| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0140/Э |
| Дугаар | 150 |
| Огноо | 2020-09-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт О-ийн Б-д холбогдох эрүүгийн 2035000000127 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 16-нд Увс аймгийн Давст суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, улсаас авсан гавьяа шагнал, шийтгэл хүлээж байгаагүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багт оршин суух Я овогт О-ийн Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч О.Б нь Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Аараг Уул гэх нэртэй газраас 2019 оны 9 дүгээр сард хохирогч Г.Ч-ийн үлдээж явсан улсын дугааргүй, хөх өнгийн “Мустанг-5” загварын мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч О.Б-ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч О.Б нь 2019 оны 9 дүгээр сард Увс аймгийн Давст сумын 1 дугаар багийн нутгаас хохирогч Г.Чийн эзэмшлийн “Мустанг-5” загварын мотоциклыг хулгайлсан болох нь:
1. Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9, 10-р тал/,
2. Хохирогч Г.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2019 оны 9 дүгээр сард Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Сайгийн ам” гэх газарт өөрийн эзэмшлийн Мустанг-5 загварын цэнхэр өнгийн мотоциклтойгоо явж байтал урд талын дугуй нь хагарчихсан юм. Тэгэхээр нь тухайн газрын ойролцоо байх тус сумын иргэн П-ын өвөлжөөний хашааны гадна хэсэгт мотоциклоо үлдээгээд явсан юм. Тухайн үед айлууд намаржаандаа буусан байсан учир тухайн газарт айл байхгүй байсан. Нөгөөдөр нь мотоциклоо авхуулахаар заставын жолооч О, харуулын дарга П нарт запас дугуй өгч, мотоцикл үлдээсэн газраа зааж өгөөд явуулахад миний мотоциклыг байхгүй байна гэсэн. Тэгэхээр нь хойноос нь очиж шалгахад үнэхээр мотоцикл байхгүй байсан. Тэгээд тухайн үедээ олдох байх гэж бодоод орхисон. Гэтэл мотоциклын сураг гараагүй. 2020 оны 4 дүгээр сарын сүүлээр санагдаж байна, миний танил Магнайбаяр гэх залуу “чиний мотоциклыг чинь манай сумын О.Б гэх залуу авсан байна” гэхээр нь О.Бын гэрт 2-3 удаа очиход гэрийнх нь гадна миний мотоцикл харагдаагүй. Харин арай өөр мотоцикл байгаад байсан учир О.Бтай уулзаж чадаагүй. Тэгж байгаад наадмын өмнө сумын хүмүүс дахин О.Быг миний мотоциклыг авсан” гэж яриад байсан ба хүн явуулж О.Бад байгаа мотоциклыг харуулахад миний мотоцикл мөн байсан. Харин бензиний банкийг нь сольчихсон байсан. Би мотоциклоо 2017 онд Улаангом сумаас 1.800.000 төгрөгөөр авсан бөгөөд аваад шууд хөдөө явсан учир улсын дугаар, баримт бичиг зэргийг авч амжаагүй байсан. Миний мотоцикл хөх өнгийн улсын дугааргүй, 2 талын тольгүй, суудлын арын ачааны хэсгийн төмөрт гагнуур хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,
3. гэрч М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 9 дүгээр сард /өдрийг нь сайн танихгүй байна/ айлууд намаржаандаа буусан байх үед Увс аймгийн Давст сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Торхилог нэртэй газар хонины бэлчээрт малаа хариулаад байж байхад О.Б нь цэнхэр өнгийн мотоцикл уначихсан, уулнаас буюу Араг гэх нэртэй газраас ирсэн юм. Тэгээд О.Б нь унаж ирсэн мотоциклоо зам дээр үлдээгээд над руу дөхөж ирж уулзсан бөгөөд түүнээс хаанаас яваа талаар нь асуухад хадлангийн талбайгаа эргэчхээд явж байна гэж хэлсэн. О.Б-ын хадлангийн талбай нь Араг гэх уулын төгсгөлд, модны захад байдаг юм. Тэгээд өөр онцын зүйл ярилгүйгээр гэр рүүгээ явсан юм. Тэр өдөр О.Б-ын унаж ирсэн мотоцикл нь цэнхэр өнгийн Мустанг-5 загварын мотоцикл байсан бөгөөд тухайн мотоциклын урд дугуй нь хагарчихсан байсан. Би мотоциклыг бага зэрэг холоос харсан бөгөөд бусад зүйлийг нь сайн харж чадаагүй ч миний харснаар тухайн мотоцикл нь улсын дугааргүй, хуучин мотоцикл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,
4. гэрч Ц.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Хилийн 6 дугаар заставын харуулын дарга Пүрэвдоржийн хамт Аараг ууланд Торхилог багийн иргэн Пүрэвжавын өвөлжөө рүү явсан. Явахдаа мотоциклын запас дугуй аваад очиход Пүрэвжавын өвөлжөөнд мотоцикл байгаагүй. Тэгээд бид хоёр тэр өвөлжөөний ойр хавиар явж мотоциклыг хайхад машины дугуйны мөр өвсөн дээр гарсан байсан. Бид хоёр ойр хавийн 200 метр газар жалга, уулаар мотоциклыг хайхад олдоогүй. Тухайн үед бүрэнхий болж байсан учраас П бид хоёр буцаад заставтаа ирж заставын дарга Г.Чт мотоцикл байхгүй байсан талаар хэлсэн. ...Сүүлд 2020 оны 6 дугаар сард заставын дарга Г.Чоос “Давст сумын иргэн Б гэх залуу мотоциклыг авчихсан байна” гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,
5. Шүүгдэгч О.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр хадлангийн талбайгаа эргэчхээд буцаж гэр рүүгээ Аараг-Уул гэх газраар явахаар болсон юм. Буцаж явж байхад тус Аараг-Уул нэртэй газарт байх сумын иргэн Пүрэвжавын өвөлжөөний урд, хашаан гадна хэсэгт урд дугуй нь хагарсан цэнхэр өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, Мустанг-5 загварын мотоцикл байсан юм. Тэгээд тухайн мотоцклыг асааж үзэхэд ямар ч асуудалгүй асаж байхаар нь тухайн үед морьтойгоо хол газар явж, миний морь муудаж байсан учир морио тавьж явуулаад тухайн мотоциклыг унаж явсан юм. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан учир намайг хүний мотоцикл авсан гэдгийг хэн ч мэдээгүй. Тэгээд мотоциклын эзний сураг гарвал өгнө гэж бодоод амбаартаа хийсэн боловч сураг нь гарахгүй байсаар манай амбаарт 2020 оны 4 дүгээр сар хүртэл байсан. Тэгээд эзэн нь олдохгүй юм чинь гэж бодоод өөрөө унах гэж гаргаж ирээд засварласан юм. ... Тухайн мотоцикл нь хөх өнгийн, улсын дугааргүй, 2 талын тольгүй, суудлын арын ачааны хэсгийн төмөрт гагнуур хийсэн байсан. 2020 оны 4 дүгээр сард унах гэж гаргаж ирэхэд бензиний банк нь цоорчихсон байхаар нь улаан өнгийн банк хийсн. Мөн өвдөгний хамгаалалт, суудлын доод хэсгийн 2 талд нь улаан өнгийн хамгаалалтын төмөр хийсэн. Бусад ажиллагаа нь хэвийн байсан болохоор өөр зүйл хийгээгүй. Би мотоциклын эзэн гэх Г.Ч гэх хүнтэй уулзаж, уучлалт гуйж, мотоциклыг нь буцааж өгч, дээр нь засварын хэдэн төгрөг өгөхөөр тохирсон байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлгүүдээр хохирогч Г.Ч-ийн “мустанг-5” загварын мотоциклийг шүүгдэгч О.Б нь хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч О.Б-ын нууц далд аргаар авсан хохирогч Г.Ч-ийн “Мустанг-5” загварын мотоцикл нь 900.000 төгрөгийн үнэтэй болох нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 235 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-р тал/-ээр тогтоогдсон тул энэ гэмт хэргийн улмаас нийт 900.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч О.Б нь хохирогч Г.Ч-ийн “Мустанг-5” загварын мотоциклыг хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй бөгөөд, “мустанг-5” загварын мотоцикль нь 900.000 төгрөг буюу “бага хэмжээний хохирол”-оос илүү байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч О.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч О.Бын бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р тал/-аар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар гэрч Г.Г-ийн өгсөн “... О.Б бид хоёр төрөл садангийн хүүхдүүд бөгөөд төрсөн ах дүү хоёр шиг дотно байдаг. О.Б нь ЕБС төгсөөд хөдөө мал маллаж амьдрах болсон. 2016 онд эхнэр авч, өрх тусгаарласан. Одоо хоёр хүүхэдтэй бөгөөд том хүүхэд нь 2 настай, бага нь хэдхэн сарын өмнө төрсөн. ... Зан байдлын хувьд хүнтэй эелдэг зөөлөн харилцаатай, төдийлөн уурлаад байдаггүй, тайван, байнга инээмсэглэж явдаг залуу байгаа юм. Мөн ажилч хичээнгүй, хөдөлмөрч, монгол үндэсний бөхөөр барилддаг сумын заан цолтой, морь уядаг, уясан морь нь сум, бүсийн наадамд түрүүлж байр эзэлж байсан сайн залуу байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/ хэрэгт авагдсан байна.
Хохирогч Г.Ч мөрдөн байцаалтын шатанд “... Би О.Б гэх залуугаас өөрийн Мустанг-5 загварын мотоциклоо хүлээн авсан, мөн мотоциклыг засахад шаардагдах 300.000 төгрөгийг өгч хохирлыг бүрэн барагдуулсан тул надад О.Баас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй..” /хх-ийн 16-р талд/ гэж мэдүүлснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Быг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж, гэмт зан үйлээ засаж, нийгэмшүүлэх зорилгоор түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овогт О-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Б-д 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ