| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0105/Э |
| Дугаар | 106 |
| Огноо | 2020-12-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Р
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С сумын харъяат, ... өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдрах, хувиараа хөдөлмөр эрхлэх, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Х.Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн Цагаан хөтөл гэх газарт А/0102 дугаартай аспалтан зам дээр “...” улсын дугаартай “Норт бенз” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3 дугаар бүлгийн 3.4б-д хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй. 12 дугаар бүлгийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн Ч.М-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тухайн үед манай хүү ууж байсан ундаагаа жолооч талын баруун талд тавьсан юм, тэгтэл ундаа нь өнхрөөд хөлд унасан, тэгээд би хааз,тормос 2-ын ард орчихвий гэж бодоод авах гээд тонгойтол хажууд явсан эхнэр маань хөөе ханиа гэхээр нь өндийтөл замын баруун талын шороо руу ойртсон байхаар нь сандраад зүүн тал руугаа дартал уначихсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, үр хүүхдээ, өөрийгөө өнчрүүлсэндээ маш их харамсаж байна. Талийгаачийн эгч нь энэ хэрэгт төлөөлөгчөөр оролцсон, биднийг амьдралын төлөө зүтгэж явсаныг мэдэх учраас гомдол саналгүй гэсэн, оршуулгын ажлыг тал, талаасаа хамжиж дэмжээд өнгөрөөсөн. Осолд орох үед ачиж явсан ачаа бараа бага зэрэг эвдэрсэн байсан тул нэхэмжлэх зүйлгүй гэсэн. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б гэж найзаасаа худалдан авч төлбөрийг нь хийж байсан, осол болсоноос хойш найз маань хэргээ дуустал түр байж бай гэж хэлсэн. Миний ашиглалтанд байсан. Одоо би хүүхдүүдийнхээ хамт амьдарч байгаа, бага охин маань 1 нас 6 сартай, дунд хүү 6 настай, том охин 21 настай. Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү“ гэсэн мэдүүлэг
Гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-14/
Зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн схем зураг /хх-ийн 15/
Х.Б нь 0,00 хувь гэсэн согтуурал шалгасан магадалгаа /хх-ийн 16/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би Х.Б, Ч.М нарыг танина. Х.Б нь манай хүргэн дүү. Амь хохирогч Ч.М миний төрсөн дүү. ....Талийгаач Ч.М маань нөхөр болох Х.Б-тэй 2013 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд хамт амьдарч эхэлснээсээ хойш хүү, охин хүүхдүүдтэй болсон. Тэр хоёрын хувьд хоорондоо маргалдаж муудалцаад байсан зүйл байхгүй. Х.Б нь манайд хүргэн болж ирэхээсээ өмнө хүнд даацын автомашин барьж, амьдрал ахуйгаа залгуулдаг байсан. Х.Б нь Замын-Үүд сумаас хүнд даацын автомашинтай Улаанбаатар хот руу ачаа тээвэрт явж байх үед нь манай талийгаач дүү Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Бүрдэнэд амарч байгаад нөхрөө явах замд нь Бүрдэнэ гэх газраас 6 настай хүү Б-гээ хамт тосож суугаад Улаанбаатар хотод очиж хүүгийнхээ сургуульд орох бэлтгэлийг нь хангахаар явж байгаад золгүй явдал болчихсон. Манай ах дүүсийн дунд ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй. Золгүй явдлаас болж миний дүүгийн амь хохирсон. Одоо харин энэ асуудлыг нь хурдан шийдвэрлүүлж талийгаачийнхаа нөхрийг ажил төрөлд нь оруулж хүүхдүүдийг нь тэжээлгэх шаардлагатай байна. Талийгаач маань банкинд зээлтэй, бас зам тээврийн ослын улмаас хүний ачаа нь эвдэрч гэмтсэн их хэмжээний мөнгө хэрэгтэй болоод байгаа. Том охин нь оюутан, дараагийн хүүхэд нь 6 настай сурагч, хамгийн бага нь 1 ой 6 сартай учраас мөнгө төгрөгний асуудал энэ хэдэд маань их л гарах гээд байна. Миний хувьд ямарч санал хүсэлт гэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Б-н хүүхэд Б.Б 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. 6 настай. Манай Б нь мэдүүлэг өгөх боломжгүй ээжийгээ дандаа яриад сэтгэл санаа нь тогтоворгүй байгаа тул би түүнийг төлөөлж энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр нь оролцож байна. Б-н бие ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн хохирол учраагүй. Хол байгаа учир шүүх хуралд оролцох боломжгүй байна. Энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89/
Иргэний нэхэмжлэгч З.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Тухайн тээврийн хэрэгсэлд ачсан барилгын материал миний эзэмшлийн эд хөрөнгө. Би Эрээн хотоос 34,000,000 төгрөгийн барилгын материал ачуулсан байсан. Миний ачуулсан барилгын материалаас зам тээврийн осол гарах үед эвдэрч гэмтсэн зүйл бага байсан. Эвдэрч гэмтсэн барилгын материалыг дахин ашиглах боломжтой байсан. Надад учирсан хохирол мөнгө байхгүй. Надад ямар нэг санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй, би шүүх хуралд оролцохгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/
Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 14 цаг 30 минутын үед манай эрүүл мэндийн төв рүү дуудлага ирсэн. Уг дуудлага нь Эрдэнэ сумын нутаг 13 дугаар худгийн орчим ачааны автомашин осолдсон гэсэн дуудлаганы дагуу их эмч Б, сувилагч О нарын хамтаар дуудлагын баг бүрдүүлээд гарсан. Уг ослын газар 15 цаг 40 минутанд очсон. Хэргийн газар цагаан толгойтой ачааны автомашин доошоо хөмөрсөн байрлалтай байсан. Гэмтсэн хүнийг асуухад автомашины хажууд нэг эмэгтэйг эрэгтэй хүн өвөр дээрээ хэвтүүлсэн байдалтай байсан. Очоод үзлэг хийхэд тухайн М гэх иргэн нь ухаангүй байдалтай, бид нар эмнэлгийн яаралтай тусламжийн автомашинд М-г оруулан, амин үзүүлэлтүүдийг үзэхэд даралт 60/40, хүчилтөрөгч 62-той, зүрхний цохилт 148-тай байсан. Мөн их хэмжээгээр цус алдсан байдалтай байсан. Үзлэгийн явцад адреналин, морпин, цус тогтоогч тариа буюу яакк, 500 граммтай натри залгасан. Мөн хүчилтөрөгч апрат залгаж амьсгал дэмжиж ажилласан, тэгээд Эрдэнэ сумын нэгдсэн эмнэлэг рүү авч явж байхад 16 цаг 35 минутанд М-н зүрх зогсож, хийж байсан эмчилгээнүүд зогссон. Уг осол гаргасан гэх жолооч Б-н биед үзлэг хийхэд хамарны 2 тал сэтэрсэн шархтай, баруун хөлийн доод хэсгээр үртсэн шил зоогдсон байдалтай, амин үзүүлэлтүүд хэвийн байсан. Б-н хамарт нь хамт явсан эмч маань оёдол тавьсан, баруун хөлний тавхайн хэсэгт зоогдсон шилийг цэвэрлэж авсан. Мөн өвчин намдаах тариа хийж ажилласан. Мөн Б-н хүү болох Б-н биеийн байдал сайн байсан амин үзүүлэлт хэвийн байсан, Б-н дух хэсэгт жоохон хавдар байсан, өөр шарх сорви байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/
Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би ... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг унаж хэрэглэж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр найз Х.Б гэрээ хийж, 16,500,000 төгрөгөөр зарж борлуулсан. Манай найз анх худалдаж авахдаа 2,500,000 төгрөг өгсөн Тэрнээс хойш гэрээний дагуу 3 сарын 5,200,000 төгрөг өгсөн. Нийт 7,700,000 төгрөг өгсөн. Одоо тухайн тээврийн хэрэгсэл нэр нь шилжээгүй боловч манай найз Х.Б эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Манай найз үлдсэн мөнгийг гэрээний дагуу төлж барагдуулна гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/
Гэрч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би Замын-Үүд суманд байж байхад манай төрсөн хүүхэд Х.Б миний гар утас руу залгаад Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол орсон талаар ярьсан. Тэгээд би ЗамынҮүд сумаас хүүгийн зам тээврийн осол гарсан газарт очиход цагдаагийн алба хаагч нар ирсэн хэргийн газрын үзлэг хийгээд байж байсан. Манай хүүгийн барьж явж байсан ачааны тээврийн хэрэгсэл нь засмал зам дээр хөндлөн дээшээ харсан байдалтай онхолдсон байсан. Намайг очиход манай хүүхэд болон амь хохирогч, ач хүү нар Эрдэнэ сумын эмнэлэг рүү явсан байсан. Манай төрсөн хүүхэд эхнэр, 3 хүүхдийн хамт Сайншанд суманд амьдарч байсан. Манай төрсөн хүүхэд найзаасаа тухайн тээврийн хэрэгслийг худалдаж аваад хот хооронд ачаа тээврийн үйлчилгээ явуулдаг. Гэр бүлийн хувьд амьдрал нь боломжийн, хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт явдаг. Гэрийн бүлийн харилцаа сайн. Манай хүүхэд сайхан сэтгэлтэй, даруухан, хүмүүстэй харилцах тал ээр сайн, харилцааны хувьд ямар нэг хэрүүл маргаан гаргаж байгаагүй. Манай хүүхэд 10 гаран жил тээврийн хэрэгсэл барьж байна. Надад ямар нэг санал хүсэлт байхгүй. Манай хүүхэд амьдралын төлөө явдаг. Сайншанд суманд 1 жилийн өмнө газар аваад тэндээ жижиг гэрт амьдарч байгаад амьдралын боломжтой болоод гэрээ томсгож амьдрал нь дээшилж байхад гэв гэнэт ийм зүйл болчихлоо” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд салбар техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн “... тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд ослын дараах байдал зүтгүүрийн толгой дээвэр талаас цөмөрсөн эвдрэл ихтэй, салхины шил бүгд хагарсан баруун хойд талын шаврийн хаалт сууриаараа гулзайсан, анхааруулах гэрлүүд хагарсан, баруун болон зүүн талын хаалга их эвдрэлтэй байна.
2. Ослын өмнө ... улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр СХД-ын ТХҮ-н байран үзлэг хийлгэсэн бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь тэнцэв үнэлгээтэй байна.
3. Тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нь зам тээврийн осол болоход шууд нөлөөлнө.
4. ... улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл нь ослоос 1 сарын өмнө ТХҮ хамрагдсан нь тухайн тээврийн хэрэгсэлийн дээрх эвдрэлүүд ослын дараах эвдрэлүүд байна.
5. ... тээврийн хэрэгсэл нь хэвийн ажиллагаатай байсан нь тухайн зам тээврийн осол нь тээврийн хэрэгслийн эд ангийн элэгдэл хорогдлоос үүссэн гэж дүгнэхгүй болно.
6. Шинжилгээний явцад өөр зүйл илрээгүй” гэсэн 2020/26 тоот дүгнэлт /хх-ийн 43-45/
Цогцсонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-60/
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “ Амь хохирогч Ч.М-н цогцост хийсэн шинижлгээгээр тархины баруун, зүүн тал бөмбөлөгийн суурь хэсэг, бага тархины суурь хэсгийн тархины эдийнг няцрал. Гавлын суурь ясны баруун чихний хөхлөг сэртэнгээс баруун чулуулаг яс, турк эмээл, зүүн чулуулаг яс хамарсан хөндлөн хугарал. Зүүн 2, 3, 5 дугаар хавирганы хугарал. Баруун чихний тасрал. Толгойн хуйхны сөхөгдсөн шарх, нуруу, баруун өвдөгний шарх. Баруун нүдний доод хэсгээс эрүүний баруун хэсэг хамарсан зулгаралт. Дух зүүн чих, зүүн шанаа хамарсан, баруун бугалга, баруун алганы ар хэсэг, зүүн тохой, баруун гуя, нурууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.
4. Амь хохирогчийн цогцост учирсан тархины баруун, зүүн тал бөмбөлөгийн суурь хэсэг, бага тархины суурь хэсгийн тархины няцрал. Гавлын суурь ясны баруун чихний хөхлөг сэртэнгээс баруун сэртэнгээс баруун чулуулаг яс, турк эмээл, зүүн чулуулаг яс хамарсан хөндлөн хугарал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, Зүүн 2, 3, 5 дугаар хавирганы хугарал. Баруун чихний тасрал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, толгойн хуйхны сөхөгдсөн шарх, нуруу, баруун өвдөгний шарх, баруун нүдний доод хэсгээс эрүүний баруун хэсэг хамарсан зулгаралт, духны цус хуралт, дух, зүүн чих, зүүн шанаа хамарсан, баруун бугалга, баруун алганы ар хэсэг, зүүн тохой, баруун гуя, нурууны зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. Амь хохирогчийн цуснаас 1,3 спиртийн агууламж илэрсэн байна. Энэ согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.
7. Амь хохирогч Ч.М нь толгойн гэмтлийн улмаас нас барсан байна.
8. Шинжилгээний явцад шинээр илэрсэн зүйлгүй гэсэн “ 02/040 тоот дүгнэлт /хх-ийн 62-63/
Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2020 оны 10 сарын 08-ны өдрийн “ Хятад улсад 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 оны 04 сард МУ-д орж ирсэн, Northbenz ND4190 A48 /дизель, механик/ маркийн автомашин нь 2020 оны 10 дугаар сарын байдлаар манай улсын зах зээл дээр дунджаар 20,000,000 төгрөгийн үнтэй байгаа болохыг тодорхойлов” гэсэн 191 тоот тодорхойлолт /хх-ийн 68/
2020 оны 10 сарын 08-ны өдрийн “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3 дугаар бүлгийн 3.4б-д хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй. 12 дугаар бүлгийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл үүссэн “гэсэн мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 70/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “ 1. Б.Баярхүүгийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн 02/0319 тоот дүгнэлт /хх-ийн 92/
БНХАУ-д үйлдвэрлэсэн ... улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай 2020 оны 10 сарын 28-ны өдрийн б/10 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 97-98/
Шүүгдэгч Х.Б нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 101/
Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн ажлын албаны 2020 оны 09 сарын 16-ны өдрийн “ Х.Б нь тус багийн ... тоотод ам бүл 4, 3 хүүхдийн хамт оршин суудаг болохыг тодорхойлов” гэсэн 2/1280 тоот албан бичиг /хх-ийн 105/
Төрсөн охин Б-н төрсөний гэрчилгээний хуулбар, төрсөн хүү Б.Б-н төрсөний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 115-116/
... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг Ц.Б нь Х.Б-д худалдсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 117-118/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн гэм буруугийн талаар дүгнэвэл:
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн Цагаан хөтөл гэх газарт Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу явах чиглэлд ... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргаж, хохирогч Ч.М-н амь насыг хохироосон үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Х.Б нь зам тээврийн хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3 дугаар бүлгийн 3.4б-д хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй. 12 дугаар бүлгийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан нь хэрэгт авагдсан мөрдөгчийн магадлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт автотээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.
Шүүгдэгч Х.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон түүний мэдүүлгийг давхар нотолсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б, гэрч Б.Ц, Б.Х нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинчээийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “...Амь хохирогч Ч.М нь толгойн гэмтлийн улмаас нас барсан байна “ гэсэн 02/040 тоот дүгнэлт /хх-ийн 62-63/, 2020 оны 10 сарын 06-ны өдрийн зам тээврийн осол гарах болсон шалгааныг тогтоосон мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 70/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн үйлдлийг Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Б нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын Иргэний хуулийн 508, 510 дугаар зүйлд зааснаар нөхөн төлөх үүрэгтэй боловч осол болох үед тээвэрлэн явсан ачаа, барааны эвдрэл бага, эвдэрсэн барилгын материалыг дахин ашиглах боломжтой тул нэхэмжлэх зүйлгүй гэсэн агуулга бүхий мэдүүлгийг иргэний нэхэмжлэгч З.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ манай ах дүүсийн дунд ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй. Золгүй явдлаас болж миний дүүгийн амь хохирсон. Одоо харин энэ асуудлыг нь хурдан шийдвэрлүүлж талийгаачийнхаа нөхрийг ажил төрөлд нь оруулж хүүхдүүдийг нь тэжээлгэх шаардлагатай байна. Талийгаач маань банкинд зээлтэй, бас зам тээврийн ослын улмаас хүний ачаа нь эвдэрч гэмтсэн их хэмжээний мөнгө хэрэгтэй болоод байгаа. Том охин нь оюутан, дараагийн хүүхэд нь 6 настай сурагч, хамгийн бага нь 1 ой 6 сартай учраас мөнгө төгрөгний асуудал энэ хэдэд маань их л гарах гээд байна. Миний хувьд ямарч санал хүсэлт гэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/ мэдүүлэг зэргээр түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч нь зам тээврийн осол гаргах үед ээ жолоодон явсан ... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслэлийг 2020 оны 04 сарын 30-ны өдөр Ц.Б гэгчтэй худалах, худалдан авах гэрээ байгуулан 16,500,000 төгрөгөөр худалдан авсан, тэрээр гэрээний дагуу төлбөрөөс нийт 7,700,000 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрийг төлөхөөр тохирсон талаар гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлдэг болно. Иймд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд заасан 111.2.1-д зааснаар өмчлөх эрх шилжсэн гэж үзнэ.
Иймд ... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслэлийг 2020 оны 10 сарын 28-ны өдрийн б/10 дугаар прокурорын тогтоолоор битүүмжилсэнийг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Б-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөрсөн, гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу 3 хүүхэдтэй, өрх толгойсон эцэг зэрэг нөхцөл байдлыг харгалзсан болно.
Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан автотээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.-д зааснаар шүүгдэгч Х.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5. ... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслэлийг 2020 оны 10 сарын 28-ны өдрийн б/10 дугаар прокурорын тогтоолоор битүүмжилсэнийг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Б-д олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Б-д нэг жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц