| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0160/Э |
| Дугаар | 164 |
| Огноо | 2020-11-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч: Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-ын Т-д холбогдох 2035000000160 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 24-нд Увс аймгийн Сагил суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураг, дүрслэх урлаг, дизайны багш мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Х овогт Дын Т /РД:ОЛ88022498/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.Т нь Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн нутаг Хүнхэрхээ гэх нэртэй газрын ойгоос 2019 оны 12 дугаар сард зөвшөөрөлгүйгээр 2.6973 метр куб хэрэгцээний шинэс мод бэлтгэж, байгаль экологид 640.878 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Т зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Т нь Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн нутаг Хүнхэрхээ гэх нэртэй газрын ойгоос 2019 оны 12 дугаар сард зөвшөөрөлгүйгээр 2.6973 м.куб хэрэгцээний шинэс мод бэлтгэсэн болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12-р тал тал/,
- Модыг хураан авч, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-29-р тал/,
- Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-42-р тал/,
- Эд мөрийн баримтаар дружба хөрөө 1 ширхэг, модон иштэй төмөр сүх 1 ширхгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-36-р тал/,
- Эд хөрөнгө /автомашин, мод/ битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 44-45-р тал/,
- Модон иштэй сүхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-51-р тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байгаль хамгаалагч Б.Бээс Д.Тыг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн талаар сонсож мэдсэн. Д.Тын мод бэлдсэн гэх газар Увс аймгийн Сагил сумын 1 дүгээр баг Хүнхэрхээ гэх нэртэй газар нь сумын төвөөс 15-17 км газарт машин унаа очих боломжгүй газарт байдаг юм. Би тухайн үед байгаль хамгаалагч Б.Бээс Д.Тыг мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар, мөн өргөдөл гаргаж байсан талаар асуухад Б.Б Д.Тыг мод бэлтгэх ямар нэгэн бичиг бүрдүүлж өгөөгүй гэж хэлж байсан. Би Д.Тын Хүнхэрхээ гэх газарт бэлдсэн модыг хараагүй бөгөөд байгаль хамгаалагч Б.Бээс асууж тодруулахад 4 м урттай 38 ширхэг шинэс мод байсан талаар хэлсэн. Мөн тэр модыг 2020 оны эхээр бэлдсэн 7-8 сарын өмнө бэлдсэн шинжтэй мод байсан гэж хэлж байсан. Тухайн мод бэлдсэн гэх Сагил сумын 1 дүгээр багийн нутаг Хүнхэрхээ гэх газар нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад ороогүй газар бөгөөд талбай хязгаарлалтын ажил хийгдээгүй газар юм. ...Хууль бусаар мод бэлтгэсэн Д.Т нь экологи эдийн засагт учирсан хохирол болох 640.878 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45, 46-р тал/,
Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед манай нөхөр Д.Т гэртээ ирээд надад хэлэхдээ “би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Увс аймгийн Сагил сумын 1 дүгээр багийн нутаг “Хүнхэрхээ” гэх загарт мал маллаж байх хугацаандаа ганцаараа хашаа барих зориулалттай 4 м урттай 38 ширхэг мод уулнаас бэлдсэн гэж байсан. Өөрөөр би ямар нэгэн зүйл мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/,
Гэрч Д.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Т нь 2019 оны 12 дугаар сард “Хүнхэрхээ” гэх газарт байшин барих модоо өвөлжөөнийхөө ойрхон газраас бэлдчихлээ, ирэх хавар буюу 2020 онд бэлдсэн модныхоо зөвшөөрлийг авна гэж хэлж байсан. 2020 оны 3 дугаар сард би дүү Д.Т-ын малыг түр хугацаанд маллахаар очихдоо түүний зөвшөөрөлгүй бэлдсэн модыг харсан бөгөөд 4 метр урттай 38 ширхэг нойтон модыг өвөлжөөн дээрээ бэлдсэн байсан. Тухайн үед би түүнд хандаж хурдан хугацаанд энэ бэлдсэн нойтон модныхоо зөвшөөрлийг аваарай гэж хэлсэн бөгөөд Д.Т надад хэлэхдээ модны зөвшөөрлийг Сагил сумын ЗДТГ-аас өгөхгүй байна. 2020 оны 6 дугаар сараас мод бэлтгэх зөвшөөрөл иргэдэд өгнө, тэр үед өргөдлөө өгөөрэй гэж хэлсэн гэсэн. ...Манай дүү Д.Т нь ямар нэгэн ашиг хонжоо хайгаагүй, мал маллаж өвөлждөг газраа жижиг байшин барих зорилгоор зөвшөөрөлгүй мод бэлдсэн гэж хэлж байсан. Д.Т мод бэлтгэх зөвшөөрлийн бичиггүй мод бэлтгэхдээ өвөлжөөн дээрээ ганцаараа малаа маллаж байх хугацаандаа өөрийнхөө дружба хөрөөгөөр тайрч бэлдээд өвөлжөөн дээрээ авч ирсэн байсан. Түүний мод бэлдсэн газар өвөлжөөнөөс нь 150-200 метр орчим газар байдаг бэлдсэн модоо уулнаас өнхрүүлээд өвөлжөөн дээрээ авч ирэх боломжтой ойрхон газар юм. ...Д.Т-ыг мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэдгийг түүний эхнэр бид хоёр л мэдэж байгаа. Сагил сумын ойн хамгаалагч Б.Б сүүлд мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50, 51-р тал/,
Гэрч Б.Б /Сагил сумын байгаль хамгаалагч/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Т гэх хүнийг танина. Тэрээр надаас хэрэгцээний мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Би түүнийг Сагил сумын 1 дүгээр багийн нутаг Хүнхэрхээ гэх газарт 4 метр урттай 38 ширхэг шинэс мод бэлтгэсэн талаар мэдээгүй ба 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр мэдсэн. Түүний мод бэлдсэн Хүнхэрхээ гэдэг газар нь машин унаа очих боломжгүй газар байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р тал/,
Шүүгдэгч Д.Т-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн нутаг Хүнхэрхээ гэх газарт малаа маллаж өвөлжсөн юм. Тухайн газар нь хүн машин очиход хэцүү, зам харгуйгүй газар учраас тэр газарт гэр барьж өвөлжих боломжгүй учраас би тухайн газарт тугалын жижигхэн пүнзэнд ганцаараа хоног төөрүүлэн амьдарч малаа малладаг байсан юм. Тэгээд би өнгөрсөн өвөл Хүнхэрхээ гэх газарт мал маллаж байсан газартаа амьдрах бага хэмжээний модон амбаар барих зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд Хүнхэрхээ гэх газрын ойгоос өөрийн эзэмшлийн цэнхэр цагаан өнгө алагласан хуучих хятад дружба хөрөө болон, өөрийн модон бариултай төмөр сүх зэргийг ашиглан ганцаараа 4 орчим метр урттай, 38 ширхэг нойтон модыг 2 өдөрт тайрч бэлтгэн өөрийн амьдардаг тугалын пүнзний гадна өнхрүүлж, гараар чирч авч ирэн хураасан байсан юм. Би тухайн үед мод бэлтгэхдээ ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр бэлтгэсэн юм. Тухайн модыг би ойгоос бэлтгэчихээд ганцаараа мал маллаж байсан учраас уг модоор амбаар барьж чадаагүй, тухайн газартаа хадгалж байгаад цагдаагийн байгууллагаас мөрдөгч шалгахад ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн талаараа хэлсэн юм. Би хууль бусаар бэлтгэсэн 38 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 640.878 төгрөгийн хохирлыг Увс аймгийн Сагил сумын Байгаль хамгаалах сангийн 100151255402 дугаартай данс руу 641.000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлж, хохирлыг төлж барагдуулсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Экологи эдийн засгийн шинжээчийн “1. Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн Хүнхэрхээ гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй байна. 2. Төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сумын ИТХ-ын шийдвэрийн дагуу арчилгаа, цэвэрлэгээний зориулалтаар зохих зөвшөөрлийн дагуу мод бэлтгэж болно. 2019 онд Увс аймгийн Сагил сумын Хүнхэрхээ гэх газарт ойгоос мод бэлтгэх, талбай тусгаарлах ажил хийгдээгүй тул мод бэлтгэж болохгүй. 3. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь шинэс мод байна. Мод нийтдээ 2.6973 метр куб хэмжээтэй болж байна. 4. Дээрх мод нь хэрэглээний мод байна. 5. Модыг 2019 оны 12 дугаар сард бэлтгэсэн гэж үзэж байна. 6. Уг мод нь нойтон, амьдрах чадвартай мод байжээ. 7. Уг 2.6973 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ, ойн санд учруулсан хохирлын хэмжээ нийтдээ 640.878 төгрөг болж байна” гэх 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт /хх-ийн 58-59-р тал/-ээр шүүгдэгч Д.Т нь хууль бусаар 38 ширхэг шинэс мод бэлтгэж, ойн санд 640.878 төгрөгийн бодит хохирол учруулсан болох нь тогтоогджээ.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.
Шүүгдэгч Д.Т нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж Увс аймгийн Сагил сумын 1 дүгээр багийн нутаг Хүнхэрхээ гэх газраас 2.6973 метр куб хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул шүүгдэгч Д.Тыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтээр 640.878 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 640.878 төгрөг байна.
Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.922.634 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 1.922.634 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд үүнээс шүүгдэгч Д.Т нь байгаль экологид учруулсан бодит хохиролд 641.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс 1.281.634 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Д.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Т-ын хувийн зан байдлын талаар гэрч Х.Б-ийн өгсөн: “...Д.Т нь Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багт эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Д.Тын гэр нь Сагил сумын төвд байдаг бөгөөд эхнэр, хүүхэд хоёр нь сумын төвд байдаг ба эхнэр нь Сагил сумын ЕБС-д багшаар ажилладаг. Д.Т нь өөрөө Сагил сумын Баянзүрх багийн нутгаар, уулын орой дээр ганцаараа мал маллаж амьдардаг юм. Д.Т нь хөдөө ах дүүгийн нийлсэн нийт 700-800 гаруй мал малладаг юм. Д.Т нь зан байдлын хувьд төлөв даруу зантай, хүнтэй боловсон харилцдаг, шударга зантай хүн юм. Тэрээр элдэв хорт муу зуршилгүй, урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р тал/, гэрч Д.Ц-ийн өгсөн: Д.Т нь 1988 онд Увс аймгийн Сагил суманд төрсөн бөгөөд эхээс наймуулаа. Айлын 6 дахь хүүхэд бөгөөд бага насаа Сагил суманд өнгөрүүлж, ЕБС төгсөөд Ховд аймгийн Ховд их сургуулийг зураг, технологийн багшийн ангийг төгссөн. Их сургуулиа төгсөөд Увс аймгийн Сагил сумын дунд сургуульд зургийн багшаар 6 жил ажиллаж байгаад амьдралын шаардлагын улмаас хөдөө мал дээр гарч, мал маллаж амьдарч байгаа юм. Д.Т нь 2014 онд Ховд аймгийн харьяат Б.М гэх хүнтэй гэрлэж, одоо эхнэр, хүүхдийн хамт амьдардаг ба Д.Т нь одоогоор Увс аймгийн Сагил сумын сургуульд байрны багшаар ажиллаж байгаа. Харин хүү Амараа нь 5 настай бөгөөд цэцэрлэгт хүмүүждэг юм. Д.Т нь төлөв даруу зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хүнтэй зөв боловсон харилцдаг, гэр бүлдээ халамжтай. Амьдралын төлөө зүтгэдэг, хөдөлмөрч зантай залуу юм. Эд хөрөнгийн хувьд боломжийн, сумын төв дээр хашаа монгол гэртэй, хөдөө 300 орчим бог мал, 10 гаруй адуутай юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р тал/ хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Д.Т нь урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн 91-р талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Тд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгож гэмшсэн, ойн санд учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт үйлдсэн болон хувийн байдлыг нь харгалзан үзээд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу хууль бусаар бэлтгэсэн 640.878 төгрөгийн үнэ бүхий 38 ширхэг шинэс модыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 108.000 төгрөгийн үнэ бүхий хуучин БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хятад дружба хөрөө, 5.000 төгрөгийн үнэ бүхий модон иштэй сүхийг тус тус хурааж, 1.281.634 төгрөгийг ойн санд учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх хэсгийг улсын орлого болгох үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн дружба хөрөө, модон иштэй сүх, битүүмжлэгдсэн 38 ширхэг шинэс модыг тус тус хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх хэсгийг улсын орлого болгохтой холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхлэх хүртэл тэдгээрийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1-т заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 -т зааснаар шүүгдэгч Д.Тд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Д.Т нь хохиролд 641.000 төгрөгийг Сагил сумын байгаль хамгаалах санд төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1-д зааснаар ойн санд учруулсан хохиролд 1.281.634 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Т-ын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 640.878 төгрөгийн үнэ бүхий, 38 ширхэг, 2.69 метр куб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 108.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 5000 төгрөгийн үнэ бүхий сүхийг тус тус хурааж, ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын ялллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ