| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0161/Э |
| Дугаар | 165 |
| Огноо | 2020-10-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Хэлмэрч: Б.М,
Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч: Ө.Нарантуяа,
Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Т-гийн Б-д холбогдох 2035006120155 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 7 дугаар сарын 16-нд Увс аймгийн Сагил суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Сагил сумын 4-р багт оршин суух Ш овогт Тн Б /РД:ОЛ69071674/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Б нь Увс аймгийн Сагил сумын Зүүн салаа гэх газраас 2020 оны 01 дүгээр сард ховор амьтан буюу Алтайн хойлог шувуу агнаж, амьтны экологи эдийн засагт 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Т.Б-ыг ховор амьтан буюу Алтайн хойлог шувууг агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Б нь Увс аймгийн Сагил сумын Нутаг дэвсгэрт харьяалагдах Хяргас нуураас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд зөвшөөрөлгүйгээр алтайн хойлог нэртэй шувуу агнасан болох нь:
1. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 1б/304 албан тоот, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34,35-р тал/,
2. Прокурорын зөвшөөрлөөр эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44-47-р тал/,
3. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 54-р тал/,
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Увс аймгийн Сагил сумын 4 дүгээр багийн нутаг Зүүн салаа гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагдахгүй бөгөөд тус газраас 2 ширхэг алтайн хойлог шувууг зөвшөөрөлгүйгээр агнасан гэх Т.Б гэдэг хүнийг миний хувьд танихгүй. Алтайн хойлог шувуу нь ховор амьтан бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээ нь 130.000 төгрөг бөгөөд нэг шувуу агнавал 130.000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж төлбөрийг авдаг. Тийм болохоор Т.Б 520.000 төгрөг төлөх ёстой” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60, 61-р тал/,
5. гэрч А.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... манай аав Алгаа болон миний гэдэс дотор өвддөг болохоор би өөрийн аавын төрсөн дүү Ц.О эгч рүү 2019 оны 11 дүгээр сарын дундуур яриад бид нарын ходоод гэдэс өвдөөд байна, Увс аймагт байдаг цагаан шувууны мах идэхээр гэдэс ходоодонд сайн байдаг гэнэ, танд цагаан шувуу олдох болов уу гэж асуусан. Тэгээд О эгч “за би хүн амьтнаас асуугаад хариу хэлье” гээд таг болчихсон. 2020 оны 1 дүгээр сарын эхээр Ц.О эгч над руу яриад “эгч нь Сагил суманд байдаг дүүгийнхээсээ 2 ширхэг цагаан шувуу аваад автобусанд тавьчихлаа, тэр цагаан шувууг аваад та нар хэрэглэчхээрэй” гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотод гадуур ажилтай явж байхад автобусны жолооч Увсаас ачаа ирсэн байна гэхээр нь ажлаа амжуулаад очиж авахаар 16 цагийн үед Улаанбаатар Менежмент ХХК-ийн хашаанд очиход жолооч залуу гараад ирсэн. Нөгөө залуу автобусны хажууд очоод хайрцаг гаргаж ирээд харуулахад миний утасны дугаар байсан ба цагаан шувууг 22-ын товчоон дээр цагдаа авчихсан байгаа гэж хэлээд автобусны жолооч миний машинд суугаад араас нь нэг машин дагаад 22-ын товчоо руу явсан. Би нөгөө залуутай 22-ын товчоо руу явж байхдаа өөрийн аавын дүү Ц.О эгч рүү залгаж, цагаан шувуу нь 22-ын товчоо дээр хураагдсан талаар хэлсэн. Миний аав Алгаагийн дүү Ц.О гэх хүн одоо Увс аймгийн Улаангом суманд амьдарч байгаа. Ц.О эгч бид нарт тухайн шувууг явуулсан байсан. Ц.О эгч манай холын хамаатан хүнээс тухайн шувууг авсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р тал/,
6. Гэрч Ц.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний төрсөн ах Алгаа нь Улаанбаатар хотод амьдардаг. 2019 оны 11 дүгээр сард ах Алгаагийн том хүү Ариунболд над руу залгаж Увсаас цагаан шувуу олдох болов уу гэж асуухад би түүнд хүнээс асуугаад хариу хэлье гэсэн. Ариунболд надтай ярьснаас хойш би Сагил сумын иргэн Увс аймгийн Сагил сумын иргэн Ц.О гэдэг хүнтэй утсаар ярьж, “танай сумаас цагаан шувуу олдох болов уу, манай ахын гэдэс өвдөөд байна” гэж асуухад Ц.О “надад цагаан шувуу олдвол танд хүргээд өгье” гэж хэлсэн. Ц.Отэй ярьснаас хойш 2, 3 хоногийн дараа тэрээр над руу залгаад “би нөгөө цагаан шувууг олчихлоо, одоо аваад очих уу” гэж асуухаар нь “аваад ир” гэж хэлсэн. Намайг Улаангомд дэлгүүрт байхад тэрээр шуудайтай юм авч ирж өгсөн. Би дэлгүүр дотор хүмүүс дотор задалж үзэлтэй биш гээд цаасан хайрцагт нь шуудайтай нь хийгээд скочдоод Ариунболдын нэр, утасны дугаарыг нь бичээд тэр өдөртөө Улаанбаатар хот руу явах автобусанд дайж явуулсан. Тэгээд маргааш нь автобус Улаанбаатар хот руу ороод шалгалтад баригдчихлаа гэж Ариунболд над руу утсаар ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66-р тал/,
7. Гэрч Ц.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сард би хөдөө гэртээ байхад Ц.О эгч над руу залгаж “цагаан шувуу олоод өгөх хүн байна уу, олоод өгөх хүн сураглаач” гэж хэлсэн. Манай нөхөр хөгжлийн бэрхшээлтэй, сонсголгүй, хэлгүй хүн байдаг. Гэхдээ сэтгэц оюун ухааны хувьд эрүүл хүн. Би өөрийн нөхөр Т.Бд “Ц.О эгчид 2 ширхэг цагаан шувуу хэрэгтэй юм байна” гэж ойлгуулсан. Ц.О эгч гар утсаар ярьснаас хойш 1 сарын дараа манай нөхөр адуунд явахдаа калебрь буугаа авч яваад хоёр бор өнгийн шувуу агнаж ирсэн. Тэгээд би удалгүй Улаангом руу явж, Ц.О эгчийг дэлгүүр дээр байхад нь хүргэж өгсөн. Нөхөр бид хоёр хүнд тус болох гэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р тал/,
8. Гэрч Я.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ТНХ ХХК-ийн зорчигч тээврийн автобус жолооддог. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом сумаас 11 цагт гарч 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 11 цагийн орчим Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоон дээр очиж тээврийн хэрэгсэл, ачаа тээшээ шалгуулахад тээврийн хэрэгслийн ачааны багаажан хэсгээс бор өнгийн хайрцгийг нээж шалгахад дотроос нь үхсэн байдалтай 2 ширхэг шувуу гарч ирсэн. ...Драгон төв дээр очиж зорчигчдоо буулгаад хураалгасан хайрцаг дээр байсан 9409-4448 дугаарын утас руу залгаж, ирж ачаагаа аваарай гэж дуудахад өндөр нуруутай шар царайтай ах ирсэн. Болсон үйл явдлын талаар яриад тухайн ахыг дагуулаад шалган нэвтрүүлэх пост руу явсан. Тухайн үед нөгөө ахын машинд би сууж явсан бөгөөд нөгөө ах утсаараа нэг эмэгтэй хүнтэй яриад “эгчээ та нарын өчигдөр автобусанд өгч явуулсан хойлог цагдаад хураагдсан байна, та нар сайн баглаж боогоод явуулахгүй яасан юм, одоо цагдаа руу явж байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р тал/,
9. Шүүх сэтгэц, эмгэг судлалын 41 дугаартай “... Т.Б нь одоогоор сэтгэцийн талаар илэрхий мэдэгдэх өөрчлөлтгүй байна. Т.Б нь одоогоор сэтгэц мэдрэлийн өвчингүй байна. Т.Б одоогоор өөрийнхөө үйлдсэн хэргийн талаар өөрөө илэрхийлж, тайлбарлаж чадахгүй байгаа учраас болсон явдлынхаа талаар мэдээлэл өгч чадахгүй, үнэн зөв мэдүүлэг өгөх боломжгүй байна. Т.Б нь одоогоор хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт /хх-ийн 87-88-р тал/,
10. Шүүгдэгч Т.Бы яллагдагчаар өгсөн: Би 2020 оны 01 дүгээр сард 2 ширхэг шувууг өөрийн буугаар агнасан. Тухайн үед өөрийн хоо зүсмийн морьтой явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104-р тал/ -үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлийг шалгаж тодорхой хэмжээний дүгнэлт гаргах боломжтой байсан. 2. Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь Гургуулынхан /Phasianidae/ овгийн 2 бодгаль Алтайн хойлог /Tetraogallus altaicus/ шувуу болно. 3. Нэг шувууны хоёр сарвууг тастсан, нөгөө шувууны өнгө зүс өөрчлөгдсөн байснаас үүдэн нас, хүйсийг тодорхойлох боломжгүй байсан. 4. Нэг шувуу нь нуруу талаасаа, нөгөө шувуу нь зүүн далавчийн угт буудуулсан сумны оромтой. Сумны гадаад байдлаас дүгнэж, агнагдсан хугацааг тодорхойлох боломжгүй байсан. 5. Алтайн хойлог шувуу нь Монгол орны “Улаан ном”-нд бүртгэлтэй ховор зүйл /ЗГ-ын тогтоол 2012 / Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллаар ховордож болзошгүй зүйлд хамаарна. 6. Алтайн хойлог шувууны экологи эдийн засгийн үнэлгээ нь ЗГ-ын 2011 оны 23-р тогтоолын 1 дүгээр хавсралт болох ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээнд үнэлснээр 130.000 төгрөг байна /хх-ийн 15-16-р тал/ гэх дүгнэлтээр 130.000х2=260.000 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2-д “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасны дагуу 260.000х2=520.000 төгрөг буюу ан амьтны экологи эдийн засагт учруулсан бодит хохирол 520.000 төгрөгөөр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан ховор амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь Увс аймгийн Сагил сумын 4 дүгээр багийн нутаг Зүүн салаа гэх нэртэй газраас 2 ширхэг Алтайн хойлог нэртэй шувуу агнаж, байгаль орчинд 260.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул шүүгдэгч нарыг ан амьтны экологи-эдийн засагт 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Б нь 520.000 төгрөгийг Увс аймгийн Сагил сумын Байгаль хамгаалах сангийн дансанд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож тул ан амьтны экологи-эдийн засагт учруулсан бодит хохирол, хор уршгийг бүрэн нөхөн төлсөн гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан заасан “ховор ан амьтныг хууль бусаар агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Бы хувийн зан байдлын талаар гэрч Т.Б-ын өгсөн: “Т.Б нь миний төрсөн ах бөгөөд бид нар эхээс наймуулаа. Т.Б дээрээсээ 2 дахь нь юм. Т.Б нь төрөлхийн хэл, яриа, сонсголын бэрхшээлтэй. Ямар ч сургуульд сурч байгаагүй. Цэргийн алба хаагаагүй, бичиг үсэг мэдэхгүй, хүнтэй дохио зангаагаар л хагас дутуу ойлголцдог юм. Ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. Том охин нь тусдаа гарсан. Амьдрал ахуйн хувьд боломжийн, өөрийн гэсэн мал хөрөнгөтэй, Т.Б нь хүний асаргаанд байдаггүй, мал сүргээ өөрөө маллаад явчихдаг, машин мотоцикл жолоодож чаддаг. ...Архи уудаггүй, тамхи татдаг.Түүнд галт зэвсэг эзэмших зөвшөөрөлтэй 2 ширхэг буу байдаг. Манай аавын буу түүнд уламжлагдсан ирсэн. Залуу байхдаа галт зэвсгээр тарвага, зурам агнадаг байсан. Одоо нас ахиад тийм зүйл хийхээ больсон. Хөгжлийн бэрхшээлтэй, сургуульд сурч байгаагүй болохоор хуулийн талаар ямар ч мэдлэггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 72-р тал/, гэрч Н.Ц /Сагил сумын 4 дүгээр багийн засаг дарга/-ын өгсөн: “...Т.Б нь Увс аймгийн Сагил сумын 4 дүгээр багийн нутагт эхнэр Ц.О болон 6 хүүхдийн хамт амьдардаг. Зан байдлын хувьд даруухан бөгөөд яриа болон сонсголын бэрхшээлтэй. 2013 онд Сагил сумын аварга малчин болж байсан. Т.Б 2019 оны жилийн эцсээр 1109 тооны мал тоолуулж байсан. Мөн УАЗ-469 автомашин, мотоциклтой. Тэрээр манай багийн урдаа барьдаг тэргүүний малчин, хөдөлмөрч хүн юм. Мөн тэрээр галт зэвсэг эзэмшдэг бөгөөд миний мэдэхээр ТОЗ-8 загварын буутай. Би түүнийг ан гөрөө хийж байсныг харж байгаагүй. Адуу малд хоногоор явахдаа буугаа үүрээд явж байдаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 74-р тал/ хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Т.Б урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн 107-р талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан тул хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Т.Бы гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан 800.000 төгрөгийн үнэлгээтэй 6 настай морь, ТОЗ-8 загварыг бууг тус тус улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн замгийн №10609, гол төмрийн № ТОЗ-8 11952 дугаартай хуучин ангийн бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлэхээр тогтоов.
Шүүгдэгчийн эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, эсгий тохом 1 ширхэгийг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалхад хуучин, эдлэж хэрэглэж байсан зүйлс тул худалдан борлуулах боломжгүй болох нь тогтоогдсон тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн хууль бусаар агнасан 2 ширхэг Алтайн хойлог шувуу нь Зооноз өвчин судлалын Үндэсний төв лабораторид хадгалагдаж байгаа болох нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Хэргийг харьяалалын дагуу шилжүүлэх тухай” тогтоолоор нотлогдож байна.
Алтайн хойлог шувуу нь ховор амьтны жагсаалтанд орж, агнахыг хориглосон, өөрөөр хэлбэл зах зээлийн гүйлгээнд оруулах боломжгүй тул түүнийг улсын орлого болгох үндэслэлгүй болно. Харин уг шувууг эрдэм шинжилгээний ажил, судалгаа, музейн үзмэр зэрэгт зохих зөвшөөрлийн хүрээнд ашиглаж болох боловч энэ талаар санал ирүүлээгүй тул зохих журмын дагуу устгаж, холбогдох материалыг ирүүлэхийг Зооноз өвчин судлалын Үндэсний төвд даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Т-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан “Зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Бд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Т.Б-д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 800.000 төгрөгийн үнэ бүхий морь, зэвсэг болох ТОЗ-8 бууг тус тус хурааж, морийг улсын орлого болгохыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ТОЗ-8 бууг, замгийн хамт Увс аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Алтайн хойлог шувууг зохих журмын дагуу устгаж, холбогдох материалыг ирүүлэхийг Зооноз өвчин судлалын Үндэсний төвд даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл, тохом, хазаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ