| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07423/И |
| Дугаар | 57 |
| Огноо | 2016-12-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 57
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б
Хариуцагч: Н
16.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Б, түүний өмгөөлөгч К.М, хариуцагч өмгөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Н нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Сэлбийн зусланд "УБЦТС” ТӨХК-ийн 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1494/2010 тоот техникийн нөхцөлийн дагуу 1.8 км агаарын шугам татан ашиглаж байгаа юм. Миний бие 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 5 сард тус шугамны ойролцоо барилга барьж байгаа Эм Си Ай ХХК-д менежерээр ажилладаг бөгөөд тухайн барилгаа цахилгаанаар хангахын тулд Г.Нгийн хувийн зардлаар барьсан 1.8 км шугамаас татах шаардлагатай болсон юм. Түүний 99110032 дугаартай гар утсаар холбогдож, энэ тухай зөвшилцөж 20 сая төгрөгийн төлбөр төлж холболт хийлгэхээр тохиролцсон. Би 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр түүнд 15 сая төгрөг өгсөн бөгөөд мөнгө хүлээн авсан баримт үйлдүүлэн гарын үсэг зуруулж авсан ба 5 сая төгрөгний төлбөрийг 2016 оны 8 сарын 15-ны дотор төлж барагдуулахаар тохирсон. Г.Нд хүлээлгэн өгсөн 15 сая төгрөгийг би өөрөөсөө гаргасан. Гэвч 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Г.Нгийн шугам бус өөр шугамнаас холболт хийн ашиглах шаардлагатайг мэдсэн бөгөөд тэр дор нь андуурсан тухайгаа Г.Нд утсаар мэдэгдтэл “Өө тиймүү. Өчигдөр үрчихсэн шүү дээ. Зардалдаа хэрэглэчихлээ тэгж байгаад өгчихнө” гэж хэлээд өнөөдрийг хүрлээ. Өнгөрсөн хугацаанд Г.Нгээс олон удаа шаардсан боловч эхэндээ өгнө гэж байгаад сүүлдээ утсаа авахаа больсон. Иймд гэрээний бус үүрэгт 15.000.000 төгрөгийг Г.Нгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Б, түүний өмгөөлөгч К.М нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь хариуцагч талтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч М.Б нь нэхэмжлэлийн шаардлагын 1.000.000 төгрөгөөс татгалзаж, 15.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Н төлөхөөр зөвшөөрч, үүнээс 5.000.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 5.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, 5.000.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Г.Нгийн өмгөөлөгч Б.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож, нэхэмжлэгч М.Б нь нэхэмжлэлийн шаардлагын 1.000.000 төгрөгөөс татгалзаж, 15.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Н төлөхөөр зөвшөөрч, үүнээс 5.000.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 5.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, 5.000.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч М.Б нь нэхэмжлэлийн шаардлагын 1.000.000 төгрөгөөс татгалзаж, 15.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Н төлөхөөр зөвшөөрч, үүнээс 5.000.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 5.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, 5.000.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Г.Нд холбогдуулан 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдаанд зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч М.Б нь нэхэмжлэлийн шаардлагын 1.000.000 төгрөгөөс татгалзаж, 15.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Н төлөхөөр зөвшөөрч, үүнээс 5.000.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 5.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, 5.000.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч М.Б, хариуцагч Г.Н нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Зохигчид шүүх хуралдаанд эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Нгээс 232.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.Б нь нэхэмжлэлийн шаардлагын 1.000.000 төгрөгөөс татгалзаж, 15.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Н төлөхөөр зөвшөөрч, үүнээс 5.000.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 5.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, 5.000.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Нгээс 232.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА