээ орсон чинь гэрийн хаалга онгорхой даруулга цоож нь газар хэвтэж байсан гэсэн...би гэрлүүгээ очоод гэр доторх юмнуудаа бүртгэж үзэхэд зурагт, хөлдөөгчид байсан хонины гулууз мах зэрэг эд зүйл алга болсон байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-64 дүгээр хуудас/,
Гэрч Т.Мөнгөнцэцэгийн өгсөн “...Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ... тоот хаягт Л.А гэх хүн одоо хүртэл бүртгэлтэй байгаа. Гэхдээ оршин суухгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ЧД2-20-246 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 73-74 дүгээр хуудас /,
Шүүгдэгч Л.Аын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 90-95 дүгээр хуудас /,
Хохирогч Б.Ууганцэцэгийн “... би 2020 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн орчимд гэрээсээ нөхрийн хамтаар ажил руугаа явсан...гэртээ 22 цагийн орчимд очоод гэрийн хаалгаа онгойлгоход манай зурагт байхгүй байсан тул манай нөхөр над руу залгахаар нь цагдаа дууд гэсэн....Манай гэрийн хаалгыг огт эвдээгүй, түлхүүрээр нь онгойлгон орсон байсан. Манайх гэрийн түлхүүрээ нэг газар нуудаг юм. Тэр түлхүүр нуудаг газрыг Л.А гэдэг залуу л мэднэ. Өөр хүн мэдэхгүй. Манай нөхрийг таньдаг залуу байгаа юм. Манай ойрхон амьдардаг байх үед таньдаг болсон.Манай гэрт 2020 оны 05 дугаар сараас эхлэн амьдарч байгаад больсон. Манай гэрт ирээд архи уугаад янз бүрийн хүмүүс цуглуулаад байсан юм...манай зурагтыг Л.А гэх хүн авч явсан. Түүнийг авч явахыг харсан хүн байсан. Манай нөхрийн найзууд нь хэлсэн байсан. Тэгээд ч Л.А л гэрийн түлхүүр хаана байгааг мэдэх ганц хүн..” гэх мэдүүлэг /хх-ийн 121-122 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 104-105 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 106-109 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Алтанбаганын мэдүүлэг /хх-ийн 123-124 дүгээр хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 142-148 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 468 дугаартай дүгнэлт /хх-ийн 129-130 дугаар хуудас /,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх 150/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 165/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 151/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.А нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо,.. дугаар гудамжны .. тоотод оршин суух иргэн С.Х-ын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 350.000 төгрөгийн үнэ бүхий Funai брендийн 42 инчийн зурагт, мөн тоотод оршин суух иргэн Б.Б-ийн өвлийн байшинд нэвтрэн орж 320.000 төгрөгийн үнэ бүхий Elko брендийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 670.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 04 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ... тоотод оршин суух З.Лхагвасүрэнгийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 320.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг загварын зурагт 1 ширхэг, 136.500 төгрөгийн үнэлгээ бүхий 21 кг хонины гулууз мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 456.500 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо,..-... тоотод оршин суух иргэн Б.Ууганцэцэгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы түлхүүрийг нуусан газраас нь олж, хууль бусаар нэвтэрч 220.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг 32 инчийн Шарп брендийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.А нь хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар айлын гэр лүү нэвтэрч эд зүйл авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.
Шүүгдэгч Л.Аын нэвтэрсэн обьект нь хүн байнга амьдрах зориулалттай гэр, байшин бөгөөд нууцаар уг гэр лүү нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.
Шүүгдэгч Л.А нь айл руу хууль бусаар нэвтэрч хулгай хийсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байсан гэж үзэх үндэслэлтэй тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Л.Аын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон
Улсын яллагч: Шүүгдэгч Л.Ат 4 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.
Шүүгдэгч:Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй өөрийгөө өмгөөлж оролцох талаар бичгээр хүсэлтээ гаргасан болно. Уг гэмт хэргийн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр шүүгдэгч маргаагүй, ар гэрийнхэн хохирол төлөх боломжгүй байгаа гэсэн. Хөнгөн ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.
Шүүгдэгч Л.А нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, уг гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлсэн байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх буюу нийтлэг зорилго, нэгдмэл нэг санаа зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн адил төсөөтэй хэд хэдэн гэмт үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Л.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх, шүүгдэгч Л.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Аын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 70 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох зүйтэй байна.
Шүүгдэгч Л.А нь хохирол төлөх зорилгоор ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлага авсан боловч хохирол төлөгдөөгүй болно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Ааас нийт 1.346.500 төгрөгийг гаргуулж хохирогч С.Х- /йи66010311/-т 350.000 төгрөг, Б.Б- /йи97032816/-д 320.000 төгрөг, З.Лхагвасүрэн /ую93111700/д 456.500 төгрөг, Б.Ууганцэцэг /жи80040400/-т 220.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Л.А-т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.А-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 70 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Л.Ааас нийт 1.346.500 төгрөгийг гаргуулж хохирогч С.Х- /йи660103../-т 350.000 төгрөг, Б.Б- /йи970328../-д 320.000 төгрөг, З.Л /ую931117..д 456.500 төгрөг, Б.У /жи800404../-т 220.000 төгрөгийг тус тус олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ