Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2039

 

 

 

 

 

 

  2020         12         11                                       2020/ШЦТ/2039

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л.Тд холбогдох 2006 00000 2866 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1953 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 67 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мод боловсруулах инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачин 13 дугаар гудамжны 181а тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, ам бүл 1, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Лын Т /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Л.Т нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чулуун-Овооны “Номин” салбарын лангуун дээр байсан иргэн Э.Тунгалагтамирын эзэмшлийн 1.146.000 төгрөгийн үнэлгээ бүхий, “Айфон-Икс” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Тгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Тунгалагтамирын өгсөн: “... би 2020 оны 10-р сарын 22-ны өдөр Чулуун- Овооны Номин салбарт 09 цаг 20 минутын орчим лангуун дээрээ бараагаа өрж байхдаа өөрийн Айфон-Икс маркийн гар утсаа лангуун дээрээ мартаж үлдээгээд явсан байсан. Үүнээс хойш 10 орчим минутын дараа утсаа алга болгосон гэдгээ мэдээд хяналтын камер шүүж үзэхэд 50 орчим насны цагаан малгайтай, ягаан цүнхтэй, хар куртиктэй хүн авч байсан. Тэгэхээр нь би ойр хавьд хайж байгаад Офицерын автобусны буудал ортол охинтойгоо хамт зогсож байхаар нь тухайн хүнтэй уулзаж Номин орсон эсэх талаар асуухад “Үгүй, би ороогүй” гээд автобусанд суугаад явахаар нь цуг сууж яваад 45-р сургууль дээр очиж, тэндээсээ камерын хяналтын ажилтныг дуудаж бичлэгийг нь үзүүлэхэд “Би биш байна. Та нар хүн андуураад байна” гэж ярьсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх.7-9/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.15/,

Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.16/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.18/,

“Дамно” ХХК-й 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б3Д3-20-527 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Тгийн яллагдагчаар өгсөн: “... би тогтоолтой танилцсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би надад сонсгосон энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна. Бусдын эд зүйл хулгайлсан нь миний буруу...” гэх мэдүүлэг /хх.35-36/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн Шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Л.Т нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чулуун-Овооны “Номин” салбарын лангуун дээр байсан иргэн Э.Тунгалагтамирын эзэмшлийн 1.146.000 төгрөгийн үнэлгээ бүхий, “Айфон-Икс” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Тунгалагтамирын өгсөн: “... би 2020 оны 10-р сарын 22-ны өдөр Чулуун- Овооны Номин салбарт 09 цаг 20 минутын орчим лангуун дээрээ бараагаа өрж байхдаа өөрийн Айфон-Икс маркийн гар утсаа лангуун дээрээ мартаж үлдээгээд явсан байсан. Үүнээс хойш 10 орчим минутын дараа утсаа алга болгосон гэдгээ мэдээд хяналтын камер шүүж үзэхэд 50 орчим насны цагаан малгайтай, ягаан цүнхтэй, хар куртиктэй хүн авч байсан. Тэгэхээр нь би ойр хавьд хайж байгаад Офицерын автобусны буудал ортол охинтойгоо хамт зогсож байхаар нь тухайн хүнтэй уулзаж Номин орсон эсэх талаар асуухад “Үгүй, би ороогүй” гээд автобусанд суугаад явахаар нь цуг сууж яваад 45-р сургууль дээр очиж, тэндээсээ камерын хяналтын ажилтныг дуудаж бичлэгийг нь үзүүлэхэд “Би биш байна. Та нар хүн андуураад байна” гэж ярьсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх.7-9/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.15/,

Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.16/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.18/,

 “Дамно” ХХК-й 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б3Д3-20-527 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Тгийн яллагдагчаар өгсөн: “... Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна. Бусдын эд зүйл хулгайлсан нь миний буруу...” гэх мэдүүлэг /хх.35-36/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Тгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Тг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Л.Тгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Э.Тунгалагтамир нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Л.Тг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Л.Тгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Э.Тунгалагтамир нь гар утсаа буцаан авсан, гомдолгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Л.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Улсболдын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид ял оногдуулахыг тодорхой хугацаагаар тэнсэж, зарим төрлийн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

          Л.Тд эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

          Шүүгдэгч хорих Л.Тд ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Л.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Лын Тг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг баримтлан, Л.Тд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, Л.Тд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.

          5. Л.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид гар утсыг буцаан өгсөн, хохирогч Э.Тунгалагтамир нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                        С.ӨСӨХБАЯР