| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1960/Э |
| Дугаар | 2027 |
| Огноо | 2020-12-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2027
2020 12 09 2020/ШЦТ/2027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Э.Ариунболд,
Хохирогч Э.Боргилмаа, Д.Дулмаа,
Шүүгдэгч П.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Од холбогдох 2006 03563 2594 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хорооллын 38 дугаар байрны 104 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Талхны 20 дугаар байрын 4 дүгээр орцны Б1 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Пийн О /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
П.О нь 2020 оны 08 дугаар сарын 09-өөс 11-ний өдрийн хооронд зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.Энхцэцэгийг төөрөгдөлд оруулж, бараа зарж ашиг олох хүсэл эрмэлзлийг нь ашиглан Хятад улсаас хувцас нийлүүлэх захиалга авч хуурч мэхлэн 1.776.610 төгрөгийг ХААН банкны 5059586512 дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч залилсан,
2020 оны 08 дугаар сарын 13-аас 14-ний өдрийн хооронд иргэн Д.Дулмаад БНХАУ-аас бараа захиалж өгнө гэж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 1.185.600 төгрөг дансаар шилжүүлэн авч залилсан,
2020 оны 07 дугаар сарын 24-өөс 26-ны өдрийн хооронд иргэн Э.Боргилмаад БНХАУ-аас бараа захиалж өгнө гэж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 5.205.000 төгрөг дансаар тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Огийн өгсөн: “Би ажилд орсон. Хохирогч нарыг хохироосон нь үнэн учраас хохирлыг нь төлж барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Боргилмаагийн өгсөн: “Манайх 08 дугаар сард хамгийн орлоготой үе байдаг. Би 07 дугаар сарын эхнээс хойш захиалга хийнэ гэж хэлсэн байсан. О 07 дугаар сарын 20-ны үеэр “эгчээ та захиалга хийгээч” гээд байхаар нь угаасаа захиалга хийх юм чинь гэж бодоод хийсэн. Захиалга хийгээд боллоо гээд мөнгө шилжүүлэх болсон. Би өмнөх удаагийн шилжүүлгийг дандаа Мөнхчулууны данс руу хийдэг байсан. Өөрийнхөө дансыг өгөхөөр нь гайхаад “яагаад энэ дансыг өгч байгаа билээ” гэхэд “эгчээ, Мөнхчулуун дарга хөдөө явсан. Би нэг хоногийн өмнө ч болов таны барааг гаргуулмаар байна та хурдан хийчих” гэж хэлэхээр нь хийсэн. Өмнөх удаагийн захиалгууд дандаа тоо ёс, өнгийг нь харуулдаг байсан. Энэ удаагийнх дээр интернэт болохгүй байна гээд видео колл хийлгэхгүй байсан. Би гайхсан боловч үгэнд нь ороод мөнгөө шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлчхээд “данзаа явуул” гэж хэлсэн. Данз гэдэг нь Хятад улсаас бараа гарж байгаа код юм. Надад данз явуулсан. Үүнээс хойш үлдэгдэл мөнгөө шилжүүлсэн. Өмнөх бараанууд тоо ёсоороо хугацаандаа ирдэг байсан. Бид Эрээнээс тэгж ирдэггүй болохоор Од итгэж бараа захиалсан. Бараа хугацаандаа ирэхгүй болохоор нь “юу болсон бэ” гэж асуухад “хориотой бараа болоод буцаасан байна” гэх зүйл надад ярьсан. Би тэр үгэнд нь итгээд “би мөнгөө авъя” гэхэд “захирлууд танд мөнгө гаргаж өгнө” гэж хэлсэн. Захирлуудтай нь холбогдох гэтэл “би өөрөө хэлж байгаад танд авч өгье” гээд холбогдуулахгүй байсан. Би гадарлаж эхэлсэн. Залгах болгонд утсаа авна. Авах болгондоо худлаа ярьж байсан. Сүүлдээ хүн нас барсан гэх зүйл ярих болсон. Би Хятадаас бараа гаргадаг хүн лүү ийм данстай ийм ачаа гарсан уу гэж асуухад тийм бараа гараагүй гэж хэлсэн. Би Мөнхчулуунтай холбогдоод уулзсан. Мөнхчулуунд бүх зүйлээ хэлсэн. Шүүгдэгч одоо хүртэл худлаа ярьж байна. Мөнхчулуунтай холбогдсоны дараа миний данзыг фото шоп хийгээд он сар, жинг янзалсан байсан нь нотлогдсон. Одоо хүртэл бараа гарсан гэж худлаа ярьж байна. Би мөнгөө авъя гээд ярих болгонд “би шилжүүлэх гээд банк орж байна, нөхрөөсөө мөнгө авах гээд явж байна, би зээл хөөцөлдөж байна” гэх мэт худлаа ярьдаг. Би түүнээс хойш энэ хүнтэй ярьж болохгүй юм байна гэж бодоод цагдаад хандсан. Би нийт 3.405.000 төгрөгийн хохиролтой байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Дулмаагийн өгсөн: “08 дугаар сард Огаас “барааны захиалга авч байгаа юу” гэхэд “авч байгаа” гэж хэлсэн. “Барааны захиалга авч байгаа бол эмэгтэй хүний бэлэн хувцасны зураг юу байна, зураг явуулаарай” гэж хэлсэн. О зураг явуулсан. Зургийн дагуу энэ барааг захиалмаар байна гэж хэлсэн. Тэр зургийг 2 хоногоос 3 хоногийн дараа захиалчихсан, та тооцоогоо хийгээрэй гэсэн. Тооцоо хийх гээд “Мөнхчулууны данс руу хийх үү? чам руу хийх үү?” гэхэд “Мөнхчулуун дарга амралтаар хөдөө явсан” гэсэн. “Наадмаар” гэж хэлээд байна. 08 дугаар сар гэдэг бол хэн ч бодсон наадам биш. “Мөнхчулуун дарга хөдөө явж байгаа таны мөнгө Мөнхчулуун захирлын дансанд орчих юм бол шилжүүлэх боломжгүй болно. Миний дансны руу хийчих” гэсэн. Би бараа захиалагчаар ажиллаж байгааг мэдэж байсан учраас Огийн данс руу шилжүүлсэн. “Таны бараа 7 хоногоос 8 хоногийн дараа ирнэ” гэж хэлсэн. 10 гаруй хоногийн дараа бараа минь ирэхгүй болохоор нь Бямбаагаас асуутал О залилан хийсэн гэж хэлсэн. Би энэ хүнд залилуулсныг мэдээд Мөнхчулуун, Бямбаа нар хохирогчид дансаа харуулсан. “Огаас мөнгө орж ирээгүй хүүхдийн хувцас захиалдаг залуугийн мөнгө л орсон” гэж хэлсэн. Тэр нь 06 дугаар сард хүүхдийн хувцас захиалсан залуугийн мөнгө нь байхгүй байж байгаад хүмүүсийн орсон мөнгөнөөс тэр залуугийн барааг нөхөж захиалсан байсан. Тэр барааг нь Гранд группийнхэн өгөөгүй, “Отай учраа олж байж өгнө” гээд нэлээн удаж байж өгсөн. “Бид цагдаад гомдол гаргана, чи залуу хүн байж нэр нүүрээ бод, чиний хэлж байгаагаар бага багаар төлнө гэвэл хамаагүй” гэдэг боловч О байнга худлаа ярьдаг. Эмнэлгээр явсан гэж хэлж байна. Над руу ярихдаа “хүн нас барсан” гэх зүйл ярьдаг байсан. Сүүлд нь “би хүн оршуулж байна. Оршуулгын газар очоод хийлээ, Мөнхчулуун даргатай уулзаад сууж байхад Би Мөнхчулуун даргатай хамт байна” гэх мэт байнга худлаа ярьдаг. Би хүүхэдтэй хүн, залуу хүний нэр нүүрийг бодож байхад байнга худлаа ярьдаг. Сүүлдээ худлаа ярих зүйл олдохгүй болохоор утсаа авахаа больсон. Шүүх хуралдаан дээр ч худлаа ярьж байна. Би 1.185.600 төгрөгийн хохиролтой. Би хохирол төлбөр мөнгө аваагүй.” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Энхцэцэгийн өгсөн: “... Би “Гранд Гүүр Транс” ХХК жуулчлалын компаниар дамжуулан Хятад улсаас бараа захиалан авдаг. 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Гранд Гүүр Транс” ХХК-й менежер ажилтай П.Огийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд, түүний дараа 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 776.610 төгрөг шилжүүлэн өгсөн. Огийн гар утас руу залгаад асуухаар бараа ирж байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Дулмаагийн өсгөн: “... 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр П.Огийн хэлж өгсөн 5059586512 дугаарын данс руу 1.110.600 төгрөг шилжүүлэн өгсөн байгаа. Маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мөн 75.000 төгрөгийг шилжүүлсэн. Миний захиалсан бараа нь мөнгө шилжүүлснээс хойш 6-9 хоногийн дотор ирдэг байсан ба барааныхаа захиалгыг асуухад О нь манай компанид ажилдаа ирэхгүй байгаа гэж хэлж байсан ба танаас авсан мөнгийг хувийнхаа дансаар авсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.81-82/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Боргилмаагийн өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр П.Огийн хэлж өгсөн 5059586512 дугаарын дансанд 2.500.000 төгрөг шилжүүлэн өгсөн ба үүний дараа “бараа бэлэн боллоо, үлдэгдэл мөнгөө хий” гэж П.Огийн хэлсний дагуу 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 2.705.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Ингээд захиалсан бараа ирэхгүй удахаар нь Огаас захиалсан бараагаа асуухад “ирэхгүй саатсан байна, мөнгийг чинь буцааж өгнө” гэсэн. 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 1.800.000 төгрөгийг буцаан өгсөн. Одоо надад 3.405.000 төгрөгийг буцааж өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх.86-87/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Пүрэвжавын өгсөн: “... О манай байгууллагад 2020 оны 04 дүгээр сарын 03 -ны өдөр ажилд орсон, 2020 оны 08 дугаар сарын 16-ны миний 91911741 дугаарын утас руу манай үйлчлүүлэгч утсаар залгаад “танай байгууллагын ажилтан хувийн дансаар мөнгө авах гээд байна, ийм зүйл байдаг юм уу” гэхээр “тийм зүйл байхгүй” гэж хэлсэн, тэгээд би О руу утсаар залгахад “би завгүй байна” гэж хэлээд утсаа салгасан, тэрнээс хойш ажилдаа ирээгүй, тэгээд ажлаас гарсан. Манай байгууллага хувийн данс бол байхгүй харин захирал Мөнхчулууны дансаар захиалгын мөнгөө авдаг. О өмнө нь хувийн дансаар огт захиалга авч байгаагүй юм, манай захирал Мөнхчулуун, бид хоёр наадмын дараа хөдөө аймгуудаар аяллаар явсан юм, тэр хойгуур О нь хувийн дансаараа бусдаас бараа захиалга гэж хэлээд мөнгө авч залилсан байна лээ...” гэх мэдүүлгүүд /хх.88-92/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнхчулууны өгсөн: “...О манай байгууллагад 2020 оны 04 дүгээр сарын 03 -ны өдөр ажилд орсон, 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хамгийн сүүлд чат бичсэн юм, тэрнээс хойш холбоо бариагүй тэгээд ажлаасаа гарсан. Манай байгууллага хувийн данс бол байхгүй миний ХААН банкны 5622531188 тоот дансыг ашиглаж үйл ажиллагаа явуулдаг байсан юм. О өмнө нь хувийн дансаар огт захиалга авч байгаагүй юм, О нь хувийн дансаар захиалга авах эрхгүй. О над руу 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 380.100 төгрөг, 2020 оны 07 дугаар 25-ны өдөр 400.000 төгрөг шилжүүлсэн, өөр дахиж над руу мөнгө шилжүүлээгүй...” гэх мэдүүлэг /хх.100-101/,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Огийн яллагдагчаар өгсөн: “... Өөр ямар нэгэн цагдаагийн газар шалгагдаж байгаа хэрэг байхгүй. Өөрийн буруугаа маш сайн ойлгож байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна...” гэх мэдүүлэг /хх.142-143/,
ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх.103-105,107,112-120,132-136/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
П.О нь:
2020 оны 07 дугаар сарын 24-өөс 26-ны өдрийн хооронд иргэн Э.Боргилмаад БНХАУ-аас бараа захиалж өгнө гэж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 5.205.000 төгрөг дансаар тус тус шилжүүлэн авч залилсан,
2020 оны 08 дугаар сарын 09-өөс 11-ний өдрийн хооронд иргэн Д.Энхцэцэгт БНХАУ-аас хувцас нийлүүлэх захиалга авч 1.776.610 төгрөгийг ХААН банкны 5059586512 дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч залилсан,
2020 оны 08 дугаар сарын 13-аас 14-ний өдрийн хооронд иргэн Д.Дулмаад БНХАУ-аас бараа захиалж өгнө гэж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 1.185.600 төгрөг дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Энхцэцэгийн өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Гранд Гүүр Транс” ХХК-ний менежер ажилтай П.Огийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд, түүний дараа 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 776.610 төгрөг шилжүүлэн өгсөн. Огийн гар утас руу залгаад асуухаар бараа ирж байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Дулмаагийн өсгөн: “... 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр П.Огийн хэлж өгсөн 5059586512 дугаарын данс руу 1.110.600 төгрөг шилжүүлэн өгсөн байгаа. Маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мөн 75.000 төгрөгийг шилжүүлсэн. Миний захиалсан бараа нь мөнгө шилжүүлснээс хойш 6-9 хоногийн дотор ирдэг байсан ба барааныхаа захиалгыг асуухад О нь манай компанид ажилдаа ирэхгүй байгаа гэж хэлж байсан ба танаас авсан мөнгийг хувийнхаа дансаар авсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.81-82/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Боргилмаагийн өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр П.Огийн хэлж өгсөн 5059586512 дугаарын дансанд 2.500.000 төгрөг шилжүүлэн өгсөн ба үүний дараа бараа “бэлэн боллоо, үлдэгдэл мөнгөө хий” гэж П.Огийн хэлсний дагуу 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 2.705.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Ингээд захиалсан бараа ирэхгүй удахаар нь Огаас захиалсан бараагаа асуухад “ирэхгүй саатсан байна, мөнгийг чинь буцааж өгнө” гэсэн. 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 1.800.000 төгрөгийг буцаан өгсөн. Одоо надад 3.405.000 төгрөгийг буцааж өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх.86-87/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Пүрэвжавын өгсөн: “... манай үйлчлүүлэгч утсаар залгаад “танай байгууллагын ажилтан хувийн дансаар мөнгө авах гээд байна, ийм зүйл байдаг юм уу” гэхээр “тийм зүйл байхгүй” гэж хэлсэн, тэгээд би О руу утсаар залгахад “би завгүй байна” гэж хэлээд утсаа салгасан, тэрнээс хойш ажилдаа ирээгүй, тэгээд ажлаас гарсан. Манай байгууллага хувийн данс бол байхгүй харин захирал Мөнхчулууны дансаар захиалгын мөнгөө авдаг. О өмнө нь хувийн дансаар огт захиалга авч байгаагүй юм, манай захирал Мөнхчулуун, бид хоёр наадмын дараа хөдөө аймгуудаар аяллаар явсан юм, тэр хойгуур О нь хувийн дансаараа бусдаас бараа захиалга гэж хэлээд мөнгө авч залилсан байна лээ...” гэх мэдүүлгүүд /хх.88-92/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнхчулууны өгсөн: “... миний ХААН банкны 5622531188 тоот дансыг ашиглаж үйл ажиллагаа явуулдаг байсан юм. О өмнө нь хувийн дансаар огт захиалга авч байгаагүй юм, О нь хувийн дансаар захиалга авах эрхгүй. О над руу 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 380.100 төгрөг, 2020 оны 07 дугаар 25-ны өдөр 400.000 төгрөг шилжүүлсэн, өөр дахиж над руу мөнгө шилжүүлээгүй...” гэх мэдүүлэг /хх.100-101/,
ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх.103-105,107,112-120,132-136/,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Огийн яллагдагчаар өгсөн: “... Өөрийн буруугаа маш сайн ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх.142-143/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Огийн өгсөн: “... Би хохирогч нарыг хохироосон нь үнэн учраас хохирлыг нь төлж барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Боргилмаагийн өгсөн: “... О 07 дугаар сарын 20-ны үеэр “эгчээ та захиалга хийгээч” гээд байхаар нь угаасаа захиалга хийх юм чинь гэж бодоод хийсэн. Захиалга хийгээд боллоо гээд мөнгө шилжүүлэх болсон. Би өмнөх удаагийн шилжүүлгийг дандаа Мөнхчулууны данс руу хийдэг байсан. Өөрийнхөө дансыг өгөхөөр нь гайхаад “яагаад энэ дансыг өгч байгаа билээ” гэхэд “эгчээ, Мөнхчулуун дарга хөдөө явсан. Би нэг хоногийн өмнө ч болов таны барааг гаргуулмаар байна, та хурдан хийчих” гэж хэлэхээр нь хийсэн. Өмнөх удаагийн захиалгууд дандаа тоо ёс, өнгийг нь харуулдаг байсан. Энэ удаагийнх дээр “интернэт болохгүй байна” гээд видео колл хийлгэхгүй байсан. Би гайхсан боловч үгэнд нь ороод мөнгөө шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлчхээд “данзаа явуул” гэж хэлсэн. Данз гэдэг нь Хятад улсаас бараа гарж байгаа код юм. Надад данз явуулсан. Үүнээс хойш үлдэгдэл мөнгөө шилжүүлсэн... Бараа хугацаандаа ирэхгүй болохоор нь “юу болсон бэ” гэж асуухад “хориотой бараа болоод буцаасан байна” гэх зүйл надад ярьсан. Би тэр үгэнд нь итгээд би мөнгөө авъя гэхэд “захирлууд танд мөнгө гаргаж өгнө” гэж хэлсэн. Захирлуудтай нь холбогдох гэтэл “би өөрөө хэлж байгаад танд авч өгье” гээд холбогдуулахгүй байсан. Би гадарлаж эхэлсэн. Залгах болгонд утсаа авна. Авах болгондоо худлаа ярьж байсан. Сүүлдээ “хүн нас барсан” гэх зүйл ярих болсон. Би Хятадаас бараа гаргадаг хүн лүү ийм данстай ийм ачаа гарсан уу гэж асуухад тийм бараа гараагүй гэж хэлсэн... Мөнхчулуунтай холбогдсоны дараа миний данзыг фото шоп хийгээд он сар, жинг янзалсан байсан нь нотлогдсон. Одоо хүртэл бараа гарсан гэж худлаа ярьж байна. Би мөнгөө авъя гээд ярих болгонд “би шилжүүлэх гээд банк орж байна, нөхрөөсөө мөнгө авах гээд явж байна, би зээл хөөцөлдөж байна” гэх мэт худлаа ярьдаг... Би нийт 3.405.000 төгрөгийн хохиролтой байна.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Дулмаагийн өгсөн: “... Тооцоо хийх гээд Мөнхчулууны данс руу хийх үү? чам руу хийх үү? гэхэд “... Мөнхчулуун дарга хөдөө явж байгаа, таны мөнгө Мөнхчулуун захирлын дансанд орчих юм бол шилжүүлэх боломжгүй болно. Миний дансны руу хийчих” гэсэн. Би бараа захиалагчаар ажиллаж байгааг мэдэж байсан учраас Огийн данс руу шилжүүлсэн. “Таны бараа 7 хоногоос 8 хоногийн дараа ирнэ” гэж хэлсэн. 10 гаруй хоногийн дараа бараа минь ирэхгүй болохоор нь Бямбаагаас асуутал “О залилан хийсэн” гэж хэлсэн. Би энэ хүнд залилуулсныг мэдээд Мөнхчулуун, Бямбаа нар хохирогчид дансаа харуулсан. “Огаас мөнгө орж ирээгүй хүүхдийн хувцас захиалдаг залуугийн мөнгө л орсон” гэж хэлсэн. Тэр нь 06 дугаар сард хүүхдийн хувцас захиалсан залуугийн мөнгө нь байхгүй байж байгаад хүмүүсийн орсон мөнгөнөөс тэр залуугийн барааг нөхөж захиалсан байсан... О байнга худлаа ярьдаг. Эмнэлгээр явсан гэж хэлж байна. Над руу ярихдаа “хүн нас барсан” гэх зүйл ярьдаг байсан. Сүүлд нь “би хүн оршуулж байна. Оршуулгын газар очоод хийлээ”, Мөнхчулуун даргатай уулзаад сууж байхад “Би Мөнхчулуун даргатай хамт байна” гэх мэт байнга худлаа ярьдаг... Сүүлдээ худлаа ярих зүйл олдохгүй болохоор утсаа авахаа больсон. Шүүх хуралдаан дээр ч худлаа ярьж байна. Би 1.185.600 төгрөгийн хохиролтой...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Ог холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч П.Огийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
П.О нь хохирогч Э.Боргилмаад 1.800.000 төгрөг нөхөн төлсөн байх бөгөөд шүүгдэгчээс 3.405.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Боргилмаад, 1.185.600 төгрөг гаргуулж хохирогч Д.Дулмаад, 1.776.610 төгрөг гаргуулж хохирогч Д.Энхцэцэгт тус тус олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
П.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ П.Огийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогч нарын гомдол санал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
П.Од эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч П.О нь торгох ял оногдуулахыг хүсэж байх боловч эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой эсэх нь тодорхойгүй, учруулсан хохирлоос огт нөхөн төлөөгүй шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.
П.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг урьд нь цагдан хорьсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Пийн Ог “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Од 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, П.Од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. П.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. П.Ог урьд нь цагдан хорьсон хоноггүй, хохирогч Э.Боргилмаад 1.800.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Огаас 3.405.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Боргилмаад, 1.185.600 төгрөг гаргуулж хохирогч Д.Дулмаад, 1.776.610 төгрөг гаргуулж хохирогч Д.Энхцэцэгт тус тус олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР