| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07473/И |
| Дугаар | 117 |
| Огноо | 2017-01-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 117
| 2017 оны 01 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2017/00117 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, АОС 17 байр, 1 тоотод оршин суух, Боржигин овогт Сандагдоржийн Отгонбаяр /РД:НА70042171/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө-125, “Техник импорт” ХК-ийн 204 тоотод байрлах, “Хомын тал” ХХК
Машин, механизм түрээслэх, түрээсийн гэрээний үүрэгт 16.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Отгонбаяр би өөрийн өмчлөлийн 140, 55 маркийн 2 ширхэг эксковаторыг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд Гандийн гудамжны 1.6 км авто замын шинэчлэлийн ажилд ашиглуулахаар сарын 12.000.000 төгрөгийн төлбөртэйгээр Хомын тал ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан болно. Түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болоход Хомын тал ХХК-ийн гүйцэтгэх авто замын ажил дуусаагүй байсан ба үүнтэй холбоотойгоор тухайн ажлыг гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд сунган ажиллуулах санал тавьсныг хүлээн авч түрээсийн гэрээний хугацааг сунгасан. 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гэрээнд оролцогч талууд акт үйлдэн тооцоо нийлэхэд 16.850.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба үлдэгдэл төлбөрийг богино хугацаанд төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл Хомын тал ХХК нь төлбөрөө төлөөгүй. Иймд Машин механизм түрээслэх гэрээний үлдэгдэл төлбөр 16.850.000 төгрөгийг Хомын тал ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Отгонбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч С.Отгонбаяр нь хариуцагч Хомын тал ХХК-иас 16.850.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хомын тал ХХК нь 16.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 16.000.000 төгрөгөөр багасгаж байгаа тул хариуцагч “Хомын тал” ХХК-иас 850.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Хомын тал” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хомын тал” ХХК нь С.Отгонбаярын нэхэмжилж буй 16.850.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Отгонбаяр нь хариуцагч Хомын тал ХХК-д холбогдуулан машин, механизм түрээслэх, түрээсийн гэрээний үүрэгт 16.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хомын тал ХХК нь С.Отгонбаярын нэхэмжлэлийн шаардлага 16.850.000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд үүнээс 16.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. Иймд үлдэгдэл 850.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Хомын тал ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч “Хомын тал” ХХК-иас 121.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.Отгонбаярын нэхэмжлэлийн шаардлага 16.850.000 төгрөгөөс 16.000.000 төгрөгийг хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн төлсөн, үлдэх 850.000 төгрөгийг хариуцагч “Хомын тал” ХХК төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 242.200 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 121.100 төгрөг, хариуцагч “Хомын тал” ХХК-иас 121.100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Отгонбаярт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА