Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 151

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч: Р.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Р-н Ж-д холбогдох эрүүгийн 2035000000138 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 13-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 50 дугаартай  шийтгэх тогтоолоор 2020 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил 5 хоногийн хорих ял шийтгүүлж, 1 жил 5  хоногийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багт оршин суух Б овогт Р-н Ж.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Р.Ж нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Итгэлт барааны захын хүнсний захаас 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Ж.А-гийн Мустанг-5 загварын улсын дугааргүй, ягаан өнгийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.772.917 /нэг сая долоон зуун далан хоёр есөн зуун арван долоо/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Р.Ж-г бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Р.Ж нь 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Итгэлт барааны захын хүнсний захаас хохирогч Ж.А-ийн Мустанг-5 загварын мотоциклыг хулгайлсан болох нь:

  1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9-р тал/,
  2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13-р тал/,
  3. Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-20-р тал/,
  4. Хохирогч Ж.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Манай гэр Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багт байдаг юм. 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн үед эхнэр Ц, ач хүү П нарын хамт Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах Итгэлт захын Хүнсний зах руу орж ирээд мотоциклоо байрлуулаад эхнэр, ач хүү бид гурав Шинэ-Улаангом зах руу орж АТМ-ээс мөнгө аваад орос бараа зардаг дэлгүүр рүү орж худалдаа хийгээд барааны зах руу дахин орж гутал авчихаад гуанз ороод бид гурав хоол идсэн юм. Хоолоо идэж дуусчихаад эхнэр ач хүү, бид хоёрыг та хоёр мотоцикл дээрээ очоод байж бай гэхэд бид хоёр мотоцикл байсан газар очиход миний мотоцикл байхгүй байсан юм. Би мотоциклоо 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаангом зах дээрээс 1.850.000 төгрөгөөр худалдаж аваад одоо 3 сар болох гэж байна. Би мотоциклынхоо хүзүүг  нь цоожлоод орхиод явсан. Бид гурав мотоциклоо орхиод 1 цаг 30 минут болоход миний мотоциклыг аваад явчихсан байсан юм. Итгэлт захын хяналтын камерыг шүүж үзэхэд цагаан өнгийн бүрх малгайтай, хар савхин хүрэмтэй, хар нүдний шилтэй, хээтэй урт түрийтэй монгол загварын гутал өмссөн 160-165 см өндөртэй, бор царайтай залуу миний мотоциклыг асааж унаад махны заалны араар яваад Мон-Тува ХХК-ийн урд талын засмал замаар доошоо эргээд явсан бичлэг хяналтын камерт бичигдсэн байсан. Миний мотоцикл нь улсын дугааргүй, хүрэн ягаан өнгөтэй мотоцикл байсан...” гэх  мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,

5. гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай нөхөр Р.Ж 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүрэн ягаан өнгийн, улсын дугааргүй мотоцикл уначихсан, нагац ах Д гэх хүнийг ардаа суулгачихсан ирсэн. Тэгээд хаанаас ямар мотоцикл унаж ирсэн юм гэж асуухад хүний мотоцикл унаж ирлээ гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа нөхөр хүрэн ягаан өнгийн мотоциклоо унаж явсан бөгөөд орой гэртээ ирэхдээ “би нөгөө мотоциклоо модонд нуучихсан гэж надад хэлсэн. Тэрнээс хойш би тэр мотоциклыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р тал/,

6. гэрч Р.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай ах Р.Ж 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Улаангом сумаас гэртээ ирэхдээ шинэвтэр, хүрэн ягаан өнгөтэй мотоциклтой ирсэн гэж сонсоод очиж хартал Мустанг-5 загварын мотоцикл байсан. Түүнээс хэний мотоцикл унаж ирсэн талаар нь асуухад “хүний мотоцикл унаад ирлээ. Улаангом сумаас авч ирсэн бөгөөд энэ мотоциклоо модонд нууна” гэж хэлсэн. Тэгээд би ахаас нэг их зүйл асуугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/,

7. гэрч М.Я-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... би 2020 оны 8 дугаар сарын 02-ны өглөө босоод Р.Ж-гийн дүү Р.А-ийн найранд бэлэг авах зорилгоор 11 цагийн үед Итгэлт барааны зах орохоор явсан юм. Тухайн үед манайд хадам ахын хүү Р.Ж ирчихсэн байсан. Тэгээд би өөрийн мотоциклоор Итгэлт барааны зах явахад Р.Ж надтай хамт зах руу явсан ба тэндээсээ Тэс сум руу явах унаанд сууна гээд буугаад яваад өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа над руу залгаад Цагдаагийн газарт хүрээд ир гэж хэлсэн. Цагдаа дээр ирээд Р.Жг мотоцикл хулгайлсан талаар мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/,

8. Шүүгдэгч Р.Ж-гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... би 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүргэн ах Ядамжавын гэрт очоод түүнд “та намайг зах руу хүргээд өг, би унаа олж гэр рүүгээ харих гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд Ядамжав ах намайг өөрийнхөө Мустанг-5 загварын цэнхэр өнгийн мотоциклд сундлаад Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах Хүнсний захын махны заалны талд ирээд намайг буулгасан юм. Урьд өдөр нь найр болсон айлын ах дүү нарын хүмүүстэй хамт архи ууж хоносон байсан болохоор тухайн үед миний уусан архи гараагүй, халамцуухан байсан. Тэгээд би зах руу орж Тэс сум руу явах унаа хайхад байгаагүй юм. Тэгэхээр нь би Хүнсний захын урд махны заалны гадаа данхрадчихсан улаан ягаандуу өнгийн улсын дугааргүй мотоцикл байхаар нь уг мотоцикл дээр очсон бөгөөд миний мотоциклын түлхүүр халаасанд байхаар нь би уг түлхүүрээр тухайн мотоциклыг асаах гэхэд түлхүүр таараад уг мотоцикл асчихсан юм. Тэгээд би уг мотоциклыг унаад Улаангом сумаас шууд Тэс сум руу яваад тэр шөнөдөө гэртээ харьсан. Эхнэр Д.О-д би хүний мотоцикл унаад ирлээ гэж хэлсэн юм. Тухайн мотоциклыг гэртээ 2-3 хоног ойр зуурын ажилдаа унаж хэрэглэж байгаад 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тухайн мотоциклыг өөрийн гэрээсээ 10-13 километрийн зайнд Их гаталга гэх нэртэй газарт өвсөнд нуусан юм. Тухайн үед би мотоцикл хулгайлчихаад баригдах байх гэж бодоод нуусан юм. Тэгээд хэд хоногийн дараа мөрдөгч ирэхэд би нуусан мотоциклоо зааж хураалгасан юм. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр хохирогч Ж.Агийн “Мустанг-5” загварын мотоциклыг шүүгдэгч Р.Ж нь хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Р.Ж-гийн нууц далд аргаар авсан хохирогч Ж.Агийн “Мустанг-5” загварын мотоцикл нь 900.000 төгрөгийн үнэтэй болох нь шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 231 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-р тал/-ээр тогтоогдсон тул  энэ гэмт хэргийн улмаас нийт 1.772.917 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Р.Ж нь хохирогч Ж.А-гийн “Мустанг-5” загварын мотоциклыг хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй бөгөөд, “Мустанг-5” загварын мотоцикл нь 1.772.917  төгрөг буюу “бага хэмжээний хохирол”-оос илүү байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Р.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Р.Ж нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Ж нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 82-р тал/-оор 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 хоногийн хорих ял оногдуулж, 1 жил 5 хоногийн хугацаагаар тэнсэж байсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар гэрч Р.Д-ийн өгсөн “... Р.Ж 5 дугаар анги төгсөж бага боловсрол эзэмшсэн. Түүнээс хойш хөдөө мал дээр өссөн хүүхэд юм. Р.Ж одоо ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багт мал маллаж амьдардаг. Түүний эхнэрийг Одноо гэдэг бөгөөд гэр бүл болоод 7 жил болж байгаа юм. Р.Ж нь бага насны буюу 6, 7 настай хоёр хүүхэдтэй юм. Зан байдлын хувьд хүнтэй хэвийн сайн харилцаатай, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй. Хүн чанар сайтай, хар бор ажилд сайн. Нэг ажил хийхээрээ сайн хийдэг, ажлаас буцаж, хойш суудаг хүн биш юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/, гэрч Д.О-ийн өгсөн “Би Р.Жтай 2013 онд гэр бүл болсон бөгөөд бид хоёр 7 дахь жилдээ хамт амьдарч байна. Нөхөр бид хоёр одоогоор Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багт малчин бөгөөд 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний нөхөр Р.Ж нь зан аашийн хувьд даруу төлөв, зөөлөн зантай, гэр бүлдээ хайр халамжтай, амьдралын төлөө зүтгэдэг, хөдөлмөрч хүн юм. Архи согтууруулах ундааны зүйлийг хааяа нэг найз нөхдийн хүрээнд хэрэглэдэг ч архи уухаараа агсам тавьдаггүй, зүгээр л гэртээ ирээд унтчихдаг хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р тал/ хэрэгт авагдсан байна.

Хохирогч Ж.А “мөрдөн байцаалтын шатанд “...Миний мотоциклыг хулгайлсан этгээд болох Р.Ж нь 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр надад Мустанг-5 загварын хүрэн өнгийн шинэ мотоциклыг 1.950.000 төгрөгөөр худалдан авч өгч миний хохирлыг барагдуулсан. Би өөрийн хулгайд алдсан мотоциклоо Цагдаагийн байгууллагаас авсан бөгөөд би хуучин мотоциклоо хулгайд алдсан учраас Р.Ж-д өөрт нь өгсөн. Би хохирлоо бүрэн гүйцэд төлүүлсэн учраас Р.Ж-аас нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй.” /хх-ийн 30-р талд/ гэж мэдүүлсэн тул үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан шүүгдэгч Р.Жг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж, гэмт зан үйлээ засаж, нийгэмшүүлэх зорилгоор түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Р.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Р-н Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Р.Ж-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Р.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Жд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ