Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2022/0311

 

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2022/0311

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            П.Бын нэхэмжлэлтэй 

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч П.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч П.Б

Хариуцагч Монгол Улсын шадар сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байсан П.Быг төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах эсвэл цэргийн алба хаасан тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийн аль нэгийг гаргалгүй орхигдуулснаас учирсан хохирол болох 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг  Монгол Улсын Шадар сайдаас гаргуулж, энэ хугацаанд хамаарах нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн хамруулж бичилт хийх чиглэлийг Онцгой байдлын ерөнхий газрын даргад өгөхийг Монгол Улсын шадар сайдад даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 180 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч П.Б, түүний өмгөөлөгч Г.А

Хариуцагчийн өмгөөлөгч Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0061/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П.Боос Монгол Улсын шадар сайдад холбогдуулан “Онцгой байдлын ерөнхий газрын захиргааны удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байсан П.Быг төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах эсвэл цэргийн алба хаасан тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийн аль нэгийг гаргалгүй орхигдуулснаас учирсан хохирол болох 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг  Монгол Улсын Шадар сайдаас гаргуулж, энэ хугацаанд хамаарах нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн хамруулж бичилт хийх чиглэлийг Онцгой байдлын ерөнхий газрын даргад өгөхийг Монгол Улсын шадар сайдад даалгах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 180 дугаар шийдвэрээр: 

“...2.1.Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 57 дугаар зүйлийн 57.1, 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Боос гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Монгол Улсын Шадар сайдын П.Быг цэргийн алба хаасан тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хамаарах нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн хамруулж бичилт хийх чиглэлийг Онцгой байдлын ерөнхий газрын даргад өгөхийг Монгол Улсын шадар сайдад даалгаж;

2.2.Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд даргаад ажиллаж байсан П.Быг төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах тушаал гаргаагүйгээс орхигдуулснаас учирсан хохирол болох 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг Монгол Улсын Шадар сайдаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч П.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн хувьд үндэслэл бүхий болж чадсангүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь “намайг төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах, эсвэл цэргийн алба хаасан тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийн аль нэгийг гаргалгүй орхигдуулснаас учирсан хохирол” хэмээн тодорхойлсон, өөрөөр хэлбэл дээрх хоёр шийдвэрийн аль нэгийг гаргаагүйгээс өөрт учирсан хохирлоо цалин, хөлсний хэмжээгээр тодорхойлсон. Яагаад гэвэл,

-Тэтгэвэр ямар хэмжээгээр тогтоох нь тодорхойгүй,

-Тэтгэвэрт гаргасан 74 дугаар тушаалыг шүүх хүчингүй болгосон байсан.

арин ОБЕГ-ын захиргааны удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд даргаар томилсон Монгол Улсын шадар сайдын 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 9 дүгээр тушаал хүчинтэй хэвээр байгаа тул энэ эрх зүйн актыг үндэслэн хохирлоо 2017 оны 9 дүгээр сарын 5-наас 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг Монгол Улсын шадар сайдаас гаргуулах гэж тодорхойлсон.

3.2.Гэтэл ажилд эгүүлэн тогтоох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 956 дугаар шийдвэрээр “...П.Быг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. Иймд П.Быг төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах тушаал гаргаагүй эс үйлдэхүй ч хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.3.Шийдвэрийн 8 дахь хуудасны 6 дахь мөрт хариуцагч нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн хамруулах цалингийн хэмжээг П.Бын сүүлд ажиллаж байсан ОБЕГ-ын захиргааны удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд даргын цалингаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн, улмаар 2017 оны 9 дүгээр сарын 5-наас 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хамаарах нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн хамруулж бичилт хийх чиглэлийг ОБЕГ-ын даргад өгөхийг Монгол Улсын шадар сайдад даалгаж шийдсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

3.4.Иймд П.Б надад учирсан хохирол болох дээрх хугацааны цалин, хөлсийг гаргуулахаар шийдвэрлэх нь хуульд нийцэж байхад хохирлыг шийдвэрлээгүй, хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

3.5.Мөн анхан шатны шүүх 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 262 дугаар шийдвэрт нэхэмжлэлийг хангасан хэрнээ цалин гаргуулах хэсгийг шийдвэртээ огт бичээгүй орхигдуулж байсан тул хүчингүй болж байсан, түүнчлэн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 770 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс мөн хүчингүй болгож байсан зэргээс харахад хүний эрхийг дээдлэн хамгаалах, хууль ёсыг шударгаар хэрэгжүүлэгч субъект удаа дараа алдаа гарган, тодорхой нэг асуудлыг өөр өөрөөр шийдэж байгаад гомдолтой байна.

3.6.Миний хувьд Монгол Улсын шадар сайдын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хууль зөрчиж гарсан 74 дүгээр тушаалаас хойш 2020 оны 1 дүгээр сарын 1-нийг хүртэл ямар нэгэн цалин, тэтгэвэргүй, төрийн тусгай албан хаагчид олгогддог 36 сарын тэтгэмжээ бүрэн авч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн, иймд 2021 оны 9 дүгээр сард цэргийн тэтгэвэр тогтоолгохдоо өмнөх он буюу 2012-2016 оны цалингаар тооцуулж тэтгэвэрт гарах ёстой хэмжээнээс нь бага тооцуулсан зэрэг хохирол учраад байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

                                                        ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, өөрөөр хэлбэл 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийх чиглэлийг Онцгой байдлын ерөнхий газрын даргад өгөхийг хариуцагчид даалгах” шаардлагын тухайд энэхүү “чиглэл өгөхийг даалгах” шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” шийдвэрийн төрөлд хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлт өгөөгүй, тухайлбал чиглэл өгөхийг даалгах шаардлагын хүрээнд шүүх маргааныг шийдвэрлэх боломжтой эсэх, магадгүй боломжтой гэж үзээд чиглэл өгөхийг хариуцагчид даалгаснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор сэргээгдэх үр дагаварт хүргэх эсэх нь тодорхойгүй байна.

Мөн “Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байсан П.Быг төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах тушаал гаргаагүй орхигдуулснаас учирсан “хохирол” гэдэгт цалин, хөлс хамаарахгүй байхад үүнийг тодруулалгүйгээр нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 100-103 дугаар зүйлээр зохицуулсан хохиролд “цалин, хөлс” хамаарахгүй бөгөөд эрхээ зөрчигдсөн гэж үзвэл хохирлыг цалин, хөлс бус харин мөнгөн хэлбэрээр шаардах байдлаар шийдвэрлүүлэх боломжтой.

Түүнчлэн П.Бын гаргасан “…төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулаагүйгээс учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 956 дугаар шийдвэрээр түүний “…урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг үндэслэл болгосон нь ойлгомжгүй буюу дээрх 2 шаардлага хоорондоо хэрхэн уялдаж байгаа талаар дүгнэлт өгөөгүй байна.

Тэр тусмаа хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 770 дугаар тогтоолд өмнө шийдвэрлэсэн нэхэмжлэлийн болон одоогийн шаардлагууд хоорондоо хамааралтай эсэхийг эцэслэн дүгнэсэн энэ тохиолдолд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлд хамаарах нөхцөл байдал шүүхийн дээрх шийдвэртэй чухам ямар байдлаар холбогдож байгаа талаар зайлшгүй дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгчээс “ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага огт гаргаагүй, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй, өөрөөр хэлбэл үргэлжлүүлэн ажиллах бус харин ийнхүү ажиллуулаагүйгээс учирсан хохирлоо гаргуулахыг хүссэн байгааг шийдвэр гаргахдаа анхаарсангүй.

Өмнө нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн талаар дүгнэж, маргааныг дахин хэлэлцүүлэхээр буцаасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 319 дүгээр магадлал хүчинтэй байхад хэргийг дахин шийдвэрлэхдээ түүнд заасан ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй байгаагаас гадна тодорхой бус шаардлагыг тодруулах нь шүүхийн үүрэг болохыг магадлалд тодорхой дурдсаныг энд дахин тэмдэглэв.  

Хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирлоо нэхэмжлэгчээс 2 үндэслэлээр тодорхойлсон, 1-рт төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулаагүйгээс, 2-рт тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргаагүйгээс гэж.

Гэтэл дээрх 2 үндэслэл нь хууль зүйн үр дагаврын хувьд өөр, тухайлбал 1-р үндэслэлийн хувьд мөнгөн хэлбэрээр, харин 2-р үндэслэлийн тухайд тэтгэвэр тогтоолгох эрхтэй холбоотой буюу тэтгэврийг хэрхэн тогтоох, тэтгэврийн хэмжээ одоогийн тогтоогдсон тэтгэврээс хэрхэн нэмэгдэх боломжтой байсан, түүний зөрүүг шаардах зэргээр учирсан гэх хохирлыг тогтоох бөгөөд нэхэмжлэгчээс чухам аль үндэслэлээр нь маргахаас хамаарч шаардлагатай нотлох баримтыг цуглуулах нөхцөл байдал ч үүсч болохоор байна.  

Түүнчлэн хохирлыг Шадар сайдаас гаргуулахыг хүссэн атлаа эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчаар тодорхойлсон Шадар сайдад бус харин Онцгой байдлын ерөнхий газрын даргад “чиглэл” өгүүлэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь ойлгомжгүй, үүнийг нэг мөр тодруулахгүйгээр маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж маргааны үйл баримтад дутуу хийгдсэн дүгнэлтийг гүйцээн шийдвэрлэх боломжтой ч дээрх байдлаар тодорхойгүй байгаа нэхэмжлэлийн шаардлагуудыг давж заалдах шатны шүүх хуралдааны явцад тодруулан дүгнэх эрхгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан шүүхийн шийдвэрт хариуцагчаас давж заалдах гомдол гаргаагүй тул тэр талаар дүгнэлт хийгээгүй болохыг тус тус тэмдэглэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 180 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН