Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01525

 

Б.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01063 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1195 дугаар магадлалтай,

Б.Мын нэхэмжлэлтэй,

Б.Б-т холбогдох,

17.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуулын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Цацрах Итгэл” ХХК нь 2014 онд Б.Б-ийн өмч болох “Тэлмэн Хас” ББСБ-ын барьцаанд байсан Баянгол дүүрэг, 1-р хороо, Алтай хотхон, 16-р байрны 89 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 100 сая төгрөгөөр, 17-р байрны 549,36 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,120,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 111.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч банк зээл олгох боломжгүй гэсэн тул гэрээнээс татгалзсан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Тэлмэн хас” ББСБ-с 90.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин Б.Б-ийн Хаан банкны 5020587995 тоот дансанд 2014.10.06-ны өдөр 10.000.000 төгрөг, 2014.10.28-ны өдөр 10.000.000 төгрөг шилжүүлж, 2014 оны 12-р сард бэлнээр 1.000.000 төгрөг нийт 21.000.000 төгрөг шилжүүлсэн байсныг  шүүх шийдээгүй. Дээрх мөнгөнөөс 3.500.000 төгрөгийг буцаан авсан тул үлдэх 17.500.000   төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.              

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: “Цацрах итгэл” ХХК-тай 2015 оны 02-р сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан үйлчилгээний зориулалттай 549,36 мкв, үл хөдлөх хөрөнгийг 1.120.000.000 төгрөгөөр, мөн 59,4 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205052938 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцны хөрөнгийг 100.000.000 төгрөгөөр тус тус худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан. Харин энэхүү нэхэмжлэлийг гаргасан Б.Мтай ямар нэгэн гэрээ байгуулж үүрэг хүлээгээгүй. Б.Б-ийн хувьд Б.Мд 3.500.000 төгрөг өгч байсан гэж хэлж байсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор өмнө нь хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа тул дахин шийдвэрлэх үндэслэлгүй тул  хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01063 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Б-өөс 17,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,950 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч Б.Б-өөс 145,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1195 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01063 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.5 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуулын давж заалдах гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3-р сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01063 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05-р сарын 21-ний өдрийн 1195 дугаар магадлалыг эс зөвшөөрч  хяналтын журмаар гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Мтай ямар нэгэн гэрээ байгуулж, үүрэг хүлээгээгүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засахын оронд нэхэмжлэгч Мөнхцацаралын үл хөдлөх хөрөнгийг компанийн нэрээр худалдан авах гэрээ байгуулсан талаарх зөвшөөрөлд дүгнэлт хийж үзээгүй нь учир дутагдалтай боллоо. Ингэснээрээ  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг буруу тайлбарлан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Б.М нь өмнө нь Б.Б-т холбогдуулан 17.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан бөгөөд тус шүүхээс 2016 оны 1-р сарын 8-ны өдөр “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 101/Ш32016/02248 дугаар шүүгчийн захирамжид заасан хувь этгээд болох Б.М нь яг тэр асуудлаараа, тэр үндэслэлээр шүүхэд хандсаныг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Гэтэл Б.М нь дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өмнөх шүүхийн захирамжид дурдсанаар “ Нэхэмжлэгч Б.М нь зөрчлөө арилгасны дараа шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болно.” гэснийг эс биелүүлж өмнөх зөрчлөө арилгалгүйгээр иргэн хүний хувиар шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3-р сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01063 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1195 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Б.Б-өөс үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар тохирч 111.000.000 төгрөг шилжүүлсэн боловч гэрээнээс татгалзсан, дээрх төлбөрийн 21.000.000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлснээс 3.500.000 төгрөгийг буцаан авсан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 17.500.000 төгрөг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн ХААН банк дах 5020587995 тоот дансанд 2014 оны 10 дугаар сарын 6, 28-ний өдрүүдэд тус бүр 10.000.000 төгрөг нийт 20.000.000 төгрөг шилжүүлсэн, мөн 12 дугаар сард 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, энэ тохиолдолд талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаах үүрэгтэй.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх зохицуулалтыг нэхэмжлэлийг хангах үндэслэл болгосныг буруутгах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/01063 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1195 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуулын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 245.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ