Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Р,

Улсын яллагч Б.Д,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б.Б-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ....-ны өдөр С аймгийн Х суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ажилтай, ам бүл 4, аав, ээж,  дүүгийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, А овогт Б.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 18 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ... тоотын гадна талд иргэн Х.О-г гараараа нүүрэн тус газарт нь цохиж, мөн үргэлжилсэн үйлдлээр Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ... тоотод иргэн Э.З-н нүүрэн тус газарт 1 удаа гараараа цохиж ухаан алдуулан унагааж, тухайн өдрийн 21-22 цагийн орчимд Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ... тоотод Э.З-н нүүрэн тус газар нь алгадах, үснээс нь үсдэх, хоолойг нь боох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа зодож, улмаар хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 07 дугаар сард эхнэр буюу хамтран амьдрагч Э.З-тай танилцаад 10 дугаар сараас хойш эхнэр, 2 хүүхдийн хамт Замын-Үүд сум 1 дүгээр баг ... тоотод амьдардаг. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ганцаараа 17 цагийн орчимд найз Б.Б-н гар утас руу залгаад би танай гэрийн гадаа ирсэн байна чи гараад ир гэж яриад манай найз гарч ирээд чи өнөөдөр машин бариад яваад өгчих гэж хэлсэн. Манай найз за гэж хэлээд миний машиныг бариад гэрийн гаднаас нь хөдлөөд хойд талд нь байдаг хүнсний дэлгүүрийн гадаа очиж зогсоод би дэлгүүр орж 3-4 ширхэг “С” нэртэй пиво авсан. Тэгээд би машин дотор явж байхдаа пивонуудаас задалж ганцаараа ууж явах замдаа манай эхнэр, хүүхдүүд О-д байсан тул О-н гар утас руу нь залгаж гэрийн хаягийг нь заалгаж аваад О-н гэрийн гадаа найзын хамт очсон. Тэгээд О гар утас руу гэрийн чинь гадаа байна гараад ир гэж хэлэхэд О гараад ирэхээр нь үгийн зөрүү байхгүй нүүрэн тус газар нь хоёр гараараа 4-5 удаа зодож цохиж байхад хамт явж байсан манай найз бид хоёрыг салгаад О гэр лүүгээ ороод би найзын хамт гэр лүү нь араас нь орсон. О-н гэр лүү нь ороод эхнэр З, Х.О-н эхнэр нар пиво уугаад сууж байхаар нь би эхнэртэйгээ муудалцаж, маргалдаж, мөн Х.О-тай муудалцаж байхад манай эхнэр хашхирч босож ирэхээр нь түлхсэн чинь ухаан алдаад унасан. Тэгээд би найзтайгаа хамт О-н гэрээс гарч яваад гэртээ ирсэн. Удалгүй би гэрээс гарч яваад 21 цаг болж байхад буцаад орж ирэхэд манай эхнэр гэртээ ирсэн бид хоёр хоорондоо муудалцаж маргалдаад эхнэрийн нүүрэн хэсэг рүү 2-3 удаа алагдаж, мөн бид хоёр хоорондоо зууралдаж ноцолдсон. Бид хоёрыг муудалцаж байхад 2 хүүхэд жижиг өрөөнд байсан. Тэгээд бид хоёр салаад сууж байхад цагдаагийн алба хаагч нар орж ирээд намайг аваад авсан. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 71-73/,

- Хохирогч Х.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 10-11 цагийн орчимд манай эхнэр Д-той нэг газар хамт ажилладаг Э.З ирсэн. Тэгээд манайд эхнэр, би, З бид гурав “С” нэртэй 2,5 литрийн 2 ширхэг пиво уусан. 17 цаг өнгөрч байхад З-н нөхөр Б миний гар утас руу залгаад манай гэрийн хаягийг заалгаж авсан. Удалгүй Б манай гэрийн гадаа ирээд намайг гараад ир гэж хэлээд би гараад очтол намайг бээлийтэй гараараа миний нүүрэн хэсэг рүү 3-4 удаа цохиод, элэгдэхээр нь тонгойтол миний нүүр лүү өшиглөж Б-тай хамт явж байсан найз нь бид хоёрыг салгаад би гэр лүүгээ ороход Б найзтайгаа хамт манай гэрт орж ирсэн. Намайг ариун цэврийн өрөө ороод гараад ирэхэд Б, надтай муудалцаад Б-тай явж байсан залуу намайг салгаад Б эхнэр З-тай муудалцаад нэг мэдэхэд З ухаан алдаад унасан байсан. Удалгүй З сэргээд тэд нар манай гэрээс гарч яваад З буцаад орж ирсэн. Тэгээд 30 минут орчим З манайд юм ярьж байгаад гэртээ харьж амарлаа гээд гараад явсан. Мөн З гэртээ очоод бид хоёр луу ярихгүй байхаар нь З-н гэрийн гадаа очтол гэрээс нь авраарай гэх чимээ гарахаар нь Цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн...Би тухайн үед Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн, биеийн байдал зүгээр надад ямар нэг хохирол мөнгө учраагүй. Нэхэмжлэх мөнгө байхгүй, санал хүсэлт байхгүй Б уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-8/,

- Хохирогч Э.З мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт хамт ажилладаг Д-н гэрт 11 цагийн орчимд очиход Д, нөхөр О нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд бид гурав юм ярьж сууж байгаад би О-г хүнсний дэлгүүр ороод хүнсний зүйл болон пиво аваад ир гэж хэлсэн. О гэрээсээ гарч яваад хүнсний дэлгүүр ороод “С” нэртэй 2,5 литрийн 2 ширхэг пиво авч орж ирсэн. Бид гурав юм яриад сууж байхдаа нөгөө хоёр пивоноос нэгийг нь задалж уугаад сууж байхад манай найз манай хоёр хүүхдийг хүргэж ирээд буцаад гараад явсан. Манай нөхөр буюу хамтран амьдрагч миний гар утас руу залгаад байхаар нь би аваагүй утсыг нь салгаад байсан. Тэгээд Б О-н гар утас руу залгаад ярьж байх шиг байсан. Орой 18 цагийн орчимд О гэрээсээ гарч яваад удалгүй буцаад Б, нэг залуугийн хамт буцаад орж ирээд Б О-н гэрт орж ирээд О луу дайраад хэрүүл маргаан хийгээд хоорондоо барилцаж аваад байхаар нь Б-тай хамт явж байсан залуу тэр хоёрыг салгаад тэр хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд манай хоёр хүүхэд айгаад байхаар нь би босож ирээд Б-г боль гэж хэлэхэд намайг Б түлхээд шалан дээр унгасан. Би хэсэг зуур ухаан алдаж сэрсэн чинь орцны шатан дээр сууж байсан. Намайг сэрэхэд Б-тай хамт явж байсан залуу миний хажуу талд зогсож байгаад Б-г О-н гэрээс гаргаж ирэх гээд ороод Б-г гаргаж ирээд Б О-г дуудаад орох гээд байхаар нь Б-тай хамт явж байсан залуу би О-г гаргаад ирье гэж хэлээд О-н гэр лүү ороход Б намайг шатны хажуу тал руу хэд хэдэн удаа толгойн хэсгээр мөргүүлж байхад Б-тай хамт явж байсан залуу гарч ирээд Б-г аваад явсан. Тэгээд би О-н гэрээс хоёр хүүхдийн хамт 20 цаг өнгөрч байхад гараад шууд гэртээ ирсэн. Гэртээ ирээд хоёр хүүхдийн хамт байж байхад 21 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг гадна талаас нээгээд байхаар нь хоёр хүүхдээ жижиг өрөө лүү оруулаад том өрөөндөө сууж байхад Б найзын хамт орж ирээд буцаад гарч яваад эргээд Б ганцаараа орж ирсэн. Б намайг сууж байхад үг дуугүй миний нүүрэн хэсэг рүү 2 удаа алгадаж, үсдээд шалан дээр хэвтүүлээд миний дээр суугаад гараараа хоолой боогоод намайг ухаан алдах гээд байхаар нь гараа суллаад дахин боогоод байсан. Тэр үед манай хүүхэд жижиг өрөөнөөс гарч ирэхэд манай нөхөр Б миний дээрээс босоод жижиг өрөө лүү орохоор нь дагаж ороод Б нэг удаа түлхээд хоёр хүүхэд уйлаад байхаар нь ор луу нь оруулж хөнжил дээгүүр нь нөмөргөж өгсөн. Тэгээд би жижиг өрөөний цонхыг нээгээд хүн байна уу гэж орилоход араас үсдээд том өрөө лүү чирч оруулаад миний дээр суугаад нүүрэн хэсэг рүү хэд хэдэн удаа алгадсан. Тэгээд миний дээрээс босоод ариун цэврийн өрөө лүү орсон. Б-г ариун цэврийн өрөө орохоор нь хүн байна уу туслаач гэж хэд хэдэн удаа орилсон. Б ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд гал тогооны тавилга налаад зогсож байгаад миний хажуу талд ирж сууж байхад хаалга тогшиж гаднаас цагдаагийн алба хаагч нар орж ирээд бид хоёрыг цагдаагийн хэлтэс руу авч ирсэн.... Би тухайн үед Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг болон Сайншанд сумын Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд нийт 182,100 төгрөгийн хохирол учирсан. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэг санал хүсэлт  байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-17/,

- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 17-18 цагийн орчимд гэртээ байж байхад манай найз Б.Б миний гар утас руу залгаад танай гадаа ирсэн байна чи гараад ир гэж яриад би гарч ирээд машинд нь суусан Б.Б чи машин бариад яваад өгчих гэж хэлээд би машиныг нь унаад манай найз хажуу талд суугаад бид хоёр манай гэрийн гаднаас хөдлөөд хойд талын хүнсний дэлгүүрийн гадаа зогсож Б.Б дэлгүүр орж 3-4 ширхэг “С” нэртэй лаазтай пиво авч гарч ирээд машинд суугаад ганцаараа авсан пивонуудаас уугаад явсан. Б.Б машинд явж байхдаа нэг хүнтэй яриад гэрийн хаягийг нь залгаж тухайн гар утсаар ярьсан хүн буюу Х.О-н гэрийн гадаа ирж зогссон. Удалгүй Х.О гэрээсээ дээгүүрээ нүцгэн гарч ирээд манай найз Б.Б машинаас буугаад Х.О-тай маргалцаж, муудалцаад Х.О-г 4-5 цохиж, сүүлийн нэг цохилт нь нүүр лүү нь цохиж Х.О газар унаад өгсөн. Би тэр хоёрыг салгаад Х.О-г гэр лүү нь оруулж өгөхөд гэрт нь Х.О-н эхнэр, Б.Б-н эхнэр нар “С” нэртэй 2,5 литрийн пиво уугаад сууж байсан. Мөн Х.О-н гэрт Б.Б орж ирээд Х.О-тай муудалцаад, мөн Б.Б эхнэртэйгээ муудалцаад байхаар нь би О-г салгаад байж байхад Б.Б-н эхнэр нь босож ирэхэд Б.Б эхнэрээ нэг удаа нүүрэн хэсэг газар луу нь цохих үед эхнэр нь ухаан алдаад газар унаад өгсөн. Тэгээд би найз Б.Б-г гэрээс нь аваад гарсан. Бид хоёр гадуур явж байгаад Б.Б-н гэрт ирэхэд эхнэр нь ирсэн байхаар нь би машины түлхүүрийг нь аваад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

- Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өглөө 11 цагийн орчимд найз З-н гар утас руу залгаад манайд хүрээд ир гэж хэлсэн. Удалгүй манай найз Э.З ирсэн. Тэгээд бид гурав юм ярьж сууж байгаад би хэсэг унтаж амраад сэрэхэд манай нөхөр О, найз Э.З хоёр “С” нэртэй пиво уугаад сууж байсан. Мөн Э.З-н хоёр хүүхэд нь ирсэн байсан. Тэгээд бид гурав пиво уугаад юм яриад сууж байхад З-н нөхөр буюу хамтран амьдрагч Б гар утас руу нь залгаад байсан. Мөн манай нөхөр О-н гар утас руу нь залгаад гэрийн хаягийг заалгаж байсан. 18 цаг өнгөрч байхад манай нөхөр З-н нөхөр Б гэрийн гадаа ирсэн байна би гарчхаад ирье гэж хэлээд гарсан. Удалгүй манай нөхөр О З-н нөхөр Б намайг зодсон гэж хэлээд орж ирээд араас нь Б нэг залуутай хамт орж ирээд манай нөхөр О луу дайраад цохиж авах үед Б-тай хамт явж байсан залуу нь тэр хоёрыг салгаад би Б-т хандаж айлд орж ирсэн байж яагаад хэрүүл маргаан хийгээд байна гэж хэлэхэд миний үгийг авахгүй манай нөхөр О луу чи яасан овоо юм бэ гэж хэлээд дайраад байсан. Мөн Б-н эхнэр буюу хамтран амьдрагч З босож ирээд чи болиоч гэж хэлэхэд газар түлхээд унагаасан. З газар ухаан алдаж унах үед бид нар сандраад Б-тай хамт явж байсан залуу З-г түшиж авч гараад коридорт шатан дээр суулгасан. Нөгөө залуу буцаж орж ирээд Б-г гэрээс авч гараад мөн дахин орж ирээд гараад явсан. Удалгүй манай найз З гэрт орж ирэхэд үс нь хэлбэр дүрсээ алдсан байдалтай орж ирэхээр нь чи яасан юм бэ гэж асуухад Б намайг шат руу мөргүүлсэн гэж хэлсэн. Тэгээд 20 цаг өнгөрч байхад манай найз хоёр хүүхдийн хамт гэртээ харьж амарлаа гэж хэлээд явсан. Мөн гэртээ очоод над руу залгаж ярина гэсэн боловч ярихгүй байхаар нь би нөхрийн хамт З-н гэрийн гадаа ирэхэд хүн байна уу авраарай гэх чимээ гарч байхаар нь Цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 04/132 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Х.О-н биед зүүн нүдний дээд доод зовхи болон баруун нүдний дотор буланд цус хуралт, зүүн шанаа орчмоор болон зүүн тохойд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 3. Х.О-н биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Учирсан гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 04/134 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Э.З-н биед тархины доргилт, цээжний битүү гэмтэл, хуйх, хүзүү, цээж, 2 гарын бугалга хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 3. Э.З-н биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Учирсан гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 78, 84-86 /,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн Ажлын албаны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-44, 47/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар Б.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Х.О, хамтран амьдрагч Э.З нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Б нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Х.О-н “...  Б манай гэрийн гадаа ирээд намайг гараад ир гэж хэлээд би гараад очтол намайг бээлийтэй гараараа миний нүүрэн хэсэг рүү 3-4 удаа цохиод, элэгдэхээр нь тонгойтол миний нүүр лүү өшиглөж Батбаатартай хамт явж байсан найз нь бид хоёрыг салгаад би гэр лүүгээ ороход Б найзтайгаа хамт манай гэрт орж ирсэн... Б эхнэр З-тай муудалцаад нэг мэдэхэд З ухаан алдаад унасан байсан. Удалгүй З сэргээд тэд нар манай гэрээс гарч яваад З буцаад орж ирсэн. Тэгээд 30 минут орчим З манайд юм ярьж байгаад гэртээ харьж амарлаа гээд гараад явсан. Мөн З гэртээ очоод бид хоёр луу ярихгүй байхаар нь З-н гэрийн гадаа очтол гэрээс нь авраарай гэх чимээ гарахаар нь Цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн...” гэсэн, хохирогч Э.З “...Б намайг сууж байхад үг дуугүй миний нүүрэн хэсэг рүү 2 удаа алгадаж, үсдээд шалан дээр хэвтүүлээд миний дээр суугаад гараараа хоолой боогоод намайг ухаан алдах гээд байхаар нь гараа суллаад дахин боогоод байсан. Тэр үед манай хүүхэд жижиг өрөөнөөс гарч ирэхэд манай нөхөр Б миний дээрээс босоод жижиг өрөө лүү орохоор нь дагаж ороод Б нэг удаа түлхээд хоёр хүүхэд уйлаад байхаар нь ор луу нь оруулж хөнжил дээгүүр нь нөмөргөж өгсөн. Тэгээд би жижиг өрөөний цонхыг нээгээд хүн байна уу гэж орилоход араас үсдээд том өрөө лүү чирч оруулаад миний дээр суугаад нүүрэн хэсэг рүү хэд хэдэн удаа алгадсан...” гэсэн, гэрч Б.Б “...Х.О-г 4-5 цохиж, сүүлийн нэг цохилт нь нүүр лүү нь цохиж Х.О газар унаад өгсөн. Би тэр хоёрыг салгаад Х.О-г гэр лүү нь оруулж өгөхөд гэрт нь Х.О-н эхнэр, Б.Б-н эхнэр нар “С” нэртэй 2,5 литрийн пиво уугаад сууж байсан. Мөн Х.О-н гэрт Б.Б орж ирээд Х.О-тай муудалцаад, мөн Б.Б эхнэртэйгээ муудалцаад байхаар нь би О-г салгаад байж байхад Б.Б-н эхнэр нь босож ирэхэд Б.Б эхнэрээ нэг удаа нүүрэн хэсэг газар луу нь цохих үед эхнэр нь ухаан алдаад газар унаад өгсөн...” гэсэн, гэрч Д.Д “...манай нөхөр О З-н нөхөр Б намайг зодсон гэж хэлээд орж ирээд араас нь Б нэг залуутай хамт орж ирээд манай нөхөр О луу дайраад цохиж авах үед Б-тай хамт явж байсан залуу нь тэр хоёрыг салгаад би Б-т хандаж айлд орж ирсэн байж яагаад хэрүүл маргаан хийгээд байна гэж хэлэхэд миний үгийг авахгүй манай нөхөр О луу чи яасан овоо юм бэ гэж хэлээд дайраад байсан. Мөн Б-н эхнэр буюу хамтран амьдрагч З босож ирээд чи болиоч гэж хэлэхэд газар түлхээд унагаасан. З газар ухаан алдаж унах үед бид нар сандраад Б-тай хамт явж байсан залуу З-г түшиж авч гараад коридорт шатан дээр суулгасан... Удалгүй манай найз З гэрт орж ирэхэд үс нь хэлбэр дүрсээ алдсан байдалтай орж ирэхээр нь чи яасан юм бэ гэж асуухад Б намайг шат руу мөргүүлсэн гэж хэлсэн. Тэгээд 20 цаг өнгөрч байхад манай найз хоёр хүүхдийн хамт гэртээ харьж амарлаа гэж хэлээд явсан. Мөн гэртээ очоод над руу залгаж ярина гэсэн боловч ярихгүй байхаар нь би нөхрийн хамт З-н гэрийн гадаа ирэхэд хүн байна уу авраарай гэх чимээ гарч байхаар нь Цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн...” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 04/132 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 04/134 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Б.Б-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэнд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Х.О, Э.З нарт учруулсан хохирлыг төлсөн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Б.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Б.Б-г нэг мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.Н