| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07703/И |
| Дугаар | 35 |
| Огноо | 2016-12-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 35
| 2016 оны 12 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2017/00035 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 8 байр, 00 тоотод байрлах, “Тэмүүлэл” Сууц өмчлөгчдийн холбоо
Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо 8 дугаар байр 114 тоотод оршин суух, 1953 онд төрсөн 63 настай, Зээрд адуун овогт Жандалын Даваажанцан /РД-ТВ53031903/
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 144.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Тэмүүлэл сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Чойндон, хариуцагч Ж.Даваажанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Тэмүүлэл” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гүйцэтгэх захирал Ж.Чойндон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тэмүүлэл сууц өмчлөгчдийн холбоо нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 6, 8, 17 дугаар байруудын дундын өмчлөлийн эд хөрөнгө, цэвэр бохир ус түгээлтийн болон цахилгааны шугамыг хамгаалж шинэчлэн солих, эвдэрсэн эд зүйлийг хугацаа алдалгүй засварлах, орц хонгил, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг орц, орчны 50 м зайн цэвэрлэгээг тогтмол хийж, сууц өмчлөгчдийн тав тухтай аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж үйл ажиллагаа явуулж ирсэн. Тус байрны 114 тоотод оршин суугч Ж.Даваажанцан нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу гарсан төлбөрийг цаг хугацаанд нь төлж барагдуулах үүрэгтэй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, хууль ёсны шаардлагыг үл хүндэтгэдэг. Оршин суугч Ж.Даваажанцан нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх зардал 144.900 төгрөгийг төлөөгүй. Ж.Даваажанцан нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй, бусад оршин суугчдын хуримтлалын мөнгөөр ахуйн хогоо цэвэрлүүлж орцны гэрэлтүүлэг, подваль, орцны 1-9 давхарын угаалга цэвэрлэгээг хийлгэж, сантехникийн цэвэр, бохир усны шугамын хаалт, винтель солих, дээврийн хэсэгчилсэн засвар, үйлчлэгчийн цалин хөлс зэргийг бусдаар төлүүлж байна. Би өөрийн хийсэн ажлын талаар тайлангаа тавьж, санал гомдол хөтөлдөг дэвтэртэй. Миний хувь гүйцэтгэх захирлаар 4 жил ажиллаж байна. Өмнөх захиралын үед 4 орцонд барилгын их засвар хийгдсэн. Үүнээс хойш засвар хийгдээгүй нь үнэн. 2012-2014 онуудад орцны 250 мкв дээврийн хэсэгчилсэн засвар хийсэн. Үүний зардал 3.500.000 төгрөг болсон ба засвар үйлчилгээний зардлаас санхүүжүүлж энэ ажлыг хийсэн. Үүнээс хойш бусад орц дээврийг янзлуулхаар дүүргийн засаг дарга Н.Амгалан, н.Оросоо нарт хандсан боловч шийдвэрлэгдээгүй. Бид орцондоо вакум цонх хийлгэж домофон хаалга орцонд хийлгэсэн. Үүнийг нэхэмжлэгч мэдэхгүй гэж ярьж байгааг гайхаж байна. Иймд хариуцагч Ж.Даваажанцангаас 144.900 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Даваажанцан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сууц өмчлөгчдийн холбооны захирал засвар үйлчилгээний ажил хийдэггүй, ажлын байрандаа байдаггүй, оршин суугчдын хурлаар сонгогдсон дарга биш. Манай байрны орцонд домофон хаалга хийснээс хойш жижүүрийн мөнгө төлөхөө больсон учир СӨХ-ийн мөнгө бага төлдөг. Тэмүүлэл сууц өмчлөгчдийн холбооны захирал Ж.Чойндон оршин суугчдын нүдэнд ажил хийгээгүй тул мөнгийг төлөхгүй. Ж.Чойндон 2011 билүү 2012 онд нэг удаа хурал зарласан түүнээс хойш хурал огт хийгээгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудын шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Тэмүүлэл” сууц өмчлөгчдийн холбоо хариуцагч Ж.Даваажанцанд холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 144.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Ж.Даваажанцан нь 2015 оны 11, 12 дугаар сар, 2016 оны 01-10 дугаар сарын төлбөр нийт 144.900 төгрөгийг төлөөгүй болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарласан тайлбар, Төрийн банкны нэхэмжлэх гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд хариуцагч нь “сууц өмчлөгчдийн холбооны захирал оршин суугчдын хурлаар сонгогдоогүй, оршин суугчдын нүдэнд ажил хийдэггүй, манай орцонд засвар хийгээгүй тул зардлыг төлөхгүй” гэж тайлбарладаг боловч 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Тэмүүлэл сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн даргын т-20 дугаартай тушаалаар Ж.Чойндонг тус холбооны гүйцэтгэх захирлаар томилсон, орон сууцны засвар үйлчилгээтэй холбогдсон асуудлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар бүх гишүүдийн хурал буюу оршин суугчдын тайлангийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй тул хариуцагчийн өөрт оногдох зардлыг төлөхгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй юм.
Хариуцагч Ж.Даваажанцан нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэхь хэсэгт заасан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд сар бүр оролцох Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.6 дахь хэсэгт заасан Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх хөлс болох 144.900 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул Тэмүүлэл сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 144.900 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Ж.Даваажанцан нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох эрхтэйгээс гадна мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох хуульд заасан үүргийн дагуу 2015 оны 11, 12 дугаар сар, 2016 оны 01-10 дугаар сар хүртэлх хугацааны төлөгдөөгүй дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хөлс 144.900 төгрөгийг хариуцан төлөх үүрэгтэй, хариуцагч шаардаж буй хугацааны төлбөрийн талаар маргаагүй ба тус холбоог хангалтгүй ажилладаг гэсэн тайлбар нь дээрх хуулиар тогтоосон үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Иймд хариуцагч Ж.Даваажанцангаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт завсар үйлчигээний хөлс 144.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тэмүүлэл сууц өмчлөгчдийн холбоонд олгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч Ж.Даваажанцангаас 144.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тэмүүлэл” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Даваажанцангаас 5.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Тэмүүлэл” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА