Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 650

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х М  ХХК-ийн гүйцэтгэх захирал Н А ,

Хариуцагч: Улсын бүртгэлийн Ерөнхий газар дарга, мөн тус газрын хяналтын улсын байцаагч Б.Г  нар,

Гуравдагч этгээд: Х Ш ,

Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн № 458 дугаар дүгнэлт, мөн тус газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн  №А/255 дугаар тушаал, 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр олгосон ******* дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг тус тус хүчингүй болгуулах, Х М  ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон 9019078087 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон ******* дугаар бүхий компанийн тэмдэгийн хяналтын дугаарыг тус тус сэргээж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н А , түүний өмгөөлөгч С.О*******, хариуцагч Б.Г , хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О , түүний өмгөөлөгч Л.Ө , орчуулагч Б.Х ,  шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сингапур улсын бүртгэлийн газар бүртгэлтэй Накара Хаяаши Холдинг ХХК-ийг 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хаяаши Шигэнобү, Н А  нар хувьцаа эзэмшигчдийн хурал хийж 50%, 50%-ийн хөрөнгө оруулалттайгаар байгуулсан. Энэхүү компаниа өөрсдийн овгийн эхний үсгээр нэрлэсэн байдаг. Сингапур улсад Накара Хаяаши Холдинг ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Хаяаши Шигэнобү, Н А  нар нь Монгол улсад 100% гадаадын хөрөнгө оруулалттай Х М  ХХК-ийг байгуулахаар шийдвэр гаргаж, 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, улмаар 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн гэрчилгээ авсан.

Энэ үед Л.О  гэдэг эмэгтэйг Н А  нь Хаяаши Шигэнобүтай зөвшилдсөний үндсэн дээр ажлын хөлс төлж, орчуулагчаар ажиллуулан, улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт материал бүрдүүлэх, тухайн компанийг үүсгэн байгуулахаар хамтран ажилласан. Н А  нь Монгол хэл, крилл үсэг мэдэхгүй байсан учраас орчуулагчийг авах болсон.

 Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бүртгүүлэн гэрчилгээ авахдаа, гэрчилгээний ар талд Х М  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н А г томилов гэсэн бичилт хийлгэсэн байдаг. Н А  Хятад болон Япон улсруу явах болсон учраас Х М  ХХК-ийн тайлан тооцоог гаргах, татварын газарт тайлан мэдээ өгөх зэрэг бүх ажлыг Л.О д хариуцуулан тамга, тэмдэг, гэрчилгээгээ үлдээсэн.

Нягтлан бодогчоор н.О******* гэдэг эмэгтэйг түр авч ажиллуулсан. Мөн Н А  өөрөө байж байхдаа тодорхой хэмжээний ажилтанг тухайн компанидаа авсан байдаг. Эдгээр хүмүүсийн зарим нэг нь шүүх хуралдааны танхимд сууж байна. Гэтэл энэ хугацаанд Л.О  нь Н А г монгол хэл болон үсгийг мэдэхгүйг далимдуулан Хаан банкинд дахин данс нээлгэх шаардлагатай байна гэж хэлээд бичиг хийлгэж, гарын үсэг зуруулсан. Тус бичигт өөрийгөө Х М  ХХК-ийн захирал гэж бичиж, тушаал гаргуулж гарын үсэг зуруулсан байсан. Үүнийг сүүлд нь мэдсэн.

Гэтэл гүйцэтгэх захирал хүн ерөнхий захирлыг томилдоггүй, эрх зүйн боломж ч байхгүй. Хэрвээ Л.О  гэдэг хүн тухайн үед ерөнхий захирлаар томилогдох байсан бол хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, шийдвэр гаргах байсан. Энэ байдлыг ашиглан Л.О аас компанийн дансанд байсан мөнгийг дураараа зарцуулсан байсан. Мөнгийг хэрхэн зарцуулсан талаар тайлан мэдээгээ өгөхийг гэж удаа дараа шаардахад өгөөгүй тул 2016 оны 04 дүгээр сард Монгол улсад ирэн Л.О тай уулзаж тайлан тооцоогоо гаргаж өг, би толгой компанидаа тайлан тавих ёстой гэхэд тодорхой хугацааны дараа гаргаж өгье гэсэн боловч гаргаж өгөөгүй.

Улмаар би Л.О д 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр e-mail бичсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тамга, тэмдэг, гэрчилгээг буцааж өгөхийг удаа дараа шаардсан боловч биелүүлэхгүй байсан учраас 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд Монгол улсад ирж ажилласан. Энэ хугацаанд ажиллахдаа тамга, тэмдэг, тайлангаа авах гэж Л.О аас шаардсан боловч зугтаагаад олдохгүй эсхүл Япон улсруу явсан гэсэн мэдээллийг гэрээт ажилтан н.О*******ээс авсан. Арга буюу н.О*******ээр итгэмжлэл хийлгэн сонинд Л.О д байсан компанийн тамга, тэмдэг, гэрчилгээг хүчингүй болгуулах тухай зар тавьж,  н.О*******ээс өөрт олгогдсон итгэмжлэлийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт хууль ёсны дагуу хүсэлт тавьж дахин шинээр тамга, тэмдэг авсан. Үүний дараа тайлан мэдээгээ гарган н.О*******т өгч буцаад Япон улсруу явсан.

2017 онд Л.О д холбогдуулан компанийн тамга, тэмдгийг шаардаж, санхүүг хэрхэн зарцуулж байсан, тайлан гаргаж өгөхийг шаардаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн дагуу Л.О  хариу тайлбар гаргасан байх бөгөөд уг тайлбартаа надад улсын бүртгэлийн газраас олгогдсон гэрчилгээ, тамга, тэмдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлтээр болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар хүчингүй болгосон гэсэн байсныг 2017 оны 08 дугаар сарын дундуур өмгөөлөгч болон оруулагчаар дамжуулж мэдээд арга буюу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.

2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 9019078087 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 458 тоот улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслээд 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/255 тоот тушаалаар 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгогдсон улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдгийг тус тус хүчингүй болгосон шийдвэр гаргасан байсныг сүүлд нь буюу 09 дүгээр сард мэдсэн.

Дээрх эрх зүйн актуудыг ямар учраас гаргасан бэ гэдгийг хувийн зүгээс судлахад Х М  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгогдсон компанийн тэмдгийн хяналтын дугаарыг Улсын ерөнхий бүртгэгч буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар хүчингүй болгосонтой холбогдуулан улсын бүртгэлийн мэдээллийн санд уг мэдээллийг хүчингүй төлөвт бүртгэх гэж бичсэний дагуу 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/255 тоот Улсын бүргэлийн ерөнхий газрын даргын тушаалаар надад олгогдсон гэрчилгээ, тамга, тэмдгийг хүчингүй болгосон байсан.

Улсын байцаагчийн дүгнэлтийн 2.2 дахь хэсэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал нь гараагүй, гарах эсэх нь тодорхойгүй байхад даргын тушаалаар хүчингүй болгосонтой холбогдуулж гэж бичсэн байгаа нь эрх зүйн шаардлага хангахгүй байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэгчийн дүгнэлтэд Хаяаши Шигэнобү гэдэг хүний эрх, ашиг хөндөгдөж байна гэж бичсэн байсан.

Миний бие Монгол улсад Х М  ХХК-ийн үйл ажиллагааг явуулахдаа Хаяаши Шигэнобүгийн зөвшөөрлийг авах шаардлагатай байсан уу? Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа тул компанийн дүрэмд Хаяаши Шигэнобүгийн зөвшөөрлийг авч байж тамга, тэмдэг авах, үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн үг өгүүлбэр, заалт  байхгүй.

Х М  ХХК нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа учраас Монгол улсын хуулийн дагуу явах ёстой гэж үзэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч н.Төгсөө гэдэг хүн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдэл гаргасан байдаг. Тус мэдэгдэлд ..бүрдүүлж өгсөн тогтоол, шийдвэр, итгэмжлэл гаргах үйл ажиллагаанд эрх бүхий этгээд Н А г огт оролцуулаагүй байх тул бүртгэл хийх боломжгүй байна гэсэн байдаг. Үүнээс үзвэл Н А  надад мэдэгдэхгүйгээр Х М  ХХК-ийг дахин улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авах үйл ажиллагаа явагдаж байсан гэдэг нь эндээс харагдаж байна.

Хэргийн материалтай танилцахад Хаяаши Шигэнобүгийн хууль бус итгэмжлэл дээр итгэмжлэл олгосон Л.О  гэдэг эмэгтэй Дачэн нөхөрлөлтэй гэрээ хийсний үндсэн дээр энэ асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, Х М  ХХК-ийн гэрчилгээ тамгыг авах гэж байсныг сүүлд мэдсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал болон, улсын бүртгэгчийн дүгнэлт нь Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 15 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсгүүдэд заасан заалтуудыг зөрчсөн байна.

Хариуцагч Б.Г  нь Монгол Улсын Засгийн газраас гаргасан журмын

дагуу ажилласан гэж тайлбарласан, хуулиас давсан журам гэж байдаггүй. Хуулийн заалтыг баримталж ажиллах ёстой. Хуулийг журмаар зохицуулах ёстой ч хуулийн заалтыг зөрчиж болохгүй.

Хяналтын байцаагч тухайн нөхцөл байдлыг тогтоосон учраас бид ийм тушаал гаргасан гэж байна. Улсын байцаагч нөхцөл байдлыг тогтоохдоо үнэн зөв тогтоосон уу, баримтлах нотлох баримтууд нь үнэн зөв байсан уу? Бодит байсан уу, хуурамч байсан уу гэдгийг тогтоогоогүй. Нотлох баримт шинжлэн судлахад хуурамч нотлох баримт байсан уу, үгүй юу гэдэг нь харагдана. Компанийн дотоод журмын дагуу Л.О  нь компанийн тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг хадагладаг гэсэн тайлбарыг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Компанийн дотоод журам гэж байхгүй. Тухайн үед дотоод журам гэж байсан бол улсын бүртгэгч түүнийг нь материалдаа хавсаргаж авах ёстой байсан. Хувийн хэрэг дотор ч гэсэн байж байх ёстой. Тиймээс Компанийн дотоод журмын дагуу Л.О  нь компанийн тамга, тэмдгийг хадгалах ёстой байсан гэдэг зүйл ярьж болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Х М  ХХК нь гэрчилгээ, тамга, тэмдгийг давхардуулж олгосон гэж гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл Х М  ХХК нь 2 гэрчилгээ, 2 тамгатай. Үүсгэн байгуулагчдын дунд маргаан үүссэн байж болно. 2 гэрчилгээ, тамгыг авахдаа компанийн 50%-ийн хувьцаа эзэмшигч Хаяаши Шигэнобүд мэдэгдэхгүйгээр 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай компанийн үрэгдүүлсэн баримт бичгийг дахин бүрдүүлэх тухай шийдвэрийг гаргасан.

 Тус шийдвэрт компанийн бичиг, баримтыг дахин бүрдүүлж, тамга, тэмдгийг гаргуулахыг н.О*******т даалгасан. Тус шийдвэр нь компанийн тухай хуульд нийцэхгүй. 50%-ийн хувьцаа эзэмшигч хуралд оролцож, санал өгөх ёстой. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ирц хүрэхгүй тул хойшилсон хурал зарлах ёстой байсан. Хойшилсон хурлыг ажлын 7-с доошгүй хоногийн хугацаанд хурлаар хэлэлцэх асуудал, дараалал, дэгийг өөрчлөхгүйгээр хувьцаа эзэмшигчдээ хүсэлт гаргана. Гэтэл энэ тухай нотлох баримтыг хавсаргаж өгөөгүй. Ээлжит хурал уу, ээлжит бус хурал уу, хувьцаа

эзэмшигчдийн эрхийг яаж хангасан тухай нотлох баримт авагдаагүй.

Нөгөө талаар үүнтэй холбогдуулан улсын бүртгэгч бүртгэл хийхдээ Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд сонсох ажиллагааг хийгээгүй. Өөрөөр хэлбэл компанийн хувьцаа эзэмшигч нар 2 тамга, тэмдэг, гэрчилгээтэй. Нэгнийхээ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудал л байна. Эхний шийдвэрийг үгүйсгэж байгаа асуудал огт байхгүй. Дээр хэлсэн тайлбар дээр компанийн дотоод асуудлаас болоод дахин гэрчилгээ авсан гэж байна. Нэг талын ашиг сонирхлын дагуу хүчингүй болгож авна гэсэн зохицуулалт байхгүй.

 Компанийн мөнгө төгрөгийг хууль бусаар зарцуулсан гэж байгаа нь хууль хяналтын байгууллагын асуудал. Компанийн тухай хууль зөрчиж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөж байна. Мөн бүртгэлийн байгууллага нь захиргааны байгууллагынхаа хувьд эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагаа явуулаагүй. Энэ талаар баримтжуулсан материал ч байхгүй.

Улсын бүртгэгчийн дүгнэлтийн эрх зүйн үндэслэлийн талаар ярьж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал гараагүй байхад улсын бүртгэгч дүгнэлтээ гаргасан гэж нэхэмжлэгчээс тайлбарлаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дах хэсэгт Хяналтын улсын ахлах байцаагч болон хяналтын улсын байцаагч нь Засгийн газрын баталсан Улсын бүртгэлийн хяналтын дүрэмд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. гэж заасан байдаг.  Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 47 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан улсын бүртгэлийн хяналтын дүрэм гэж байдаг. Уг дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.3 дахь хэсэгт улсын байцаагч хүн улсын бүртгэлд засвар, өөрчлөлт оруулж, хүчингүй болгох эрхтэй гэж заасан байдаг.

Зөвхөн ерөнхий газрын дарга хүчингүй болгоно гэсэн зүйл байхгүй. Байцаагч хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлсэн бөгөөд хууль зөрчсөн ямар нэгэн зүйл хийгээгүй. Эрх зүйн хувьд үндэслэл бүхий захиргааны акт биш гэж үзсэнтэй санал нийцэхгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын тушаал нь Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дахь хэсэгт заасны дагуу тушаал гаргасан. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дах хэсэгт улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох гэж заасныг үндэслэн 2017 оны 458 дугаар дүгнэлтийг гаргасан.

Улсын бүртгэлд бүртгүүлсэн мэдээлэл үнэн зөв, улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд үндэслэж явагддаг. Сингапур улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй Накара Хаяаши Холдинг ХХК нь Х М  ХХК-ийн толгой компани. Тэдгээрийг бүрдүүлж байгаа хувьцаа эзэмшигчид нь эдгээр 2 япон иргэд юм.

Япон улсын иргэн Монгол улсад үйл ажиллагаа явуулж, компани байгуулсан бол Монгол улсын хуулийн дагуу ажиллана. Компанийн хувьцаа эзэмшигчид нэгнийхээ эрх ашгийг хөндсөн асуудал нь дотоод асуудал. Үүнийг бүртгэхэд улсын бүртгэгч эрх ашиг нь хөндөгдөж байна уу, хууль ёсны баримт мөн үү гэдгийг үнэлж ажиллана. Тамга, тэмдэг, гэрчилгээг шинээр олгохдоо компанийн эрх бүхий этгээдийн шийдвэрийг харах ёстой. Энэ тохиолдолд энэ компанийн шийдвэр нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх ёстой. 2016 оны 03 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурал, шийдвэрээр хувьцаа эзэмшигч нар адил тэнцүү эрх хэмжээтэй байна. Гэтэл нэг этгээд нь хууль зөрчсөн эсэхийг л тогтоох шаардлагатай. Бүртгэл үнэн зөв байх зарчимд үндэслэсэн байх ёстой. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбарыг буруу гэж үзэж байна. гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хяналтын байцаагч тодорхой нөхцөл байдлыг тогтоосон.  Сингапур улсад Накара Хаяаши Холдинг ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд нэг хувьцаа эзэмшигчдээ мэдэгдэлгүй, тамга, тэмдэг авсан. Энэ асуудлыг хяналтын улсын байцаагч өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шалгаж, нөхцөл байдлыг тогтоогоод 458 тоот дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлтийг үндэслээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1.5-д улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох; гэж заасны дагуу тушаал гаргасан. Энэ тушаал нь хуулийн дагуу хуульд нийцэж гарсан. Хяналтын байцаагч ч мөн адил холбогдох хуульд нийцүүлэн 458 дугаар дүгнэлтийг гаргасан.

2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгогдсон улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийн дугааруудыг улсын бүртгэгч үнэн зөв, бодитой, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгэх ёстой байсан ч энэ зарчмууд алдагдсан байсан. Тэрийг хяналтын байцаагч тогтоосон байсан. Нөгөө хувьцаа эзэмшигчид тамга, тэмдэг хадгалагдаж байгаа гэдгийг мэдсээр байж нотлох баримтаа бүрдүүлж, үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ гүйцэтгээгүй. Мөн Улсын бүртгэгч бүртгэл хийхдээ алдаа гаргасан. Компанийн шийдвэр дээр хувьцаа эзэмшигчид бүгд гарын үсэг зурсан байх ёстой тэр шаардлагыг биелүүлээгүй.

Х М  ХХК-ийн 2014 онд авсан гэрчилгээ, тамга, тэмдэг нь хадгалагдаж байгаа гэдэг нь нотлогдож байна. Хяналтын байцаагчийн гаргасан дүгнэлт, тухайн дүгнэлтийг үндэслэж гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын

даргын тушаал нь холбогдох хууль журмын дагуу гарсан акт.

Нэхэмжлэгчээс дутуу нотлох баримтыг үндэслэж дүгнэлт гаргалаа гэсэн тайлбарыг хэлдэг. 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн бүртгэлүүд дутуу нотлох баримтаар хийгдсэн учраас манайхаас зөвтгөх гэж бүртгэлүүдийг хүчингүй болгосон. Хууль бус шалгалт хийсэн байцаагч нь ажлаасаа чөлөөлөгдсөн. Тухайн өргөдөл нь Р.С******* даргын нэр дээр ирсэн. Хуулийн дагуу шалгагдаж бүртгэгдсэн.

Хяналтын байцаагч дүгнэлт гаргаж, саналаа ерөнхий байцаагчид танилцуулсны дагуу ерөнхий байцаагч шийдвэрээ гаргадаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дах заалтыг үндэслээд хүчингүй болгодог. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал хуулийн дагуу гарсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Улсын байцаагч Б.Г той санал нэг байна. н.О******* гэж хүн огт байгаагүй. Би нэг ч удаа тааралдаж байгаагүй. 2 тамга, тэмдэг авсан тухай бид мэдээгүй байсан. Тамга, тэмдэг буцааж өг гэсэн e-mail авсан. Гэхдээ хувьцаа эзэмшигчээс авсан үүрэг, толгой компанийн ТУЗ-ын зөвлөлийн үүрэг даалгаврын дагуу буцааж өгөх боломжгүй байсан. Тамга, тэмдэг ахин авсан тухай огт мэдээгүй. Сүүлд 2016 оны 06 дугаар сард Хаан банк ХХК-д хүсэлт гаргах үедээ мэдсэн. Шалгуулаад үзэхэд н.О******* гэдэг хүний итгэмжлэлээр тамга, тэмдэг гээгдүүлсэн гэсэн үндэслэлээр дахин шинээр авсан байсан. Гэхдээ тамга, тэмдгийг гээгдүүлээгүй, нөгөө талд нь хадгалагдаж байгаа гэдгийг өөрсдөө мэдэж байсан. Би Дачэн нөхөрлөлтэй гэрээ хийж мэдсэн юм биш. Толгой компанийн ТУЗ нь  NAKAHARAHAYASHI HOLDINGS PTE ХХК-тай гэрээ хийж, тухайн компаниар дамжуулан шалгуулж, хүчингүй болгуулсан байгаа. Тухайн үед Дачэн нөхөрлөлийн хэлсэн баримтуудыг бүрдүүлж өгсөн. Анхнаасаа байсан тамга, тэмдгийг байхгүй болсон гэж хэлж авах нь боломжгүй гэж бодож байна.

Нөгөө хувьцаа эзэмшигч нь тамга, тэмдгийг надад байгаа гэдгийг мэдэж байсан. Зугатааж яваагүй. Тухайн үед Х М  ХХК-ийн тамга, тэмдэг хүчингүй болсон байсан учраас дарах ямар ч боломжгүй байсан. Байсан тамга, тэмдгийг байхгүй гэж худлаа хэлж авсан мөртлөө дараа нь надад хэлэлгүй авсан гэсэн зүйл яриад байна. Үүнийг ойлгохгүй байна. Тамга, тэмдгийг хэвээр нь байлгаж өгнө үү.

2 хувьцаа эзэмшигчийн дунд 600 000 сая төгрөгийн асуудал байсан. Тэр нь 2014 оны 09 дүгээр сард компани байгуулагдаад 2015 оны 06 дугаар сард үйлдвэр байгуулах тухай яригдаж байх үед 600 000 төгрөгийг Монголд оруулж ирээгүй. Тэр мөнгийг хэрэглэсэн хүнд тамга, тэмдгийг өгөхгүй байсан учраас ТУЗ-ийн зөвлөл, нөгөө хувьцаа эзэмшигчийн итгэмжлэлийн дагуу надад тамга, тэмдэг байсан.   

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Компанийн дотоод журмын дагуу Л.О  нь компанийн тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг хадагладаг. Мөн захирлууд нь банканд 1, 2 дугаар гарын үсэг зурах эрхтэй байсан. Компанийн дүрмийн эх хувь, анхны гэрчилгээ, тамга тэмдэг нь одоог хүртэл компанид байдаг бөгөөд тухайн тамга, тэмдгээр хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэтэл Н А  нь компанийн тамга, тэмдгийг Л.О  аваад гадагшаа зугтаачихлаа, компанийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихлоо гэсэн үндэслэлээр баримт бичиг бүрдүүлээд компанийн хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэлгүй тамга, тэмдэг, гэрчилгээг шинээр гаргуулж авсан. Х М  ХХК-ийн жинхэнэ өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчиж, компанийн үйл ажиллагаа явуулах, удирдах, өргөжүүлэх, захиран зарцуулах зэрэг хуулиар олгогдсон боломжийг хязгаарласан гэдгийг дурдах нь зүйтэй. Иймээс  Х М  ХХК-ийн эрх ашгийг хамгаалж, Назара Акиогийн эзэмшилд байгаа хууль бусаар дур мэдэн гаргуулж авсан компанийн тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч компани нь 2014 оны 08 дугаар сард Монгол улсад үүсгэн байгуулагдсан. Сингапур улсад үйл ажиллагаа явуулж байгаа Накара Хаяаши Холдинг ХХК-ийн охин компани. Н А  2014 оноос хойш Х М  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад 2014 оны 12 дугаар сараас Л.О ыг тус компанийн ерөнхий захирлаар томилсон тухай гүйцэтгэх захирлын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14/5 дугаар бүхий тушаал байдаг. 2015 оны 06 дугаар сараас толгой компанийн зүгээс нэхэмжлэгч компанийг бүрэн удирдах эрхийг өгсөн. Үүний дагуу итгэмжлэлийг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр олгосон. Энэ итгэмжлэлийн дагуу компанийн үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл Л.О  удирдан явуулж байгаа учраас тамга, тэмдэг хүчинтэй байна.

2015 оны 06 дугаар сараас хойш Н А  нь Х М  ХХК-ийн үйл ажиллагаанд нэг ч удаа оролцоогүй, удирдах албан тушаал хашаагүй, санхүүгийн тайлан мэдээг гаргаагүй. Тэгсэн мөртлөө хуурамчаар материал бүрдүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгсөн.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнээс ямар үйл ажиллагаа явуулах нь харагдахгүй байна гэсэн тайлбарыг хэлдэг. Үүн дээр заавал улсын бүртгэл гэж бичих шаардлагагүй. Төрийн байгууллагын өмнө төлөөлнө гэдэг нь энэ компанийн өмнөөс Улсын бүртгэлийн байгууллагатай болон бусад байгууллагатай холбогдож ажиллана гэсэн үг. 2016 оны 05 дугаар сарын 31-ний итгэмжлэл дээр тамга, тэмдэгтэй холбоотой заалт огт оруулаагүй байна гэж тайлбарлаж байна. Нэгэнт компанийн үйл ажиллагааг удирдаж явуулна гэсэн бол итгэмжлэл дээр заавал тамга, тэмдэг хадаглана гэж оруулах шаардлагагүй.

Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэгтэй холбоотой зүйл яригдаж байгаа болохоос биш Л.О  гэдэг хүний гэм буруугийн талаар яригдаагүй. Х М  ХХК нь улсын бүртгэлийн газраас 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тэмдгийн хяналтын дугаарыг дахин авахдаа компанийн 50%-ийн хувьцаа эзэмшигч Хаяаши Шигонобуд мэдэгдээгүй. Мэдэгдээгүй гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/225, хяналтын улсын байцаагчийн 458 дугаар дүгнэлт нь холбогдох хуульд нийцэж гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хуульзүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Х М  ХХК-нд олгосон ******* дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Накахарахаяашияа холдинг ХХК-ийн дүрмээр[1] тус компани нь Бүгд Найрамдах Сингапур улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх бөгөөд хувьцаа эзэмшигчээр Акио Накахара, Шигенобу Хаяаши /дүрэмд бичигдсэнээр / нар бүртгэгджээ.

2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Накахарахаяашияа холдинг ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралдаанаар[2] Монгол улсад тус компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай Х М  ХХК-ийг үүсгэн байгуулахаар шийдвэрлэж, захирлаар Н А г томилж, тухайн компанийн 50, 50 хувьцаа эзэмшигч Хаяаши Шигэнобү, Н А  нар гарын үсэг зурж, тамга даржээ.

Улмаар 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Х М  ХХК-ийн дүрмийг[3] баталж, 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, № ******* тоот гэрчилгээг[4] авчээ.

Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр компанийг үүсгэн байгуулна, 16 дугаар зүйлийн 16.1-д Компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 7 дугаар зүйлийн 7.1-д Хуулийн этгээдийг дор дурдсан байгууллага /цаашид бүртгэх байгууллага гэх/ бүртгэнэ гээд хуулийн 7.1.7-д гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэжээ.

Мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай өргөдөлд тусгах зүйлийг, 171.2-д хавсаргах баримт бичгийн жагсаалтыг хуульчилжээ.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн № 12/841 тоот албан бичгээр ирүүлсэн Х М  ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хуулийн этгээдийн гэрчилгээ, тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн үзлэг зэргээс дүгнэхэд тухайн хуулийн этгээдийг бүртгэх үйл ажиллагаа Монгол улсын хууль тогтоомжид нийцжээ.

Нөгөөтэйгүүр хувьцаа эзэмшигч нарын хооронд маргаантай асуудал байгаа гэх бөгөөд төрийн захиргааны байгууллага тухайн асуудлыг шийдвэрлэх үүрэггүй бөгөөд уг улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч сөрөг үр дагавар бий болгохоор байна.

Учир нь нэхэмжлэгч Н А  нь Х М  ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт /дүрэм/ Накахарахаяашияа холдинг ХХК-ийн төлөөлж гарын үсэг зурсан, тухайн компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн, уг бүртгэлийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан болох нь Хаан банкны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн № 29/547 тоот албан бичгээр ирүүлсэн депозит хуулга зэргээр нотлогдож байна.

Иймд 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Х М  ХХК-нд олгосон ******* дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн № 458 дугаар дүгнэлт, мөн тус газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн  №А/255 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

3. 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Х М  ХХК-ийн үрэгдүүлсэн бичиг баримтыг дахин бүртгүүлэх тухай №03 дугаар шийдвэрээр[5] бичиг баримтын бүрдүүлэлтийг Агваанданзангийн О*******ээр мэдүүлж бүртгүүлэхээр шийдвэрлэж, шийдвэрт Н А  дангаар гарын үсэг зурж, тамга дарсан байх бөгөөд, мөн өдөр А.О*******т итгэмжлэл[6] олгожээ.

Улмаар А.О******* нь №16/26 тоот албан бичгээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт шинээр тамга авах хүсэлт гаргаж[7], хүсэлтдээ Х М  ХХК-ийн гэрчилгээ, тамгыг хүчингүйд тооцсон сонины хуулбарыг[8] хавсаргажээ.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас уг хүсэлтийг хянаад Х М  ХХК-нд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон 9019078087 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон ******* дугаар бүхий компанийн тэмдгийн хяналтын дугаарыг олгожээ.

Харин Накахарахаяашияа холдинг ХХК-ийн компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Х Ш гаас 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын иргэн Л.О д итгэмжлэл олгож, Л.О  нь тухайн компанийг төлөөлж 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дачэн ГХОХХН-тэй зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, мөн өдөр хуульч Д.Нандинцэцэг, Д.Аюуш нарт итгэмжлэл олгожээ.

Улмаар 2016 оны 12 дугаар сарын 12[9], 2017 оны 01 дүгээр сарын 27[10]-ны өдрүүдэд Дачэн ГХОХХН-аас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга болон хуулийн этгээдийн бүртгэлийн газарт гаргасан өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн № 458 дугаар дүгнэлтийг[11] гаргаж, тус газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №А/255 дугаар тушаалаар[12] маргаан бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн тэмдгийн хяналтын дугаарыг тус тус хүчингүй болгожээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1-д улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 9.1.5-д улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д хяналтын улсын ахлах байцаагч болон хяналтын улсын байцаагч нь Засгийн газрын баталсан Улсын бүртгэлийн хяналтын дүрэмд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №47 дугаар Улсын бүртгэлийн хяналтын дүрэм батлах тухай тогтоолын 2 дугаар зүйлийн 2.1.3-д Улсын бүртгэлийн ерөнхий хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, тухайн баримт бичигтэй холбоотой бусад баримт сэлтийг акт үйлдэн хураан авч зохих журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох тухай дүгнэлт гаргах гэжээ.

Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015/  хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Улсын бүртгэлийн байгууллага дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ, гээд 9.1.8-д иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавьж, лавлагаа олгох мөн хуулийн 9.2-т Энэ хуулийн 9.1.8, 9.1.9-д заасан харилцааг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна гэжээ.

Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн № А/42 дугаар тушаалаар баталсан иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам-ийн 2 дугаар зүйлийн 2.2.3-т тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг үрэгдүүлсэн бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт, торгуулийн хуудас эсхүл шийтгэвэр, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын хүсэлт, түүний эрх барих дээд байгууллагын шийдвэр, иргэний хүсэлтийг үндэслэн өмнөх хяналтын дугаарыг хүчингүй болгож, хяналтын дугаар олгоно гэжээ.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч компанийн тамгыг дахин авахдаа Хууль зүйн сайдын 2015 оны № А/42 дугаар тушаалаар баталсан иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам-ийн 2 дугаар зүйлийн 2.2.3-т .......хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын хүсэлт, түүний эрх барих дээд байгууллагын шийдвэр..... гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Учир нь хүсэлтэд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Х М  ХХК-ний үрэгдүүлсэн бичиг баримтыг дахин бүртгүүлэх тухай № 03 дугаар шийдвэрийг хавсаргасан хэдий ч уг шийдвэрт нэхэмжлэгч Н А  дангаар гарын үсэг зурсан, тухайн хуулийн этгээдийн дээд байгууллага /үүсгэн байгуулагч/ болох Накахарахаяашияа холдинг ХХК-ийн зөвшөөрлийг аваагүй, түүний шийдвэрийг хавсаргаагүй, мөн тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох Х Ш д мэдэгдээгүй болох түүний 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр нотлогдож байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн компанийн тамга, тэмдэг, гэрчилгээ Л.О д хадгалагдаж байсан, намайг өгөөрэй гэхэд өгөөгүй, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О ын компанийн тамга, тэмдэг, гэрчилгээ надад хадгалагдаж байсан гэх тайлбар зэргээс дүгнэхэд компанийн тамга, тэмдэг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ үрэгдсэн /гээгдүүлсэн/ гэдэг нь үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс тухайн нөхцөл байдлыг мэдсээр байж дахин тамга, тэмдэг, гэрчилгээ авсан нь хуульд нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн № 458 дугаар дүгнэлт, мөн тус газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн  №А/255 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин үрэгдүүлсэн, гээгдүүлсэн хуулийн этгээдийн гэрчилгээг дахин олгох тухай зохицуулалт Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, түүнд нийцүүлэн гарсан бусад эрх зүйн актаар журамлаагүй байна.

4.  Х М  ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон 9019078087 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон ******* дугаар бүхий компанийн тэмдгийн хяналтын дугаарыг тус тус сэргээж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Тус шүүхээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн № 458 дугаар дүгнэлт, тус газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №А/255 дугаар тушаалаар маргаан бүхий Х М  ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон 9019078087 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон ******* дугаар бүхий компанийн тэмдгийн хяналтын дугаарыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүхээс үзсэн.

Учир нь нэхэмжлэгчээс хүсэлтийг гаргахдаа Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн № А/42 дугаар тушаалаар баталсан журмыг баримтлаагүй, компанийн тамга, тэмдэг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ үрэгдсэн мэтээр худал мэдүүлж дахин гэрчилгээ авсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байна зарчимд нийцэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгчийн Х М  ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон 9019078087 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон ******* дугаар бүхий компанийн тэмдгийн хяналтын дугаарыг тус тус сэргээж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны / 3 дугаар зүйлийн 3.1.4, 9 дүгээр зүйлийн 9.1.5, 10 дугаар зүйлийн 10.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х М  ХХК-ийн гүйцэтгэх захирал Н А гийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газар дарга, мөн тус газрын хяналтын улсын байцаагч Б.Г  нарт холбогдох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн № 458 дугаар дүгнэлт, мөн тус газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн  №А/255 дугаар тушаал, 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр олгосон ******* дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг тус тус хүчингүй болгуулах, Х М  ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон 9019078087 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон ******* дугаар бүхий компанийн тэмдгийн хяналтын дугаарыг тус тус сэргээж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210600 төгрөгнөөс 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140400 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ