Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0740/З |
Дугаар | 221/МА2022/0340 |
Огноо | 2022-05-18 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2022/0340
2022 оны 05 сарын 18 өдөр | Дугаар 221/МА2022/0340 | Улаанбаатар хот
|
Ж.Нын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т, Б.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Н
Хариуцагч Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Ж.Нын албан тушаалыг бууруулах тухай” Б/51 дүгээр тушаал, мөн 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Ж.Ныг төрийн албанаас халах тухай” Б/54 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулж, тус газрын Шалган бүртгэх товчоо нэгжийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Н,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э-А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч Р.Б, Г.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2021/0740/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.Наас Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргад холбогдуулан “Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Ж.Нын албан тушаалыг бууруулах тухай” Б/51 дүгээр тушаал, мөн 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Ж.Ныг төрийн албанаас халах тухай” Б/54 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулж, тус газрын Шалган бүртгэх товчоо нэгжийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаар шийдвэрээр:
2.1.“...Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 45.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.4, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Ж.Нын албан тушаалыг бууруулах тухай Б/51 дүгээр тушаалыг, мөн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Ж.Ныг төрийн албанаас халах тухай Б/54 тушаалыг тус тус хүчингүй болгож, Ж.Ныг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Шалган бүртгэх товчоо нэгжийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,
2.2.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Нын ажилгүй байсан хугацаа буюу 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10,722,693 төгрөгийн олговроос тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний менежмент хариуцсан мэргэжилтнээр цалинжуулсан 10 хоногийн зөрүүг суутган тооцож, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ө.Т нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6-д “...Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн байна” гэж дүгнэсэн, харин энэ талаар нэхэмжлэгч болон хариуцагч маргаагүй. Дээрх сахилгын шийтгэлийн талаар хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор хариу тайлбар болон шүүхэд өгсөн нотлох баримтдаа хавсаргаж өгсөн тайлбар байдаг. Гэтэл шүүхээс хамааралгүй асуудалд дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэх зохицуулалтыг зөрчсөн байна.
3.2.Түүнчлэн Үндэслэх хэсгийн 9-т “...эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулж тогтоолгоогүй байх тул дээрх заалтыг нэхэмжлэгчид хэрэглэх нөхцөл бүрдсэн гэж үзэхээргүй” гэжээ. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т “Энэ хуулийн 45.1-д заасан шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргах” тул эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагагүй болно.
3.3.Мөн анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан “Сонсох ажиллагаа”, 43 дугаар зүйлд заасан “Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг хуульд заасан хүрээнд үйлдээгүй” хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Гэтэл Нийслэлийн авто замын хөгжлийн газраас нэхэмжлэгчид албан тушаал бууруулах тухайг мэдэгдсэн, өөрөөр хэлбэл Шалган бүртгэх товчоо нэгжээс “түүнтэй хамтран ажиллахгүй, улмаар ...арга хэмжээ авах тухай” мэдэгдлийг тус тус албан бичгээр хүргүүлсэн, ингэхдээ түүнийг албан тушаал буруулахыг 2022 оны 8 дугаар сарын 6-ны өдөр утсаар танилцуулсны сацуу тухайн үйл баримтыг дүрсжүүлж утсаар ярьсан тэмдэглэл үйлдэж баримтжуулсан тул 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр маргаан бүхий “Албан тушаал бууруулах тухай” Б/51 дүгээр тушаалыг гаргасан.
3.4.Анхан шатны шүүх “...цаг бүртгэлийн ЕRР системийн нэхэмжлэгчийн цагийн бүртгэл бүрэн, түүний цалингийн картаар 2021 оны 8 дугаар сард 22 хоног буюу бүтэн ажилласан гэж цалинг олгосон нь тогтоогдож байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь тогтоогдохгүй байна” гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.
3.5.Учир нь тус газрын Хөдөлмөрийн дотоод журмын 8.1-д зааснаар “цалинг сар бүрийн 10, 25-ны өдөр олгоно” гэж заасны дагуу байгууллагын ажилчдын цалинг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр олгосон бөгөөд нэхэмжлэгч Ж.Ныг төрийн албанаас халах тухай Б/54 дүгээр тушаал нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гарсан нь анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн гэдгийг нотолж байна.
3.6.2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/54 дүгээр тушаалын 3 дах заалтаар “Ж.Нын ажиллаагүй өдрийн цалин хөлсийг хасч, ээлжийн амралтын болон бусад холбогдох тооцоо хийхийг ахлах ня-бо П.Ариунаа, Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах, хүний нөөцийн мэргэжилтэн П.О нарт тус тус даалгасугай” гэсний дагуу 2021 оны 9 дүгээр сард ээлжийн амралтыг тооцож олгохдоо ажиллаагүй 11 хоногийн цалин 558.019 төгрөг, хоол, унааны хөнгөлөлт 55.000 төгрөг, нийт 613.019 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Наас суутган авсан болно.
3.7.Мөн Ж.Н нь ЕRР систем дээр өглөө, орой хуруугаа уншуулж цагаа бүртгүүлээд ажилдаа ирэхгүй хэрнээ ирсэн мэтээр ажил тасалдаг байсан. Энэхүү үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” зохицуулалтыг зөрчсөн болох нь нотлогдож байна.
3.8.Дээрх 2021 оны цалингийн картын мэдээлэл, Хөдөлмөрийн дотоод журам, цагийн бүртгэлийн талаарх хяналт шалгалт хийсэн материалуудыг шүүхээс шаардсаны дагуу нотлох баримтаар хүргүүлсэн боловч шүүхээс уг баримтыг нягтлан шинжлэн судлалгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.
3.9.Түүнчлэн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.1-д “...ажил хүлээлцсэн акт үйлдэж үүрэгт ажлыг хүлээлцээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д “албан тушаалд тавигдах шаардлага болон ажиллах нөхцөл, албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон албан тушаалын тодорхойлолттой тухайн албан тушаалд томилогдмогц албан ёсоор танилцах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах” эрхийг нь зөрчсөн гэжээ.
3.10.Гэтэл тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах, хүний нөөцийн мэргэжилтэн П.О 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр “албан тушаал буруулах тухай” Б/51 дүгээр тушаалыг гардуулж өгсөн бөгөөд ажил хүлээлцэх талаар Ж.Над хэлсэн боловч хүлээж аваагүй, тухайн өдрийн 14 цагт орлогч дарга М.Б-Э “ажил хүлээлцүүлье” гэсэн боловч ажлын байрандаа байгаагүй тухай 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан байдаг, энэхүү бичсэн тайлбарыг шүүхэд нотлох баримтаар өгсөн боловч шүүх мөн дээрх баримтуудыг огт үнэлээгүй.
3.11.“...албан тушаалын тодорхойлолттой тухайн албан тушаалд томилогдмогц албан ёсоор танилцах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах” эрхийг нь зөрчсөн гэж шүүхээс үзсэн нь дээрх баримтаас харахад нийцэхгүй байна. Харин энэхүү үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.16-д заасан үндэслэлээр албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан тухай шийдвэр гарсан тохиолдолд албан тушаал, ажлын байр, тамга, тэмдэг, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхөөс татгалзах гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.
3.12.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.2-т “...2021 оны Б/54 дүгээр тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан байна” хэмээн дүгнэсэн нь анхан шатны шүүхээс хуулийг тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
3.13.Дээрх хуулийн заалт нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар батлагдсан бөгөөд энэхүү хуулийн 6 дугаар зүйлд “Энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан байгаа тул бид нэхэмжлэгч Ж.Ныг ажлаас үндэслэлгүйгээр халсан гэдэг нь тогтоогдсонгүй гэж үзэж байна.
3.14.Эцэст нь анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа хууль дээдлэх зарчим баримтлахаасаа илүүтэй Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшин үнэлэх журам"-ыг шийдвэрийн гол үндэслэл болгосон гэдгийг дурдах нь зүйтэй.
3.5.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, хууль ёсны зарчмыг зөрчсөн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулав.
1.Нэхэмжлэгч Ж.Нын 2021 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг “F” гэж үнэлсэн, мөн 2016, 2017 онд сахилгын шийтгэл хүлээж байсан, түүнчлэн Шалган бүртгэх товчооны хамт олноос Авто замын газрын даргад 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчтэй хамтран ажиллахаас татгалзсан хүсэлт ирүүлсэн зэргээс үзэхэд түүний албан албан тушаалыг бууруулан тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний менежмент хариуцсан мэргэжилтнээр томилсноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байхад шүүхийн шийдвэрт энэ талаар буруугаар дүгнэн, тушаалыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.
Учир нь Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар Ж.Нын албан тушаалыг бууруулсан нь сахилгын шийтгэл биш, иймд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцох харилцаа энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй.
Хэдийгээр Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 4.14.15-ын “в”-д “3 удаа дараалан F буюу хангалтгүй үнэлэгдвэл албан тушаал бууруулах”-аар заасан нөхцөл давтамжийн хувьд бүрдээгүй ч нэхэмжлэгчийн тухайд 1 удаа “F” үнэлгээ авсан, дээр дурдсанчилан 2 удаа сахилгын шийтгэл хүлээсэн, мөн 1 удаа албан тушаал буурсан, одоогийн Шалган бүртгэх товчооны нийт 23 албан хаагчаас 1 хүн татгалзаж, 18 нь түүнтэй ажиллахаас татгалзсаныг дэмжиж гарын үсэг зурсан, бусад нь хүндэтгэх шалтгааны улмаас хамт олны хуралд оролцож чадаагүй, энэ нь зохион байгуулагч Д.Пүрэвсүрэн, Д.Бат-Өлзий нараас авсан гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон, иймд албан тушаал бууруулсан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд нийцсэн гэж үзнэ.
Гэрч Д.Ууганбатын мэдүүлгээр тэрбээр тухайн үед хамт олны хуралд оролцоогүй боловч хамт олноосоо гаргасан хүсэлтийн агуулгатай танилцсаны дагуу гарын үсгээ зурсан, албан хүчинд автсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнийг мөн л нэхэмжлэгчтэй хамтарч ажиллахаас ажиллахаас татгалзсаныг дэмжсэнд тооцно.
Дээрх байдлаар хариуцагчаас нэхэмжлэгчийн нэг удаагийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээнд үндэслэн маргаан бүхий тушаалыг гаргаагүй болох нь тогтоогдож байхад шүүхийн шийдвэрт зөвхөн дээрх журмын холбогдох заалтыг үндэслэн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангасан нь буруу.
Түүнчлэн Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын хурлын 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар хурлын тэмдэглэлд тусгагдсанаар Ж.Н удирдлагын зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хурлыг шалтгаангүйгээр тасалсаны улмаас уг хуралд оруулах асуудал хэлэлцэгдээгүй төдийгүй 30-ны өдрийн хурлыг ёс зүйн хувьд зохисгүй байдал гаргаж орхин гарчээ.
Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил, түүнд ногдуулсан хариуцлагыг цаг хугацааны хувьд авч үзэхэд 2016 оны Б/96 дугаар тушаалаар аудитын шалгалтаар зөрчил илэрч, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр сануулах, 2017 оны А/14 дүгээр тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан, мөн 2019 оны Б/80 дугаар тушаалаар албан тушаалын тодорхойлолтод заасан товчоодын үйл ажиллагааг хэвийн явуулах, хяналт тавьж ажиллах чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр албан тушаалыг 6 сарын хугацаагаар бууруулан Шалган бүртгэх товчооны зохион байгуулагчаар томилогдож байсан байна.
Иймд албан тушаал бууруулсан тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
2.Ж.Ныг төрийн албанаас халсан хариуцагчийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/54 дүгээр тушаал цаг хугацааны хувьд болон гаргасан зөрчлийн шинж байдалд нийцээгүй байх тул шийдвэрийн уг тушаалтай холбогдох шаардлагыг хангасан хэсгийг давж заалдах гомдлын хүрээнд хүчингүй болгох боломжгүй.
Нэхэмжлэгчээс “…2021 оны ээлжийн амралтын хуваарь 5 дугаар сард байсан ч амралтаа авч чадаагүй тул мөн оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс амрах…” хүсэлтээ гаргасан, дээрх тушаал гарах үед ээлжийн амралттай байсныг Хүний нөөцийн ажилтан П.О гэрчилж мэдүүлэг өгсөн, мөн 8 дугаар сарын 17-ны өдөр албан тушаал бууруулснаас хойш 10 хоногийн дараа нэхэмжлэгчийг төрийн албанаас халж байгаа нь уг тушаалд үгчлэн тусгаагүй ч нэг зөрчилд давхардуулж хариуцлага хүлээлгэсэн гэж дүгнэхээр байна.
Ажил тасалсныг хангалттай баримтаар нотлоогүй, нотолсон ч тухайн зөрчлийн давтамж, зөрчлийн үргэлжилсэн хугацааны хувьд төрийн албанаас халах хэмжээний үр дагаварт хүргэхгүй.
Тухайлбал “…ERP системд өглөө оройдоо хуруугаа уншуулж цагаа бүртгүүлээд ажил хийдүүлдэг байсан…” гэх давж заалдах гомдол хангалттай нотлогдохгүй, түүнчлэн үүнтэй холбоотой хэрэгт авагдсан чухам ямар баримтыг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй болох нь гомдолд тодорхой бус байх тул “…хэрэгт авагдсан баримтыг үнэлэлгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан…” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Харин тушаалд баримталсан Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-ын зохицуулалт нь маргаан бүхий тушаалыг гаргах үед шийдвэрт дүгнэсэн “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулах заалт биш байсан, өөрөөр хэлбэл уг хуулийн 48 дугаар зүйлд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулж, одоогийн заалтууд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн, иймд төрийн албанаас халах шийдвэртэйгээ уялдаагүй заалтыг баримталсан гэж хариуцагчийг буруутгах боломжгүй боловч энэ нь шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж нэхэмжлэгчийг буруутгасан өдрүүдийн цагийн бүртгэлд түүнийг ажилласнаар тэмдэглэсэн, тухайн сарын цалинг ч бүтнээр олгосон байна.
3.Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг сүүлд эрхэлж байсан буюу Захиргаа, санхүүгийн хэлтсийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний менежмент хариуцсан мэргэжилтний албан тушаалын цалингаас тооцож олгох нь зүйтэй.
4.Шийдвэрийн удиртгал хэсэгт маргаан бүхий захиргааны актын нэг болох “Ж.Ныг төрийн албанаас халах тухай” Б/54 дүгээр тушаалын оныг “2012” зөрүүтэй бичсэн байгааг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 45.1.2, 48.1.4, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг баримтлан Ж.Нын нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, хариуцагч Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Ж.Ныг төрийн албанаас халах тухай” Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгож, харин 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Ж.Нын албан тушаалыг бууруулах тухай” Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Шалган бүртгэх товчоо нэгжийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай, 2 дахь заалтын “…олговор 10.722.693 төгрөгийн олговроос тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний менежмент хариуцсан мэргэжилтнээр цалинжуулсан 10 хоногийн зөрүүг суутган тооцож, …” гэснийг “олговрыг Захиргаа, санхүүгийн хэлтсийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний менежмент хариуцсан мэргэжилтний цалин хөлсний дунджаар тооцон, суутгалыг хийж олгохыг, олгосон цалин хөлснөөс нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ө.Т нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН