Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 22

 

Г.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                       Н.Дуламсүрэн

Яллагдагч                                      Г.З-

Яллагдагчийн өмгөөлөгч              Ч.Булган

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамирын даргалж 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 30 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын  бичсэн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Г-ын Золжаргад холбогдох эрүүгийн 1718003330150 тоот 1 хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй Ч- овогт Г-ын З-, /РД:**********/ нь 2017 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө согтуугаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах  “Эрдэнэс плаза”-гийн гадна  таксины буудал дээр иргэн Ц.Б-г хавсарч унагаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Г.З-д холбогдох хэргийг хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэлд: “... Яллагдагч Г.З- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэс плаза” төвийн урд талын таксины буудал дээр өөрийн найз Б.Ч-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж байхад нь хохирогч Ц.Б- утсаараа бичлэг хийсэнд дургүйцэн хавсарч унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон түүнчлэн хохирогчийг тохуурхан доромжилсон аливаа үйлдэл болоогүй, хохирогч, яллагдагч нар бие биенээ таньдаггүй, хохирогч тухайн үед цагдаагийн албан хаагчийн тэмдэг, дүрэмт хувцасгүй явснаас гадна өөрийгөө цагдаагийн албан хаагч гэдгээ танилцуулаагүй болох нь яллагдагч нарын болон хэрэгт  асуугдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул дээрхи үндэслэлүүдээр гэрч н.Эрхэмбаяраас гэрчийн мэдүүлэг авахгүйгээр хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой, хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх шүүгчийн 30 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив.”гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Дуламсүрэн гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Г.З-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 13-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэс плаза”-н орчим Б.Ч-тэй маргалдаж байх үед нь хохирогч Ц.Б- гар утсаараа бичлэг хийхэд Г.З- нь “бичлэг хийхээ болиоч, хүний мууд дуртай юм бэ” гэж хэлээд хохирогч Ц.Б-г хавсарч унагааж хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Г.З- нь хохирогчийг тохуурхан доромжилсон аливаа үйлдэл хийгээгүй болох нь н.Ганчөдөр, н.Б-, н.Энхбаатар нарын мэдүүлэг болон хохирогчоос “Нэгдсэн эмнэлэг”-н хүлээн авах тасагт авсан тайлбар зэргээр нотлогддог. Хохирогч, шүүгдэгч нарын хооронд хэрүүл маргаан болоогүй. Хохирогч Ц.Б- тайлбартаа: “намайг хогийн цагдаа” гэж хэлээд хавсарч унагаасан, дараа нь хэвлийн хэсэгт өшиглөсөн” гэж хэлдэг. Г.З- мэдүүлэгтээ “хавсарч унагасан залууг урьд нь танихгүй” гэж хэлдэг, хохирогч Ц.Б- нь тухайн үед ажлын бус цагаар явж байсан болохоор дүрэмт хувцасгүй байсан, Г.З-д цагдаагийн албан хаагч болохоо тайлбарлаагүй, шүүгдэгч Г.З-ын зүгээс энгийн хүн хэрэгт дурлаж бичлэг хийж байна гэж ойлгож очиж хавсарч унагасан байдаг. Хохирогч, шүүгдэгч нар урьд нь нэгнийгээ таньдаггүй байсан болох нь тэдгээрийн өгсөн мэдүүлгээр нотлогддог, тиймээс хохирогчийн зүгээс хогийн цагдаа гэж хэлсэн байх үндэслэлгүй юм. Хохирогч Ц.Б- мэдүүлэгтээ: “намайг газар уначихаад байхад новшийн цагдаа минь гэж хэлээд “Соната-7” маркийн авто машинаа унаад явсан” гэж хэлсэн. “Нуруу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн” гэж урьд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байдаг. Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас “Нэгдсэн эмнэлэг”-т хохирогч, шүүгдэгч нарын хооронд маргаан болсон. Гэрч н.Гунаажав мэдүүлэгтээ ”хоёр залуу орж ирсэн, Ц.Б- өндөр нуруутай Г.З- гэдэг залуутай маргалдсан” гэдэг. Тухайн хэргийн зүйлчлэл тохирсон. Хэргийн бодит байдал тогтоогдсон. Хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Ч.Булган: Улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. 4-5 гэрч байдаг бөгөөд дээрх гэрчүүд бүгд нэг байдлаар мэдүүлдэг, харин хохирогчийн мэдүүлэг л өөр байдаг, гэтэл гэрч н.Эрхэмбаярыг байцаахаар хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаах тухай шүүгчийн захирамж гарсан. Нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Гэрч н.Эрхэмбаярыг  байцаалаа гээд өөрчлөгдөх зүйлгүй. Г.З-д олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж зөрчлийн арга хэмжээ авагдсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү  гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрдэнэс плаза” төвийн таксины зогсоол дээр 2017 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цагийн орчим Г.З- нь архи уусан үедээ Ц.Б-г хавсарч унаган түүний зүүн хөлний шилбэний ялыг хугалсан үйл баримт тогтоогдсон байна.

Г.З-ын дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Г.З-д холбогдох хэргийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн прокурорын эсэргүүцэлд ...гэрч н.Эрхэмбаяраас мэдүүлэг авахгүйгээр хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой, хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах... үндэслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж хэргийг бүхэлд нь хянаад прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар  хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүх Г.З-д холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх боломжтой, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.З-д холбогдох эрүүгийн 1718003330150 тоот 1 хавтас хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Г.З-д авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд хэргийг очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                       ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                       ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                    Ц.АМАРЖАРГАЛ