Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Т овогт Б-ийн Бд холбогдох 2035001410161 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 06-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Түмэнд нээлттэй хязгаарынхан ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Есөн-Эрдэнэ хотхоны 29-4-р байрны 36 тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 499 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож байсан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Т овогт Б-ийн Б /РД:ОЮ90080653/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Тариалан сумын нутаг Тээлийн боом гэх газарт 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Птэй маргалдах явцдаа түүнийг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр 16-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын нутаг Тээлийн боом гэх газарт хохирогч Д.Птэй маргалдах явцдаа, түүнийг зодсон болох нь:

хохирогч Д.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр манай байгууллагын 15 жилийн ой Хар тэрмэс гэх газарт болсон бөгөөд манай байгууллагынхан тухайн газар руу зугаалахаар явцгаасан юм. Би тухайн өдөр Улаанбаатар хотоос өөрийн автобусаар 11 цагт гараад маргааш нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад Улаангомд ирчихээд тухайн өдөртөө ээлжийн жолооч Бын хамт хоёулхнаа 16:30 цагийн үед Улаангомоос Хар тэрмэс рүү гарч 18 цаг өнгөрч байхад тэнд очсон. Би Хар тэрмэс гэх газарт байгууллагынхаа ойгоо тэмдэглээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж халамцуу байсан ба ухаан санаа хэвийн байсан юм. Тэгээд бид нар тэр орой 20:00 цаг өнгөрч байхад Хар тэрмэсээс Улаангом руу хөдөлцгөөсөн. Би тухайн үед архи уусан байсан учраас машинаа ажлын газрын жолооч С.Б-аар жолоодуулаад би өөрөө машиныхаа арын суудалд Б, Ж.Б нарын хамт суусан. Харин жолоочийн хажуу талын суудалд Б.Б сууцгааж тэндээсээ хөдөлсөн юм. Тэгээд бид нар Улаангом руу явж байхад Б ах 0.75 литрийн Эдэн нэртэй архи задалж жолоо барьж явсан С.Б-аас бусад нь юм ярилцангаа тухайн архийг талд нь оруултал ууцгаасан юм. Тэгээд явж байгаад Шар бүрдийн хөдөөд байх засмал замын зогсоол дээр бид нарын урд явж байсан С, С, А нартай тааралдсан. Тэд нар Тоёота приус маркийн автомашинтай явж байсан юм. Тэдэнтэй хамт дахин нэг шил архи задлаад тэндээ ууж дуусгаад цааш хөдөлсөн юм. Намайг машинд суухад Б ахын задалсан архины тал нь үлдчихсэн байхаар нь Улаангом руу дөхөж байсан болохоор тэр хүмүүсийг энэ архинаас уувал согтох байх гээд машинаас гаргаад хаячихсан. Удалгүй Ж.Б задалж ууж байсан тал шил архийг хайж эхлэхэд би “ах нь тэр архийг хаячихсан” гэж хэлэхэд Ж.Б надад яахаараа архи хаядаг юм, та яахаараа байгууллагын аварга болдог юм, би авах ёстой, би танаас 2 жилийн өмнө орсон. Тийм учраас би аварга болох ёстой байсан, арын хаалгаар авсан, даргыг бялдуучилж, доодхыг нь сахидаг” гэж надад хэлэхээр нь би Ж.Бд “ахын дүү, тэгдэггүй юм, би хийсэн хөдөлмөрөөрөө авсан юм” гэж хэлээд бид хоёр маргалдаж эхэлсэн юм. Тэгээд Ж.Б бид хоёр машин дотор маргалдаж тэр намайг цохих гээд гараа сарвалзуулаад байхаар нь би гарыг нь барьж авахад Ж.Б нь гараа буулгаж өгөхгүй над руу дайраад байхаар нь Тээлийн гүүр гараад С.Бд хэлж машиныг зогсоолгосон. Тэгчихээд Ж.Б бид хоёр машинаас буугаад машины ар талд заамдалцаад байж байтал Ж.Б миний баруун талын шанаан дээр баруун гараараа хальт нэг удаа цохисон. Тэгэхэд нь би зөрүүлээд түүний нүүр хэсэгт нь цохиход машинаас Б, Б нар гарч ирээд бид хоёрыг салгаж авсан ба тухайн үед Ж.Бын хамраас цус гарч байсан. ...Тэгээд бид нар машинд суугаад бүгдээрээ тэндээсээ хөдлөө Үдэлтийн самбар руу ойртож явтал Б.Б надад “чи миний ахыг зодсон” гэж над руу үг хэлээд байхаар нь би уурандаа түүнд “би танай аавтай хамт олон удаа тээвэрт явж байсан. Танай аав чинь явдалтай ш дээ” гэж хэлэхэд Б.Б “чи үхсэн хүнийг явдалтай гэж хэллээ, чамайг ална” гэж хэлээд С.Бд “машинаа зогсоо” гэхэд машин зогссон. Машин зогсоход Ж.Б нь машинаас буугаад ямар нэгэн зүйл хэлэлгүй яваад өгсөн, түүний араас С.Б явсан. Тэр үед Б.Б машины арын хаалга онгойлгоод миний нүүр, толгой орчим газруудад гараараа болон хөлөөрөө зодож, цохисон бөгөөд тухайн үед миний дух, хамар орчмоос цус гарч байсан юм. Тэгээд С.Б гүйж ирээд Б.Быг дагуулж аваад явсан юм. Би тэндээсээ зам дагаж алхаж яваад гар утасны сүлжээ ормогц эхнэр рүүгээ залгаад “зодуулсан талаараа хэлчхээд цааш алхаж, цагдаагийн пост дээр очиход тэнд үүрэг гүйцэтгэж байсан хоёр цагдаа байсан ба удалгүй миний араас Ж.Б нь пост руу ороод ирсэн. Тэгээд удалгүй эхнэр Намжилмаа, төрсөн ах Пүрэвжав нар ирцгээсэн тэгээд би эмнэлэг дээр очиж духандаа дөрвөн оёдол тавиулсан. ...Ж.Б нь миний шанаа хэсэгт гараараа хальт цохисон бөгөөд тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл, шарх, сорви үүсээгүй, толгой тархи өвдөөгүй хэвийн байсан ба Ж.Б ахиж надтай маргалдаж, намайг зодсон зүйл байхгүй. ...Б цагдаагийн байгууллагад шалгагдсаны дараа надаас уучлалт гуйж, учирсан хохирол буюу миний эмнэлгийн эмчилгээний зардалд 40.000 төгрөг төлж барагдуулсан бөгөөд өөр ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй бөгөөд Б.Б-оос нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/,

Гэрч О.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд бид нар тэндээсээ хөдлөөд явахад Ж.Б Д.П нар нь дахин хоорондоо зодолдоогүй юм. Бид нар тэндээсээ хөдлөөд Тээлийн гүүр гараад үдэлтийн самбар руу ойртож явтал Д.П Б.Бд “танай аав чинь янхан байсан” гэж хэлээд агсам тавихад Б.Б Д.П-д “чи үхсэн хүнийг янхан гэж хэллээ, чамайг ална” гэж хэлээд С.Быг машин зогсоо гэж машин зогсоолгосон. Машин зогсмогц Ж.Б нь машинаас буугаад ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр яваад өгчихөөр нь араас нь С.Б явсан. Тэгэхэд Б.Б нь машины арын хаалгыг онгойлгоод Д.П-гийн нүүр, толгой орчим газруудад гараараа болон хөлөөрөө зодож цохисон бөгөөд тухайн үед Д.П-гийн дух, хамар орчим газруудаас нь цус гарч байсан юм. Би С.Б руу “Б.Быг аваарай” гэж дуудахад С.Б гүйж ирээд Б.Быг салгаж авсан. Тэгээд С.Б Б.Быг дагуулаад явсан. Харин Д.П нь машинаас буугаад гүйгээд яваад өгсөн. Тэгээд бид нар машиндаа суугаад хөдлөх гэхэд Ж.Б бас байхгүй байсан. ...Тухайн өдөр Д.Пг Б.Б зодож, цохисон бөгөөд уг гэмтлийг Б.Б учруулсан юм. Харин тэр өдөр Ж.Б нь Д.Пг нэг удаа халь цохисон боловч Д.П-гийн биед тухайн үед ямар нэгэн гэмтэл учраагүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/,

Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тээлийн гүүр гараад үдэлтийн самбар руу ойртож явтал Д.П Б.Бд “танай аав чинь янхан байсан” гэж хэлээд агсам тавихад Б.Б Д.Пд “чи үхсэн хүнийг янхан гэж хэллээ, чамайг ална” гэж хэлээд машинаа зогсоо гэж хэлэхэд би машинаа зогсоосон. Машин зогсмогц Ж.Б нь машинаас буугаад зам дагаад алхаад явчихаар нь би Ж.Б-ын араас орилоод явж байтал Б.Б ах машинаас буугаад арын хаалгыг онгойлгоод Д.П-г гараараа цохиж байсан. Тэгээд би Ж.Б-ын араас очоод хаашаа явж байгаа юм бэ гэхэд Ж.Б ах надад “би гол руу явж хамрын цусаа угаачхаад ирье, чи явж бай” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө талаас машины тэндээс Б ах “аваарай” гэж орилсон. Тэгээд би машин дээр очиход Б.Б ах Д.П ахыг зодож байхаар нь би Б.Б-ыг барьж авсан. Тэгээд би Б.Б-ыг дагуулаад цаашаа алхаад Ж.Бын сууж байсан газарт Б.Б-ыг аваачиж өгчхөөд буцаад машин дээрээ ирэхэд Д.П ах явчихсан байсан ба Б ахаас хаачсан юм гэж асуухад гүйгээд явчихлаа гэж хэлж байсан. ...Тухайн өдөр Д.П ахыг Б.Б ах зодож, цохисон бөгөөд уг гэмтлийг Б.Б учруулсан юм. Харин тэр өдөр Ж.Б ах Д.П ахыг нэг удаа хальт цохисон боловч Д.П-гийн биед тухайн үед ямар нэгэн гэмтэл учраагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/,

Гэрч Ж.Ж.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би машин дотор уг архийг хайхад Д.П ах уг архийг хаячихсан гэж хэлэхээр нь “та яахаараа архи хаядаг юм” гэж хэлээд бид хоёр бага зэрэг маргалдсан. Тэгээд маргалдаж байхад Д.П ах надад “манай аав халамжид дарга байсан, би эхнэрийг чинь ажилгүй болгож чадна шүү” гэхээр нь би Д.П ахад “миний эхнэр бид нарын наргиа цэнгээнд хамаагүй шүү” гэж хэлсэн. Гэтэл Д.П ах “би чамаас түрүүлж, байгууллагын аварга авсан, уг нь тэр шагналыг чи авах гэж байсан биз дээ” гэхээр нь би Д.П-д уурлаад түүний дээр гарах гээд “та даргын урдуур хойгуур” гүйж байгаад шагнал авсан биз дээ” гэж хэлэхэд Д.П ах над руу дайраад бид хоёр машин дотор заамдалцсан. Тэгж байтал Д.П ах машин дотор намайг гараараа цохих үед миний хамраас цус гарсан, тэгээд машинаа зогсоогоод машинаас буугаад Д.П бид хоёр барьцалдах үед би санамсаргүй Д.Пгийн шанаа руу нэг удаа цохигдчих шиг болсон бөгөөд тухайн үед Д.Пгийн биед ямар нэгэн гэмтэл, шарх үүсээгүй зүгээр байсан юм. ...Бид нар тэндээсээ гараад үдэлтийн самбар руу ойртож явтал Д.П Б.Бд “танай аав чинь янхан байсан” гэж хэлээд агсам тавихад Б.Б Д.Пд “чи үхсэн хүнийг янхан гэж хэллээ, чамайг ална” гэж хэлээд машинаа зогсоо гэж хэлэхэд машин зогссон. Би машинаас буугаад ойр хавьд цусаа сайн тогтоох гээд ойр орчимд гол байж магадгүй гэж бодоод тэр хавиар яваад гол байхгүй болохоор нь засмал замаас жаахан зайтай явж байгаад цагдаагийн пост дээр ирэхэд Д.П ах зодуулчихсан, нүүр нүд нь цус болчихсон байдалтай байсан юм. Тэгж байтал Д.Пгийн эхнэр болон ах нар нь ирцгээгээд Д.Пг аваад явсан юм. Тухайн үед надад юм хэлээгүй бөгөөд Д.П нь Б.Бтой маргалдахад Б.Б нь Д.Пг зодсон байсныг би маргааш нь мэдсэн юм. Тухайн өдөр би Д.Птэй маргалдаж байгаад түүний шанаа хэсэгт санамсаргүйгээр гараараа хальт нэг удаа цохисон бөгөөд ахиж түүнийг зодож цохиогүй. Тэр үед Д.Пгийн биед ямар нэгэн гэмтэл, шарх үүсээгүй хэвийн байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/,

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэгээд би Ж.Б ахыг салгаж аваад цаана сууж байгаад эргэж ирээд бид нар машиндаа бүгдээрээ сууцгааж тэр газраас хөдөлж явж байтал Д.П нь надад “танай аав чинь явдалтай байсан ш дээ” гэж хэлэхээр нь би талийгаач болоод удаагүй байгаа аавыг маань Д.Пд доромжилсонд миний уур хүрээд С.Быг машин зогсоо гэж машин зогсоолгосон. Машин зогсмогц Д.Пгийн сууж байсан талын арын хаалгыг онгойлгоод Д.Пгийн нүүр, толгой орчим газруудад гараараа 3 удаа цохиод, хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгж байтал миний ард талаас нэг  нь ирж татаад авсан бөгөөд тэр нь С.Б байсан. ...Би Д.Пгээс уучлалт гуйж, хохирлыг нь төлж барагдуулсан. Д.П нь тэр өдөр Ж.Бтай маргалдаж, зодолдсон бөгөөд тэр үед Д.П нь Ж.Бын хамрыг цохиод цус гаргачихсан байсан ба Д.Пг Ж.Б нь цохиогүй байх. Харин би Д.Пгийн толгой нүүрний хэсэгт гараараа болон хөлөөрөө цохиж, зодсон ба уг гэмтлийг би учруулсан юм” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 608 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Д.П-гийн биед mархи доргилт, духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний эргэн тойронд зүүн нүдний алимны салстад, баруун нүдний дотно булан доод зовхинд дээд уруул, эрүү, баруун зүүн бугалга, зүүн тохойн үений дотно хэсэгт, баруун гуянд цус хуралт, духны зүүн хэсэгт баруун ташаанд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тогтоолд заасан хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Тархи доргилт, духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Д.Пгийн биед дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэх гэмтэл тогтоогдоогүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 51-53-р тал/-ээр хохирогч Д.Пгийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Д.П-гийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б урьд нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92-р тал/, хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 97-101-р тал/- аар тус тус нотлогдсон.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаа явуулж,  торгох ялыг оногдуулахаар ял тохиролцож ирүүлсэн тул уг ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Бд энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 750 /долоон зуун тавин/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ