| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07806/И |
| Дугаар | 65 |
| Огноо | 2017-01-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 65
| 2017 оны 01 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2017/00065 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 47 хаягт байрлах “Мобиком корпораци” ХХК /РД:2072572/
Хариуцагч: Баянгол дүүрэг 9 дүгээр хороо Горький 3 дугаар гудамж 50 тоотод оршин суух, 1990 онд төрсөн 26 настай, Боржигин овогт Баярмаагийн Батжаргал /РД:АР90020707/
1.075.580 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Батжаргал нь 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Мобиком корпораци ХХК-тай гар утас зээлээр худалдах, худалдан авах 22777351 тоот гэрээ байгуулан iPhone 5S 16GB маркийн гар утасыг 1.757.000 төгрөгөөр худалдан ав үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний 22777351 тоот гэрээ байгуулж үүрэн холбооны багц үйлчилгээ авсан. Гэтэл Б.Батжаргал өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн гар утас болон ярианы төлбөрөө төлж барагдуулаагүй. Хариуцагч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, төлөхийг хэд хэдэн удаа шаардсан боловч одоог болтол төлөхгүй байгаа учир гар утасны төлбөрийн үлдэгдэл 942.000 төгрөг, дараах төлбөрт ярианы төлбөр 133.500 төгрөг нийт 1.075.580 төгрөгийг Б.Батжаргалаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Батжаргал би 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Мобиком корпораци ХХК-наас iPhone 5S 16GB маркийн гар утасыг зээлээр аваад хүнд өгсөн. Авхуулсан хүн маань гар утасны нийт төлбөр 1.075.580 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн учир би энэ мөнгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Б.Батжаргалд холбогдох гар утас болон ярианы төлбөр 1.075.580 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч Б.Батжаргал нь Мобиком корпораци ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Үүрэн холбооны дараа төлбөрт iPhone үйлчилгээний гэрээ, гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулж iPhone 5S 16GB маркийн гар утас худалдан авсан болох нь гэрээний өргөдлийн маягт, 22777351, дугаартай гэрээ, нэмэлт гэрээ, гар утасны баталгаат засварын хуудас, харилцагчийн гүйлгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Үүрэн холбооны дараа төлбөрт iPhone үйлчилгээний гэрээ, iPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул Мобиком корпораци ХХК, Б.Батжаргал нарын хооронд хийгдсэн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
Үүрэн холбооны дараа төлбөрт iPhone үйлчилгээний гэрээний 6.6 “хэрэглэгч нь 6.1-д заасан төлбөрийг нэхэмжилсэн сарын 20-ны дотор үлдэгдэлгүй, бүрэн төлж барагдуулах үүрэгтэй”, 6.10 “хэрэглэгч нь гэрээний хугацаанд сар бүр суурь хураамжийн төлбөрийг тогтмол төлөх үүрэгтэй”, iPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээний 2.1 “хэрэглэгч зээлээр худалдан авч буй гар утасны үнийг гэрээний хавсралтад заасны дагуу төлнө”, 2.5 “хэрэглэгч нь гэрээний хавсралтад заасан гар утасны сар бүр төлөх төлбөрийг үндсэн гэрээний 6.6-д заасан хугацаанд төлөх үүрэгтэй”, 2.6 “хөнгөлттэй нөхцлөөр гар утас худалдан авсан хэрэглэгч iPhone багцаа гэрээний 24 сарын хугацаанаас өмнө гэрээ цуцлах тохиолдолд гар утасны үнийг үндсэн үнээр тооцон үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна” гэж зааснаар хэрэглэгч Б.Батжаргал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гар утасны үнийг үндсэн үнээр тооцон үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна.
Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хэрэглэгч буюу худалдан авагч нь ярианы төлбөр, зээлээр худалдан авсан утасны үнийн үлдэгдэл төлбөр 1.075.580 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.
Хариуцагч Б.Батжаргал гар утас зээлээр авч өөр хүнд өгсөн гэсэн тайлбарыг гаргасан боловч энэ нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул ярианы төлбөр, гар утасны үнийн 1.075.580 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-нд олгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Б.Батжаргал нь /2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 08.40 цагт шүүх хуралтайг мэдэгдэж шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтанд гарын үсэг зурсан/ энэ өдрийн шүүх хуралдааныг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Батжаргалаас 1.075.580 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.364 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Батжаргалаас 30.364 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА