| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0097/Э/ |
| Дугаар | 99 |
| Огноо | 2020-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа
Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Б-т холбогдох 2016000000102 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ө овгийн Ш-н Б.
Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 0-0 тоот хашаанд С.С-г цэргийн зарлан дуудах авсан байна гэдэг үл ялих зүйлээр шалтаглан нүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, биед нь доод үүдэн 1 шүдний ганхалт, дээд уруулд язарсан шарх, цус хуралт үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ш.Б-н 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 0-0 тоот хашаанд С.С-г цэргийн зарлан дуудах авсан байна гэдэг үл ялих зүйлээр шалтаглан нүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, биед нь доод үүдэн 1 шүдний ганхалт, дээд уруулд язарсан шарх, цус хуралт үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ш.Б гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... Тухайн өдөр манай хүү Б.Б-д цэргийн зарлан дуудах хуудас ирсэн байсан. Манай гэрт оруулж ирээд өгөх гэхээр нь үүнийг ямар хүн авч ирж өгсөн юм бэ? Эзэнд нь хүлээлгэж өгдөггүй юм уу? Үүнийгээ буцаагаад аваа яв гэж хэлсэн. Би ус аваад гэртээ ороод ирэхэд нөгөө хуудсыг шүүгээн дээр шидсэн байсан. Тэгэхээр нь би буцааж оруулж өгөөд үүнийгээ учрыг нь ол. Ямар хүн авч ирж өгсөн юм бэ? Надад өгөх ёстой гэсэн чинь мэдэхгүй нэг хүн авч ирж өгсөн гэсэн. Тэгэхээр нь энэ зүйлийнхээ учрыг нь ол гээд орхиод гараад явсан чинь миний араас шээс, баас гээд байсан. Тэгэхээр нь эргэж ороод эрүү рүү нь нэг нударсан. Ийм зүйл болсон ... Хохирогчоос уучлалт гуйсан. Бид 2 эвлэрсэн. Миний буруу. Би буруугаа хүлээж байгаа ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч С.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 10 дугаар сарын 19-нд 15 цагийн орчим гэрт байхад машин сигналдаад байхаар нь гартал үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн танай хашаанд байдаг Ш.Б-н том хүү болох Б.Б-н цэрэгт дуудсан зарлан гээд хуудсыг Ш.Б-нд хүн байхгүй байсан тул надад өгөөд Ш.Б-т дамжуулаад өгөөдөх гэж хэлсэн. Тухайн өдрийн 18 цаг өнгөрч байхад Ш.Б ах ирэхээр нь би өөрийн охин Э-ээр зарлан дуудах хуудсыг өгч явуулсан чинь буцаагаад миний охин Э-ээр авахгүй гээд загнаад явуулсан байсан. Тэгэхээр нь би хувцсаа сольчихоод өөрөө цэргийн зарлан дуудах хуудсыг нь өгөхөөөр ортол Ш.Б ах байхгүй, хүү Д нь байхаар энэ танай нэр дээр ирсэн юм. Та нар өөрсдөө учраа ол гээд хаалганы дээд талын унинд нь өлгөөд гараад явсан. Гэртээ ороод галаа түлж байтал Ш.Б ах гаднаас дээлтэйгээ орж ирээд пязда минь чи энийгээ өөрөө аваачиж өг гээд цэргийн зарлан дуудах хуудсыг над руу шидээд хүний өмнөөс хэн чамайг юм ав гэсэн юм бэ гэж хэлэхээр нь би цэргийн хуудсыг газарт уначихсан байхаар нь аваад таны нэртэй байна шүү дээ та яасан сонин юм бэ гэхэд хэн чамайг хүний өмнөөс ав гэсэн юм гэж уурлаад пязда чинь гэж хэлээд хаалга саваад гараад явахаар нь би хаалгаа хаахдаа балай шээс чинь гээд уурандаа хэлчихсэн. Тэгэхэд Ш.Б ах буцаж орж ирээд миний баруун жавьж орчим руу гараараа 1 удаа маш хүчтэй цохиод намайг шээс гэдэг чи хэн бэ, чамайг алсан ч хэн ч нэхэж ирэхгүй пязда минь гэж доромжилж байгаад гарсан ... Цохисны улмаас үүдний 1 шүд хөдөлгөөн орсон, дээд уруул язарсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ19-20/,
Гэрч А.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “... Ш.Батбаатар ах орж ирээд энэ зарланг хэн авч ирж өгсөн юм бэ, яахаараа эзэнд нь өгдөггүй юм гээд цэргийн зарлан дуудах хуудсыг манай ээж С.С-гийн нүүр лүү шидчихээд учрыг нь олоорой пязда минь гэж хэлчихээд гараад явтал ардаас нь манай ээж С.С гэрийн хаалгыг хаахдаа шээс чинь гэж хэлэхэд Ш.Б эргэж орж ирээд баруун жавьж орчим луу нь гараараа нэг удаа цохичихоод намайг шээс гэдэг чи хэн бэ гэж хэлчихээд гараад явсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ21/,
Шинжээч Д.Даваахүүгийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 365 дугаартай “... 1. С-н С-н биед доод үүдэн 1 шүдний ганхалт, дээд уруулд язралт шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл болно.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлийг хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой...” гэсэн дүгнэлт /ХХ23-24/,
Хохирогч С.С-гийн шүдний зураг /ХХ25/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчтой эвлэрсэн, хохирлоо нөхөн төлсөн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Ш.Б-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 150.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч С.С-гийн “ ... Ширбазар овогтой Батбаатарт ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэсэн хүсэлт /ХХ57/-ийг үндэслэн шүүгдэгч Ш.Быг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн гэж үзэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ш.Б нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Ш-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 150.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Б-т танилцуулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА