Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 561

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш А  ХХК,

Хариуцагч: БОАЯЖС ,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгал орчин, аялал жуучлалын яамны сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн № А/113 дугаар тушаалын Ш А  ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ш А  ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Х  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 тоот Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай тушаалаар Ш А  ХХК-д газар ашиглах эрх олгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн дархан цаазат газрын болон байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар болон Монгол Улсын иргэн, аж ахуй нэгжид тодорхой зориулалт, хугацаа болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, мөн төрийн захиргааны төв байгууллага, дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэж гаргана гэж тус тус заасны дагуу газар ашиглах эрхийг олгосон.

Миний нөхөр н.Маналын нэр дээр 2011 онд тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрөл нь гарсан. Нөхөр маань 2014 онд нас барж, би Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд өргөдөл гаргаж Ш А  ХХК-ийн нэр дээр газар эзэмших зөвшөөрөл авсан. Би өрх толгойлсон бэлэвсэн эмэгтэй юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар манай газар ашиглах эрхийг цуцалсан. Энэ заалт нь манай газартай хамааралгүй байсан. Тусгай хамгаалалттай газрын унаган төрхийг алдагдуулах, байгаль орчинд шууд буюу шууд бусаар хохирол учруулах эрсдэлтэй гэсэн үндэслэлээр манай газар ашиглах эрхийг цуцалсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д ...онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг  хориглоно гэж заасан байсан. Манай газар онцгой хамгаалалтын бүс биш учраас тус заалт хамааралгүй.

Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т ...Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно гэж заасан нь Ш А  ХХК-ийн газар ашиглах эрх авсан газарт хамааралгүй. Голын эрэг орчмын бургас сүйтгэх эрсдэлтэй гэдэг нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгохдоо Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай, Ойн тухай, Усны тухай хуулиуд болон бусад холбогдох хуулийг баримтлан анх газар ашиглах эрх олгогдсон тушаалыг хүчингүйд тооцсон нь хууль зөрчсөн гэж үзсэн.

Манай байгууллага гурвалсан гэрээнд заасан үүргээ бүгдийг нь биелүүлж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ...Гэрээнийхээ заалтыг удаа дараалан зөрчсөн буюу ноцтой зөрчил тохиолдсон нөхцөлд гэрээг цуцална гэсэн байдаг. Тэгэхээр энэ бүх зүйл заалтыг хууль бус гэж үзэж байгаа учраас Захиргааны хэргийн шүүхэд өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр А/113 тоот тушаал гаргаж, нийтдээ 24 компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Тус тушаалыг гарахдаа Усны тухай болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтуудыг баримталсан байдаг. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ...Усны нөөц хомстох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно, 22.2.1-д ...Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг  хориглоногэж заасан.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д ...газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх гэж заасан.

Газар ашиглах эрх нь цуцлагдсан 24 компаниуд нь энэ хуулийн зохицуулалттай таарахгүй байдаг. Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос удаа дараа ...Туул голын эрэг дагуух газар ашиглалтыг бүгдийг нь цуцлах мэдэгдлүүдийг хийж байсан. Тус мэдэгдлийн дагуу Ш А  ХХК-ийн газрыг үзээд туул голын эргийн дагуу газар ашиглах эрх олгосон учраас эрхийг цуцлахаар болсон. Тийм учраас Ш А  ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэр нь хууль зүйн дагуу болсон гэж үзэж байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Байгаль орчны сайдын 2001 оны № 218 дугаар тушаалыг үндэслэж иргэн С.М*******тай 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай гэрээг[1] 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулжээ.

Иргэн С.М******* нь 2015 оны 01 дүгээр сарын 11 өдөр нас барсан тул түүний эхнэр Ш А  ХХК-ийн захирал Ц.Х  нь 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газарт гаргасан хүсэлтийн дагуу Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн № А/222 дугаар тушаалаар[2] Богдхан уулын дархан цаазат газар, Хүрхрээгийн аманд аялал жуучлалын зориулалтаар 1.18 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулж, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр № 2015/84 дугаар гэрчилгээг[3] 5 жилийн хугацаатай олгож, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай гэрээг[4] 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл байгуулжээ.

Улмаар БОАЯЖС ын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн № А/113 дугаар тушаалаар[5]газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

Нэхэмжлэгчээс 2001 оноос хойш газрыг хууль, журмын дагуу ашигласан, голын дэнж дээр байрладаг тул усны тухай хуулийг зөрчөөгүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг зөрчсөн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн № 431 тоот албан бичгийг үндэслэсэн гэж тус тус маргажээ.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн № 431 тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд усны нөөц бохирдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий иргэн, аж ахуй нэгж, байгууллагын жагсаалтыг хүргүүлсэн ба нэхэмжлэгч дээрх жагсаалтанд багтжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх гэжээ.

Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн № А/222 дугаар тушаалаар нэхэмжлэгчид Богдхан уулын дархан цаазат газар, Хүрхрээгийн аманд аялал жуучлалын зориулалтаар 1.18 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №12/1127 тоот албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар нэхэмжлэгчийг худалдааны зуучлал, гадаад худалдаа, хэвлэх үйлдвэр, аялал жуучлал-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэжээ.

Нэхэмжлэгч нь түгээмэл болон ердийн дархацтай ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд шүүхийн үзлэгээр газрын хэвлийг хөндсөн, мод, бут тайрсан зэрэг үйл баримт тогтоогдоогүй тул түүнийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно гээд 22.2-т Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно гэжээ.

Хэргийн оролцогч нар маргаан бүхий газрыг ашиглаж эхэлсэн хугацаа, анх эрх олгосон захиргааны актын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч 2004-2009 оны хооронд 2 давхар үл хөдлөх хөрөнгө барьж байгуулсан гэх боловч үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ аваагүй байна.

Усны тухай хууль /шинэ/ нь 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан бөгөөд нэхэмжлэгчид /талийгаач нөхрийн нэр дээр/ тухайн хуулийг батлагдахаас өмнө газар ашиглах эрх үүссэн, хууль хүчин төгөлдөр болсны дараа Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн № А/222 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг шилжүүлсэн атлаа Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг зөрчсөн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь шударга ёсонд нийцэхгүй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч, түүний харьяа байгууллага, албан тушаалтнаас усны сан бүхий газрын эргээс /Туул голоос/ нэхэмжлэгчийн ашиглах буй газрын хашаа хүртэл хэмжээг нарийвчлан тогтоогоогүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэмжилт огт хийгээгүй, голын усны төвшнөөс шалтгаалаад хэмжилт хийхэд бэрхшээлтэй байсан, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн № 431 тоот албан бичгийг үндэслэсэн гэх тайлбараар нотлогдож байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №2/1592 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн маргаан бүхий газрын 2015-2018 оны агаар сансрын зураг, хариуцагчаас ирүүлсэн кадастрын зураг зэргээс дүгнэхэд Туул голоос нэхэмжлэгчийн ашиглаж буй газрын хашаа хүртэл тодорхой хэмжээний зайтай байна.

Хариуцагчаас дээрх нөхцөл байдлыг тодоруулалгүйгээр нэхэмжлэгчийн ашиглаж буй газрыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

Учир нь Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн № А/222 дугаар тушаалаар нэхэмжлэгчид Богдхан уулын дархан цаазат газар, Хүрхрээгийн аманд аялал жуучлалын зориулалтаар 1.18 га газрыг ашиглуулсан ба нэхэмжлэгчийн дээрх газар нь бүхэлдээ эсхүл хэсэгчлэн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан хэмжээтэй давхцаж байгаа эсэхийг тодруулаагүй нь буруу байна.

Шүүхээс тухайн үйл баримтыг тогтоох нь шүүх хөндлөнгийн хараат бус байх, хэргийн оролцогч нарын мэтгэлцэх зарчмыг хязгаарлах сөрөг үр дагавартай тул шинжээч томилоогүй болно.

Харин 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн № 1/6287 тоот албан бичгээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг үзлэг, хяналтын хэмжилт хийхэд туслалцаа үзүүлэхийг хүссэн боловч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн № 2/1595 тоот албан бичгээр боломжгүй хариуг ирүүлсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж тус тус заажээ.

Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагааг хийгээгүй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байсан тул сонсох ажиллагааг хийгээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байх тул нэхэмжлэгчийн оролцоог хангах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгал орчин, аялал жуучлалын яамны сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн № А/113 дугаар тушаалын Ш А  ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. усгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ш А  ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуучлалын яаманд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгал орчин, аялал жуучлалын яамны сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн № А/113 дугаар тушаалын Ш А  ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ