| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/07600/И |
| Дугаар | 102/ШШ2016/06031 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2016/06031
2016 оны 12 сарын 12 өдөр
| Дугаар 102/ШШ2016/06031
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон, 14 дүгээр байр, 124 тоот хаягт оршин суух, регистрийн дугаар АН57032317, 59 настай, эрэгтэй, Боржигон овогт Цэрэндашийн Цэрэндоржийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цэрэндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэрэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр цэргээс халагдаж ирээд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэл ангид барааны няраваар ажилд орсон. 1992 онд Худалдааны яам татан буугдаж, хоршоо байгуулагдсан. 1992-1995 онд хоршоогоор үйл ажиллагаа явуулж байсан. Би 1985 оноос эхлэн 1995 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд худалдаа бэлтгэлийн эрхлэгчээр ажилласан. Худалдаа бэлтгэлийн ангийн захиргаа 2 удаа галд шатаж, ажилд орсон, гарсан тушаалууд маань шатсан учраас ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэл ангид ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэрэндорж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2, 135.2.6-д Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, хүний ажиллаж байсан байдал гэж заасны дагуу өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд амьдардаг болох нь оршин суугаа хаягийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн ажилд орсон гарсан тушаал нь архивт байхгүй байгаа нь нэхэмжлэгчид ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох үндэслэл болжээ.
Нэхэмжлэгч Ц.Цэрэндорж нь 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны няраваар, 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бэлтгэлийн эрхлэгчийн туслахаар, 1985 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл бэлтгэлийн эрхлэгчээр, 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт хэрэглээний хоршоонд бэлтгэлийн эрхлэгчээр ажиллаж байсан нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд: Архангай аймгийн Худалдаа бэлтгэлийн Удирдах газраас 1982 оны 6 дугаар сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Архангай аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, гэрч Л.Мөнхтөрийн Би 1978 онд сургууль төгсөөд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагчаар ажилд орсон. Ц.Цэрэндорж нь 1978 оны 9 дүгээр сард барааны няраваар орж ажилласан. Бид 1995 он хүртэл хамт ажилласан. Ц.Цэрэндорж нь барааны нярав, бэлтгэлийн туслах, бэлтгэлийн эрхлэгч зэрэг ажлыг хийж, бидэнтэй хамт ажиллаж байсан гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Оюунчимэгийн Би 1977 онд сургууль төгсөөд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид ерөнхий нягтлан бодогчоор томилогдож очсон. Би тус байгууллагад 1995 он хүртэл тасралтгүй ажилласан. 1978 онд Ц.Цэрэндорж нь барааны няраваар ажилд орсон. Түүнээс хойш 1995 он хүртэл хамт ажилласан. Энэ хугацаанд Ц.Цэрэндорж нь нэг удаа бэлтгэлийн эрхлэгчээр ажилласан гэсэн мэдүүлэг, гэрч нарын Архангай аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан баримт, нэхэмжлэгчтэй хамт авхуулсан фото зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1982 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч энэ хугацаанд Завхан аймгийн Худалдааны Техникумд өдрийн ангид 3 жил суралцсан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Ц.Цэрэндоржийг 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны няраваар, 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бэлтгэлийн эрхлэгчийн туслахаар, 1985 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл бэлтгэлийн эрхлэгчээр, 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт хэрэглээний хоршоонд бэлтгэлийн эрхлэгчээр ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Цэрэндашийн Цэрэндоржийг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл барааны няраваар, 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бэлтгэлийн эрхлэгчийн туслахаар, 1985 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл бэлтгэлийн эрхлэгчээр, 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт хэрэглээний хоршоонд бэлтгэлийн эрхлэгчээр ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1982 оны 8 дугаар сарын 15-наас 1985 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ