Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 56

 

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/00056

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 7 дугаар хороо 3 дугаар хороолол 1 дүгээр байр 1 тоотод оршин суух, 1961 онд төрсөн 55 настай, Жав овогт Банзрагчийн Ганаа /РД:ЗЮ61053110/

            Хариуцагч: Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр 138 тоотод оршин суух, 1966 онд төрсөн 55 настай, Боржигон овогт Гээеэгийн Тунгалаг /РД:ЧН66032609/

            Гэрээний үүрэгт 10.656.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ганаа, хариуцагч Г.Тунгалаг, түүний өмгөөлөгч Ц.Монгол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ганаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ганаа миний бие Г.Тунгалагт 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 6.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл 0.5 хувиар алданги тооцохоор тохирч зээлдүүлсэн. Зээлдэгч Г.Тунгалаг нь мөнгөнөөс 350.000 төгрөгний хүү төлсөн. Үлдэгдэл 6.000.000 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагч Г.Тунгалагаас үндсэн зээл хүүгийн хамт 7.200.000 төгрөг, алданги 3.456.000 төгрөг нийт 10.656.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Ганаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 3.700.000 төгрөг төлөхөөр эвлэрлээ. Үүнд хариуцагч Г.Тунгалаг нь 2017 оны 01 дүгээр сарын 10-нд 1.000.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 10-нд 1.000.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 10-нд 1.000.000 төгрөг, 03 дугаар сарын 31-нд 700.000 төгрөг төлөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгууллаа. Г.Тунгалаг зээлээс 3.500.000 төгрөгийг Д.Сэлэнгээс нэхэмжилж авч өгнө. Иймд эвлэрлийг баталж шийдвэрлэхэд татгалзахгүй гэв.                    

 

Хариуцагч Г.Тунгалаг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Ганаагаас 6.000.000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Зээлээс 3.500.000 төгрөгийг Д.Сэлэнгэд өгсөн. Нэхэмжлэгчтэй тохиролцож үнийн дүнг багасгаж 3.700.000 төгрөгийг төлнө. Үүнээс 1.000.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 10, 1.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10, 1.000.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 10, 700.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус тус төлөхөөр эвлэрч гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Г.Тунгалагаас 10.656.000 төгрөг гаруулахаар нэхэмжилсэн. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 3.700.000 төгрөг авахаар эвлэрэн хэлэлцэв. Төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 10-нд 1.000.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 10-нд 1.000.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 10-нд 1.000.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 31-нд 700.000 төгрөгийг тус тус төлнө. Жич 3.500.000 төгрөгийг Д.Сэлэнгээс нэхэмжилж авч өгнө гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ганаа нь хариуцагч Г.Тунгалагт холбогдуулан гэрээний үүрэгт 10.656.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдаанд зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч Б.Ганаа нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг багасгаж, талууд 3.700.000 төгрөгийг төлөх, үүнээс 2017 оны 01 дүгээр сарын 10-нд 1.000.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 10-нд 1.000.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 10-нд 1.000.000 төгрөг, 03 дугаар сарын 31-нд 700.000 төгрөг төлөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Б.Ганаа, хариуцагч Г.Тунгалаг нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Зохигчид шүүх хуралдаанд эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Тунгалагаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Талууд эвлэрлийн гэрээгээр Г.Тунгалаг 3.500.000 төгрөгийг Д.Сэлэнгээс авч Б.Ганаад өгнө гэснийг дурьдав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч Г.Тунгалаг нэхэмжлэлийн шаардлагаас 3.700.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ганаад төлөхөөр эвлэрлсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185.446 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Тунгалагаас 74.150 гаргуулж нэхэмжлэгч Б.Ганаад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.КУЛЬДАНА