| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0153/Э |
| Дугаар | 163 |
| Огноо | 2020-11-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ч.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Я.Батханд /цахимаар/,
Шүүгдэгч: Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-ийн Н-д холбогдох эрүүгийн 2035000930129 хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын ирсэн, 1978 оны 11 дүгээр сарын 26-нд Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Хяргас сумын Дэлгэр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй Б овогт Л-ийн Н /РД:ОЗ78112615/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Л.Н нь Увс аймгийн Хяргас сумын 4 дүгээр багийн нутагт өөрийн хашаандаа 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 99-89 УВХ улсын дугаартай “Гранд Вирд” загварын автобусыг жолоодоод хөдлөхдөө хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлд заасныг зөрчиж, өөрийн төрсөн хүү 8 настай Н.Өыг дайрч амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Л.Нг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.Н нь 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн 99-89 УВХ улсын дугаартай “Гранд Вирд” загварын автобусыг жолоодон хөдлөхдөө өөрийн төрсөн хүү 8 настай Н.Өын амь насыг хохироосон болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 4-11, 12-24-р тал/,
зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураг / хх-ийн 25-26-р тал/,
хохирогч Н.Ө-ын цогцост хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 30-33, 34-39-р тал/,
согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40, 41-р тал/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Хяргас сумын 4 дүгээр багийн нутагт сумын төвийн арын НИК ШТС-ын урд талын хашаанд нөхөр Л.Н, хүү Ц, Ө, охин Г нарын хамт амьдардаг бөгөөд би хувиараа хөдөлмөр эрхэлдэг, харин манай нөхөр Л.Н нь өөрийнхөө 99-89 УВХ улсын дугаартай автобусаар хот хоорондын зорчигч тээвэрт явдаг юм. Манай нөхөр Л.Н нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Увс аймаг руу гарч 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд гэртээ ирээд өөрийн 99-89 УВХ улсын дугаартай Гранд Вирд маркийн автобусаа хашаанд оруулж тавьсан. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өглөө 07 цаг 30 минутаас 08 цагийн хооронд манай гэрийнхэн орноосоо босоцгоосон бөгөөд манай нөхөр Л.Н аймгийн төв орохоосоо өмнө автобусаа хашаанд байрлах гарааж руу оруулна гээд гэрээс гарч хашаанд байсан машинаа асаасан. Харин манай бага хүү Н.Ө нь гэрээс гарч шээчхээд хашаанд байсан өөрийнхөө улаан өнгийн унадаг дугуйг түлхээд хашаан дотроо тоглож байсан. Том хүү Ц болон охин Г нар дөнгөж орноосоо босож байсан. Би өглөө босоод цайгаа чанаад гал тогоондоо байж байтал гадна хүүхэд орилох шиг дуу чимээ гарсан. Тэгэхээр нь би гэрээс гарахад манай нөхөр Л.Н нь машиныхаа урд талаас хүү Н.Өыг тэврээд миний өөдөөс хүрч ирэхэд миний хүү Н.Ө хацар хэсэгтээ зулгарсан байсан бөгөөд би хүүхдээ үнсээд ээжийн хүү гэхэд уртаар амьсгаа авах шиг болсон. Тэгээд манай нөхөр жижиг гараажаас суудлын автомашин гаргаж ирээд бид хоёр хүү Н.Өыг аваад шууд сумын эмнэлэг дээр очоод туслаарай гэж тусламж хүсээд хүүгээ эмнэлгийн орон дээр хэвтүүлсэн. Тэгээд миний таньдаг хүмүүсээс эмч Мэндбаяр, өөр эмэгтэй эмч, сувилагч нар хүү Н.Өын цээжин дээр дарж байгаад амьсгалын аппарат залгаж, эмчилгээ хийж байсан ба би тэр хооронд сандарсан байсан учраас эмч нарыг хурдлаач ээ гэж хэлээд хажууд нь хараад зогсож байсан. Тэгж байтал манай нөхөр Л.Н лам хараар үзүүлэхээр гараад яваад өгсөн ба удалгүй эмнэлэг дээр манай хадам аав Лхагвасүрэн ирсэн. Удалгүй араас нь хадам ах Ширнэн нар ирцгээсэн юм. Тэгээд эмч нар манай хүү Н.Өт 1 цаг орчим эмчилгээ хийсэн бөгөөд тэр үед миний хүү Н.Өын бэлэг эрхтнээс шээс гарч байсан. Тэгээд Мэндбаяр эмч “за за 10 гаруй минут боллоо ш дээ, одоо больцгоо” гэж эмч нартаа хэлээд манай хүүг нас барсан байна гэж надад хэлсэн. Тэгээд би хүүгээ нас барсан гэдгийг сонсоод “юу ярьж байгаа юм бэ” гээд орилж чарлаад тэр хооронд ухаан балартсан юм. Тэгээд Мэндбаяр эмч Өсөхбаярыг даавуунд ороож тэврээд манай хадам аав Лхагвасүрэн, хадам ах Ширнэн нарын хамтаар Ширнэн ахын машинтай манай гэрт очиж Өсөхбаярын цогцсыг ширээн дээр тавьж байрлуулсан юм. Тэгж байтал манай нөхөр Л.Н нь араас гэртээ хүрч ирсэн юм. Тэрнээс хойш би шок-нд ороод ухаан алдаад унасан бөгөөд тэрнээс хойш юу болсон талаар би сайн санахгүй байна. Ямар ч байсан манайд ах дүү н арын хүмүүс болон сумын цагдаа нар ирчихсэн байсан. ...Миний хувьд хүүгээ машинд дайрагдаж байхыг хараагүй. Би тухайн үед ажил явдал дууссаны дараа тайвшраад байж байтал миний нөхөр Л.Н нь тэр өглөө би машинаа асаагаад нормалдаж байгаад хөдлөөд Өсөхбаярыг машины урд байсныг харалгүйгээр дайрчихсан гэж хэлсэн. Түүнээс өөр надад мэдэх зүйл байхгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал, хүсэлт байхгүй. Би нэгэнт хүүхдээ алдчихлаа. Энэ нь миний тавилан байсан байх. Одоо нөхөр маань шоронд орчихвол манайх гэдэг айлд нэлээн хүндрэлтэй байдал үүсэж, миний хувьд сэтгэл санааны бүр илүү дарамтад орохоор байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52, 55-56-р тал/,
Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 30-ны өглөө 08 цаг 30 минутын үед би эрүүл мэндийн төвийн өрөөндөө хувцсаа солиод байж байтал манай өрөөнд бага эмч Мэндбаяр орж ирээд “хурдлаарай, хүүхэд ирлээ” гэж дуудчихаад явчихсан. Тэгээд би араас нь удалгүй хувцсаа солиод үзлэгийн өрөө рүү ороход тухайн хүүхдийг орон дээр хэвтүүлсэн байдалтай Н эмч хүүхдэд зүрхний массаж хийж байсан М эмч хүчил төрөгчийн аппаратаар хүчил төрөгч өгч байсан. Тэгээд би ороод массажийг үргэлжлүүлээд хийхэд хүүхдийн амаар цус гарчихсан байсан бөгөөд нэмэгдээд байх шиг байсан. Тэгэхээр нь би зүрхний булчин цочроох адреналин тариаг хийгээрэй гэхэд сувилагч Болормаа нь хүүхдийн бугалгад хийсэн юм. Тэгээд тэр хүүхдэд ямар нэгэн хувирал байхгүй болохоор нь би чагнуураар чагнаж үзэхэд зүрхний цохилт байхгүй, хүүхэн хараа 2 талд ижил өргөссөн гэрлийн урвалгүй, гүрээний судасны лугшилт, гарын шууны судасны цохилт, тэмтрэгдэхгүй нас барчихсан байхаар нь би ээж нь болох Л.Н, Ч.Н нарт нас барсан байна гэж хэлсэн. Тухайн үед талийгаач Н.Өын биеийн зүүн шанаа орчимд шалбарч, зулгарсан байдалтай хамар, амнаас нь цус гарсан байдалтай байсан юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 57-58-р тал /,
гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 30-ны өглөө 08 Цаг 30 минутын үед би сумын эрүүл мэндийн төвд үзлэгийн өрөөнд эмч Мэндбаяртай хамт байж байтал гаднаас “эмч байна уу, авраарай” гэж хэлээд манай сумын иргэн Ч.Н нь хүүхдээ тэвэрчихсэн мөн аав нь гэх Л.Н нар эмнэлэг дээр орж ирсэн. Тэгээд хүүхдийг орон дээр тавиулаад Мэндбаяр эмч бид хоёр хүүхдийг үзэхэд амьсгалахгүй нас барчихсан байдалтай байсан. Тэгээд Мэндбаяр эмч зүрхний массаж хийж байгаад үргэлжлүүлэн би хийсэн. Харин тэр хооронд Мэндбаяр эмч хүчил төрөгчийн аппарат авч ирсэн бөгөөд сувилагч Болормаа, Буянхүү эмч нарыг дагуулж орж ирсэн. Тэгээд хүүхдэд хүчил төрөгчийн аппарат залгаад зүрхэнд нь массаж хийсэн боловч тухайн хүүхэд аль хэдийн нас барсан байдалтай байсан. Тухайн үед хүүхдийн биеийн зүүн талын гарын тохой хэсгээр ямар нэгэн зүйлд зүлгэгдсэн зулгаралт, цээжний хэсгүүдэд зулгаралт, зүүн хацар шанаанд зулгаралт, ам хамраас нь цус гарч байсан бөгөөд зүрхний массаж хийхэд мөн цус гарч байсан юм. Тэгээд бид нар ар гэрийнхэнд нь хүүхэд нас барсан талаар хэлсэн бөгөөд удалгүй хүүхдийн өвөө, авга ах нь гэх хоёр хүн орж ирээд хүүхдийг гэр рүүгээ авч явна гэхээр нь Мэндбаяр эмч хүүхдийг гэрт нь хүргэж өгсөн юм.” гэх мэдүүлэг / хх-ийн 59-р тал /,
Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр сумын эрүүл мэндийн төвийн жижүүр эмчээр ажиллаж байсан ба тухайн өдрийн 08 цагийн үед би ажил дээрээ ирээд ээлжийн сувилагч нарын ээлжийг хүлээлцүүлчхээд үзлэгийн өрөөнд хүүхдийн эмч Нямцэнгэлийн хамт байж байтал 08 цаг 30 минутын үед манай эрүү мэндийн төвд манай сумын иргэн Ч.Н нь 8 настай эрэгтэй хүүхдээ тэвэрчихсэн нөхөр Л.Н-ийн хамт орж ирээд “манай хүүхэд унадаг дугуйтай” гэж хэлсэн бөгөөд тухайн хүүхдийн ам хамраас нь цус гарч амьд гэх шинжгүй байхаар нь би шууд хүүхдийг үзлэгийн орон дээр тавиулаад чагнуур аваад чагнахад ямар нэгэн амьсгал зүрх судас мэдэгдэхгүй байхаар нь тухайн хүүхдийн гүрээний судсыг гараараа тэмтэрч үзэхэд зүрхний цохилтгүй байсан. Тэгээд би тухайн хүүхдийн цээжинд зүрхний иллэг хийсэн тэгж байтал Нямцэнгэл эмч өрөөнөөс гараад ороод ирэхээр нь түүнд хандаж “энэ хүүхдэд зүрхний массажийг үргэлжлүүлээд хийж бай” гэж хэлчхээд би өрөөнөөс гараад ээлжийн сувилагч Болормаа, уламжлалтын их эмч Буянхүүг дуудсан. Тэгээд бид нар хүүхдэд хүчил төрөгчийн аппарат залгасан. Тэгээд Буянхүү эмч тухайн хүүхдийн зүрхийг чагнаж үзэхэд ямар нэгэн амьсгал байгаагүй бөгөөд Буянхүү эмч хүүхдийг үзчихээд “энэ хүүхэд нас барчихсан байна” гэж хэлсэн. Тухайн хүүхэд манай эрүүл мэндийн төвд ирэхдээ л нас барчихсан байсан бөгөөд хүүхдийн ам хамраас цус гарсан, зүүн талын шанаа, хавирга, хэвлий хэсгээр нь арьсанд зурагдалт бүхий ил харагдах шархтай байсан ба тухайн хүүхэд гадуураа футболк, өмдтэй байсан юм. Тэгээд эмнэлэг дээр байж байтал талийгаач хүүхдийн өвөө Лхагвасүрэн, авга ах Ширнэн нар ирээд хүүхдийг гэр рүүгээ аваад явна гэхээр нь би тухайн хүүхдийн цогцсыг даавуунд ороож гэрт нь хүргэж өгсөн юм.”гэх мэдүүлэг / хх-ийн 61-62-р тал /,
Гэрч Л.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хүү Л.Н-ийн гэрт ороход тэдний гэрт Л.Н-ийн бага охин Г гэртээ ганцаараа байсан бөгөөд би аав ээж нар нь хаана байгаа талаар асуухад “Ө унадаг дугуйтай автобус мөргөчихсөн, тэгээд аав ээж хоёр эмнэлэг рүү аваад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би тэдний гэрээс гартал Ц хашаанд ороод ирчихсэн хашаан дотор сүү өргөж байсан ба түүнтэй уулзахгүйгээр шууд сумын эрүүл мэндийн төв рүү очиход Н.Ө-ыг эмч нар үзлэгийн өрөө рүү оруулаад хэвтүүлчихсэн байсан. Тэгээд намайг эрүүл мэндийн төв дээр ирэхэд Н надтай зөрөөд миний машины түлхүүрийг аваад явсан бөгөөд лам руу явах шиг болсон. Тэгээд эмнэлэг рүү ороход Н.Ө-ын аманд хүчил төрөгчийн аппарат хийчихсэн массаж хийж байсан ба би Н.Ө-ыг харахад шанаа хэсгээрээ шудрагдсан, бусад хэсэг нь гайгүй харагдахаар нь би гайгүй юм байна гэж дотроо бодоод Н.Өын хоёр гарыг нь бариад атгахад гар нь бүлээн байхаар нь ер нь гайгүй юм байна гэж бодсон. Тэгтэл М эмч Н.Ө-г чагнаж үзээд 10 минут өнгөрч байна, одоо наадах хүүхэд чинь нэмэргүй гэж хэлсэн. Тэгээд Д.М эмч хүмүүсийг холдуулаад Н.Ө-г даавуугаар ороосон. Тэгж байтал манай том хүү Ш ороод ирсэн. Ш машинаа жолоодоод Ч.Ныг аваад бид нар эрүүл мэндийн төвөөс гараад тэндээсээ Л.Нгийн гэрт очицгоосон. Тэгж байтал Л.Н удалгүй гэртээ орж ирээд шууд л орилж уйлаад, шок -нд орсон байдалтай эргээд гэрээсээ үсрэн гараад явсан. Тэгэхээр нь би араас нь Ч.Ныг гаргачхаад цонхоор харахад Л.Н час гээд уйлаад тогтож чадахгүй, сандарсан байдалтай байсан юм. Тэгээд байж байтал Ц гэртээ орж ирээд дүүгээ тэврээд уйлцгаасан бөгөөд удалгүй манайхны хүмүүс ирцгээсэн...”гэх мэдүүлэг / хх-ийн 65-66-р тал /,
Увс аймгийн авто тээврийн төвийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт /хх-ийн 101-102-р тал/,
Увс аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 34 дугаартай цогцост хийсэн “Талийгаач Н.Өын биед гэмтэл учирсан байна. Талийгаач Н.Ө-н биед: Сээрний 3 дугаар нугалмын их биеийн хөндлөн хугарал, баруун, зүүн гуурсан хоолойн тасрал, орчны эдэд цус хуралт, цээжний баруун талын 1, 2, 3, 4 дүгээр хавирганы хугарал, хугарлын түвшинд цус хуралт, цээжний зүүн талын 1 хавирганы толгой хэсгийн мултрал, зүүн эгэм мөрний үетэй нийлэх хэсгийн мултрал, цээжний хөндийд цус хуралдалт, зүүн хацар, хүзүү, зүүн бугалга, шуу, цээж, хэвлий, зүүн дал, ууц, баруун бугалгад зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь тээврийн хэрэгслийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь аль ч байдлаар үүсэх боломжтой. Н.Өын биеийн зүүн талд олон тооны зулгаралтууд гэмтэл учирсан байна. Талийгаач Н.Ө гэмтэл авах үедээ ямар байрлалтай байсныг тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтлүүд байна. Олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Н.Өын баруун, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд байсан ба талийгаачийг нас барахаас 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь хатуу зүйл, газар, чулуу, тээврийн хэрэгслийн эд ангийг өөрөө мөргөсөн, унаснаас үүсэх боломж маш бага. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд нь хүний гар хөлийн үйлчлэлээр үүсэх боломжгүй. Сээрний 3 дугаар нугалмын их биеийн хөндлөн хугарал, баруун, зүүн гуурсан хоолойн тасрал, орчны эдэд цус хуралт, цээжний баруун талын 1, 2, 3, 4 дүгээр хавирганы хугарал, хугарлын түвшинд цус хуралт, цээжний зүүн талын 1 хавирганы толгой хэсгийн мултрал, зүүн эгэм мөрний үетэй нийлэх хэсгийн мултрал, цээжний хөндийд цус хуралдалт гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх цээжний битүү гэмтлүүд нь талийгаачийн үхэлд шууд нөлөөлсөн байна. Талийгаач Н.Өын биед бүтцийн хувьд үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач Н.Ө дээрх цээжний битүү гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна. Талийгаачийн цогцост үзлэг шинжилгээ хийх эхлэхээс өмнө нас бараад 24 цаг орчим болсон байх боломжтой. Талийгаач Н.Ө архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Шүүх химийн шинжилгээний №49 тоот шинжээчийн дүгнэлтийг хавсаргав. Талийгаач нь нас барах үедээ эрүүл буюу согтолтгүй байсан байна. Н.Ө нь В /III/ бүлгийн цустай байсан байна. Шүүх биологийн №38 тоот шинжээчийн дүгнэлтийг хавсаргав.” гэх дүгнэлт /хх-ийн 83-88-р тал/,
Шүүгдэгч Л.Нгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 30-ны өглөө өөрийн эзэмшлийн 99-89 УВХ улсын дугаартай Гранд Вирд загварын том оврын автобусыг гаражад оруулчхаад явах гээд гараад автобусаа асаагаад нормалдаж машиндаа хий хураалгачхаад гар нүүрээ угаачхаад ирээд автобусандаа суугаад урагш хөдлөхөд “ааваа” гэж орилох чимээ гарахаар нь автобуснаас буугаад харахад миний бага хүү талийгаач Н.Ө автобусны урд доод хэсэгт нь хэвтэж байсан. Тэр үед амьсгалтай байсан тул би шууд өөрийнхөө пробокс загварын суудлын автомашиныг гаражаас гаргаж ирээд эмнэлэг рүү авч явсан боловч эмчилгээ авч чадахгүй амьсгал хураасан. ...Би хөдөлгөөн эхлэхийнхээ өмнө автобусныхаа эргэн тойрныг хараагүй, хаалга онгорхой байсан тул шууд очоод суусан. Би өөрийн санамсар болгоомжгүй байдлаасаа болоод хүүхдийнхээ амь насыг хохироосондоо маш их гэмшиж, харамсаж байна” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон байна.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийснээр эхэлж, авто тээврийн хэрэгслийг хөдлөх боломжгүй болгож бүрэн зогсоох хүртэл мөрдөгдөх бөгөөд энэ хугацаанд жолоочийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бий болгосон тохиолдолд гэмт хэрэгт тооцогддог.
Энэ хэргийн хувьд шүүгдэгч Л.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх гэх заалтыг зөрчиж, хашаанд тоглож байсан өөрийн төрсөн хүү 8 настай Н.Өыг дайрч амь насыг нь хохироосноор хор уршигт хүргэсэн байх тул Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ талаар Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Цогтбаярын “... 3. 99-89 УВХ улсын дугаартай Гранд вирд загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан Л.Н нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн байна. 4. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар “зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь, бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч, гэмтэх, ачаа болон бусад материалын хохирол учрах явдал”-ыг зам тээврийн осол мөн гэж үзнэ...” гаргасан 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Л.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.Н нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амт насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Н нь тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн B, C, D ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх нь хүчинтэй байсан болох нь /хх-ийн 108-р тал/ шинжээчийн дүгнэлтээр, мөн шүүгдэгч нь урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн l хавтасны 122-р тал/-аар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Л.Н амь хохирогч Н.Өын төрсөн эцэг нь бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Л.Нгийн хувийн байдал болон зан төлөвийн талаар Гэрч Ц.Ц-ын өгсөн: “Л.Н нь миний хадам ахын хүү байгаа юм. Л.Н нь Увс аймгийн Хяргас сумын 4-р багт эхнэр Ч.Н, 2 хүүхдийн хамт амьдардаг. Том хүүхэд нь энэ жил 12 дугаар анги төгссөн. 2000 оны эхээр Л.Н нь хувиараа хүн тээврийн Улаангом Хяргас сумын хооронд хийж байгаад 2015 оноос хойш Ач буян ХХК-д жолоочоор ажилд орж Увс, Улаанбаатар хот хооронд том оврын автобусаар хүн тээвэрлэдэг болсон. Эхнэр Ч.Н нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Л.Н нь зан байдлын хувьд ажилсаг, хөдөлмөрч нямбай, бусдад тусархуу, төлөв даруу, үг дуу цөөтэй, тайван дөлгөөн зантай, архи тамхи хэрэглэдэггүй элдэв муу зуршилгүй зантай хүн байгаа юм”гэх мэдүүлэг / хх-ийн 78-р тал /, Гэрч Ц.Б-ийн өгсөн: “Манай нагац ах Л.Н нь Увс аймгийн Хяргас сумын 4 дүгээр багт эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Өөрөө Ач буян ХХК-д жолоочоор ажилладаг байж байгаад энэ хэрэгт холбогдсоноос хойш ямар нэгэн ажилгүй байгаа. Л.Н нь төлөв даруу, үг дуу цөөтэй, бусадтай зөв боловсон харьцаатай, элдэв муу зуршилгүй, бусдад тусархуу, эхнэр, үр хүүхдэдээ анхаарал халамжтай, ноён нуруутай хүний түшигтэй сайн ах юм. Л.Н нь нутаг орон найз нөхдийн дунд нэр хүндтэйгээс гадна бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүн байгаа юм.” гэх мэдүүлэг / хх-ийн 79-р тал /-үүд хэрэгт авагдсан байна
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн “Гранд вирд” загварын 99-89 УВХ улсын дугаартай том оврын автобус нь шүүгдэгч 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс Төрийн банкны нэр дээр байдаг болох нь Увс аймгийн Авто тээврийн төвийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 224 дугаартай албан тоот /хх-ийн 142-р тал/-оор нотлогдож байгааг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн хэргийн газрын үзлэгийг дүрс бичлэгээр бэхжүүлсэн дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Л.Нгийн 128887 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Л.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Л.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар тэнсэж, Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Л.Н-ийн 128887 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Алтанлхамд даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Нд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ