| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1964/Э |
| Дугаар | 2005 |
| Огноо | 2020-12-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2005
2020 12 07 2020/ШЦТ/2005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Б.Ганзориг,
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох 2006 04040 2701 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дууны найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 38 дугаар гудамжны 760 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, Б овогт Бын Д /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Д нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монгол Улсын Их Сургуулийн чиглэлийн 29 дугаартай нийтийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.Лхамдарийн эзэмшлийн Самсунг А-9 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 501.000 /таван зуун нэг мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Лхамдарийн өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 29 дугаартай автобусанд суусан, тэгээд зорчиж явж байгаад өөрийн эзэмшлийн rap Самсунг А-9 маркийн гар утсаа алдсан... намайг автобусанд суухад гар утас байсан... харин тээврийн хэрэгслээс буухад алга болсон байсан... би өөрийн эзэмшлийн гар утсаа 450.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх.4-5/,
“Дамно” ХХК-й 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №БЗД2-20-1464 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.15-16 /,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн яллагдагчаар өгсөн: “... автобусны урт талын хаалгаар хүмүүс суусан... тэгсэн 2 эмэгтэй хүн суух гэж байсан ба би дагаж явж байгаад баруун талын халааснаас гар утас авсан...” гэх мэдүүлэг /хх.26-27/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Д нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монгол Улсын их сургуулийн чиглэлийн 29 дугаартай нийтийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.Лхамдарийн эзэмшлийн Самсунг А-9 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 501.000 /таван зуун нэг мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Лхамдарийн өгсөн: “... зорчиж явж байгаад өөрийн эзэмшлийн rap Самсунг А-9 маркийн гар утсаа алдсан... намайг автобусанд суухад гар утас байсан... харин тээврийн хэрэгслээс буухад алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.4-5/,
“Дамно” ХХК-й 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №БЗД2-20-1464 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.15-16 /,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дийн яллагдагчаар өгсөн: “... 2 эмэгтэй хүн суух гэж байсан ба би дагаж явж байгаад баруун талын халааснаас гар утас авсан...” гэх мэдүүлэг /хх.26-27/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Дийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Б.Дийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Б.Лхамдарь нь гар утсаа буцаан авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Дийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь мөн хулгайн гэмт хэрэг үйлдэж, шүүхээс оногдуулсан хорихоос өөр төрлийн ялыг гүйцэд биелүүлээгүй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Б.Дд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Дд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй үлдсэн 64 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, уг ялыг энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 6 сар 8 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй.
Б.Дийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 47 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцон, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овгийн Бын Дийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Б.Дд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй үлдсэн 64 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, уг ялыг энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Дд оногдуулсан 1 жил 6 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Б.Дийг цагдан хорьсон 47 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Лхамдарь нь гар утсаа буцаан авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйг гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР