Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 00087

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Т.Чойжилсүрэнгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч П.Цогбадрахад холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 269 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Т.Чойжилсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: П.Цогбадрахад холбогдох,

Мал худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 1.715.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч П.Цогбадрахын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Чойжилсүрэн, хариуцагч П.Цогбадрах, нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Чойжилсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т.Чойжилсүрэн би 2014 онд П.Цогбадрахын хүсэлтээр 1.280.000 төгрөг зээлсэн. Тогтсон хугацаандаа зээлээ төлөөгүйн улмаас 435.750 төгрөгийн зардал гарган 4 удаа очсон болно. Иймд П.Цогбадрахаас нийт 1.715.750 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч П.Цогбадрах шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

П.Цогбадрах миний бие 2015 онд Т.Чойжилсүрэнгээс 1.280.000 төгрөг зээлсэн. Мөнгөний хариуд үхэр өгнө гэсэн тохироо хийж авсан. Манайд 2 удаа ирсэн. Сүүлд ирэхэд нь шүдлэн үхэр нэгийг  500.000 төгрөгөнд,  бяруу нэгийг  300.000 төгрөгт тус тус бодож нийт 800.000 төгрөгний 2 үхэр өгсөн. Үндсэн мөнгөнөөс 480.000 төгрөгний хариуд 2017 оны 05 сард үхэр өгнө. Иймд Т.Чойжилсүрэнгийн замын зардал болох 435.750 төгрөгийн  нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гомдолтой байна. Манайх Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн Моностойд байдаг. Яаж ч тооцсон ийм зардал гарах учиргүй билээ. Иймд та бүхэн миний гомдлыг харгалзан үзэж үнэн бодитоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 269 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-д заасныг баримтлан П.Цогбадрахаас 1.500.000 төгрөг гаргуулан Т.Чойжилсүрэнд олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 215.750 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд  төлсөн 42.402 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 38.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Цогбадрах давж заалдсан гомдолдоо:

Миний бие 2015 онд Т.Чойжилсүрэнгээс эхний удаа 300.000 төгрөг авч тус мөнгөний хариуд нэг бяруу өгөхөөр, дараа нь мөн 300.000 төгрөг авч хариуд нь нэг бяруу өгөхөөр тохиролцсон. Энэхүү хоёр бярууг 2015 оны намар буюу идэшний үеэр өгөхөөр бид ярилцан тохирсон. Уг мөнгийг авсаны дараа мөнгө хэрэг болсон тул 680.000 төгрөг авч уг мөнгөний хариуд нь Т.Чойжилсүрэнд тугалтай үнээ өгөхөөр тохиролцсон. Тодруулбал 300.000 төгрөгөнд тооцож өгөх хоёр бярууг идэшний үеэр өгөх буюу 2015 оны намар өгөхөөр тохирсон бөгөөд тугалтай үнээг хэзээ өгөх талаар харилцан тохиролцоогүй юм. Тохиролцсон ёсоор 2015 оны намар идэшний үеэр Т.Чойжилсүрэнг үхэрээ  явахаар ирэхэд нь миний бие өөрийн ээж болох Г.Ичинхорлоогийн үхэрнээс тугалах шүдлэн үхэр буюу гунж нэгийг, эр бяруу нэгийг тус тус өгч явуулсан бөгөөд тугалах гунжин үхэрийг 450.000 төгрөгөөр тооцож бярууны үнэний зөрүү 150.000 төгрөгийг нэхэмжлэгчээс авахаар тохирсон. Т.Чойжилсүрэн уг 50.000 төгрөгнөөс тухайн үед 50.000 төгрөгийг өгөөд явсан ба үлдэгдэл 100.000 төгрөгийг өгөөгүй байгаа юм. Ийнхүү идэшний үеэр өгөх ёстой байсан хоёр бяруугаа миний бие тохиролцсон хугацаандаа өгсөн. 2016 оны намар Т.Чойжилсүрэнг идэшний үеэр очиход нь тугалтай үнээгээ ав гэхэд би тугалтай үнээ авахгүй сувай үнээ авна гэсэн ба надад тухайн үед сувай үнээ байгаагүй тул сувай үнээ өгч чадаагүй юм. Иймд уг нөхцөл байдлыг шүүх тодруулалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.Нэхэмжлэгч Т.Чойжилсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ надаас 1.750.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлээ тайлбарлахдаа “...намар очиход 1 шүдлэн үхэр 450.000 төгрөгт өгсөн. Би дахиад шүдлэн үхэр, 1 үнээ, 1 бяруу авах ёстой байсан. 3 удаа очсон зардал их гарсан. Наймаагаа буцааж мөнгө авах хүсэлтэй байна. Намар нь үнээг 700 000 төгрөгт, шүдлэн үхрийг 500.000 төгрөгт, бярууг 300.000 төгрөгт тохирсон. Нийт 1.500.000 төгрөг, нэмээд зардалаа нэхэмжилж байгаа” гэсэн. Үүнийг тодруулбал 1.500.000 төгрөг + 435.750 төгрөг нэхэмжлэгчийн гаргасан зардал гэх/= 1.935.750 төгрөгийг шүүх хуралдаан дээр нэхэмжилсэн би ийнхүү өөрийнхөө авсан бярууны үнийг хасаж тооцохгүйгээр нэхэмжлэлээ нэмэгдүүлэхийг урьдчилан мэдсэн бол үүнтэй холбоотойгоор нотлох баримт гаргах буюу гэрч асуулгах байсан. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 269 дугаар шийдвэрээр 1.500 .000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнээс нэхэмжлэлийн шаардлагаас 1.020.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэг цугларсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Т.Чойжилсүрэн хариуцагч  П.Цогбадрахад холбогдуулан мал худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 1.715.750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

            Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-д заасныг баримтлан П.Цогбадрахаас 1.500.000 төгрөг гаргуулан Т.Чойжилсүрэнд олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 215.750 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Т.Чойжилсүрэн нь хариуцагч П.Цогбадрах нар нь 2015 оны хавар мал худалдах худалдан авах талаар амаар харилцан ярилцаж тохиролцжээ. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

             Нэхэмжлэгч нь нэг тооны тугалтай үнээ, хоёр тооны бярууг идэшний цагаар авахаар болж хариуцагчид 1.280.000 төгрөг өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ.

            Шүүх нэхэмжлэгч хариуцагч нар нь 1.280.000 төгрөг өгч авалцсан байхад түүнээс илүү хэмжээгээр тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хариуцагч намар нь шүдлэн үхэр 450.000 төгрөгт бодож нэхэмжлэгчид өгсөн ба бусад малаа өгөөгүй болохоо зөвшөөрч тайлбарласан ба нэхэмжлэгч мөн шүдлэн үхэр 450.000 төгрөгт авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч “Наймаагаа буцааж мөнгө авах хүсэлтэй байна.Намар үнээг 700.000 төгрөгт, шүдлэн үхрийг 500.000 төгрөгт, бярууг 300.000 төгрөгт тохирсон.Нийт 1500 000 төгрөг, зардлаа нэмж нэхэмжилж байгаа” гэжээ.

Нэхэмжлэгч нь анх 1.280.000 төгрөг хариуцагчид өгсөн үүнээс 450.000 төгрөгөнд нь нэг тооны шүдлэн үхэр авсан нь хэрэгт авагдсан зохигч нарын тайлбараар тогтоогдож  байх ба харин нэхэмжлэгч малын үнэд илүү нэхэмжилж байгаа 1.050.000 төгрөгийн талаар нотолж чадаагүй энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.д зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ 38 дугаар зүйлийн 38.7.-д зааснаар анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө биелүүлээгүй байна.

Анхан шатын шүүхийн “...замын зардал нэхэмжилсэн хэсэг нь нотлох баримтаар нотлогдоогүй тул хангах үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх”үүрэгтэй гэж хэргийн оролцогчийн үүргийг заасан байдаг тул хариуцагч зардал гарсан гэх тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй юм. Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангасан болно... гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй юм.

            Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага болох “1.715.750 төгрөгнөөс нотлох баримтаар тогтоогдоогүй замын зардал болох 435.750 төгрөг, нэхэмжлэгчийн авсан гэх шүдлэн үхрийн үнэ 450.000 төгрөгийг тус тус хасч, хариуцагчаас 830.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Чойжилсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 885.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжинд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх хууль зүйн үндсэлэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хариуцагч П.Цогбадрахын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 30.000 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 269 дугаар шийдвэрийн 1  дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-д заасныг баримтлан П.Цогбадрахаас 1.500.000 төгрөг гаргуулан Т.Чойжилсүрэнд олгосугай ...” гэснийг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан П.Цогбадрахаас 830.000 төгрөг гаргуулан Т.Чойжилсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 885.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгоусгай...” гэж,

            Шийдвэрийн 2 дугаар заалтыг хасч, 2 дугаар заалтыг 3 дугаар заалт болгон өөрчилж,

            3 дугаар заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 42.402 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 38.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай ...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 42.402 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 24.470 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч П.Цогбадрахын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.000 төгрөгийг буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                            ШҮҮГЧИД                                                     С.УРАНЧИМЭГ

 

                                                                                                  Б.БАТТӨР