Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2022/0353

 

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2022/0353

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х х б” ХХК-ийн гомдолтой 

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б

Хэргийн оролцогчид

Гомдол гаргагч “Х х б” ХХК

Хариуцагч Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М-Ө

Гомдлын шаардлага: Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М-Өгийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 0013296 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 59 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,

Хариуцагч М.М-Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох

Хэргийн индекс: 128/2021/0945/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч “Х х б” ХХК-иас Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М-Өд холбогдуулан “Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч М.М-Өгийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 0013296 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 59 дүгээр шийдвэрээр: 

“...Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 0013296 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан “Х х б” ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.4-т “...Банкны зөвшөөрлийн гэрчилгээний эх хувийг Монголбанкинд гаргаж өгөөгүй гомдол гаргагчийн эс үйлдэхүй нь Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-82 дугаар тушаалаар батлагдсан Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журмын 6.2 дахь заалтыг тус тус зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д заасан зөрчлийн бүрэлдэхүүнтэй байна” гэжээ.

3.2.Улсын байцаагчийн хувьд Х х б ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт дурдсан зөрчлийг “Монголбанк...-ийн ...шаардлагыг биелүүлээгүй” гэх үндэслэлээр шийтгэлийн хуудас ногдуулсан, харин шүүх Х х б ХХК-ийг өөр зөрчил гаргасан гэж үзэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ ...албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт ...талаар тусгана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргахгүй” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

3.3.Захиргааны хэргийн шүүх нь гомдол гаргагчийн үйлдэл, эс үйлдэхүй зөрчлийн хуулийн аль нэг зүйлд заасан зөрчлийн бүрэлдэхүүнтэй эсэхийг дүгнэдэг эрүүгийн шүүхтэй ижил чиг үүргийг гүйцэтгэхгүй, зөвхөн захиргааны албадлагын арга хэмжээ авч байгаа зөрчлийн шийтгэлийн хуудас үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх байдлаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой гэж гомдол гаргагч үзэж байна.

3.4.Түүнчлэн шүүхийн шийдвэрт дурдагдсан Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “...банк ...өөрийн үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой бүхий л баримт материалыг Монголбанкны шаардсанаар гарган өгөх үүрэгтэй” гэх уг хуулийн “хяналт шалгалт” гэх дэд бүлгийн банкинд хийх хяналт шалгалтын талаар, тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны агуулгад огт хамааралгүй зохицуулалтыг иш татаж үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл Монголбанкны албан тушаалтнаас нь банкнаас хүчингүй болсон гэрчилгээг гаргуулахаар албан бичиг илгээсэн нь Монголбанкнаас Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан “хяналт шалгалт”-ыг хийх бүрэн эрхтэй ямар нэгэн хамааралгүй болохыг шүүх харгалзаагүй байна.

3.5.Мөн Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д “Монголбанкны Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1.1-д “Монголбанк, түүний төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг зохицуулан удирдах, ... төлөөлөх” гэж зааснаас үзвэл Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт “Монголбанкны шаардлагыг биелүүлээгүй” гэдэг агуулгад Монголбанкны шаардлага, байр суурийг Монголбанкны Ерөнхийлөгч илэрхийлнэ, газрын захирлаас ирүүлсэн албан бичгийг Монголбанкны байр суурь гэж үзэх боломжгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын28-ны өдрийн 59 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж өгнө үүгэжээ.

4.Хариуцагч гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.   

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Монгол банкнаас тавьсан шаардлагын дагуу Улаанбаатар хотын банк байгуулах тухай тус банкны зөвшөөрлийн гэрчилгээний эх хувийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дотор ирүүлээгүйг Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д заасан Монгол банк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэн шийтгэлийн хуудсаар 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан нь хуульд нийцсэн төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Тухайлбал Банкны тухай, Төв банкны тухай Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг болон Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан журмыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах гомдолд дурдсанчилан шийтгэлийн хуудаст зааснаас өөр зөрчил гаргасан гэж дүгнэх байдлаар хэргийг шийдвэрлэсэн гэж шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь шүүх маргаан бүхий шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгснөөс бус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн” гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

2.Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны А-337 дугаар тушаалаар Улаанбаатар хотын банк нь үйл ажиллагаагаа зогсоож, эрх, үүрэг, хариуцлагыг Х х бинд шилжүүлэх замаар өөрчлөн байгуулж, улмаар Монгол Банкны Ерөнхийлөгчийн 1999 оны 575 дугаар тушаалаар олгогдсон Улаанбаатар хотын банк байгуулах тухай 19 дугаар Банкны зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан уг цуцлагдсан зөвшөөрлийн эх хувийг хураалгах нь нэхэмжлэгчийн хувьд хуулиар хүлээсэн үүрэг.

Энэ талаар нарийвчлан зохицуулсан Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А-82 дугаар тушаалаар батлагдсан “Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам”-ын 6.2-т “Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн этгээд зөвшөөрлийн гэрчилгээг ажлын 5 хоногийн дотор Монгол банкинд хүргүүлнэ” гэж заажээ.

Иймд Монгол банкнаас шаардсан банкны хүчингүй болсон тусгай зөвшөөрлийг шаардсан хугацаанд дээрх журамд заасны дагуу өгөөгүй нэхэмжлэгчийн хувьд Төв банкны болон Банкны тухай хуульд заасан Монгол банкны хяналт тавих харилцаанд энэхүү тусгай зөвшөөрлийг шаардах асуудал хамаарах эсэх талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

3.Шийтгэлийн хуудас Х х бинд Монгол банкнаас 2 удаа хугацаатай шаардлага хүргүүлсний дараа гарсан, тэдгээр албан шаардлагын хоорондох хугацаа нь 1 жилийн орчмын зайтай байгаагаас үзэхэд тусгай зөвшөөрлийн эх хувийг ирүүлэх боломжийг хариуцагчаас журамд заасан хугацаагаа зөрчих байдлаар хангалттай олгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                             

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                      А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                      Э.ЛХАГВАСҮРЭН